Шууд Chart

Б.Сайнбилэг: Хөхүүр сайн хийж, сур сайхан элдэхийг би ааваасаа л сурсан

2019-12-18 10:09:38

Монголчуудын хөхүүрийн айраг исгэх уламжлалт арга технологийг ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороо Колумбын нийслэлд саяхан хуралдаж, биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Тэгвэл тус судалгааг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Өвөрцарам хэмээх газар өвөлжиж буй Б.Сайнбилэгийнд хийсэн байна. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.  

-ЮНЕСКО-гийн албаны хүмүүс танайд очиж судалгаа хийсэн гэсэн. Хэдэн онд очсон бэ?

-2015 онд анх манай гэрт ирж судалгааны ажлаа хийсэн. Тухайн үед манай гэр бүлийн хүн болох Д.Гүндэгмаа Улаанбаатар хотын Урт цагааны гудамжинд жижиг майхан барьж, хөхүүрийн айраг зардаг байсан юм. Ер нь 20 орчим жил зарсан л даа. Тэр үед л ЮНЕСКО-гийнхны хараанд өртөж, судалгаа хийх эхлэл нь тавигдсан.

-Тухайн үед тэд та нарт өөрсдийнхөө зорилгыг хэлсэн үү?

-Бид тэр үед “Гадаадынхан Монголчуудын уламжлалт хөхүүрийн айргийг хэрхэн хийдгийг харж, зураг аваад гадаадад дэлгэх нь” л гэж бодож байсан.

-Судалгаа нь хэрхэн хийгдсэн бэ?

-Манайд хоёр хоносон юм. Тухайн үед бороо хур ороод цаг алдсан тал ч бий болов уу. Тэд Монголчуудыг гүүгээ хэрхэн барьдгаас эхэлж судлах шаардлагатай байсан. Ингээд өглөө эрт адуунд явахаас эхлээд дуусах хүртэл зураг авсан. Адуугаа хурааж ирээд унагаа чагтлах, зарим гүүгээ чөдөрлөх, хойшилдох, дараа нь гүүгээ саах, унага татах, орой бэлчээрт гаргах, унага тамгалах зан үйл гэх мэт. Тэр ч бүү хэл, чөдөр, ногтоо яаж ашиглах, саамаа хөхүүрэндээ хийгээд бүлэхийг, маргааш өглөө нь айраг яаж исдэг тухай гээд л нэг бүрчлэн судалсан. Манай гэр бүлийн хүний өвөө нь адуучин хүн байсан. Монгол Улсын алдарт уяач цолтой. Хань маань адуучин айлын охин тул багаасаа мал ахуйд нүдтэй, ажилсаг хүн. Зургаадугаар ангиасаа хөдөө гарч, малчин болсон гэдэг.

-Хөхүүр хэрхэн хийхийг ч судалсан байлгүй ...

-Тийм. Эхнэр, том хүү хоёр маань тусгайлан бэлдсэн үхрийн ширээ дэлгэж байгаад исгэж, бүрж оёж буйгаа харуулсан. Тэднийг зураг авалт хийж байхад үхрийн айраг буюу манайхны хэлж заншсанаар ундаа сагаж, асгарч билээ. Тэгэхэд бид их сайхан бэлгэдэлтэй зүйл боллоо гэж ярилцаж байв. Учир нь идээ будаа улам элбэг дэлбэг байх нь гэсэн санаа шүү дээ.  

-Сүүлийн үед малчид том, том хөх саванд л айргаа исгэж байна. Олдоц нь ч элбэг болохоор арга ч үгүй болов уу. Гэхдээ хөх савыг халж, хөхүүрэнд айргаа исгэцгээе гэсэн уриа жинхэнэ утгаараа танайд хэрэгжиж байна уу даа ...

-Тийм шүү. Тэгээд ч адууны эмгэгийг үхрээс, үхрийнхийг адуунаас нөхөж олдог гэдэг. Адуу халуун, үхэр сэрүүн чанарын цустай болохоор энерги нь тэгж тохирч байгаа хэрэг. Тэгээд ч хөхүүрэнд исгэсэн айрагны амт, чанар тэс өөр шүү.

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-Ах нь 1971 онд долоодугаар ангиа төгсөөд намын уриа эвлэлийн илгээлтээр хөдөө гарч байлаа. Түүнээс хойш 47 жил болжээ. Олон жил зүтгэсний эцэст үндэсний өв тээгч болсондоо баяртай байна. Аав маань их хөдөлмөрч хүн байлаа. Хөхүүр сайн хийдэг, сур сайхан элддэг байв. Тэр бүхнийг би ааваасаа л сурсан.

-Суурин газрынхан болон залуу малчдад зориулж та хөхүүрийг хэрхэн бэлтгэдэг талаар зааварчилгаа өгнө үү?

