Хасбаатарын Мэргэн гэдэг нэрийг дуулаагүй монгол хүн цөөхөн. Монголын сая сая үзэгч, уншигч цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь улмаа нэмэгдэх оюуны их гүүр, эгэл даруу, энгүй авьяастай энэ эрхмийн мэдлэг, хөдөлмөрөөр дэлхийн кино болоод телевизийн урлаг, уран зохиолтой холбогдсон билээ.
Сүүлийн хоёр жилд Үндэсний олон нийтийн телевизийн гярхай үзэгчид “Орчуулсан Мэргэний Эрдэнэ” гэдэг нэрийг анзаарсан байх. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн шинэ төвийн баруун жигүүрийн гурван давхарт баргийн хүн олохооргүй гурван ч хаалга дамжиж хүрдэг нууцлаг гэмээр нэг өрөө бий. Энэ л өрөөнд Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Мэргэн агсан орчуулга, хөрвүүлгийнхээ дийлэнхийг нугалсан. Өдгөө тэр өрөө нэрт гүүш ямар янзаар орхисон яг л тэр хэвээрээ байгаа.
-Та цанаар хичээллэдэг үү. Таны өрөөнд орж ирэхэд олон зүйл нүдэнд туссаны нэг нь энэ цана байлаа?
-Үгүй ээ, энэ миний аавын цана. Телевизээс актлахад нь аав авсан юм гэсэн. Бас нэг бичгийн машин бий. Аав минь тэтгэвэртээ гараад энэ цанаар гулгаж, бичгийн машинаараа өөрийн ном зохиолоо бичнэ гэдэг байсан. Аавын минь өрөөнд нь байсан зүйлс яг л хэвээрээ байгаа.
Энэ өрөө их замбараагүй юм шиг мөртлөө маш тухтай. Дуу чимээгүй аятайхан байдаг юм. Аав минь надад ширээгээ яаж үлдээсэн яг тэр хэвээрээ л байгаа.
-Та хаана сургууль төгссөн бэ?
- Аав, эгч, би гээд бүгдээрээ л 23 дугаар сургуулийг дүүргэсэн. Аан тийм дүү Орос гуравдугаар сургууль төгссөн юм байна.
-Тэгэхээр та унаган орос хэлтэй байх нь?
-Багаасаа л үзсэн гэж хэлье дээ. Гэхдээ намайг нэгдүгээр ангид элсэхэд бүх юм өөрчлөгдөөд уйгаржин бичиг үзэж эхэлсэн юм. Дараа нь кирилл бичиг заана гээд ганц, хоёр жил явснаа орос хэл орсон. Би яаж орос хэл жаахан гадарладаг болсон бэ гэхээр намайг багад аав хуучны орос “Темп” телевизор авчраад орон сууцны дээвэр дээр гар хийцийн антен байрлуулсан юм. Түүнээс хойш орос суваг үздэг болсон. Тэр үед Оросын сувгууд өдөржин гарна. Орос хэлээр хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзнэ. Түүнээс гадна аавын маань нөлөө их байсан. Ингэж л орос хэлний суурь тавигдсан.
-Арван жилээ төгсөөд шууд Москва явсан уу?
-Тэгсэн. Би ахлах ангиасаа орос хэлний олимпиадад орсон юм. Дүүрэг, хотын олимпиадад 8, 9, 10 дугаар ангидаа гурван жил нэгдүгээр байр эзэлсэн. Сүүлийн жил надад Москвагийн Эрчим хүчний их сургуульд элсэн суралцах урилга ирсэн юм. Тэр сургуульд элсэх орос хэлний шалгуурыг давлаа гэсэн үг л дээ. Тухайн үед би МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сурах бодолтой байсан юм. Тэгсэн аав “Аав нь, Хасбаатар өвөө нь, Чулуун эмээ нь гээд бүгдээрээ Москвад их сургууль төгссөн учраас миний хүү ч бас сур” гэж хэлсэн. Бүх юм цаанаасаа тэгж таараад, сургуулийн урилга ч ирсэн болохоор Орос руу сургуульд явсан.
-Та Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ц.Хасбаатар өвөөтэйгөө хэр ойр өссөн бэ?
