Өнгөрсөн 2019 оны тайз, дэлгэцийн шилдэг зураач, “Мөнгөн мод” шагналт, Монгол Улсын хүүхэлдэйн театрын ерөнхий зураач, “Stardust” брендийн дизайнер С.Энх-Одтой ярилцлаа.
-Танай гэр бүлд дүрслэх урлагийн чиглэлийн уран бүтээлч байв уу?
-Аав, ээж маань эдийн засагч мэргэжилтэй. Харин манай өвөө, эмээ 32 угалзтай монгол гутал урладаг, гарын уртай хүмүүс байсан юм билээ. Миний хувьд “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгсөөд зураач болох багын хүсэлдээ хөтлөгдсөөр СУИС-ийн Дүрслэх урлаг, дизайн урлагийн сургуулийн уран зургийн ангийг дүүргэсэн.
-Та зураг, тэр дундаа дүрслэх урлагтай хэдий үеэс холбогдсон бэ?
-Хүүхэд бүр л багадаа зураг зурдаг. Миний хувьд зураг зурах сонирхолдоо хөтлөгдсөөр бусад хүүхдээс илүү удаан цагаар сууж зурдаг байсан. Гурав, дөрвөн настайдаа харандаа барьснаасаа хойш одоог болтол зурж байна.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Мөнгөн мод” шагналыг 2008 оноос хойш олгож эхэлсэн. Энэ жил анх удаа Хүүхэлдэйн театраас оны тайз, дэлгэцийн шилдэг зураач төрлөө. Танд халуун баяр хүргэе?
-Баярлалаа. Би өнгөрсөн онд "Бүлтээхэй, Дэлдээхэй хоёрын найзууд", "Бүлтээхэй, Дэлдээхэй дуу зохиосон нь", "Хунт нуур" хүүхэлдэйн жүжиг, МҮОНРТ-ийн "Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр" 48 ангит хүүхдийн нэвтрүүлэг, Хүүхэд хөгжил хамгааллын 45 цуврал фото контент, 10 ангит видео контентын ерөнхий зураачаар, “Хөхөө шувууны домог” жүжгийн туслах зураачаар ажилласан. Мөн "Сайн уу, найз минь", "Амьд тоглоом" номын зургийг зурсан. Манай театрын хамт олон энэ ажлыг минь нэгтгээд Соёл, урлагийн газарт илгээсэн юм билээ.
Ер нь Улсын хүүхэлдэйн театрын хамт олон минь намайг маш сайн дэмждэг. Ялангуяа Уран сайхны зөвлөл болон захирал маань уран бүтээлчдээ маш сайн ойлгож, дэмжиж, тусалдаг. Маркетингийн алба ч мөн адил. Ерөөсөө удирдлага, Уран сайхны зөвлөлийн дэмжлэгээр л уран бүтээлчид өөрийн зорьсон бүтээлийнхээ ард гарч чаддаг. Нэг жишээ хэлэхэд, энэ онд үзэгчдэд хүрэхээр болсон “Аз жаргалтай ханхүү” жүжгийн саналыг Уран сайхны зөвлөл рүү оруулахад хүлээн зөвшөөрснөөр тайзны бүтээл болох ажил эхэлсэн. Хэрвээ Уран сайхны зөвлөл татгалзаад эсвэл өөрсдийнхөө санааг тулгасан бол уран бүтээлчид зорьж, хүсэж байгаа бүтээлээ амилуулж чадахгүй. Тиймээс Уран сайхны зөвлөл, удирдлагууддаа, Монгол Улсын хүүхэлдэйн театрынхаа үе үеийн уран бүтээлчдэд маш их баярлалаа.
-Бусад зураач нартай харьцуулахад тайзны зураачийн ажлын онцлог юу вэ?