-Дөнгөж хуулсан ширээ л ашиглах хэрэгтэй. Наранд хатаах, хүйтэнд хөлдөөсөн шир төдийлөн сайн хөхүүр болж чадахгүй. Үхрийнхээ ширийг бүлээн дээр нь үсийг нь халимлаж, улаан шөрмөсийг нь аваад эсгэх үйл ажиллагаандаа орно. Дараа нь хашааны шар бууцыг чигжиж дүүргээд 2-3 хонуулсны дараа үндсэн хэлбэр нь гарна. Бууцаар дүүргэж байгаагийн сайн тал нь сайхан хэлбэртэй болохоос гадна өнгөлөг шаргалтсан туяатай болдог.  

-Хүрээг нь оёхдоо сур, тэмээний үдээрийн алийг нь ашиглаж байна? 

-Оёход их учир бий. Хоёр амсрынхаа завсар эн тэнцүү даавуу хавчуулж оёдог. Зарим айл нарийн сур ашигладаг бол бусад нь тэмээний зогдор ээрч, нэхдэг. Ингэж оёвол илжрэхгүй сайн талтай л даа. Мөн булангаа зөв гаргах шаардлагатай. Тэгвэл хэв сайтай болно.

-Бүдүүн шарын ширээр хийсэн хөхүүр хэдээс хэдэн литр айраг агуулах багтаамжтай вэ?

-Үхэр бүр өөр өөр хэмжээтэй. Нас бие гүйцсэн шарын ширээр хийсэн хөхүүр доод тал нь 200 литр орно. Заримынх нь 300 литр ордог тохиолдол ч бий.

-Хөхүүрээ хадгалах тухай яриач ...

-Зөв арчлах тухай хэлье л дээ. Хамгийн гол нь нойтноор нь хадгалж болохгүй. Тэгвэл илжирч мууддаг. Тиймээс намар айргаа хураасныхаа дараа тоос шороо болохгүй, элдэв юманд шүргээд байхгүй өндөрхөн газар уруу нь харуулж модонд тэгнэж байршуулна. Тэгэхээр доошоогоо харсан ам руу нь агаар чөлөөтэй орж, чийгийг нь хатаадаг. Хадгалж байхдаа л үзүүртэй төмөр, модонд цоолох, чийгтэй байлгаж язлахгүй бол оёолт сайтай хөхүүр олон жил хэрэглэгдэнэ. Бүлүүрэнд урагдана гэсэн ойлголт ч байхгүй шүү. Хамгийн гол нь амсрыг нь л сайн оёх хэрэгтэй.

-Тэгвэл танайх айрагныхаа эхийг хэрхэн бэлтгэдэг вэ. Зарим айл өнгөрсөн жилийнхээ айрагнаас авч үлдэж хөлдөөж хадгалдаг бол зарим нь ирэх зуныхаа шинэ таргаар исгэдэг талтай ... 

-Янз бүр дээ. Таргаар исгэх нь ч бий. Дээхэн өөрийн тань хэлж буйгаар өнгөрсөн намрынхаа айргийг цагаан эсгийнд шингээж аваад цэвэрхэн марланд ороож хөлдөөгөөд хадгалчихдаг байлаа. Ийнхүү ирэх зун нь гүүгээ барихдаа өнөө хөлдөөсөн айрагныхаа эхийг гэсгээж саам руугаа хийгээд сайтар бүлж исгэнэ.

-Одоо танай охин ээжийнхээ ажлыг өвлөөд хотод “Хөхүүрийн айраг” нэртэй мухлаг нээсэн гэсэн. Олон хүн мэддэг болсон байна билээ ...

-Тийм ээ. Миний отгон охин байгаа юм. Отгонжаргал гэдэг. Занабазарын музейн урд талд нэг л байршилд зардаг. Өөр газар ч ийм нэртэй айраг зардаг хүмүүс байдаг тул зарим хүн бүгдийг нь манайх гэж ойлгодог шиг байгаа юм.   

-Танай хүүхдүүд ч мөн адил хөхүүр хэрэглэдэг байлгүй ...

-Тийм. Манайх таван охин, гурван хүүтэй. Бага хүү Баянжаргалан маань хамт ирсэн байна. Энэ хүү маань хөхүүрээ өөрөө эсгээд л өөрөө оёчихно. Мөн дах, дэгтийнээс эхлээд янз бүрийн юм хийгээд зургаан жил орчим хугацааг илээж байна. Өмд, өвлийн улиралд мотоцикл барихад зориулж гарын ханцуйвч ч хийдэг.

-Ямааны арьс арай нимгэн болохоор хэврэг байхгүй юу?

-Үзэмж талаасаа арай эвтэйхэн харагддаг. Нэхийгээр хийхээр цагаан өнгөтэй тул амархан хир болохоос гадна үсийг нь гадагш нь харуулаад өмсөхөд тохиромжгүй байдаг. Мөн манайхан аль болох сур элдэж хэрэглэдэг. Мяндсан уяа ашиглах дургүй. Сүүлийн үед арьс, ширний үнэ улам хямд боллоо. Иймд өөрсдөө бүтээгдэхүүн болгоод хэрэглэсэн нь илүү дээр санагддаг. Сумын төвийнхөн хурганы арьс элдээд өгөөч гэвэл манай энэ хүү элдээд л өгнө, бас зарна. Өөрт байгаа бололцоогоо ашиглаад л амьдралдаа нэмэрлэнэ дээ.

