“Royal dance” бүжгийн клубийн ерөнхий дасгалжуулагч, “Dance chance” контентыг санаачлагч, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
-Сайн байна уу. Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Би эрх зүйч мэргэжилтэй. Сүүлийн долоон жил бүжгээр хичээллэж байна. “Dance chance” нэртэй сошиал контент, нэвтрүүлэг эхлүүлээд явж байгаа. Цаашдаа төсөл болгохоор зорьж байна.
Яагаад ийм контент эхлүүлсэн бэ гэхээр би 6-7 жил тасралтгүй өдөр болгон бүжгийн бэлтгэл хийж ирсэн. ДАШТ-д эх орноо төлөөлж, хамтлагаараа зургаан жил дараалан амжилттай оролцсон. Харин “КОВИД-19”-тэй холбоотойгоор миний бүжиглэдэг “Moon dance” хамтлагийн бэлтгэл, мөн “Royal dance” клубийн бүжгийн сургалт маань зогссон л доо. “КОВИД-19”-ийн үед дэлхий дахинаа, Монголд ч гэсэн сошиал контент хүчээ авч эхэлсэн. Тиймээс манай “Royal dance” бүжгийн клуб хэв маягаа өөрчилж, сошиал контент хийж, түгээх болсон.
-"Dance Chance" контент баг хэдэн гишүүнтэй вэ. Мөн бусад контент, нэвтрүүлгээс юугаараа онцлог вэ. Цаашдаа төсөл болгохын тулд цар хүрээгээ хэрхэн тэлэх вэ?
-Манай баг хоёр багш, 22 бүжигчинтэй, нийтдээ 24 хүнтэй. Манай “Royal dance” клуб бүжгийн сургалт явуулдаг. Насанд хүрэгчдийн анги маань “Royal dance” нэртэй бүжгийн хамтлагтай. Энэ хамтлагийн бүжигчид маань “Royal dance” контентыг хийж байгаа. Бид бүжгээр дамжуулан зөв зүйлд уриалах, нийгэмд эерэг хандлагыг түгээх, бүжгийн урлагийг сурталчлах, бүжигчдийн үнэлэмжийг өсгөх зорилгоор "Dance Chance" буюу “Бүжгийн боломж” төрийн бус байгууллага байгуулаад эхний ээлжид таван нэвтрүүлэг хийсэн. Дараагийн ажил нь бүжгийн таван челенж(давлагаа) байгаа.
"Dance Chance" нэвтрүүлэг бусад контентоос юугаараа онцлог вэ гэвэл бүжгийн спортоор хичээллэснээр ямар боломжууд гарч ирдэг, түүнийг хэрхэн ашиглах талаар болон хүмүүст бүжгийн боловсрол олгохыг зорих болно. Мэдээж цаашдаа төсөл болгон үргэлжлүүлэхийн тулд олон байгууллага, аж ахуй нэгжтэй хамран ажиллана. Ер нь төсөл маань бэлэн болсон. Хамтран ажиллах, дэмжих байгууллагуудыг хайж байгаа, саналууд эхнээсээ ирсэн. Мөн нийгмийн захиалгаар "Dance Chance" контентыг эхлүүлсэн гэж хэлж болно. Учир нь сошиал орчинд шавар, шалбаагт сэлэх, хөөнд толгойгоо булхах зэрэг ямар ч үр ашиггүй, сонин челенжийг хүмүүс маш ихээр даган дуурайж байна. Тиймээс бид ардын урлаг, үндэсний өв соёлоороо дамжуулан олон нийтийг зөв зүйлд уриалж, нэг ёсны “соёлын довтолгоо” эхлүүлсэн нь нийгэмд эерэг хандлагуудыг түгээсэн гэж харж байгаа.
-Та нарын эхлүүлсэн давлагаа сошиал орчинд нэлээд тренд болж байна. Монгол үндэстэн, ястны бүжгийн давлагаа эхлүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Тиймээ. Манай челенж маш олон хүнд хүрсэн байсан. Сошиал хэрэглэгчдийн дийлэнх хувь нь үзсэн байх. Түрүү хэлсэн анх "Dance Chance" цувралын контентынхоо таван дугаарыг цацсан. Үзэлт маш өндөр байсан. Тиймээс сошиал орчинд тараад байгаа үр ашиггүй челенжүүдэд цэг тавьж, ардын урлаг, үндэсний өв соёлоо сурталчилсан бүжгийн давлагаа эхлүүлье гэж шийдсэн л дээ. Гэхдээ яг ямар ая, хөгжим дээр, ямар бүжиг бүжиглэх вэ гэдгээ сонгох тал дээр нэлээд ярилцсан. Тэгсэн Үндэсний их баяр наадмын нээлтийн урлаг соёлын тоглолт цацагдаж, тэнд дуулж, бүжиглэж буй Монгол угсаатан ястны дуу, хөгжим, ардын бүжиг бидний контент, зорилгод яв цав нийцсэн.
