Шууд Chart

И.Наранцогт: Баян-Өндөр сумаас маань улсын начин цолтон хосоор төрөх сайхан өдөр ирнэ ээ

2019-12-19 14:20:08

Сүүлийн үед аймаг гэлтгүй сумынхан бөхийн дэвжээтэй болоод байгаа нь үндэсний бөх улам хөгжиж буй нь илрэл. Тиймээс тэднийг төлөөлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Бумбат” бөхийн холбоог онцлов.

Тэргүүнээр нь тус нутгийн уугуул Ичинхорлоогийн Наранцогттой ярилцлаа.

-Шинэ он хаяанд ирлээ. Энэ оныг танай холбоо ямар амжилттайгаар үдэх гэж байна вэ?

-Манай холбооноос санаачлан сумынхаа бөхчүүдтэй хамтран сүүлийн хоёр жил “Ухаан далай номоос эхтэй” сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд сумынхаа ЕБС-ийн сурагчдад зориулж, сургуулийнх нь номын санд давхардсан тоогоор 600 ширхэг ном хандивласан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын цогт идэр заан Дарийн Чойжамц агсны нэрэмжит, Өвөрхангай аймгийн зургаан сумын халз барилдааныг зохион байгуулсан. Түүнчлэн Баян-Өндөр сумын үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн, гуравдугаар сард сумынхаа “Хаврын баяр-2019” спорт наадам, тавдугаар сард Өвөрхангай аймгийн зүүн бүсийн аварга шалгаруулах спорт наадам, долоодугаар сард Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын “Хүрэл хөшөөний цогцолбор”-ын шав тавих ёслолын арга хэмжээ, хүүхдийн барилдаан, наймдугаар сард түүнд зориулсан хүрэл хөшөөний цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьснаас гадна Спортын ордны нээлтэд зориулсан баяр наадмаа ч хийлээ.

-Сумынхаа төвд мөн дээрх хүрэл хөшөөг босгосон байгаа харагдсан ...

-Тийм. Тэр үеэр 1000 мод тарих аяныг эхлүүлж, одоогоор 300-г нь тариад байна. Нийт төсөвт өртөгт 100 орчим сая төгрөг зарцуулагдсан бөгөөд хандив тусламжаар бүрдсэн. Өөр нэг зүйл онцлоход Баян-өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Бумбат” үндэсний бөхийн холбоо санаачлан сумын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэгч залуу багшид иж бүрэн таван ханатай гэрийг бэлэглэсэн. Саяхан манай сумын “Бумбатын мөнгөн үдэш-2019” ёслол хүндэтгэлийн цэнгүүн болж, 2019 шилдэг бүтээн байгуулалтын ажлаар манай “Бумбат” бөхийн холбоо шалгарсан. Сумын төвд сүндэрлэн боссон хүрэл хөшөөний цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, байгууламжийн ажил маань энэ нэр хүндтэй шагналыг авч ирлээ.

-Энэ хөшөөг ямар хүн бүтээсэн бэ?

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, уран барималч Ганхуягийн Санчирболд гэдэг залуу бүтээсэн. Суурь нь 2.3 өндөр нь 3.2 метр болсон. Энэ завшааныг ашиглаад Г.Санчирболд дүүдээ нутгийн зон олон, бөх сонирхогчдынхоо өмнөөс дахин баяр хүргэж, урлагийн өндөр амжилт хүсэе.

Хөшөөний өндөр 3,2 метр, хүрэл цутгамал бөгөөд 1985 оны улсын баяр наадмаар ес даван түрүүлж, туг тойрч дэвж байгаа агшныг дүрсэлжээ. Ид залуу үеийн биеийн галбир, бүтцийг нь ч нарийн харуулсан байлаа. Нүүр хэсэгт нь Монгол Улсын арслан БАНДИЙН ГАНБААТАР гэж бичиж, суурийн зүүн талд Тэрэм, баруун талд нь нутгийн уулс усаа шүтэж буйгаар Баян-Өндөр хайрханы дүрс, хурдан морь, хүчит бөх, сурын харвааны дүрс сийлэгдсэн байв. 

-Дэвжээндээ танайх нутгийнхаа шүтээн хайрханы нэрийг хайрласан уу?

-Бумбат гэдэг үг бол Баян-өндөр сумын төв буюу газрын оноосон нэр юм. Төрөлх нутгийнхаа нэрийг бэлэгшээж өгсөн.

-Танай сумаас төрөн гарсан түүхт хүчтэнүүд гэвэл хэн хэн байдаг билээ ...