-Би оюутан байхдаа л театрт дадлага хийж байсан. Уран зургийн бүтээлийг бодвол тайзны зураачийн бүтээл бүр нь бодитоор амилдаг. Харин миний ажлын онцлог гэвэл хүүхдийн бүтээл дээр ажилладаг учир уран, нарийн төсөөллөө тэр чигт нь бүтээлдээ буулгаж болно. Бусад театрын болоод киноны зураачдын ажлыг жүжигчид амилуулдаг бол манай театрын зураачийн ажлыг хүүхэлдэйнүүд амилуулдаг. Тиймээс амьдралд байдаггүй фантази хүртэл амилах боломжтой. Мөн би хүүхдийн зурагт номын бүтээл урлах дуртай. Энэ чиглэлээрээ өөрийгөө хөгжүүлж байгаа. Мөн хүүхэлдэйн театрын зураачийн ажил, хүүхдийн номын зураг зурах сонирхол минь хоорондоо маш сайн уялддаг. Тухайлбал, би хүүхдийн номын нэгэн шинэ дүр бүтээлээ гэхэд тэр дүрээ хүүхэлдэйн жүжигт амилуулах боломж бий. Ер нь л хүүхдэд зориулсан бүтээл урлана гэдэг маш гоё ажил.
-Бүлтээхэй, Дэлдээхэй хүүхэлдэй бүтсэн түүхээс хуваалцаач?
-“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Б.Нацагдоржийн зохиол. 2018 онд арай өөр дүр төрхтэй байсан. Тухайн үед манай театрын маркетингийн албаны дарга зураач, нарын өрөөнд орж ирээд “Бүлтээхэй, Дэлдээхэй үзэгч хүүхэд бүрийн хайртай, монгол бренд болохоор дүр. Зураглал, тайз засал дээрээ илүү сайн ажиллах хэрэгтэй байна” гэсэн. Ийн хүүхдэд зориулсан үндэсний бренд болгохыг зорьж ажилласан. Хүүхдийн бүтээлүүд дээр ассан тод өнгийг илүү ашигладаг. Тэр дагуу дүрүүд болон тайзыг дахин засаж, тод өнгүүд шигтгэж өгсөн.
-Та цөөнгүй номын хавтасны зургийг урласан юм билээ?
-Надад зургийг нь зураад, зохиолоо бичээд хүүхдийн зурагт ном бүтээх хүсэл бий. Энэ чиглэлээр судалж, өөрийгөө хөгжүүлж байгаа. Уран бүтээлч хүн өөрийгөө тогтмол хөгжүүлвэл урлагийн өөр бусад салбар руу хөрвөж болно гэж боддог. МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Н.Мандал эгчийн “Амьд тоглоом” номын хэсгээс олж, уншаад маш их таалагдсан. Би савдаг, лусын дагина, буга зурах дуртай. Хувцасны зохиомж, загвар гаргахдаа ч гэсэн хатгамалдаа савдаг, лусын дагиныг оруулж өгдөг. Харин “Амьд тоглоом” номонд тэр дүрүүд байсан. Ингээд Н.Мандал эгчтэй холбогдож, “Непкокидс” хэвлэлийн газраас зохион байгуулсан “Улаанбаатарын өнгө” хүүхдийн ном туурвих анхдугаар уралдаанд хамтарч оролцоод шилдэг аравт багтсан. Бид хоёрын ном ирэх сард хэвлэгдэхээр болсон.
Бүр өмнө нь би Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог агсантай холбогдож, номынх нь зургуудыг зурах санал тавьж байсан юм. Зохиол бүтээлд нь миний зургаараа илэрхийлж гаргахыг хүсдэг зүйлс цөм байсан. Тэгсэн Ж.Дашдондог агсан “Чи эхлээд надад зурсан зургуудаа үзүүлээрэй. Тэгээд хоёулаа ярилцъя” гэсэн. Би 15 зураг зураад үзүүлтэл бөөн баяр хөөр болоод “Баярласандаа өнөө шөнө ахынх нь нойр хүрэхгүй байх. Унтаж чадахгүй юм байна даа” гэж хэлж билээ. Бид хоёрын ярилцаж байсан номуудаас хүн байгаль дэлхий, ан амьтадтай хэрхэн зөв харилцах тухай үлгэрийн ном хэвлэгдсэн. Миний бүрэн хэмжээний зургуудаа хэвлүүлсэн анхны ном л доо. Би ирээдүйд зөвхөн хүүхдэд зориулсан бус бүх насныханд зориулсан зурагт ном бүтээхээр зорьж байгаа.