-Миний аавын аав Цэвэгжавын Хасбаатарыг хүмүүс сайн мэдэх байх. Өвөөгөө байхад, өнгөрөх үед нь ч тэр би хүүхэд байсан. Асуух юмсан, ярих юмсан гэж одоо бодогддог зүйлсээ ярьж, асууж чадаагүй. Би аав, ээж, ээжийн аав Жанцанбалжир өвөөтэйгөө хамт өссөн. Тэр өвөө минь биднийг аав, ээжтэй минь хамт өсгөлцсөн. Хасбаатар өвөөгийн гэр манай сургуультай ойрхон. Аав намайг сургуульд хүргэж өгч, авдаг. Заримдаа оройтож авах үе гарна. “Аавыгаа хүлээгээд ирэхгүй бол шууд өвөөгийндөө яваад очиж байгаарай” гэдэг байсан. Би хичээлээ тараад аавыг хүлээж хүүхдүүдтэй тоглоод, бүрэнхий болоод эхлэхээр аав ирэхгүй юм байна гээд өвөөгийнд очно. Өвөө ихэвчлэн гоймонтой шөл хийдэг. Намайг очно гээд хоол бэлдээд тавьчихдаг байсан.
-Аав, өвөө тань айлын ганц хүү гэдэг утгаар таныг хэр эрхлүүлдэг байв?
-Бид аав, ээжээс гурвуулаа. Ундрам эгч маань одоо “ТВ-9” телевизэд ажилладаг. Доороо Сувд гэж охин дүүтэй. Бид гурав хоорондоо их ойрхон төрсөн. Эрхлүүлж байсан гэж хэлэхгүй ээ. Бид эрх байгаагүй. Гэхдээ аав минь бидэнд гар хүрч, айхтар ширүүн загнаж ч байгаагүй ээ.
-Мэргэн агсан бага байхдаа харж явдаг охиндоо хүүхдээр захиа хүргүүлж. Тэгсэн нөгөө охин нь захиаг нь өөдөөс нь шидчихсэн гэж байгаа. Гэхдээ тэр “ууртай” охин нь таны ээж байсан гэдэг?
-Тийм гэсэн. Барууны улс орнуудад аав, ээж нар нь яаж танилцсан талаараа хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцдаг. Харин аав, ээж хоёр бидэнд яаж танилцсан тэр энэ гэх мэт залуугийн явдлаа яриагүй ээ. Би таны хэлснийг өөр хүнээс ч бас сонссон.
-Танайх зохиолч, телевизийн уран бүтээлчдийн хөлд хэр дарагддаг байв. Тухайн үеийн дурсамжаасаа хуучлаач?
-Ерөнхийдөө манайхаар ганц нэг хүн ирнэ ээ. Ганц нэг гэж байгаагийн учир нь Хасбаатар өвөөгийнд зохиолч, яруу найрагчид цуглардаг шиг их хүн ирж байгаагүй гэсэн үг. Дурсамж гэхээр бүүр түүрхэн л санаж байна. Гэрт ирсэн хүмүүс аавд шүлэг, зохиолоо уншиж өгнө. Намайг ярихаар “Том хүмүүсийн ярианд битгий ороод бай” гэнэ. Зочид ирэхээр гал тогоо хавиар л байсан санагдаж байна.
-Аав, өвөөгийнхөө орчуулсан бүтээлүүдийн хэдэн хувьтай нь уншиж танилцсан бэ?
-Би аав, өвөөгийн орчуулгуудыг уншсан. Гэхдээ бүгдийг нь гэж хэлж чадахгүй. Асар их материал бий. Жишээ нь, архивт байгаа аавын бичгийн машинаар цохисон орчуулгуудыг уншиж барна гэвэл их хугацаа орно. Эхнээс нь уншаад явж л байна. Мөн “Дөлгөөн Дон” романы орчуулгыг уншиж, киног нь үзэж, сонссон. Надад бол их сайхан санагдаж, хэд хэдэн удаа давтаж үзсэн. Өвөөгийнхөө бичсэн “Тэнгэрлэг туульс”-ыг уншиж байгаа.
-Мэргэн агсан таныг орчуулагч болоорой гэж хэлж байв уу?
-Үгүй ээ, ерөөсөө тэгж хэлж байгаагүй. Аав, ээж хоёр бид гуравт ийм мэргэжилтэй бол, ингэ тэг гэж зааж тулгаж байсан юм огт байхгүй. Ерөнхийдөө юунд сонирхолтой байна, юу хийвэл сэтгэлд чинь нийцэхээр байна, юу чадахаар байна тэрийгээ л хий гэдэг байсан. Түүнээс бид гурвыг чи орчуулагч, харин чи нэвтрүүлэгч, миний охин багш бол гэж байгаагүй.
-Аав тань орчуулгын тал дээр заавар, зөвлөмж өгч байсан уу?
