Бодибилдинг, фитнессийн спортын тамирчин, ОУХМ Н.Анужин буюу Анухайтай ярилцлаа. Тэрбээр 20 насандаа Хонконгийн олон улсын нээлттэй тэмцээнээс хос алтан медаль, 2017 онд Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулсан Азийн АШТ-д тэргүүн байр, мөн онд Монголд болсон ДАШТ-д түрүүлж байсан билээ.
Иймд түүнтэй спортынх нь болоод хувийн амьдралынх нь талаар ярилцав.
-Таныг Дубай явах гэж байна гэж сонссон. Ямар ажил амжуулах гэж байгаа вэ?
-Манай “World ”компанийн шинээр нээгдэж буй “Fitness Agency” клүбийн нээлт болох юм. Үндсэндээ фитнессийн агентлаг гэсэн үг л дээ. Энэ агентлагийн хичээлэгчид маань фитнессийн багшаа сонгож дуудаад боломжтой газраа бэлтгэл хийдэг. Манай клүбт ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан багш нар ажилладаг. Манай улсын эмэгтэйчүүдийн нэг хүндрэлтэй тал нь хэн гэдэг багшаар, ямар бэлтгэлийг, хаана хийвэл зохистойг мэддэггүй. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдэж, онлайн, оффис зэрэг 5-6 сургалт ажлуулдаг.
-Гэртээ ч хийж болох нь ээ ...
-Тийм. Онлайнаар заалгавал тэгнэ. Олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртсэн тамирчид дасгалжуулна. Өнөөдөр манай улсад тэднийг үнэлээд ажлуулж байгаа газар цөөхөн байна. Тиймээс миний бие тэдэнд өөрийнхөө хэмжээнд хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж байгаа юм. Мөн бага цагаар ажиллаж байгаа нь давуу талтай. Нөгөөтээгүүр хичээллэгчид маань хамгийн мундаг багш нараар, хамгийн бага өртөгтэйгөөр хичээлээ заалгадаг. Бусад клүбүүд саяас сая 500 мянган төгрөгийн ханштай байдаг бол манайд аягүй инээдтэй. Зөвхөн 250-350 мянган төгрөгөөр VIP болон тусгай ангиар хичээллэдэг. Ихэнх эмэгтэй хүүхдээ хараад гэртээ байгаа болохоор гэрийн нөхцөлд яавал гоё биетэй болох талаар фэйсбүүк чатаар ихэвчлэн асуудаг.
-Эмэгтэйчүүд ихэвчлэн хичээллэж байна уу?
-Ерөнхийдөө тийм. Гэхдээ эрэгтэй ангилал ч байгаа. Залуучуудад ДАШТ-ий алтан медальт Б.Хүсэлтүвшин багшлахаар болсон.
-“Fitness Agency”-ийн нээлтээ Дубайд хийх болсон шалтгаан юу вэ?
-Дубайд хэрэгжүүлэх хэд хэдэн ажил байна. Тэр далимдаа энэ агентлагийнхаа нээлтийг хийх гэж байгаа юм. Монголдоо хийх гэхээр коронавирус тархахаас сэргийлж, хөл хорио тогтоосон болохоор болохгүй байна. Мөн тэнд фитнессийн хэд хэдэн газартай уулзалт хийнэ, зураг авалтаа ч амжуулна, дасгалжуулагч багш нараа ч амраах төлөвлөгөөтэй байгаа. Манай багш нар сүүлийн гурван жил тасралтгүй ажилласан болохоор ингэх нь зөв байх. Ер нь бид нар цэргийн дэглэмтэй юм шиг л байдаг.
-Үндсэн яриандаа ороход таны анхны томоохон тэмцээн ХонгКогт болсон олон улсын тэмцээн үү?
-Тийм. Тухайн үед 20 настай байлаа. Олон улсын тэмцээнд миний хамгийн анх гаргасан томоохон амжилт бол тэр. Уг тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн. Ер нь 2015 оноос амжилт маань эхэлсэн. Тэр жил Азийн аварга, ДАШТ-ий шагналт дөрөвдүгээр байрт орж, сарын дараа бие давхар болсон.
-Та “Хүүгээ төрүүлэхдээ хамгийн том шийдвэр байсан” гэж хэлсэн байсан. Спортын хүн карьер, бэлтгэлээ тасалдуулахгүйн тулд хувийн амьдралаа хойш тавьдаг нь энэ мэт ажиглагддаг ...
-Тийм шүү. 2015 онд хүүгээ төрүүлчхээд 2016 онд үндсэн бэлтгэлдээ буцаад орсон. Гэхдээ жирэмсэн байхдаа ч бэлтгэлээ хийдэг л байсан. Дөнгөж Азийн аварга болчихсон байсан болохоор намайг хүмүүс “Чи ингээд спортоо орхиж байгаа юм уу. Ядаж дэлхийн аварга болчхоод болиоч” гэдэг болов. Тэр үед өөрөө ч гэсэн ДАШТ-ээс нэг ч гэсэн медаль хүртэх юмсан гэж мөрөөддөг болсон. Тэгээд л тэр мөрөөдлөө дагаад бэлтгэлдээ эргэн орж, яг жилийн дараа дэлхийн аварга болж байлаа.
