Дэлхийн талыг байлдан дагуулж явсан Их эзэн Чингис хааны этгээд сонин шийдэл бүхий хөшөө 2012 оны дөрөвдүгээр сард Лондон хотод сүндэрлэж, дэлхий нийтэд ихээхэн дуулиан тарьж байв.
Уг хөшөөг дэлхийн энхтайвны бэлэг тэмдэг олимпийн их наадам Лондон хотноо зохион байгууулагдахтай холбогдуулан, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Буриадын уран барималч Даши Намдоковоор урлуулан, тус хотын хамгийн үзэсгэлэнт газрын нэг Гайд паркийн Марбле нуман хаалганы дэргэд сүндэрлүүлсэн.
Эхэндээ, эл хөшөө монголчуудад ч тэр, Их британичуудад ч тэр нэг их таалагдаагүй.
Британичуудын хувьд хөшөөг Лондон хотын зүрх Марбле нуман хаалганы дэргэд байрлуулж байгаад дургүйцлээ илэрхийлж,“Дараа нь Сталин, Пол Пот, Саддам Хуссений хөшөөг авчрах уу?” хэмээлдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, “цэвэр Британи сэтгэлгээ”-гээр дэлхийн нийтийн энхтайвны бэлэг тэмдэгийг илэрхийлсэн Олимпийн үеэр “дарангуйлагч” этгээдийн хөшөөг чухалчлан үзлээ гэж эгдүүцсэн хэрэг.
Харин монголчууд бидний хувьд Их эзэн Чингис хаанаа урд өмнө нь тэнгэрийн уудмыг ширтсэн, эрэлхэг зориг төгөлдөр, ухаан төгс гэх утгуудад хамааруулан дүрсэлж, төсөөлж ирсэн болохоор уг хөшөө “хэт этгээд” санагдсан. Мэдээж, дэлхий нийтэд эл үзлээ тунхаглан зарласангүй, тэр ч байтугай Лондон дахь монголчууд британичуудын дүргүйцлийн эсрэг тун чиг итгэлтэйгээр зогссон нь бас л бахархууштай.
“Хэт этгээд” гэх эл үгийг дэлхийн бусад орнууд ч хүлээн зөвшөөрч байв. Гэсэн хэдий ч зохион бүтээж, ур ухаанаа шингээн байж урласан Даши Намдоков бүтээлдээ ихэд сэтгэл хангалуунаар хандан, “Чингис хааныг дайчин гэхээсээ илүүтэй гоц ухаантан, уран сэтгэгчээр дүрсэлсэн. Тийн урлахыг дээд тэнгэрийн онгодууд заасан юм” гэх тайлбарыг хийснээр асуудал тэгсгээд намжиж байв.
Гэтэл сүүлийн өдрүүдэд уг хөшөөг Буриадын талаас бэлэглэлийн шугамаар илгээснээр талбайн урд талын цэцэрлэгт байрлуулахаар болсон гэх яриа түгж, олны баяр, бахдалыг төрүүлээд байна.
Энэ талаар Буриадын http://mungen-tobsho.com/?p=2671 сайтнаа “Уг хөшөө Монгол Улсад очсоноороо жинхэнэ утгаараа шүтэгдэж, үнэ цэнэтэй оршино” гэх утгатай нийтлэл гарсан байх юм.
Монгол үндэстний үүх түүх, уламжлалт ёсыг манай улсын төрийн бодлогоос хэд дахин илүү үнэлэн хүндэлдэг Буриад зон олон өөрсдийн санаачилгаар хөшөөг Монгол Улс руу илгээхээр шийдсэн бололтой.
Тодруулбал, Буриадын хэсэг эрдэмтэн саяхан Монгол Улсад зочлох үеэрээ Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатартай /Габи/ уулзан, дээрх бэлгийг санал болгосон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Харин “Талбайн урд талын цэцэрлэгт байрлана” гэх цуурхлын тухайд, НИТХ-ын тэргүүлэгчдийн энэ сарын хуралдаанааар хэлэлцэгдэх асуудлуудад эл хөшөөний байршлын тухай ганц үг, өгүүлбэр ороогүй байх юм.
Тэгэхээр Төрийн ордныг түшин ажрах Чингис хааны налгар хөшөө, этгээд шийдэл, эрмэг догшин байдлыг илэрхийлсэн Даши Намдоковын бүтээлүүд хараа хоршин талбайн хойно, урд байрлана гэсэн яриа нэг хэсэгтээ нууцлаг хэвээр байх нь.
Хошноор төсөөлөх аваас, “Чингис хааны талбай” хэмээн нэрийдэх болсон төв өргөн чөлөөгөө яг ийм төсөөллөөр зураглаад үзэхэд их л адармаатай дүрслэгдэнэ. Жуулчдын гудамж гэгддэг эл хэсэгт монгол түмэн Их эзэн Чингис хааныхаа хөшөөг хэдэн янзаар өрчихсөн буйг гадныхан хараад, чухам юу гэж сэтгэх бол...
Ямартай ч Буриад зоны соёлын өвөө элгэн садандаа түүчээлэн өвлүүлэх гэсэн бодлын үрээр эрчимт шийдэл, уран сэтгэмжээрээ гайхагддаг Даши Намдаковын нэгэн алдарт бүтээл Монгол Улсад “үүрд” ирэх нь тодорхой боллоо.
“Модерн” Чингисийн хөшөө Монголд ирнэ | ||
Үзсэн: 3824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.