-Манай сум хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошууны нутаг. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой олон бөхтэй. Хамгийн эхэнд нэрлэхэд Даншиг наадамд хоёр түрүүлсэн даян аварга, Монгол Улсынхаа бөхчүүдээс хамгийн анх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан “Их Монгол” хэмээх Хасын Шаравжамц, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Жигжидийн Мөнхбат. Энэ хүн Төв аймгийн Эрдэнэсант сумынх гэдэг ч аав, ээж, ахан дүүс нь Баян-Өндөр сумын уугуул, Унхныхан овгийн улс юм. Түүнчлэн “Молиго бүргэд” хэмээх улсын арслан П.Бат-Очир. 1932 оны улсын баяр наадамд түрүүлж байсныг бөх сонирхогчид андахгүй биз ээ. Уртын дуу сайхан дуулдаг, гарын ур сайтай уран дарханч, аян жин тээдэг хөдөлмөрч хүн байсан гэдэг. Түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын гуравдугаар багийн “Тэрэм хайрхан”-ны өвөрт төрсөн “Шавь” хүн байсан. Уран барилдаант улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэвийн ээж нь ч гэсэн Баян-Өндөр сумын уугуул хүн юм. Тэгэхээр түүнийг ч нэрлэж болох талтай. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатар 1985 оны улсын баяр наадамд Монгол Улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх, дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ, улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар нарыг цувуулан өвдөг шороодуулж, ес даван түрүүлсэн бахдам амжилттай хүн. Улсын баяр наадамд нийт 10 удаа шөвгөрсөн түүхтэй. Цаашилбал улсын заан Дарийн Чойжамц (1933), улсын начин Содномын Цэдэвсүрэн (1962) нар бий. Мөн аймгийн арслан Самбилын Лувсангомбо (1955), Самбилын Гомбодорж (1958), Цэндийн Донтор (1962), Дашмаагийн Дамдинсүрэн (1973), Батмөнхийн Сандагдорж (1976), Төрбатын Ядамсүрэн (2016), Раднаабазарын Банди (1969), цэргийн арслан Давгын Шатар (1960), Дашмаагийн Цэрэндорж (1967), цэргийн заан Юндэндоржийн Эмээлсүрэн (1969), Содномын Баярсайхан (1983), аймгийн заан цолтой Түвээний Бүнхүү (1945), Далхжавын Найдан (1945), Бадарчингийн Балжир (1945), аймгийн заан Бүрэнмэндийн Дамдинсүрэн (1949), аймгийн заан Самбилын Дорж (1961), аймгийн заан Содномдагвын Ишдорж (1963), Гомбын Цэдэнсодном (1967), Хөгшиний Батмөнх (1976), Гэрэлийн Цэнд-Очир (1978), Жанчивын Ганпүрэв (1980), Чулууны Баянбилэг (1999), Лхагвын Батсайхан (2012), аймгийн харцага Баясгалангийн Батжаргал (2011), аймгийн начин Батын Халзан (1960), Буяндэлгэрийн Гомбосүрэн (1960), Цэвэлдоржийн Батсүх (1967), Цэдэвсүрэнгийн Болоож (1976), Намсрайн Сэр-Од (1983), Доржийн Чулуунлхагва (1985), Цэдэвсүрэнгийн Болдбаяр (1992), Сэмбийн Дашзэвэг (1990), Осорын Хүүхэнбаатар (1994), Лутын Ядамсүрэн (1998), Гомбодоржийн Цэрэнпунцаг /2003/, Бизьяагийн Цэрэндагва (2018), Эмээлсүрэнгийн Батхуяг (2011) нар төрөн гарсан байдаг. Тэгэхээр бөхийн өлгий нутаг гэж хэлж болохоор байгаа биз.  

эгвэл танай галаас ойрын хугацаанд хэн хэн улсын цол хүртэх магадлалтай байна вэ? 

-Ид барилдаж байгаа бөхчүүдээс Даншгийн начин, аймгийн арслан Төрбатын Ядамсүрэн, аймгийн заан Лхагвын Батсайхан нар улсын цолонд ойрын хугацаанд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ хоёр залуу хоёулаа миний төрөл. Аав, ээжийн талын ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж Баян-Өндөр сумаас маань хос начин төрөх сайхан өдөр ирж, нутгийн уул усаа баярлуулах өдөр тун ойрхон байгаа болов уу гэж бэлэгшээж боддог. Т.Ядамсүрэнгийн хувьд энэ жилийн Даншиг наадамд тав давсан. Мөн ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд гурав давсан, улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд гурван удаа шөвгөрсөн амжилтыг нь үнэлж, “Оны шилдэг тамирчин”-аар шалгаруулсан.

