Шууд Chart

Х.Болор-Эрдэнэ: Уншигчид маань намайг хүнээс дор явуулаагүй

2019-12-09 10:53:01

“Охин минь битгий уйл”, “Би эр хүнд хайртай”, “Үл таних эмэгтэй”, “Хайр” жүжгийн дуу зэрэг олон арван дууны шүлэг, “Би чамд хайртай-2”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч”, “Ми-15” зэрэг кино зохиол, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр” зэрэг номын зохиолч, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт, зохиолч Х.Болор-Эрдэнэтэй онлайнаар ярилцлаа. Тэрбээр өдгөө гэр бүлийн хамт Франц улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд сүүлд"Гүйж яваа эмэгтэй" бэсрэг романаа хэвлүүлсэн нь номын дэлгүүрүүдийн бестселлер номын жагсаалтыг долоо хоног тутамд тэргүүлсээр байна.

-Та одоо Францын аль хотод оршин суудаг вэ. Таны оршин суудаг хотын өнөөгийн цаг агаараас ярилцлагаа эхлэх үү?

-Би Францын Touraine мужийн төв Цамхагууд хотод амьдарч байна аа. Миний "Гүйж яваа эмэгтэй" романд энэ хотын нэр яг ингэж орсон байдаг даа? Дээр үед энэ хот олон цамхагтай газар байсан гэдэг. Одоо бол нэр нь л үлдсэн шиг байгаа юм. Амгалан тайван, энгийн хэрнээ үзэсгэлэнтэй хот бий. Оноре Дө Бальзак энэ хотод амьдарч байсан юм. Тэрээр Энэ хотын тухай “Энэ бол хайрын өнгөтэй, өнгө өнгийн амгалан оршихуйтай, цэцэгсийн үнэртэй хот” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм. Гадаа намрын өнгө төрхтэй байна.Яг одоо маш жижигхэн ширхэгтэй бороо зөөлхөн орж байна.

-Андуураагүй бол эх орноосоо холдоод дөрвөн жил болсон уу. Монголоос юуг хамгийн ихээр санаж байна?

-Тийм ээ, дөрвөн жилийн нүүр үзэж байна. Бүгдийг санаж байна. Бүр шалбаагуудаа хүртэл. Хүмүүс энд тэнд хэрэлдээд зогсож байдгийг, гудамжаар зөрөхөд мөрлөөд өнгөрдөг ааштай монголчуудаа ч санаж байгаа. Одоо би тэр дунд яваад орчихвол урьдынх шиг уур хүрэхгүй байх. Мангар хүн шиг инээгээд л явах байх. Хотын хүүхэд учраас нийслэл хотоо маш их санаж байна. Хүмүүс энд тэнд хотын гудамжаар live хийсэн байхтай онлайнд таарвал нүд салгахгүй харж хэсэг суудаг. Зундаа цахилгаан цахилсан аадар бороог, хавартаа хормой дэрвүүлсэн их салхийг, өвөлдөө хацар чимхсэн жавар, нэвсийтэл орсон цасыг, намартаа энд тэндгүй найрлаад найгаж явдаг хөдөөгийн их хурим найрыг л санаж амьдарч байна даа.

-Б.Эрдэнэсолонго ах танд зориулж ихээ олон шүлэг тэрлэсэн байх. Түүнээс таны байнга унших дуртай мөртээ дуудаж өгөөч?

-(инээмсэглэв) Би ч байнга уншаад байдаггүй юм дөө. Хааяа энд тэндхийн арга хэмжээн дээр уншвал бусадтай л адил анх удаа сонсож байгаа юм шиг л баярлаж чагнадаг. Хамгийн анх надад зориулж байсан болохоор нь ч тэр үү,

"Бидний тэврэлт мөнхийнх юм,

Битгий намайг ганцаардуулаач" эсвэл

"Аньсны навч шиг мөнх ногоохон алгаа дэрлээд,

Амтат зүүдэндээ автжээ тэр охин"гэсэн мөрүүд нь л аманд орж ирээд байна.