-Эмэгтэй тамирчид уураг их уудаг. Харин хөхүүл хүүхэдтэй тамирчдад сөрөг нөлөө бий юу?
-Сөрөг нөлөөтэй. Тиймээс би хүүгээ таван сар хүртэл нь хөхүүлэхдээ уураг уугаагүй. Тэгж хичээсний эцэст хүүгээ найман сартай байхад нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Тэр үед “Хүний бие хурдан хугацаанд өөрчлөгдөж болдог юм байна” гэдгийг мэдэрсэн.
-Энэ спортод ороход таны аав нөлөөлсөн болов уу. Тулааны спортын дасгалжуулагч хүн билээ?
-Тийм. Аав маань спортын хүн болохоор үр хүүхэд нь ч тамирчин байх ёстой юм биш үү. “Цусанд нь байгаа” гэдэг шиг. Тэгээд ч 2013 онд “Нандиа” ток шоунд бодибилдингийн нэг эмэгтэй тамирчин оролцож байхыг хараад “Ийм спортоор хичээллэе” гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Гэхдээ аав маань намайг “Чи заавал спортын хүн болох ёстой” гэж хэлж байгаагүй. Тэгээд ч би ааваасаа хөндий өссөн. Эмээ маань л намайг хүн болгосон доо.
-Тэгвэл ээж тань ...
-Ээж спортын хүн биш ээ. Телевизийн салбарт ажилладаг. Одоо “ТМ” телевизийн арын албанд ажиллаж байгаа.
-Бодибилдингийн спортоор хичээллэхэд танайхан хориглож байсан уу?
-Эмээ маань намайг “Чи эмэгтэй хүүхэд байж биедээ анхаарч фитнессээр хичээллэ” гэж уруу татсан юм. Гэхдээ зөвхөн эрүүл амьдрах талаас нь хэлж, дасгал хөдөлгөөнтэй байхыг зөвлөсөн. Гэтэл би давраад тамирчин болно гэсэн чинь “Хичээл номоо хий” гээд уурласан. Тэгэхээр нь би эхний жил нууцаар хичээллэж байгаад УАШТ-д оролцсон чинь телевизээр харчхаад дэмждэг болсон.
-Эмээ тань нэлээн залуулаг стильтэй юм билээ. Ууланд авирч усан спортоор хичээллэдэг гэсэн ...
-Тийм. Ер нь манайхан их залуудаа хүүхэд гаргаж овор багатай харагддаг. Эмээ, ээж хоёр 20 орчим настайдаа хүүхэд гаргасан бол би дөнгөж 20 гараад л хүүтэй болсон. Хэдийгээр би нас биед хүрсэн ч гэсэн эмээ маань намайг байнга харж, “Миний охин юу болж байна. Эмээ нь мах аваад очиж байна. Эмээ нь ийм пүүз авчихлаа, бэлтгэлдээ өмсөөрэй” гээд л утсаар ярьдаг. Харин би тэр буянтныхаа ачийг хариулж чадахгүй яваа ч хичээж байгаа.
-Бодибилдингийн тамирчид өөх тос, давстай хоол иддэггүй гэсэн. Таны хувьд хүнсэндээ юу хэрэглэдэг вэ?
-Хэдэн жилийн өмнө өөх тос, давс хориглодог байсан бол өдгөө цаг хугацаа явах тусам бидний хоолны хэрэглээ ч өөрчлөгдөж байна. Би ихэвчлэн үхрийн бараан мах, бага зэргийн давстай хоол иддэг.
-Таны үндсэн мэргэжил барилгын менежмент юм билээ. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу?
-2017 онд ШУТИС-ийг төгссөн. Уг нь би хүнсний технологийн ангид орох гэж байгаад гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа “Ирээдүйд барилгын чиглэл нь дээр юм” гэдэг үүднээс энэ мэргэжлийг сонгосон. Гэтэл одоо бодоход хүнсний чиглэлээр суралцсан бол өнөөдөр надад илүү ойр байж дээ. Хичээллэдэг спортод маань ч нэмэр болох байж гэж бодоод байгаа. Тэгээд ч ойрын төлөвлөгөөндөө мэргэжлээрээ ажиллахыг багтаагаагүй байна.
-Та төрсөн өдрөөрөө фитнесс сонирхогчдынхоо хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг юм билээ. Энэ жил яах бол ...
-Миний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 7-нд болдог. Гэвч тэр үед хөл хорио нээгдвэл хийнэ.
-Таныг бизнес эрхэлдэг гэж сонссон. Мөн “Баясах трейд”-ийн захирлын хамаатан гэх юм билээ ...