-Үг, өгүүлбэрийг яг ингэж оруулдаг юм гэж барагтай л бол хэлэхгүй. “Энэ өгүүлбэрийн утгыг ингэж гаргавал гэж бодлоо” л гэж хэлнэ. Би кино орчуулах оролдлого хийхдээ “Ааваа энэ үг, өгүүлбэрийг ийм үгээр орчуулбал яах вэ гэж асууна. Яг ингэдэг юм, тэгдэг юм гэж ерөөсөө хэлж байгаагүй. Тэгэхээр аавын өөрийнх нь үлгэрлэл дан ганц орчуулгын ажил бус бүх л зүйл дээр надад нөлөөлсөн гэж боддог.
-Та Москвад төгсөөд хаана, хаана ажиллав?
-Сургуулиа 2005 онд төгсөж, Монголдоо ирээд хэд хэдэн газар ажилласан. Анх Хартфорд институтэд, дараа нь Чингис хаан банкинд нэлээн удаан ажилласан. 2018 онд телевизэд орсон.
-Таныг мэдэх нэгэн “Эрдэнэ аавынхаа өрөөнд, яг сууж байсан ширээнийх нь ард суухын тулд Үндэсний олон нийтийн телевизэд ажилд орж, кино албаны орчуулагч байх замыг сонгосон” гэж хэлж билээ?
-Аав энэ өрөөнд суугаад орчуулгаа хийдэг байсан. Бүр өмнө нь кино механикийн өрөө байсан юм. Багадаа их орж гардаг байсан. Хааяа ирж кино үздэг байлаа. Орж ирээд суухад тухтай сайхан байдаг юм. Аав намайг сүүлд телевизэд авчрахдаа энэ өрөөндөө суулгаад ажилд орох анкет бөглүүлж билээ. Манай дарга “Өрөөг чинь сольё. Цонхтой, агаартай өрөөнд суу гэж зөндөө хэлсэн. Би аавынхаа өрөөнд сууна аа л гэж хариулдаг юм.
-Орчуулагчаар ажиллах таны санаа байв уу, эсвэл аавын тань хүсэл үү?
-Аав сүүлд надтай энэ талаар ярилцаад хэдэн орчуулга хийлгээд өөрөө хянасан юм. Тэгээд “Чи юу ч гэсэн үзээд алд. Болчихож магадгүй гэсэн. Би Олон нийтийн радио, телевизэд ажилд ороод тав хоносоны дараа аав өнгөрсөн. Тэр үеийг бодохоор их хэцүү. Намайг энэ ажил дээрээ үлдээх гээд л байсан юм байна гэж бодоод суралцаад, ажиллаад л явж байна даа.
-Таны аавтай бага залуугаасаа нөхөрлөсөн Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Энхбат “Х.Мэргэн шиг орчуулагч дахин мэндэлтэл зуун жил шаардана” дуртгалдаа “Мэргэн нэг л зангаараа хорвоог элээсэн. Чимээгүй л туурвих, энгийн байх. Хүнд өвчин туссанаа хэнд ч дуулгалгүй, хэнд ч ялархалгүй, чимээгүй л эмчилгээгээ хийлгэсээр л хорвоог орхисон” хэмээн дурссан байв?
-Аав ерөнхийдөө зовлон тоочиж, ярьж яваагүй. Угийн хүнд янз бүрийн зовлонгоо ярьдаггүй тийм хүн байсан. Гэхдээ хүнд өвдсөнөө нууж, хаагаагүй.
-Таны эмээгийн аав усан замын салбараас төрсөн цор ганц гавьяат тээвэрчин юм билээ?
-Тийм тийм. Балжиннямын Чадраабал гэж капитан аавын минь ээж Чулуун эмээгийн минь аав.
-Нэртэй хүний хүүхэд, үргэлжлэл нь байх нэг талаараа хэцүү юу?
-Яг наадах чинь л болоод байна. Мэргэний Эрдэнэ гэхээр аавын нэр гарч байгаа. Тэгэхээр үүнтэй хамт маш их хариуцлага ирдэг. Аавынхаа нэрийг бодоод хичээх хэрэгтэй байдаг. Гэтэл заримдаа миний орчуулга санаанд минь хүрэхгүй. Тиймээс чиний хэлдэг үнэн л дээ.
-Ойр тойрны чинь хүмүүст хүлээлт үүсдэг үү?
-Мэргэний хүү юм чинь гээд үү. За ёстой наадах чинь л хамгийн хэцүү /инээв/.
-Хартфорд институтэд ажиллаж байсан гэхээр англи хэлнээс ч орчуулга хийх үү?