-Таныг Монголд байхдаа ихэнх өгүүллэг, ном, бүтээлүүдээ интернэтэд, блогтоо дэлгэчихдэг байсан гэдэг. Уг нь зохиолч хүний гол орлого нь номын борлуулалт баймаар юм?

-Тэгсэн ч гэсэн шүү. Хүлээж хайж байгаад олж цуглуулж уншдаг олон хүн бий. Ямар ч байсан уншигчид маань намайг хүнээс дор явуулаагүй ээ. Бараг хамгийн ихээр уншигчидтайгаа ойртож найзалдаг зохиолч би байж ч магадгүй. Нэг л мэдэхэд нэлээд олонхтой нь ах дүүс шиг ойр дотно харилцаатай болчихсон л байдаг.

Огт уулзалдаж байгаагүй хэрнээ хуурай эгч дүүс, унаган багын найз нөхөд шиг тийм үнэнч хүмүүс намайг тойрон хүрээлж байдгийг би анзаарсан. Над руу ирсэн хүмүүс надад маш үнэнч ханддаг нь үнэхээр хайр хүрмээр санагддаг. Хайрламаар тийм олон хүнийг би таньдагтаа баярладаг.

-Таны "Алтан-Өд" наадмын 2011 оны тэргүүн шагнал хүртсэн "Хишигт" тууж франц хэлээр хэвлэгдсэн. Хэдэн орны уншигчдын гарт очиж байгаа вэ?

-Одоогоор Франц хэлтэй бүх орнуудад түгээгдэнэ гэсэн гэрээтэй байгаа. Хэвлэгдээд удаагүй байгаа болохоор би хараахан тайлан тооцоо аваагүй л байна. “Хишигт” маань "Хишиг-Монгол" нэрээр хэвлэгдээд Европын номын зах зээлд гарлаа. Орчуулагч нь Урантуяа-Ш.Энхтуяа гээд монгол бүсгүй бий. Орчуулга сайн болсон. Яагаад гэвэл Швейцар, Францын найман хэвлэлийн газар луу номын эхээ илгээхэд тэдгээрээс  долоо нь хэвлэх хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэр ч бүү хэл Францын хамгийн том гэгддэг хэвлэлийн газрын захирал нь өөрийн гараар бичсэн ил захидлаа гэрээнийхээ хамт надад ирүүлж байсан юм.Тиймээс "Хишигт" маань амжилттай явах байх гэж итгэж байгаа.

-Холливудын "Дамбо" кинонд дүрээ бүтээсэн, уран нугараач охины амьдралаас сэдэвлэсэн "Гүйж яваа эмэгтэй" роман Монголын номын дэлгүүрүүдийн бестселлер номын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа өнөөг хүртэл тасралтгүй тэргүүлсээр байна. Эл ном хэрхэн төрсөн агшныг уншигчидтайгаа хуваалцаач?

-Миний хувьд эх орон, эцэг эхээ маш ихээр санасан сэтгэл, элэг нэгтнүүддээ асар ихээр гомдсон гомдол, сэтгэл сэмлэсэн гүн их өрөвдөн хайлах сэтгэлээс минь л энэ ном бүтсэн дээ. Уламжлал ёсоороо би энэ номоо 47 хүний нүдэнд дээр бичсэн. Зохиолын ихэнх дүр, үйл явдлууд бодитой ч гэлээ энэ нь түүхэн зохиол бус, хэн нэгэн алдартан мяндагтныг магтан дуулах дурсамж намтар биш учраас би энэ түүхийг уран зохиол болгож уншигчдад хүргэхийн төлөө ажилласан. Илүү амттай болгох, дүр дүрслэлүүдийн уламжлалт хэв маягийг эвдэх, хүүрнэл зохиолын улиг болсон аргаас зугтах гэх мэт өөрийн зөрүүд зан чанар дээрээ тулгуурлан огт өөр зүйл бүтээх гэж оролдсон.