тай адил бүх л хүн уншаад сэтгэл ханамж авах арт чиглэлээрээ дагнасан ном.-Номын хавтасны зургийн захиалга хэр их ирдэг вэ?
-Би арав гаруй номын хавтасны зураг зурсан. Үүнээс хоёр зохиолчид нь санал тавьж, номынх нь хавтсыг зурж байсан. Жишээлбэл, зохиолч М.Пүрэвмаагийн “Манго жимстэй цай”, “Сайн уу? найз минь” номынх нь хавтас, “Цэцгэн титэм” номынх нь чимэглэл зургийг зурсан.
-Та дүрслэх урлагийн ажлууддаа яагаад лусын дагина, савдаг дүрсэлдэг вэ. Ямар нэгэн учир холбогдол бий юу?
-Хүн болгон байгаль эхийн хүүхдүүд. Бид байгаль эхийнхээ хэвлийд амьдардаг. Энэ утгаараа бусад хүний бодвол өөрийгөө байгаль эхийн охин гэдгээ илүү гүн гүнзгий мэдэрдэг л дээ. Тийм дээ ч өөрийгөө ойн сүнс, савдаг хэмээн бодож, дотор хүнээ зургаар илэрхийлэхдээ савдаг, лусын дагиныг хүмүүсийн тогтмол төсөөллөөс өөрөөр, жишээ нь эвэртэйгээр зурдаг.
-Таны бодлоор гоо үзэсгэлэн аливаа хүний дотор гүнд нь нуугддаг уу эсвэл гадна талд байрладаг уу?
-Дотор л байдаг даа. Хүн дотор сэтгэлдээ гоё сайхан зүйлийг бодож, хадгалж чадвал гадна талаасаа ч гоё харагдана. Мөн гоо үзэсгэлэн гэдэг энгийн зүйл. Түүнээс хиймэл сормуус наагаад, үсээ гоё ганган хэлбэрт оруулахыг гоо үзэсгэлэн гэхгүй байх. Надад зузаан давхарлаж будсан биш нимгэн будаг түрхсэн эмэгтэй хүн гоё санагддаг. Огт будаггүй байгаа нь ч бүр гоё сэтгэгдэл төрүүлдэг. Энгийн байх тусмаа эмэгтэй хүн илүү гоо үзэсгэлэнтэй.
-Ихэнх эмэгтэй хумсаа гоёж гангалдаг болсон. Харин таны хувьд ажил мэргэжлээсээ шалтгаалаад маникюр хийлгэдэггүй юу?
-Үгүй ээ. Маникюр хийлгэх дургүй. Эмэгтэй хүн бүр өөрийнхөөрөө байгаа нь хөөрхөн. Тийм л байх надад таалагддаг.
-Та “Stardust” брендийн хэд хэдэн коллекцын дизайнераар ажилласан юм билээ. Таны бүтээсэн загварууд маш өвөрмөц санагдсан?
-Шинээ гээд найз минь Монголдоо үйлдвэрлэдэг материал сайтай,чамин оруулгатай, худалдан авагч бүр сэтгэл ханамж өндөртэй байдаг хувцасны бренд байгуулах санаагаа 2017 онд хэлж байсан юм. Жилийн дараа “Брендээ гаргаад, дэлгүүрээ нээхээр болж, надад дизайнераар ажиллах” санал тавьсан. Бид эхнийхээ коллекцоор юүдэнтэй болон цамц, өмдний хослол зэрэг хүмүүсийн өдөр тутамдаа өмсдөг загварын хувцсыг хоёр төрлийн хатгамалтай гаргасан.
Үүнээс нэг нь өөр гарагийн савдгийн зураг бүхий хатгамалтай. Тухайн загварт уран зөгнөлдөө хөтлөгдөж бүтээсэн савдгийн дүрээ эзнээ муу муухай зүйлээс хамгаалах сахиусыг билэгдэж хатгаж, урласан. Мөн материалаа маш олон удаа тестэлж байж сонгосон. Манай загварыг худалдаж авсан үйлчлүүлэгчид танай хувцсыг өмсөхөөр өлгийдүүлсэн юм шиг дулаахан мэдрэмж төрдөг гээд л сэтгэгдлүүдээ ирүүлдэг. Манай “Stardust(Оддын тоос)” бренд маш чанартай загваруудыг цөөхөн тоогоор үйлдвэрлэдэг. Намрын загварууд дуусчихсан, хавар, зуных удахгүй гарна.
-Зураач нарын урлан эзэндээ ямар мэдрэмж төрүүлж байх ёстой вэ?
-Маш гоё дулаан уур амьсгалтай л байх ёстой. Уран бүтээлч хүнд уур амьсгал л чухал. Ер нь уран бүтээлчид өөрөө л тэр орчноо бүрдүүлдэг.
-Өөрийн гэсэн тусдаа урлан бий юу?
-Театр маань миний болоод уран бүтээлчдийнхээ хоёр дахь гэр. Би энд л өглөөнөөс үдэш хүртэлх цагийг өнгөрөөдөг. Тэгэхээр театрын минь өрөө миний урлан. Өөрийн гэсэн өөр урлантай болсон ч надад тэнд байх, очих цаг гарахгүй.
-Хүүхдэд зориулсан уран бүтээл хийсний “шан”-д буцаж ирдэг хамгийн том “харамж” юу вэ?
-Хүүхдүүд аливаа зүйлийг шүүлтүүргүйгээр хүлээж авдаг. Үзэж буй уран бүтээлээсээ алдаа, өө сэв хайдаггүй. Би театрынхаа нээлтийн үзвэр бүрийг үзэгч хүүхдүүдийн дунд ороод хамт үздэг. Танхим дүүрэн хүүхэд жүжгийн нэгээс нөгөө үзэгдэл солигдох бүрийд маш ихээр гайхаж, сониучирхан, аз жаргалтай хүлээж авдаг. Насанд хүрэгчид хэчнээн гоё үзвэр үзсэн ч гэлээ баярлаж, хөөрч буй сэтгэл хөдлөлөө дарчихдаг, төдийлөн ил гаргадаггүй. Харин хүүхдүүдийн энерги маш гоё. Үнэхээрийн цагаахан шууд л баярлаж хөөрдөг. Тэр мэдрэмжээ хамт үзэж буй багш, эцэг эхчүүддээ халдаадаг юм шиг санагдсан.
-Улсын хүүхэлдэйн театр энэ онд үзэгч хүүхдүүддээ ямар “бэлэг” барих вэ?
-Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн санд багтсан Английн нэрт зохиолч Оскар Уайльдын “Аз жаргалтай ханхүү” зохиолыг их тайзны бүтээлд хөрвүүлэн үзэгчиддээ хүргэнэ. Мөн оны сүүлээр хүн бүрийн мэддэг Александр Волковын хамгийн алдартай бүтээлийн нэг “Маргад эрдэнэ хотын шидтэн” зохиолыг тайзнаа амилуулахаар төлөвлөсөн.
Үүнээс гадна “Аз жаргалтай ханхүү” жүжгийг харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан найруулгаар тайзнаа тоглох нэлээн том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа.
-Энэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Тухайн хүүхдүүдийн тусгай хэрэгцээ, бэрхшээлийг судалж байгаад жүжгээ тоглоно. Одоогийн байдлаар харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхэлдэйн жүжиг олон улсад хараахан бүтээгдээгүй байгаа. Тиймээс манай төсөл анхдагч болж байгаа юм. Тиймээс манай театрынхан зөвхөн Монголоороо хязгаарлахгүй дээрх бүтээлээ гадны театруудад амилуулж, олон улсын хүүхдүүдэд зориулж бүтээх маш том хариуцлагатай төсөл эхлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаж байна.
-Танай театрын олон улсын том төсөлд болон таны цаашдын бүх уран бүтээлд өндөр амжилт хүсье. Манай сайтын урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
С.Энх-Од: Өөрийгөө байгаль эхийн охин гэдгээ гүн гүнзгий мэдэрдэг | ||
Үзсэн: 5156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.