-За даа тийм гэж хэлэхгүй. Миний орос хэлэнд арай хүрэхгүй. Англи хэлийг гадарлана аа л гэж хэлье дээ. Хэл усанд хамаагүй ам гарч болдоггүй. Мэдэхгүй юм заавал гарч ирдэг. Харин манай эгч, дүү хоёр орос хэлний багш, орчуулагч. Эгч АНУ-д сураад ирсэн. Дүү ч мөн англи хэлтэй.
-Орчуулга хийх үед тань мэдэхгүй үг гараад ирэхээр аавыгаа их үгүйлэх үү?
-Мэдээж тэгнэ. Аав байсан бол асуухсан гэж боддог. Толь бичиг харна, интернэтээс хайна. Хамт ажиллаж байгаа мундаг ах нар минь байна. Тэгшээ, Баатар, Эрдэнэжаргал, Мягмар ах, Амараа эгчээсээ асуугаад суралцаад явж байна.
-Таны аав өглөө гараад л орой ирдэг хүн байсан уу. Хагас, бүтэн сайнд гэртээ тогтож амардаг байв уу?
-Янз бүр. Ажлын ачааллаасаа болдог байсан. Заримдаа амралтын өдрүүдээр ажилдаа явна. Гэртээ ирээд ч ажлаа хийгээд сууна.
-Сүүлд цуврал том ботийн орчуулга барьж аваад ачаалал нь улам ихэссэн байх?
- “Эртний Грек, эртний Ромын домог туульс” номон дээр ажиллаж хэвлүүлсэн. Мөн Ю.Цэдэнбал даргын амьдрал, эмгэнэлт төгсгөлийн тухай “Цэдэнбал, Филатова хоёр” номыг орчуулж байхдаа их ачаалалтай байсан. Сүүлд “Степные были и Небылицы” гэж ном орчуулж, Буриадад хэвлүүлсэн. Тухайн үед бүр завгүй болсон.
-Дуусгаагүй дутуу орхисон орчуулга үлдсэн үү?
-Сүүлд өвчин нь хүндрээд бие нь таагүй байхдаа “Цагаан Гварди” олон ангит киноны орчуулга дээр ажилласан. Аав “Цагаан Гварди”-г дуусгаад өнгөрсөн. Аав ингэж ярьдаг байсан юм. Би орчуулгын ажилд суралцлаа. Одоо багынхаа явдлуудыг зохиол болгож бичнэ ээ гэж ярьдаг байсан. Гэхдээ тэтгэвэрт гарч байгаад л тухтай бичье гэж билээ. Гэвч харамсалтай юм болсон доо.
Аавын бичиж эхлүүлсэн тэмдэглэлүүд бий. Гэхдээ ном зохиол болох хүртэл нь бэлдсэн юм байхгүй. Гэхдээ тэмдэглэлүүдээ хийгээд эмхэтгээд эхэлчихсэн байсан.
-Танд ном орчуулах хүсэл бий юу?
-Чамд л гэж хэлэхэд, энэ урдах ажлаа л их сайн хийчих юмсан гэж боддог. Аав намайг энд л үлдээсэн учраас хамт ажилладаг ах нараасаа асуух юмаа асуугаад л, аавынхаа орчуулгыг давхар сөхөж үзээд өөрийнхөө орчуулсан текстээ харьцуулдаг. Энэ хэсгийг ингэж хөрвүүлж, санааг нь тэгж илэрхийлж гаргасан байна, энэ үгийг цаашдаа тэгж хэлэх юм байна шүү гэж суралцдаг. Аль болох аавынхаа орчуулгад дөхүүлж хийхийг хичээж байна.
-МҮОНРТ-д орсноосоо хойш ямар орчуулгууд дээр ажиллав?
-Сүүлийн хоёр жил гарсан ихэнх кино, нэвтрүүлэг дээр орсон доо. Миний ажилласан орчуулга “Америкийн нинжа дайчид” цуврал, “Ганзагачин бүсгүйчүүд”, “Цагаан боол”, “Хар муур”, “Екатерина - 1, 2” зэрэг олон ангит кино, “Дэлхийн түүхүүд” төсөл, баримтат болон хүүхэлдэйн кинонууд. Ингээд нэрлэсэн чинь овоо хэдэн юм байна уу, үгүй юу /инээв/.
-Киноны орчуулга яаж хийгддэг вэ. Текст нь түрүүлж ирдэг үү?
-Янз бүр. Дээхэн үед бол аав минь сонсож орчуулгаа хийдэг байсан. Сүүлийн үед зохиогчийн эрхийг дээдэлдэг болсон. Бүх контент албан ёсны эрхтэй үзэгчдэд хүрч байгаа учир текст, дуу, дүрс гээд бүгд ирнэ. Орчуулгаа эхлэхээс өмнө киногоо үзээд дүрстэйгээ яаж наалдахаар байна гэдгээ харна. Дараа нь орчуулж эхэлдэг.