-Таныг энэ түүхээр зохиол бичье гэх саналыг тэр гэр бүл анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж маш их баярласан. Ижий аав нь нулимс унаган намайг тэвэрч авч байсан тэр өдрийг сэтгэлдээ хадгалж явдаг. Аав нь бүр хөөрөөд бидэнд хос хөөрөг хийлгэж өгнө гэж хүртэл дуу алдаж байлаа. /инээв/ Мэдээж миний хувьд тэр гэр бүлээс горьдож хүлээсэн зүйл байхгүй. Харин айл бүрт шахам бий болсон ийм нэгэн тавиул хүүхдүүдийн хувь тавилан болон тэр бяцхан хүүхдүүдийн сэтгэл зүрх рүү өнгийж харах боломжийг нийгэмдээ, эрх баригчдад, олон түмэн монголчууддаа нээж харуулахыг л зорьсон юм. Нэлээд чанга шүгэл үлээхийг хүссэн. Тэр зорилгоо ч биелүүлээд явж байна гэж ойлгож байгаа. Тэр охин одоо ч хүний газар гэр бүлээсээ хол, эх орноосоо алсад ганцаараа ажиллаж, амьдарч яваа. Түүнд ч гэсэн өөрийнх нь хүсэн тэмүүлж тэсэн тэвчиж хүрч очсон энэ амьдрал ямар үнэ цэнэтэй болохыг мэдрүүлэх маш том бэлэг болсон гэдэгт би итгэж байгаа. Нэг айлаар төлөөлүүлэн  нийт монголчуудад тулгарсан асуудалд уран бүтээлчийн хувьд шаналж явдаг эмзэглэлээ ном болгон бичсэн. Энэ бол нэг охинд, нэгэн гэр бүлд тохиолдсон үйл явдал гэхээсээ илүү нийт Монголын нийгмийн нэгэн цаг үеийг хамарсан өргөн цар хүрээтэй маш том асуултын тэмдэг юм шүү дээ.Үүнийг ойлгоосой, анзаараасай гэж л хүссэн. Одоо ч энэ асуулт хариултгүй хэвээрээ л байна. Томчууд бид ингэж үндэстнээрээ шахам үр хүүхдүүдийнхээ хүүхэд насыг үгүй хийчхээд ирээдүй рүүгээ яаж нүүр дүүрэн харах юм бэ? Тэднээс бид юу нэхэж, горьдох эрхтэй юм бэ?Ил гарсан нь л энэ болохоос хэдэн мянган ийм гэр бүл, хүүхдүүд байна шүү дээ.

-"Гүйж яваа эмэгтэй"-гийнхээ ард гараад хамгийн түрүүнд хэнд уншуулав. Мөн гол баатартаа уншуулахдаа эмээсэн үү. Итгэл төгс байсан уу. Нууц биш бол уншчихаад танд ямар сэтгэгдэл хэлсэн бэ?

-Хамгийн түрүүнд, бүр редактороос маань ч түрүүлээд уншсан нь манай анхны 47 уншигч. Тэд бол эх нооргийг бүрэн эрхтэйгээр хайр найргүй уншицгаасан. Тэдэнд маань ч сонирхолтой байсан байх. Зохиолч хүн хар нооргоо май гээд өмнө нь дэлгээд байхаар үнэхээр сонирхол нь ундраад байх шиг санагдсан. Би ер нь элдэв янзын туршилт хийж, тэдгээрийнхээ үр дүнг ажиглах их дуртай л даа. Бас нэгэнт хийхээр шийдээд шүүрч авсан бол ард нь амжилттай гарна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг. Тийм ч учраас гол баатартаа уншуулахдаа санаа зовоогүй. Хамгийн гол нь гол баатар маань ном хэлбэрээр нь, шууд гартаа бариад уншаасай гэж хүссэн учраас шуудангаар илгээгээд их удаан хүлээсэн.