-Эмээг маань Д.Туяа гэдэг. “Баясах трейд”-ийн захирал. Миний хувьд фитнессийнхээ шугамаар л бизнес эрхэлж байна.
-Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Монголын бодибилдингийн холбоо гэж хоёр хуваагдсан. Та алинд нь харьяалагддаг вэ?
-Монголын бодибилдинг фитнессийн холбоонд харьяалагддаг. Манайх олон жилийн туршлагатай. Саяхан 30 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Гэхдээ энэ хоёр холбоог “Нэгдээсэй” гэж ихэнх тамирчин хүсдэг. Миний хувьд ч ийм бодолтой явдаг. Тэгэх юм бол наад зах нь тамирчдыг улс дэмжиж эхэлнэ. Тэгэхгүй болохоор бид ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцохоороо хувиасаа л бүх зардлаа гаргадаг. Тэгээд авч байгаа зүйл маань медаль, цом. Энэ л бидний кайф, нэр хүнд юм даа. Хэдэн сая төгрөгөөс илүү үнэ цэнэтэй. Харин зарим хүн биднийг медаль аваад ирэхээр “Хэдэн төгрөгөөр давхар шагнуулсан бэ” гэж асуудаг. Яг үнэндээ бидэнд нэг ч төгрөг дагалддаггүй.
-Танай холбоо допингийн эсрэг хэр хяналттай байдаг вэ?
-Манай холбоо натурал талдаа. Натурал биш хүмүүсийг тэмцээндээ финалдуулдаггүй. Мөн допингийг дэлхий нийтээрээ хорьж байгаатай ижил ханддаг. Шинжилгээгээ УАШТ, Ази болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ-д оролцох үед шүүгч нар өөрсдөө тамирчдаа сонгоод авчихдаг. Сургалт, семинар ч их хийгддэг.
-Хувийн чанартай асуулт тавихад таныг өөрөөсөө нэлээн ах залуутай гэр бүл болсон ч одоогоор өрх тусгаарласан гэж сонссон. Яг үнэндээ уншигчид маань ч энэ талаар мэдэхийг хүсч байж болох юм ...
-Тийм ээ, үнэн. Бид хамтдаа амьдраад нэлээн удсан. Хүүтэй ч болсон. Гэвч сүүлийн жилүүдэд залуу гэр бүлийн адил нэлээн зөрчилдсөний улмаас хоёр жил хэртэй хугацаанд тусдаа амьдарч байна. Гэхдээ намайг тэмцээнтэй үед хүү аавтайгаа хамт байдаг. Одоо бид энгийн найзууд шиг л харилцаатай. Бид хоёр “Хоёулаа энэ хүүхдийн аав, ээж болсон л юм чинь муухай харилцаа гаргахгүйгээр хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлнэ шүү” гэж тохиролцсон. Тэгээд ч надаас нэг их ах биш ээ. 10 насны л зөрүүтэй.
-Хичээллэдэг спортыг чинь хэр их дэмждэг байсан бэ?
-Ер нь дэмждэг байсан. Гэхдээ “Спортоо орхиод хүүхдээ сайн хар” гэж хэлж байсан үе ч бий. Тэгэхэд нь би “ДАШТ-д орчихоод л хүүхдээ сайн харна” гэсэн ам мөчиг өгч байлаа. Гэвч тэр тэмцээний дараа гэртээ суусан чинь фитнессээ үгүйлээд байгаа юм чинь. Тэгэхээр спорт гэдэг зүйлээс би холдож яаж ч чадахгүй юм билээ. Монгол хүн “Ханилж яваа нөхрөө, хатирч яваа морио” гэдэг дээ. Өмнө нь бидэнд сайхан зүйл ч их байсан болохоор би түүнийг одоо муулахыг хүсдэггүй.
-Одоо таныг гадаад нөхөртэй гэр бүл болох гэж байна гэж сонссон ...
-Тийм. Энэтхэг гаралтай залуу бий. Намайг гадаад залуутай үерхдэг гэхээр “Тэр хүнээрээ ивээн тэтгүүлдэг” гэж зарим хүн боддог юм шиг байна билээ. Уг нь би тэр хүн болон эмээгээсээ ч хараат бус. Өөрийнхөө хөдөлмөрөөр л амьдарч явна.
-Энэ спортын төрөл нэлээн өртөг өндөртэй гэдэг. Нууц биш бол таны сарын хэрэглээ хэд вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?
-Энгийн хүмүүсийг бодвол зардал өндөр. Яг тоочны хэлвэл зарим хүн ухаан алдаад уначих байх аа (инээв.сурв). Би энэ зардлаа бизнесийнхээ групп ангиудаасаа нөхдөг. Ихэнх зардал чанартай хоол хүнсэнд зарцуулагддаг. Түүнээс биш хувцас, ээмэг, зүүлт нэг их авдаггүй.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Анужин: Би спортоос хөндийрч чадахгүй юм билээ | ||
Үзсэн: 5406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.