Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат “Ур ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяатай энэ жилийн дээлний зонхилох өнгө, загварын талаар ярилцлаа. Монгол түмний уламжлалт цагаан сар тун удахгүй тохиох гэж буй тул энэ сэдвээр ярих нь зүйтэй болов уу. Мөн дээлийг хэрхэн хийдэг тухай мэргэжлийн хүний амнаас сонсч, анхлан суралцагчдад хүргэж байна.
-Тун удахгүй цагаан сар болох нь ээ. Үүнтэй зэрэгцээд таны ажил ч нэмэгддэг байх ...
-Дэлхий дахинд сэрэмжлүүлэгдэж байгаа айхтар коронавирүс гээч гарсан ч Монгол оронд минь цагаан сар айлчлан ирдгээрээ ирж байна. Монгол хүн билэгдлээрээ, Хятад хүн хонжоогоороо гэдэг. Жилдээ ганцхан болдог үндэсний баяр цагаан сар, наадам хоёроор Монголчууд бид аль болох өргөн дэлгэр тэмдэглэж, сайн сайхан зүйл бодон угтаж, үддэг. Багачуудыг илүү баярлуулж, нохойд хоол сайн өгдөг уламжлалтай. Хүүхэд байхад цагаан сар дөхөхөөр тэсэн ядан хүлээдэг байлаа. Монголын маань ард түмэн дээрх хоёр үндэсний баяраараа шинэ дээл өмсөхийг эрмэлздэг. Тиймээс энэ жил ч ялгаагүй дээлний захиалга их ирүүлж байна. Дээхнэ манай улс 30 гаруй үндэстэнтэй байсан бол одоо 10 гаруй болсон. Эдгээр үндэстэн болгоны төлөөлөл өөрсдөө загвараа хэлээд оёулж байна.
-Монголын үндэсний үйлдвэрт та хэдэн жил ажиллаж байна вэ?
-40 орчим жил болж байна. Харин компаниа байгуулаад 17 жил дахь жилтэйгээ золголоо.
-Сүүлийн үед ямар загвартай дээл ихэвчлэн хийлгэж байна вэ?
-Хурган дотортой, халх дээл. “Дархан нэхий” ХХК болон Баянхонгор аймаг дахь нэг байгууллага хурганы арьсыг үйлдвэрийн аргаар их сайхан илддэг. Тэндээс манайх худалдан авч, хэрэглэгчиддээ бүрэн бүтээгдэхүүн болгон гардуулж байна. Хуучны аргаар шүүдэж, гараар илдэхээр шүүний үнэр үнэртээд байна гээд манай хотынхон чинь тааламжгүй ханддаг болсон. Харин үйлдвэрийн аргаар илдээд, угаачихаар ямар ч үнэргүй гардаг. Дээхнэ би хиймэл үстэй дотроор дээл хийж үзэж л байсан. Үнэндээ ямар ч илчгүй юм билээ.
-Энэ жил ямар өнгийг хүмүүс зонхилон сонгож байна вэ?
-Хар өнгийг их сонгож байна. Эзэн богд Чингис хааны хэлсэн нэг үг байдаг. Энэ нь “Миний ард түмэн найр хуриманд намрын улиралд загсаасан өрөм шиг шаргал өнгийн дээл өмсч байгаарай. Нас тогтох үедээ элгэн хүрэн өнгө тохиромжтой шүү” хэмээсэн нь бий. Гэхдээ залуу хүмүүст цэнхэр, ногоон, хөх өнгийн дээл сайхан харагддаг.
-Танай компани жил бүрийн “Болор цом” наадамд түрүүлсэн найрагчид дээл бэлэглэдэг. Энэ жил Ховд аймгийн гаралтай, МҮОНР-ийн найруулагч Б.Жамбалдоржийг түрүүлэхэд олгосон дээлээ та өөрөө сонгож авч очсон уу?
-Тэгсэн. Уг нь би энэ жил МҮОНР-ийн сэтгүүлч, “Болор цом”-ын дэд байрын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюушийг түрүүлнэ байх гэж бодож, том дээл хийж очсон юм. Гэтэл Б.Жамбалдорж гэдэг залуу түрүүлж, өмсгөхөд нэлээн том харагдаж байсан. Тэгэхээр нь би дараа нь солиод, яг таарсан дээл гардуулсан. Өнгөрсөн жилийн наадамд ч түрүүлсэн М.Отгонбаяр “Надад томдоод байна аа, эгчээ” гээд аваад ирэхээр нь солиод л өгсөн. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн 30, "Болор цом"-ын 25 жилийн ой тохиож, Орхон аймагт болоход Ш.Лхамноржмаа түрүүлж, миний авч очсон эрэгтэй хүнд зориулж хийсэн алтан луутай цэнхэр дээлийг гардахдаа "Их билэг дэмбэрэлтэй юм боллоо. Солиод яах юм бэ. Элбэг дээл авсандаа ч билэгшээж байна" гэж байсан.