-Аймгийн хэмжээнд бөхийн гал байдаг бол сүүлийн үед сумынхан өөрийн гэсэн холбоотой болж байна. Ингэхээр тамирчдын амжилтын үр дүнд хэрхэн өөрчлөлт ордог вэ?

-Аймгийн хэмжээнд бөхийн гал байх нь зөв бөгөөд өмнө нь ч байсан. Манай аймгийн хувьд “Их Монголын хүчтэн” дэвжээ үйл ажиллагаа явуулдаг. Тэргүүнээр нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашорюү Д.Дагвадорж ажилладаг. Гэхдээ сум бүр өөрийн бөхийн холбоо дэвжээг нээж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь зөв зүйтэй. “Бумбат” үндэсний бөхий холбоо болон бусад сумын дэвжээний үндсэн зорилго бол үндэсний бөхийн өв соёлыг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сумынхаа бөхчүүдийг дэмжих, нийгмийн тодорхой асуудлыг шийдэх, бэлтгэл сургуулалтад нь дэмжлэг үзүүлэх гэсэн ашгийн бус төрийн бус байгууллага юм. Бөхчүүдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг тул тамирчдын амжилтад эерэг нөлөө үзүүлж байна.

-Бөх сонирхогчид “Зөвхөн аймгийн хэмжээнд бүгдээрээ нэгдвэл илүү өгөөжтэй” гэж ярьдаг болохоор дээрх асуултыг тавьлаа л даа ...

-Манай нутгийн бөхчүүдээс улс, аймаг, цэргийн цолтой нь аймгийн хэмжээндээ буюу “Их Монголын хүчтэн” дэвжээний нэгдсэн бэлтгэл сургуулалтаа, “Мөнхий үсэг” группын спорт зааланд хийдэг. “Их Монголын хүчтэн” дэвжээний хувьд миний бодлоор өнөө маргаашийн амжилт, улсын цол хүртэх бодлогоос илүү 4-8 жилийн урт хугацааны стратеги төлөвлөгөө, зорилт тавьж үүндээ зохицсон бэлтгэл сургуулилтын систем, хүний нөөц, төсөв санхүүгийн нэгдсэн систем бодлого боловсруулж, ирээдүйн их аваргыг төрүүлэх зорилго тавин ажиллах нь зүйтэй гэж боддог. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол бөхийн хөгжилд ч нэг алхам болно. Зөвхөн бөхчүүд хамрагддаг гэхээс илүү олныг хамруулсан ил тод нээлттэй зохион байгуулалтад орох нь зүйтэй.

-Та холбоогоо аваад хэдэн жил болж байна вэ. Таниас өмнө хэн нэгэн удирдаж байсан уу?

-“Бумбат” үндэсний бөхийн холбооны тэргүүн болох саналыг надад 2016 онд тавьсны дагуу гурав дахь жилдээ ажиллаж байна. Сумын бөхийн холбооны өмнөх тэргүүнээр сумандаа ажиллаж амьдарч байгаа сумын заан Д.Зинамэдэр ах ажиллаж байсан.

-Одоо та анх ажлаа хүлээж авахдаа төлөвлөж байсан зорилгоо биелүүлж амжиж байна уу?

-Үндэсний бөхийн спортыг сумын хүн амын дунд хөгжих таатай орчныг бүрдүүлэх, материалаг баазыг бэхжүүлэх, үндэсний бөхийн уламжлалт заншил, зан үйлийг сэргээн, сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Үндэсний бөхийн асуудлаар эрх зүйн таатай орчин бүрдүүлж сумын хэмжээнд үндэсний бөх хөгжих тогтолцоог боловсронгуй болгох, бөхчүүдийн нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх, бөхчүүдийн нийгэм дэх үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг маш тодорхой зорилт тавин ажилласан. Тодорхой ажлыг зохион байгуулж, үр дүнд хүрч, үе шаттай хэрэгжүүлж байгаа.

-Та бөхийн удамтай юуЭнэ спорт чухам таныг яагаад ингэж их татсан бэ?

-Ер нь багаасаа үндэсний бөх, сагсан бөмбөг сонирхдог байлаа. Сагсан бөмбөгийн “Sprite leag”-т “Бумбат зүрх” сагсан бөмбөгийн багийг үүсгэн байгуулж, дасгалжуулж, ивээн тэтгэж, гурван жил болжээ. Манайх лигийн ууган багуудын нэг бөгөөд бүсийн аварга болж байсан. Үндэсний бөхийн удмын хувьд миний өвөө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Самбилын Гомбодорж, авга ах аймгийн арслан Самбилын Лувсангомбо, аймгийн заан Самбилын Дорж, миний аав сумын заан Гомбодоржийн Ичинхорлоо, авга дүү аймгийн заан Лхагвын Батсайхан, авга ах аймгийн начин Доржийн Чулуун-Лхагва, Гомбодоржийн Цэрэнпунцаг, нагац дүү Даншгийн начин, аймгийн арслан Төрбатын Ядамсүрэн нар бий. Тэднээрээ үргэлж бахархаж явдаг.