-Танай бүжигчид контентынхоо дундуур үзэгчдийг нийгмийн хариуцлагаа биелүүлж, байгальд хог хаяхгүй аялахыг уриалж байгаа юм билээ?
-Бид нарыг контентоо эхлүүлсний ард ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас холбогдсон л доо. Танай контентыг маш олон хүн үзэж байна, тиймээс бичлэгийнхээ дундуур байгальд аялахдаа хогоо хаяхгүй байхыг уриалах санал ирүүлсэн. Бид бүжгээр дамжуулж эерэг зүйлийг түгээх, зөв хандлагыг уриалах зорилготой учир дуртай зөвшөөрч, контентынхоо төгсгөлд “Ирлээ, явлаа, цэвэр” уриалгыг түгээж байгаа. Мөн “Хоггүй аялцгаая” уриатайгаар таван челенж контент байгальд хийхээр болсон. Одоогоор эхний хоёр дугаар нийтэд цацагдсан. Энэ долоо хоногт гурав дахь дугаар цацагдана. Үүнээс гадна Экологийн цагдаагийн албатай хамтран дахин өөр контент хийх бодол бий.
Энэ контентоо дуусгаад нийслэлийнхэнд зориулсан уриалга дэвшүүлээд Улаанбаатар хотод таван челенж хийхээр төлөвлөж байна. Одоогоор уриагаа хараахан сонгоогүй байгаа. Гэхдээ олны танил хүмүүсийг урьж, оролцуулж олон нийтэд эерэг, зөв хандлагыг уриалах болохоор олон хүнд хүрэх байх. Түүнчлэн бид бүжиг сурах хүсэлтэй хүмүүст өмнөх челенж бичлэгтээ бүжиглэсэн бүжгүүдээ гадаа талбайд үнэгүй зааж өгнө.
-Та түрүүн хэлэхдээ бүжигчдийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилго тээж байгаа гэсэн. Монголд бүжигчдийн хөдөлмөрийг хангалттай хэмжээнд үнэлдэг үү?
-Бүжигчдийн үнэлэмж, цалин хөлс маш бага байдаг. Монгол бүжигчид БНХАУ-д очиж ажиллах нь ихэссэн. Бүжигчин шал дэмий мэргэжил, бүжиглээд хоолоо олж идэж чадахгүй гэсэн хандлагатай хүн мэр сэр байдаг. Ийм яриаг алга болгох бодолтой, бүжигчдийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Dance chance” сошиал контентоо эхлүүлсэн.
-Хүн бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй ч гэлээ бүжгийн урлагаар хичээллэснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?
-Би анх өөр мэргэжил эзэмшсэн ч гэлээ, давхар бүжигчний мэргэжил эзэмшээд явж байна. Бүжгээр хичээллэсэн хүн бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй л дээ. Гэхдээ бүжиг нэг талдаа урлагийн төрөл ч гэлээ нөгөө талдаа хамгийн аюулгүй спорт. Бүжгийн спортоор хичээллэснээр бие бялдрын болоод гоо зүйн өв тэгш хүмүүжил олж авдаг. Мөн зөв алхаа гишгээ, биеэ зөв цэгцтэй авч явах арга барилд суралцана. Хөгжмийн сонсгол, ой тогтоолт сайжирдаг. Мөн бүрэг ичимхий хүн бүжгийн спортоор хичээллэснээр нээлттэй, нийтэч болдог, багаар ажиллах арга барил эзэмшинэ, найз нөхөд, танилын хүрээлэл нэмэгддэг.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
-Урьж ярилцсанд баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье.
О.Эрдэнэ-Очир: Үр ашиггүй челенжүүдэд цэг тавьж, үндэсний өв соёлоо сурталчилсан бүжгийн давлагаа эхлүүлсэн | ||
Үзсэн: 5293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.