-Материалаа танайх ихэвчлэн аль улсаас авч ирдэг вэ?
-Энэтхэгээс цэвэр даавуу авч ирдэг. Заримдаа Тайланд, БНСУ, БНХАУ-аас ч авч ирэх нь бий. Олон жилийн дунджаар гэгчээр би аль нэг материалыг хараад л сайн, мууг нь тодорхойлчихно. Мөн хэн нэгэн захиалга өгөх гээд ирвэл хэмжээ авалгүйгээр размерыг нь хэлж чадна.
-Манайхан ямар үед ихэвчлэн дээл өмсч байна вэ?
-Цагаан сар, наадам, хонхны баяр гуравт хамгийн их өмсөнө. Намрын улиралд найр их болдог болохоор энэ үед ч захиалах нь элбэг.
-Европ хувцасны загвар чөлөөтэй өөрчлөгддөг юм шиг ээ. Харин дээлний загварыг хэтэрхий эвдэх нь Монгол ёсноосоо гажаад байх шиг харагддаг. Мэргэжлийн хүнтэй уулзаж байгаагийнх энэ талаар асуумаар санагдлаа ...
-Яг үнэн. Зарим залуус мөр эсвэл шуун гарсан хацуйтай дээл өмсчихөөд золгох гээд байх юм. Монгол ёсонд тийм хувцастай золгохыг цээрлэдэг. Эсвэл урд талаа цагаан, хойд талаа хар өнгийн даавуугаар оёод алаглуулж өмсдөг болсон байна билээ. Уг нь дээхнэ хэцүү нэрт рүү ачиж явах гэж байгаа хүнд л тийм дээл өмсгөдөг байсан гэдэг. Одоо ч тэр талын юмыг залуучууд мэдэхгүй юм даа. Нөмгөн хэрнээ халаастай дээл ч байна билээ. Манай ард түмэн чинь бүс бүслэхгүйгээр дээл өмсдөггүй гэж сургасан биз дээ.
-Энэ дашрамд та дээлийг хэрхэн хийдэг талаар анхлан суралцаж байгаа оёдолчдод зөвлөгөө өгөхгүй юу?
-Хамгийн түрүүнд цаваг нааж, нарийн өөг нь авна. Үүний дараа эмжиж эхэлнэ. Эмжээр нэг, хоёр, гурав ч байж болно. Хүүхдийн дээлийг ихэвчлэн нэг эмжинэ. Том хүний дээл болон эмэгтэй хүний дээлийг хоёр эмжинэ. Дээлний эмжээр давхар, дан, хашиж, гурав, өргөн, нарийн зэрэг нэлээн хэдэн төрөлтэй. Эрэгтэй хүний гоёлын дээлийг голдуу гурав эмждэг дээ. Сүүлийн үед хүрээ эмжээр буюу өргөн, нарийн хоёр эмжээрээр эрэгтэй хүмүүс хийлгэж байна. Эмжээрийн дараа дээлнийхээ арын болон өврийн гол хэсгийг оёно. Мөн манцуй залгаасыг залгана. Дараа нь өнгө, дотор хоёроо нийлүүлж эсгэнэ. Дотроо оёсны дараа хажаасаа оёно.
-Хажаасанд хэмжээ гэж байдаг уу?
-Байлгүй яахав. Улны хэмжээ бол 4,5 -5 см байсан. Одоо зарим хүмүүс дээлийг хажихгүй хийх юм. Энэ бол сүүлдээ дотор нь цухуйж гарах учир заавал хажих хэрэгтэй. Хажаасаа оёсны дараа дээлний их бие, дотор хоёроо хавсарч нийлүүлж оёно. Нийлүүлж оёсныгоо сайхан нааж индүүдсний дараа сугаа суулгана /дээлнийхээ хоёр талын ташааг нийлүүлж оёж дээлээ бүтэн болгоно/. Үүний дараа хоёр талынхаа ташааг маш сайхан индүүдэж бэлэн болгоод захаа залгана. Захаа хэмжээний дагуу залгана. Хүүхдийн дээл 28-44 размер буюу хэмжээгээр үйлдвэрлэнэ. Том хүний дээлийг 44-56-гийн хооронд оёх хэмжээ байна. Жишээ нь, 46 размерын дээлний захны урт нь 37,5 мм, захны өндөр нь таван см байна. Энгэрээсээ мөр хүртэл есөн см-ийн зайнд дээлний захны ухлаадсыг тааруулж залгадаг. Зах залгасны дараа товч хадаж дээл бэлэн болдог. Би мэргэжлийн хүн учраас дандаа стандартын дагуу шавь нар болон ажилчдадаа зааж сургадаг.
-Ямар товч хадахыг илүүд үздэг вэ. Сампин зангидах нь их утга учиртай гэдэг ...
-Зангидсан товч хадахыг л эрхэмлэдэг дээ. Учир нь их ур шингэсэн харагддаг. Тэгээд ч утга нь их бэлгэдэлтэй шүү дээ. Товчийг тооно туших буюу очир хэлбэртэй зангиддаг. Очир нь хүний нас биеийг хамгаалдаг нандин зүйл. Бурхны номд очирыг их хүндэтгэж үздэг. Дээл өмссөн хүн их хүмүүжилтэй, төв үзэлтэй харагддаг. Сайхан Монгол дээл өмссөн эмэгтэй үсээ задгай тавьж болдоггүй. Дээр үед эмэгтэй хүн үсээ задгай тавихад сэтгэл хоосорч, зовлон шаналал ирдэг гэж цээрлэдэг байсан. Мөн үснийхээ сэвийг ил задгай хаядаггүй шувууны үүрэнд орвол тэр эмэгтэй хүн жаргалтай байж чаддаггүй гэдэг. Монгол дээл өмсөхөд үсээ боох буюу сүлжих шаардлага зайлшгүй гардаг. Үсээ сүлжсэн эмэгтэй өөрийн эрхгүй Монгол төрхтэй харагддаг.
-Оёдолд хэчнээн төрөл байдаг вэ?
-Нэлээн олон төрөл байна. Нэгдүгээрт, шагалж, хоёрдугаарт, нөхөж оёно. Гуравдугаарт хавна. Зүү ороох, хонин холбоос, туулай харайлгах гэх мэт нэрлэвэл чамгүй тоо гарна шүү. Шаглаас нь машин оёо шиг бөх байдаг.
-Та бүхэн үндэсний урлалаа ингээд л гаргаад байна. Харин ажиллах хүчин хэр элбэг байдаг вэ?
-БНХАУ-ын Өвөр Монгол руу гайгүй гарын уртай гэсэн бүсгүйчүүд маань яваад байна. Зарим нь ч тэндээ Хятад, Өвөр Монгол залуучуудтай гэр бүл болоод ирэхээсээ өнгөрч. Тэд анх цалинг нь бодоод явсан байх. Манай улсад Өвөр Монголчуудын өгдөг цалинг өгчих газар ховор юм чинь тэгээд л алдаад байна л даа. Гэхдээ зарим оёдолчин тодорхой хэдэн жилийн гэрээгээр ажлаад ирж байна аа.
-Гар хөдөлвөл ам тосдоно гэдэг. Үндэсний бүтээгдэхүүнийхээ хишгээр та олон газар явж, янз бүрийн хүнд дээлээ урлаж өгч байсан байлгүй ...
-Төрийн тэргүүнээс түрүүвчний хулгайчид хүртэл дээл урлаж өгсөн. Тэр ч буянаараа олон сайхан газар үзэж, олон улсын үзэсгэлэнд оролцож байсан.
-Та өөрөө хэдэн дээлтэй вэ?
-Миний өдөр тутмын хувцас дээл. Европ хувцас өмсөхөөр хүмүүс намайг “Муухай харагдаад байна” гэдэг юм. Ямар сайндаа нэг найрагч надад зориулж шүлэг бичихдээ
... Дээл ярихаар хийморь нь сэргэдэг
Дээл ярихаар ажил нь бүтдэг ... гэж хэлсэн байсан. Тэгээд ч миний төөрөг тавилан энэ байх даа. Одоогоор надад 30 орчим дээл бий. Ихэвчлэн улаан хүрэн өнгийг сонгодог. Заримдаа ногоон, хөх өнгийг ч авах нь бий. Жаахан муудчихвал хөдөө байдаг дүү, хамаатан садангууддаа өгчихнө.
-Ярилцсанд баярлалаа.
А.Алтантуяа: Дээл өмссөн хүн их хүмүүжилтэй, төв үзэлтэй харагддаг | ||
Үзсэн: 4195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.