Гэвч олон газраас илгээсэн шуудангууд нь бүгд төөрсөөр байгаад сүүлд нь Монголд очоод буцсан нэгэн найзаар нь өгүүлсэн ном гарт нь очсоноор гол дүрийн охин маань уншсан. Түүний номын талаарх сэтгэлийн үгийг түүнд хайртай олон уншигч фэйсбүүк хуудаснаас нь олж уншсан.Охин маань маш их баярласан. Тэгж баярлаасай гэхдээ, би тэр гэр бүлийг баярлуулахын төлөө чадах бүхнээ хийсэн.

Тэднийг одоо Монголын ард түмэн хайрлаж байна. Амьдрал, хүний хувь заяа баялаг бөгөөд урт байдаг. Хаана ч очсон, хэзээ ч Тугалхан охин олон түмний хайр, хүндлэл дунд орших болно. Бидний амьдрах цаг үе дууссан ч дараа дараагийн зуун жилийн уншигчид энэ охиныг болон түүний гэр бүлийг хайрлаж, үр удмыг нь сонирхон судлах болно. Уран зохиолын гайхамшиг бол энэ юм.

-Зохиолчдын ажлын байр, цаг өөр хоорондоо харилцан адилгүй байдаг юм билээ. Таны хувьд ямар орчинд, хэзээгээр бичдэг вэ?

-Би эхлээд тархиндаа бичдэг. Бүрэн бүтэн зохиол тэр дотор бүрэлдэж дуустал үзэг, цаас хавирдаггүй. Тархин доторх зохиол ямар ч цаг үед дээр доороо ороод тэндээ бужигнаад л байж байдаг. Тэгж тэгж нэг эвээ олохтой нь зэрэг цээж бичиг хэлүүлж бичиж байгаа аятай л хурдхан асгаж байж санаа амардаг. Нэг их чухалчлаад, ханцуй шамлаж, зохиол бичиж байна гээд элдэв янз маяг үзүүлж, энд тэнд гарч дөвчигнөөд байх боломж ч надад байдаггүй. Олдсон бүхий л боломжоо ашиглана шүү дээ.Баахан хүүхэдтэй, хажуугаар нь бөөн санаа сэдэл хөглөрүүлээд явж байдаг над шиг хүнд тэгж айхавтар зохиолчийн дүрд тоглоод яваад байх сүржин цаг зав ч байхгүй. Ёстой л дурандаа амжуулж бичиж суудаг даа.

-Та бүтээлийнхээ баатрууд, дүрүүдтэйгээ хэрхэн харилцдаг вэ. Мөн энэ харилцаа холбоо хэр бат бөх, урт хугацааных байдаг вэ?