-Орчуулга хийж байхдаа киноныхоо үйл явдалд орж байв уу?
-Энүүхэндээ жүжигчин болно /инээв/. Орчуулгаа өөрөө уншиж амны хайрцгийг нь тааруулна. Дараа нь тухайн дүр ямар насны хүн бэ, хэр ууртай, ааштай хүн бэ тэр бүртэй нь орчуулгаа тулгана. Бүх орчуулагчдын өмнөөс гэж хэлвэл буруудах л байх. Миний хувьд орчуулгаа жүжиглэж уншдаг. Энэ өрөөндөө л жүжиглэнэ. “Чи яагаад ёслолдоо очоогүй юм” гэвэл эвтэйхэн сонсогдож байна уу, хэрхвэл эвтэйхэн сонсогдох вэ, аль хэсэгт интонаци илүү гарах уу гээд л бодно, туршина. Жишээ нь, аль нэг дүр “Чи яв” гэхэд үг нь үйлдэлтэй нь таарч байх ёстой.
-Дуун хөрвүүлэгч нарын олон онигоо байдаг юм билээ. Та мэр сэр алдаа гаргаж байв уу?
-Миний хувьд өөрийнхөө орчуулгыг дараа нь заавал үздэг. Буруу, зөрүү зүйл байвал дараагийн удаа алдахгүйг хичээдэг. Бид нар киноны дуу оруулалт хийгдэж байхад, дуу оруулагч жүжигчдийнхээ дэргэд сууж давхар хянаад явна л даа. Манай жүжигчид их авьяаслаг.
-Мэргэн агсан их хөгжилтэй хүн байсан гэсэн. Та гадна төрх болоод зан чанарын хувьд хэнийг дуурайсан бэ?
-Хэлэхэд хэцүү. Миний ерөнхий төрх ээжтэй адилхан байж магадгүй. Зан чанарын хувьд аавыгаа дуурайсан юм болов уу. Би хөгжилтэй, наргианч хүн биш ээ. Гэхдээ гуньж гутраад байх юу байхав дээ, тийм ээ /инээв/.
-Аавыгаа хэр олон баярлуулсан бэ?
-Хэн ч аав, ээжийгээ амьдад нь их баярлуулчихлаа гэж боддоггүй байх. Эцэг, үрийн хагацалтай учирсан хэн ч байсан аав, ээжийгээ амьдад нь их баярлуулах байж дээ гэж харамсдаг. Яваад өгнө өө гэж боддоггүй. Нүдэн дээр муудаад өөд болох үнэхээр хэцүү. Гэхдээ ямар ч л байсан би аавыгаа зовоогоогүй ээ. (Түүний нулимс нүднийх нь аягаар дүүрээд ирэхэд энэ асуултыг асуусандаа харамсах сэтгэл төрөв. Энэ бодлыг минь уншсан мэт Эрдэнэ тэр бүх нулимсаа“залгичихсан”. сурв)
-Уучлаарай, би таныг дан аавын тухай асуултаар “нүдчихлээ”. Та ээжийнхээ талаар ярихгүй бол болохгүй?
-Миний ээж Жанцанбалжирын Хорлоо гэж хүн бий. Аавтай минь чацуу. Миний аав, ээж нэг байрны хоёр. Багаасаа л хоёр биенээ таньдаг, мэддэг байсан юм билээ. Ээж бараа судлаач мэргэжилтэй, насаараа худалдааны салбарт ажилласан. Одоо тэтгэвэрт байдаг. Бясалгал хийнэ, хааяа ач, зээ нараа харна. Би ээждээ хань болоод хамт байгаа.
-Орчуулагчийн мэргэжлийн сайн болоод саар тал юу вэ?
-Би одоо дүгнэлт хийх хэмжээнд очоогүй байна л даа. Зах зухаас нь харахад нэг үг оноод орчуулчихвал их баярлана. Хэцүү үгтэй тулгараад оноож хэлэх үгээ олж чадахгүй байвал хэцүү. Бас цаг тулсан шахуу орчуулга хэцүү. Нэг тиймэрхүү л байна. Орчуулагчийн жаргал, зовлонг дөнгөж л амсаж эхэлж байна.
М.Эрдэнэ: Орчуулагчийн жаргал, зовлонг дөнгөж л амсаж эхэлж байна | ||
Үзсэн: 7319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.