-Мөн өөр нэг асуудал бол таван хошуу малынхаа гэдэс дотрыг ялангуяа суурин газрын иргэд идэхгүй хаяж байна. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Амны хишгээ л арчиж байгаа хэрэг. “Хөхүүрийн айраг” ажиллуулдаг охины маань нөхөр буюу манай бага хүргэн Лхагвамажиг гэдэг залуу энэ талд маш хатуу байр суурьтай байдаг. Хотод байдаг хэдий ч хярамцагтай хоол хийж, иргэдэд зарж байна. Таван цул гэдэг чинь хүний биед маш сайн. Ялангуяа цус нь. Манай хүргэн малын бааснаас бусдыг нь л ашиглаж байна даа. Үйлчлүүлэгч их болж байгаа бололтой.   

-Малчид маань мориноосоо бууж төмөр хүлэг унах нь ихэслээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Цаг үеийн л шаардлага юм даа. Малчин бидэнд тус дэм болох хүн ховор. Малд явж байгаа нь цөөхөн болохоор түргэн унаа чухал болсон цаг иржээ. Ядаж л цасан шуурга, аадар борооноос урьтаж малаа ойртуулахын тулд мотоциклоор давхихад амар юм.

-Та морь уяж байна уу?

-Залуудаа уяж байсан. Сумын алдарт уяач цолтой. Хүүхдүүд ч бага байлаа. Морины хүүхэд олдохгүй гэж айдаггүй байлаа даа.

-Танай нутагт өвөлжилт ямар байна. Ахмад малчны хувьд энэ жилийн өвлийг хэрхэн харж байна вэ?

-Дэлгэр хааны нутаг Хөшөөт гэдэг газар хонио, Хүрэндэл, Ламын шанд гэдэг газар адуу, үхрээ отроор өвөлжүүлж байна. Цас их дарахгүй бол одоохондоо аятайхан байгаа шүү.

-Аймаг, сумын аварга малчин болж байв уу?

-Аймгийн залуу аварга малчин нэг, сумын зургаан удаагийн аварга болж байсан. Мөн Москвагийн зуны XXII олимпийн наадамд төлөөлөгчөөр явж байлаа. Эвлэлийн XVIII хурал, Аймгийн эвлэлийн бүгд хурлын гишүүн, сумын депутатаар хоёр удаа сонгогдож байв. Аймгийн хувьсгалт залуучуудын бүгд хурлын гишүүнээр давтан сонгогдож ч үзлээ. Нэг удаа сонгогдвол гурван жил учир нийтдээ зургаан жил ажилласан. Үүгээрээ би маш их бахархаж явдаг. Тэр үед хүмүүс “Малчин хүн давтан сонгогддоггүй юм даа. Б.Сайнбилэг гэдэг хүн яахаараа дахиж сонгогдов” гэж хүртэл ярьж байлаа. Ахынх нь амьдрал ерөнхийдөө ийм дээ.

-Ярилцсанд баярлалаа. Өнтэй сайхан өвөлжиж, төлийн сартай золгоорой.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Сайнбилэг: Хөхүүр сайн хийж, сур сайхан элдэхийг би ааваасаа л сурсан  
Үзсэн: 7782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 12:31
Сайхан өвөө байна. Яг л хөдөө шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 11:18
ЭНЭ БОЛ ЗӨВ МАШ ЗӨВ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 09:38
Жинхэнэ монгол хүний амьдрал байна амжилт хүсье Хүү бас магтууштай
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 08:56
Энэ бол маш сайхан хүүхдүүддээ сайн заах хэрэгтэй Гайхалтай
мундаг [127.0.0.xxx] 2019-12-19 08:31
ЯМАР САЙХАН ЮМ БЭ, ИЙМ ХҮМҮҮС УЛАМ ОЛОН БОЛООСОЙ. Намар би Булганы Сайхан сум орж айраг авсан, тэндхийн айраг сайхан ч айл бүхэн "хөх" саванд айраг цагаагаа хийж бгаа нь үнэхээр муухай бараг шижгийн санагдсан
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 00:52
Сайхан Сайхан!
unshigch [127.0.0.xxx] 2019-12-18 19:42
iim saihan hymyys odoo ulam l hovordoj baina. Tand bolon tanai ger byl, yr hyyhdyyded chini az jargal, eryyl enh, ulam ich amjilt Hysen erooe
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 19:56
Харин тиймээ улам ховордож байна. тэр мухлагт нь очноо.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 19:13
Ийм сайхан хүмүүс бна гэж бодохоор л амьдрал утга учиртай сайхан санагдах юм 76 малыг харахаар л амьдрал ямар авч утгагүй ирээдүй байхгүй санагдах юм энэ сайхан хүмүүст эрүүл энх аз жаргал хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 13:26
сайхан хөдөлмөрч аав ээжийн үргэлжлэл билээ бид сайхан ярилцлага болжээ баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 10:45
Xairt aav mini xodolmorin tolool torson xunde shudarga ajilaj xodolmorlox tal deer ur xuuxeduud bidnige tuucheelen daguulj yavnap

Бидэнтэй нэгдээрэй