Аймгийн арслан Т.Ядамсүрэн, аймгийн заан Л.Батсайхан нарын хамт. 

-Дэвжээгээ удирдахаас гадна өөр ямар ажил, бизнес эрхэлдэг вэ?

-Төрийн албанд олон жил ажиллаж байна. Ажлын хажуугаар Баян-Өндөр сумын нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжин оролцдог. Монголын үндэсний спортыг хөгжүүлэх тэр тусмаа Монголын үндэсний бөхийн барилдаан, цаашдын хөгжлийг шинэ шатанд гаргахыг судалж олон улс орны үндэсний спортын хөгжил үйл ажиллагаатай харьцуулан дүгнэлт хийн ажиллаж, шийдвэр гаргах төвшинд хүргэхийн төлөө хичээж явна даа.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ. Боловсролын хувьд ч гэсэн сонирхуулна уу?

-Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын төв Бумбат гэдэг газар төрсөн. 1-5 дугаар ангиа Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, 5-10 дугаар ангиа Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгссөн. ТИС-ийн комьютер техник, менежементийн сургуульд программ хангамжийн мэргэжил эзэмшиж байгаад дөрөвдүгээр курсээсээ Герман Улсад үргэлжлүүлэн суралцсан. Харин 2008 онд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил, 2014 онд Удирлагын академийн төрийн удирдлагын менежер, 2016 онд Удирлагын академийн Төрийн удирдлагын магистраар төгссөн.

-Танай сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар Монгол Улсын манлай уяач Мандахын Мөнхбат ажилладаг юм билээ. Энэ хүний оролцоо та бүхэнд их болов уу?

-2019 онд Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж, тэргүүнээр таны хэлсэн хүн сонгогдсон. Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Ламын гэгээний даншиг наадамд хурдан бор азарга нь эрлийз дээд насны ангилалд түрүүлж, Монгол Улсын манлай уяач цолны болзол хангасан. Мөн наадмын өмнө М.Мөнхбат ах маань хурдан шарга үрээ надад бэлэглэсэн бөгөөд Баян-өндөр сумын баяр наадамд Бумбат шарга үрээ маань хязаалан насанд түрүүлж, хийморь сэргээсэн. Сумын нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад нутгийн зөвлийн дарга М.Мөнхбат, дэд дарга Ц.Нямсүрэн, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, сум орон нутаг маань байнга  дэмжиж туслалцаж байдагт талархаж явдаг.

-Шагайн спортын улсын мэргэн Т.Баярбат танай нутгийнх юм билээ. Энэ хүний амжилтын талаар дэлгэрэнгүй сонирхуулна уу?

-Манай суманд “Бумбат мэргэ” шагайн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд улс, аймгийн мэргэн төрөн гарч байна. Т. Баярбат ах маань сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн амжилт гаргасаар. Түүнчлэн “Бумбат мэргэ” холбоо 2019 онд гаргасан амжилтаараа “Оны шилдэг холбоо”-гоор шалгарсан. Харин манай бөхийн холбоо Өвөрхангай аймгийн шилдгүүдийг шалгаруулах “Алтан соёмбо” гардсанд баяртай байгаа. Баян-Өндөрчүүддээ тун удахгүй гарах шинэ оны баярын мэндийг хүргэе. Ажлын тѳлѳѳ зүтгэсэн ард олныг минь “Алтан соёмбо”-оор мялаасанд гүнээ талархаж байна.  

 

-Ирэх онд ямар ажил төлөвлөж байна вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлье ...

-Ирэх 2020 онд холбооныхоо хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн ажиллана. Мөн улс орныхоо хөгжил, ирээдүйн төлөө хувь хүний хүнийхээ хувьд оруулах хувь нэмэр болгох үүднээс тодорхой зорилт тавин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.

 

 



























Нийтэлсэн: У.Баярсайхан

И.Наранцогт: Баян-Өндөр сумаас маань улсын начин цолтон хосоор төрөх сайхан өдөр ирнэ ээ  
Үзсэн: 5804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-22 19:53
Алтан нутаг минь
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 16:09
Ардын хувьсгалын 90 жилээр ямар байсан улсын цолтон Баянөндөрөөс төрөх буйзаа.
Н [127.0.0.xxx] 2019-12-19 15:07
Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй