Шууд Chart

М.Мөнхшүр: Төрийн албыг тасалдуулахгүй, доголдуулахгүй байхын хажуугаар сайн ээж байхыг хүсдэг

2019-12-04 08:51:45

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүртэй ярилцлаа. Уншигчид түүнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн МҮОНТ-ээр хүргэдэг “Амрыг эрье” хөтөлбөр, “Монгол HD”телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн “Сэрэмжлүүлэг” булангийн хөтлөгч гэдгээр нь андахгүй. Сэтгүүлчид ихэвчлэн М.Мөнхшүр ахмадыг олны анхааралд өртсөн гэмт хэрэг, зөрчил тойрсон асуултаар булдаг. Харин энэ удаад түүнээс хувь хүн рүү чиглэсэн асуултуудад хариулт авлаа.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Та багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байсан бэ. Танай гэр бүлд цагдаа хүчний байгууллагад ажилладаг хүн байсан уу?

-Яг цагдаа болно гэж бодож байгаагүй ч цэргийн болон хүчний байгууллагын хүн болно гэж боддог байсан. Манай аавын талынхан малчин удамтай Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүмүүс бий. Ээж Увс аймгийнх, хувийн болон төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хооллож ундлах, хувцаслах ажилд л бүхнээ зориулсан сайн гэрийн эзэгтэй хүн. Ээжийн талд төрийн албанд ажилладаг хүмүүс бий. Гэхдээ цагдаа сэргийлэхийн байгууллагын хүн байхгүй.

-Цагдаагийн сургуульд элсэх шийдвэр гаргасан гол хүчин зүйл юу байв?

-Хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгох вэ, аль их сургууль элсэх вэ гэж аав, ээжтэйгээ ярилцдаг даа. Би бол анхнаасаа л Цагдаагийн академи(одоогийн Дотоод хэргийн их сургууль)-д элсэнэ гээд шийдчихсэн байсан. Үүнийгээ ангийнхаа охидод хэлэхэд би багын л гүйж харайж явдаг хөдөлгөөнтэй охин байсан учир бие бялдрын шалгалтад тэнцэнэ гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ “Эмэгтэй хүн юм чинь дэмий дээ” гэсэн. Цагдаагийн академи маш өндөр шалгууртай ч сонсогчдоо үнэ төлбөргүй сургадаг сургууль. Би нэг насны зөрүүтэй ахтай. Бид хоёр цуг арван жилд элсээд, хамт төгссөн. Аав ганцаараа ажил хийдэг болохоор хоёр оюутны сургалтын төлбөрийг зэрэг төлөх хэцүү. Тиймээс Цагдаагийн академид элсэх, шалгалтад нь тэнцэнэ гэсэн зорилго тавьсан. Ах минь ШУТИС-ийн уул уурхайн инженерийн ангид элсэж суралцсан юм. Миний хувьд Цагдаагийн академийн үндсэн ангид эмэгтэй оюутны элсэлт аваагүй учраас эрх зүйн ангид орж, дараа жил нь үндсэн ангийн сонсогч болсон.

-Цагдаагийн академид ханьтайгаа танилцсан байх. Өөрт тань хэрхэн сэтгэлээ илчилж байв?

-Нэгдүгээр курст танилцсан. Англи хэлний тэмцээн болоод урлагийн үзүүлбэр үзүүлэх хүүхдүүдийг сонгоход би эрх зүйн ангиас, манай нөхөр үндсэн ангиас сонгогдсон л доо. Тэмцээнд бэлдэх үеэсээ л бие биенээ шохоорхож дассан.

Цэргийн сургуулийн хашаа руу орсон л бол тэнд бүгд л нэгэн адил сонсогч. Ямар ч хайр дурлал, гэр бүл байх ёсгүй. Энэ бүхэн сургуулийн хашааны гадна л өрнөх ёстой. Манай төгсөлтөд 200 сонсогчоос 11 эмэгтэй сонсогч л байсан. .

-Сургуулиа төгсөөд Хан-Уул дүүрэгт хуваарилагдсан уу?

-Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцөөс Цагдаагийн академийн төгсөх курсийн алба, багш, сонсогчидтой уулздаг. Хаана томилогдох хүсэлтэй байгааг, орон нутгийх уу, гэр бүл зохиосон эсэхийг асууж, санал авдаг. Би охинтой, хотод ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэхдээ төр хаана томилно тэнд ажиллана гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан.

Цагдаагийн академийг төгсөгчид мөрдэсээ зүүсний ард“Сүлд” чуулгын хурлын зааланд тушаалаа авдаг. Архангай аймгаас эхэлж тушаал дуудагддаг. Аймгууд дуусаад, хамгийн сүүлд миний тушаалыг уншиж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн 14 дүгээр хороо хариуцсан мөрдөн байцаагчаар томилогдсон. Тэнд ихэвчлэн согтуугаар болон явуулын хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, зодоон цохион, танхай, хүн амины гэмт хэрэг гардаг газар. Онц хүнд болон хүнд гэмт хэргүүдийг шалгадаг байсан.

-Ажлын анхны өдрөө дурсаач?

-Анх дүрэмт хувцсаа өмсөөд, томилолтоо өвөртлөөд хэсэг рүүгээ микрогоор очиж байлаа. Би мөнгө өгсөн кондуктор нь гайхаж байснаа миний мөнгийг авчихсан. Цагдаагийн албан хаагч албаны үнэмлэхээ үзүүлээд тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй зорчих эрхтэй байдаг. Гэтэл би тэрийг ч мэдэхгүй ёстой л шинээрээ байлаа. Нэг жил ажиллаад жирэмсний амралтаа авсан.

Ажилдаа орсны ард нөхөр мөн цагдаа болохоор гэрийн бараа гарахгүй, хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхөөс эхлүүлээд ажлаасаа хоцрох доголдол гарч эхэлсэн болохоор 2016 онд гэртэйгээ ойрхон хэлтэст томилогдох хүсэлт гаргаад Чингэлтэй дүүрэгт гурван жил гаруй хугацаанд мөрдөн байцаагчаар ажилласны ард Хан-Уул дүүрэгт томилогдсон.

-Тухайн үед Х.Тэмүүжин сайдын тушаалаар ахмад цол олгосон билүү?

-Дунд охиноо гаргаад ажилдаа орсон Х.Тэмүүжин сайдын тушаалаар ахмад цол олгосон. Би хэдий ахмад мөрдэстэй ч гэлээ миний дотор шинэхэн дэслэгч л байсан. Дараа нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав албан тушаалын цолыг буцааж бууруулахад миний ахлах дэслэгч цолоо авах хугацаа болчихсон байлаа. Эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үүднээс 2015 онд надад ахлах дэслэгч цол олгосон. Өнгөрсөн жил хугацаанд нь ахмад цолоо авсан.

-Таны намтарыг уншсан та Хүний эрхийн үндэсний комисст ажиллаж байсан юм билээ?

-Хан-Уул дүүрэгт дандаа ашиглалтын томоохон хэргүүд гардаг. Ихэнхдээ 100 саяас тэрбум төгрөгийн залилангийн гэмт хэргийг шалгадаг. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 15 дугаар хороо хариуцсан мөрдөн байцаагчаар хуваарилагдсан. Томоохон шөнийн цэнгээний газар байдаг болохоор үүнийг дагасан зодооны гэмт  хэрэг их гардаг. Тэр хэрээрээ ажлын ачаалал их. Дүүргээ солиод гэртэйгээ ойртсон ч гэлээ ажлын ачаалал хэвээрээ л байсан. Би өглөө гараад орой 21:00 цагт гэртээ ирэхдээ ямар эрт харьчихваа гэж баярладаг байлаа. Заримдаа жижүүрт гарна, тулаа хийнэ, хононо.

Нэг гэрийн хоёр хоёулаа цагдаагийн байгууллагад ажиллаадстэр тусмаа эрүүгийн мөрдөгч хийхээрээ аль аль нь гэрийн бараа хардаггүй юм билээ. Тиймээс манай нөхөр “Нэг нь өөр ажил хийе. Би энэ ажлаа сайн хийж чадна. Чи ээж, эмэгтэй хүн үр хүүхдээ халамжил гэсэн”. Тэгээд л төрийн албанаас төрийн албанд шилжих хүсэлтээ өгөөд Хүний эрхийн үндэсний комисст орсон.

-Таныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд урьж ажиллуулсан. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?

-Би Хүний эрхийн комисст ажиллах хугацаандаа гурав дахь охиноо төрүүлсэн. Гэртээ хүүхдээ харж байх хугацаанд “Монгол HD” телевизээс “Өнөө өглөө” хөтөлбөрийг нэг үзэгчээрээ хөтлүүлэх сошиал уралдаан зарлалаа. Тэр уралдаанд оролцоод санаандгүй байдлаар шалгарсан. Тэгээд Улс тунхагласны баярын хөтөлбөрийн зочин хөтлөгчөөр ажиллалаа. Тэгсэн 91-тэй дугаараас хэд хэдэн дуудлага ирсэн байсан. Манай төвийн дарга Б.Баатархүү байсан юм билээ.

Би өмнө ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албанд ажиллах хүсэлтээ хүргүүлж байсан ч хариу ирээгүй болохоор тэнцээгүй гэж бодсон л доо. Тэгсэн Б.Баатархүү дарга “Чи өмнө нь манайд хүсэлтээ ирүүлж байсан юм байна. Би чиний анкеттай танилцаад сууж байна. Одоо манайх нэг орон тоон дээр маш хурдан хүн томилох хэрэгтэй байгаа гэсэн. Би хоёр сартай хүүхдээ ээждээ харуулаад л энэ ажилдаа орсон.

Нэг зүйлийг хэлэхэд, Хүний эрхийн үндэсний комиссын ажил ч мөн хэцүү юм билээ. Эрх нь зөрчигдөж байна хэмээн өргөдөл хүргүүлсэн ял эдэлж буй хүн бүртэй тухайн хорих ангид нь очиж, уулзаж ярилцаж, судалдаг байсан. Би дөрөв, таван сартай жирэмсэн, тэрийгээ мэдэгдүүлэхгүй гээд нэвсгэр хувцас өмсөөд хорих ангиуд руу очдог байлаа. Тэгэхдээ л Хүний эрхийн үндэсний комиссын ажил хэдий хүний зөрчигдсөн эрхийг сэргээдэг буянтай ажил ч гэлээ хүнд сэтгэл зүйн хувьд нөхцөлд ажилладаг гэдгийг ойлгож авсан.

-Нэг гэрийн хоёр цагдаагийн байгууллагад зүтгэхийн жаргал, зовлон нь юу вэ?

-Зовлон бол их. Ганцхан жаргал бий. Тэр нь нэгнийхээ ажил албыг хүндэлж, нэгэндээ хүндэтгэлтэй харьцана. Би нөхрөө ажлаа хийгээд хонуут өнжүүтээр явахад нь бусдын эхнэртэй адил хардах эрх байхгүй. Бид хоёрын нэг нэгэндээ дэм болж, түшиж, тулж байгаа зүйл бол нэг ажил албан тушаалтай учир нэгнийгээ ойлгох хүндлэл.

Би гурван хүүхэд төрүүлсэн ч жирэмсэн байхдаа нэг ч удаа “Хамт эмнэлэг явъя” гэж нөхөртөө хэлж үзээгүй. Нөхрийгөө ажлаа таслахгүй_ цалингаа бүтэн аваг л гэж боддог.Ямар сайндаа би нэг эмч дээр гурван удаа жирэмсний хяналтад орсон юм. Тэгсэн сүүлийнх дээр “Чи нөхөртэй юу. Эмчдээ үнэнээ хэлчих. Дандаа л ганцаараа явж харагдах юм” гэсэн.

-Спортын ямар төрлүүдээр хичээллэдэг вэ?

-Сагс, волейбол тоглодог. Волейболын нэгдүгээр зэрэгтэй. Ер нь спортын бүх л төрлийг сонирхдог. Дартс, хөлбөмбөг, ширээний теннис, боулинг бүгдийг л тоглодог. Бөх барилдаж чаддаггүй, бусдаар хойшоо суудаг спорт байхгүй.

-Урлагийн авьяас бий юу?

-Тэр төрлийн авьяас байхгүй (инээв). 2015 онд намайг Чингэлтэйд ажиллаж байхад “Албаараа гоёсон бүсгүй” тэмцээн  болсон юм. Би тэр тэмцээнд оролцож, бүжгийн үзүүлбэр үзүүлэхдээ л өөрийгөө урлагийн авьяасгүй юм байна гэдгээ мэдсэн.

-Цагдаагийн албанаас ухрах, шантрах үе гарч байсан уу. Тэр үеийг хэрхэн туулдаг вэ?

-Яг энэ цаг мөчид л тийм зүйл тохиолдож байна. Болимоор ч юм шиг санагдах үе.

-Юунаас болов?

-Би гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхөөр тухайлбал, өмнө нь хүүрийн толбо гэж тайлбар хийхэд хүмүүс Цагдаагийн албыг төлөөлж эсвэл цагдаа хүн ярьж байна гэсэн өнцгөөс харах нь цөөхөн. Энэ эмэгтэй Мөнхшүрийнхээ байр сууринаас яриад байна гэж харсан. Энэ их хэцүү. Гэхдээ зөвхөн над руу чиглэсэн дайралтыг би даваад туулж чадна. Бага ангийн сурагч охинд минь ангийнх нь хүүхэд “Танай ээж зурагтаар гардаг цагдаа юм билээ. Ээжийг чинь муу хүн гэсэн” гэж хэлсэн байсан. Энэ мэт гэр бүлд, үр хүүхдэд ирэх дайралт хүнд санагддаг.

Заримдаа өөрийгөө хувь хүний сэтгэлийн тэнхээн дээр унаад байна гэж харсан. Жишээ нь, Энхсайхан гэж хүн бий. Тэр хүн ямар амьдрал туулсан хүн гэдгийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ би тэр хүний ярьж байгаа шиг Нямдорж гэдэг хүнээр дөрөөлөөд өнөөдрийг хүртэл яваагүй шүү дээ. Улс төрийн шоундаа намайг оролцуулаад байх хэрэггүй. Намайг тодорхой хэмжээнд сонгуулийн шоуны золиос болгоод байна даа гэж хардаг. Би над руу дайрч доромжилж буй хүн рүү Мөнхшүр гэдэг хувь хүнийхээ байр сууринаас няцаалт хийж болно. Гэтэл надад манай албаныхан чи цагдаагийн мөрдэс зүүсэн, тангараг өргөсөн  алба хаагч. Чи хүн бүртэй хэрэлдээд байвал одоо хашиж буй алба чинь үнэ цэнэгүй болно гэдэг.

-Ц.Нямдорж сайд танай аль талын хамаатан бэ. Тийм ойр дотнын хүн юм уу?

-Манай ээжийн төрсөн эгчийн нөхөр. Ээжийн хүргэн ах гэсэн үг.

-Хэн нэгний өөрт тань хэлсэн санаанаас тань гардаггүй үг байдаг уу?

-Амьдралд тохиолдсон хөгжилтэй, баялаг олон зүйлс бий. Гэхдээ яг санаанаас гардаггүй гэхээр би сургуулиа төгсөөд Цагдаагийн албаны олон нийттэй харилцах газар ажиллах хүсэлтэй байсан. Төгсөх курст ЦЕГ-ын хүний нөөцөөс санал авахад энэ хүсэлтээ хэлэхэд надтай уулзсан эмэгтэй хошууч “Чам шиг сургуулиа дөнгөж төгссөн шиноков энэ албанд томилогддоггүй юм” гэж хэлсэн. Гэхдээ би одоо энэ албанд ажиллаж байна гээд бодохоор зарим үед өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг.

-Таны амьдралд баримталдаг зарчим юу вэ?

-Би төрийн албыг тасалдуулахгүй, доголдуулахгүй иргэд олон нийтэд түгээх, сурталчлахын хажуугаар гурван хүүхдэдээ сайн ээж байхыг хүсдэг. Учир нь том хүүхэд маань хадмууд дээр,дундах нь аав, ээж дээр,бага нь нөхөр бид хоёртой цуг байгаа.

-Хүүхдүүд нь нас биед хүрээд цагдаагийн албанд зүтгэнэ гэж шийдвэл хэрхэн хүлээж авах вэ?

-Би өөрийн хүслээрээ сонгоод, түүнийхээ дагуу зүтгээд явж байгаа учир хүүхдүүд минь цагдаагийн байгууллагад зүтгэнэ гэвэл хүслийг нь хязгаарлахгүй. Дунд охин минь цагдаа болно гэж хэлдэг. Байр байдлыг нь харахад эршүүд төрхтэй болохоор цагдаагийн алба хаагч болж магадгүй гэсэн горьдлого байдаг. Аав нь охидоо цагдаа болгомооргүй байна гэдэг. Цагдаагийн байгууллагын одоогийн нөхцөл, нийгэм ямар байгаа билээ. Бид нарын хүүхдүүдийн үед цагдаагийн ажлыг иргэд ойлгодог, эерэгээр ханддаг болсон цагт охидоо цагдаагийн сургуульд оруулнаа л гэдэг. Миний хувьд охид минь ээжтэйгээ ярилцаад асуувал асуудалгүй зөвшөөрнө. 

-Хэн нэгэнд хандаж хэлэхийг хүсдэг үг байдаг уу?

-Амьдралд баярлалаа гэж хэлэх олон хүн бий. Гэхдээ энэ дундаас ээждээ болон ханьдаа хамгийн их талархдаг. Ээж минь миний бүх л арыг даадаг. Цагдаагийн академид сурч байхад хүртэл ар гэрийн ажлаас холдуулаад л, өдөр болгон миний унаа, хоолны мөнгийг өгдөг байлаа. Сонсогч байхдаа ээж болоод жилийн чөлөө авах уу гэхэд минь хүртэл үгүй гэсэн. Намайг зээг нь гаргаж өгөх бүрт бор хоолонд орлоо асарч өгдөг. Миний ажил албаа тасалдуулахгүй байгаа нь цэвэр миний ээжийн ач буян. Мөн би сошиал орчинд элдвээрээ хэлүүлдэг ч сэтгэлийн хат суучихсан л даа. Гэсэн ч хань минь сэтгэл зүй тогтворгүй үеүүдийг хамт туулаад, түшээд явдагт баярладаг.

























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Мөнхшүр: Төрийн албыг тасалдуулахгүй, доголдуулахгүй байхын хажуугаар сайн ээж байхыг хүсдэг  
Үзсэн: 8299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-06 21:12
ажилд нь улам их амжилт,
Зочин [127.0.0.xxx] 2019-12-06 16:45
saykhan , erch khuchtey , setgeliin tenkheetey busguy , amjilt khusie
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 13:58
Сайхан ярилцлага болсон байна. Улам илүү хичээгээрэй. Ажил амьдралд нь амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 13:37
hahhahahhhahaha
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 13:13
mundag bvsgvi sain hanitai saihan ohiduudtai az jargal hvsie
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 10:01
myndag
Zochin [127.0.0.xxx] 2019-12-04 17:37
Mundag ! Zaluu huniig demjih heregtei. Surhii tsovoo ohin bna daa. Avhaaljtai. Tsagdaagiin ajiliin hund huchir , eldev dairaltiig davj bgaa eej hun bna . Tsaashdiin ajild ni amjilt husiye. Tsoglog bgaarai duu mini . Tanihgui ch gesen minii huuhduudees yalgaa yu bhav geed amjilt huslee.
me [127.0.0.xxx] 2019-12-04 10:31
muuhai yarvagar huuhen bn
Camc [127.0.0.xxx] 2019-12-08 16:07
Та өөрөө харин ямар балиар тархитай хүн бэ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 10:40
gaigui l huuhen bnle yarvaij yvhig n haraagui yum bn
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 10:39
атаархуу гөлөг вэ

Бидэнтэй нэгдээрэй