-Би үнэндээ саяын номон дээр л анх удаа бүтээлийнхээ баатартай холбогдож үзлээ. Бусад зохиолууд дээр тийм шаардлага ч байсангүй. Номонд минь дүрээ мөнхөлснөө мэдээ ч үгүй явж байгаа олон хүн бий. Тааралдах бүртээ "Чи чинь миний тийм зохиолын баатар шүү дээ" гэж дотроо бодчихоод инээмсэглээд өнгөрдөг хүн ч байна. Одоо үед Холливудын киноны найруулагч нар л хэн нэгэн алдартны тухай бүтээл хийх бол баатруудтайгаа уулзаж, судалгаа хийдэг байх. Эсвэл захиалгын намтар дурсамжийн ном бүтээх гэж байгаа хүмүүс баатраа судлах үүднээс хамт хэсэг явдаг байх. Миний хувьд анх удаа л энэ туршилтыг хийлээ. Бодит амьдралаас сэдэвлэсэн гэвэл "Ми-15" кино, "Муу залуу", “Хишигт” тууж маань байна. “Хишигт”-ийн гол дүр бол би өөрөө. Харин “Ми-15” кино, “Муу залуу”туужийг бичиж байхдаа яг тэр үеийн баатруудтай бол маш ховор уулзсан. Тэднийг аварсан болон газар дээрх дүр төрхийг нүдээр харсан хүмүүстэй уулзаж ярилцаж байлаа. Киноны нээлтэнд баатруудын маань зарим нь хүрч ирж гар барьж, нулимстай тэвэрч үнсэж байлаа. Тэд тэгээд л алга болсон. Хүмүүс биеэр туулсан хэцүү хатуу агшнуудыг, өөрсдийн бүтээсэн нэгэн амьдралыг түүх болгон үлдээж байгаадаа итгэж ядан нулимстай зогсож байхыг цөөнгүй харсаан. Гэхдээ дэлгэцэнд эсвэл миний зохиолууд дотор дүрээ мөнхөлсөн өөр олон хүнтэй уулзаж амжаагүй л явна. Мэддэг хэрнээ юу ч болоогүй мэт сууж байдаг хүмүүс ч бий. Ямартай ч эгэл энгийн, эргэн тойрны бидний л амьдрал дотроос миний баатрууд урган гардаг. Уулзсан танилцсан бүхэн маань эргээд миний зохиолууд дотор амьдарч эхэлдэг.

-Та уншигчдынхаа маш олон захидалд дарагддаг байх. Бүгдэд нь нэг бүрчлэн хариу бичиж амждаг уу?

-Би үнэхээр азтай хүн. Өдөр бүр, цаг тутамд захидал, зурвасууд надад ирдэг. Хүн бүрт хариулах гэж хичээдэг. Амжуулсаар л явна даа. Би богино хугацаанд маш олон юмыг зэрэг хийж чаддаг шүү, хаа очиж (инээмсэглэв).

Ер нь миний бодлоор цаг зав гэдэг сэтгэлээс л гардаг зүйл шиг санагддаг.Сэтгэл дутвал цаг ч хүрэлцэхгүй. Сэтгэлээ тавиухан байлгаж чаддаг хүнд бусдад зориулах цаг үргэлж олддог гэж боддог. Гэхдээ хайран цагаа зориулж, халуун сэтгэлээ дэвссэн хүмүүс эргээд тэр бүхэндээ харамсахад хүргэх явдал тохиолддог л юм. Заримдаа хайран цаг, хайран сэтгэл гэж харамсаад нэгэнт бий болгосон тэр сайн сайхан дурсамжуудаа дахин сөхөх ч сонирхолгүй болох үе бий.

-Ажаад байхад гэрэл гэгээ, аз жаргал бүтээсэн нэгэндээ эргээд дайсагнаж ханддаг тийм хүмүүс сүүлийн үед арай л олшроод байх шиг ээ. Таньтай хүртэл тааралдсан бололтой?

-Энэ хүн бүрт л тохиолддог байх. Яагаад гэвэл бид чинь хоорондоо эх адаггүй холилдон амьдарч байна шүү дээ. Гэхдээ тэглээ гээд тэдэнд гомдож суугаад, тэр гомдолдоо хайран цагаа үрээд байх бас хэрэггүй юм. Би ч эхэндээ “Дөрөө сэтэртэл хараана” гэдэг шиг сэтгэлээ өмөртөл гомддог л юм. Тэгээд сүүлдээ тэр бүгд миний мэдээгүйг мэдрүүлж, миний таниагүйг таниулж, илүү бат бөх оршихуйг минь бүтээлцэж, өөрийн мөн чанараа ахиулахад маань том хичээл сургууль, үзүүлэн таниулах материал болж өгөх гэж ирээд“Нүдийг минь нээж өгч байгаа багш юм байна” гэсэн бодолтойгоо эвлэрдэг. Тийм хүмүүсийн дүр төрхүүд миний зохиол болгонд шигтгэгдэж үлддэг. Би уг нь эсрэг дүрийн баатруудаа их өмгөөлж авч үлдэх дуртай хүн байгаа юм. Магадгүй дахиад хэдэн жилийн дараа миний эсрэг дүрүүд тэс өөрөөр над руу ирэхийг үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Тэр үед нь би дахиад л нэг сайхан гэрэл гэгээг олж харах ч юм бил үү.

-Мэдээж хүүхдүүд нь аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн байх. Хэдийнээ бичээд эхэлчихсэн биз?

-Үгүй ээ, азаар одоогоор тийм хүн байхгүй байна. Том хүү, охин хоёр нэг хэсэг шүлэг энээ тэрээхэн бичих гэж оролддог байсан. Тэгсгээд өөр өөр зүйл хөөгөөд явцгаасан. Тийм хүн байхгүй байх л гэж найдаж байна.

-Та хоёр хүүхдүүдээ зохиолч, яруу найрагч болоход дурамжхан байдаг юм уу даа. Яагаад тэр вэ?

-Нэг ч их хүсмээр бас удамшуулаад баймаар амьдрал биш шүү дээ. Элэг зүрх эмтэрч, сэмэрсээр л насыг барна. Тэрний оронд энгийн хүний амьдралаар амьдарч, өөрийнхөө л үүрэх ёстойг үүрч амьдарсан нь дээр санагддаг. Энэ тал дээр бид хоёр санал нийлдэг. Юм бичнэ гэдэг олон хүний зовлонгоор зовж, олон хүний үүрэх зовиурыг үүрч амьдарна гэсэн үг шүү дээ. Манай зохиолч Т.Бум-Эрдэнэ "Сэмэрч үл барагдана" гэж их тансаг хэлсэн. Энэ үг л яг тохирсон санагддаг. Бид чинь сэмэрч дуусдаггүй сэтгэлтэй, тэгсэн хэрнээ тэгж сэмэрсээр насыг барах үүрэгтэй улс.

-Эх орондоо хэдийгээр ирнэ гэж төлөвлөж байна?

-Бидэнд өмнөө тавьсан маш том зорилго бий. Түүндээ хүрэхийн төлөөх эхний алхмуудаа дөнгөж л хийж эхэлж байна. Тиймээс хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй болсныхоо дараа энэ асуултад чинь хариулъя даа.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Х.Болор-Эрдэнэ: Уншигчид маань намайг хүнээс дор явуулаагүй  
Үзсэн: 4454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхмаа.П [127.0.0.xxx] 2020-01-04 11:06
Мундаг эрч хүчтэй сайхан зохиолч.Гүйж яваа эмэгтэйг уншаад маш их уйлсан.Охиноо орхиод солонгост ирж байлаа.Хөөрхий охин минь бас л их зовсондоо.Айл айл дамжиж хоолтой хоолгүй үе ч зөндөө байсан.Мөнгө өгч явуулахаар замаас нь авчихаад охинд минь бараг өгдөггүй байсан гээд янз бүрийн асуудлууд байсан.Тэр бүхэн нүдний өмнүүр жирэлзэн нүдээ бүлцийтэл уйлсан.Үнэхээр сэтгэл гижигдэж зүрхэнд хүртэл бичдэг мундаг зохиолчдоо улам их амжилт хүсье!
gooni er [127.0.0.xxx] 2019-12-11 14:59
Ene huuhnii utas bna uu Dajgui huuhen baina Taniltsmaar bna
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 12:38
buteeluudiig ni unshix dyrtai.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 09:22
yamar goy yriltslaga be. bayarlalaa zohiolchdoo
Зочин [127.0.0.xxx] 2019-12-10 15:39
Hairtai zohiolchiinhoo yriltslagiin unshaad uneheeriin goy erch huch avlaa. buh hund ene idiriin mend hurgiy
Зочин [127.0.0.xxx] 2019-12-10 15:38
Bolor-Erdene zohiolchdoo hairtai shvv. Shine roman ni uneheeriin goy bolson bna lee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-10 11:19
Мундаг зохиолч. Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй