“Хубилай хаан хувилгаан салхи”, Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын тухай “Бүрхэг шөнийн тэргэл саран” бүрэн хэмжээний баримтат кино, Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулууны “Хуур богд”, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны “Яруу тунгалгийн цоморлиг”, Ардын жүжигчин Гомбын Равдангийн “Үг номхруулагч” хөрөг зэрэг түүх, соёлын чиглэлээр дэлгэцийн олон арван баримтат бүтээл үзэгчдэд өргөн барьсан кино зохиолч, найруулагч Баатарын Бадралтай ярилцлаа.
Ташрамд дуулгахад, түүний сүүлд найруулсан баримтат кино цувралын тухай “Тусгаар тогтнолын товчоон” цуврал баримтат кино хийгээд түүний үнэ цэнэ” нэвтрүүлэг өнөөдөр 21:10 цагт “Тусгаар тогтнолын товчоон” баримтат киноны хоёрдугаар бүлгийн нэгдүгээр анги 22:10 цагт МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ.
-Би интернэтээс хайлт хийгээд таны тухай мэдээлэл, өөрийн тань өгсөн ярилцлагыг ер олсонгүй. Бүр таны намтар ч интернэтэд байдаггүй юм билээ. Та тийм хаалттай хүн үү, эсвэл хэтэрхий даруу зантай, нууцлаг уран бүтээлч үү?
-Би баримтат кино салбарт л ажилладаг хүн. Ялангуяа сүүлийн арав гаруй жил энэ чиглэлээрээ дагнан ажиллаж, голдуу түүх, соёлын баримтат кино хийсэн. Баримтат киноны салбарын зохиолч, найруулагч бидэнд тэгж ил гарах шаардлага, нөхцөл нь ч байдаггүй. Ажилдаа дуртай юм болохоор урдах ажлаа л хийгээд явдаг улс л даа. Миний намтар гэвэл Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг хэл шинжээч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэж, тухайн үеийн “Улаанбаатар телевиз”-д сэтгүүлчээр ажилласан. Тэр үеэс телевиз, кино урлаг, найруулагчийн мэргэжилд татагдсан. 2001 онд найзуудтайгаа нийлж, студи байгууллаа. Тэр үед цөөхөн студи байсан тэрний л нэг. Тэр цагаас л хойш баримтат кино салбарт ажиллаж байна даа.
-Энэ салбарт таныг хамгийн ихээр хорхойсуулж, дурлуулсан зүйл юу вэ?
-Түүхэн болон орчин үеийн болоод ахуйн баримтат кино өөр хоорондоо ялгаатай. Гэхдээ аль алинд нь л бид ажиллах дуртай. Түүхэн баримтат төсөл бол түүхийг дэлгэцнээ “бичиж”, авч үлдэж байгаа гэдгээрээ сонирхолтой. Хоёрдугаарт, классик ахуйн баримтат төсөл бол ерөөсөө л баримтан дээр ажилладаг. Уран сайхны кинонд дуртай зүйлээ зохиогоод дэлгэцэнд буулгачихдаг бол бид зөвхөн баримтад захирагдаж, тухайн баримтын хүрээнд ажиллах хэдий ч уран сайхны киноны үзэгчдэд үзүүлж буй нөлөөтэй адил хэмжээний шийдэл олох ёстой болдог. Өнгөрсөн, одоо гээд ямар нэгэн цаг үеийн түүхийг хадгалж үлддэг учир баримтат кино хамгийн сонирхолтой, салахын аргагүй салбар.
-Та яагаад анх “Тусгаар тогтнолын товчоон” баримтат цувралыг барьж авсан бэ. Монголд өмнө нь ийм олон ангитай цуврал баримтат кино төсөл хийгдээгүй байх. Тиймээс танай цувралын баг, хамт олныг цуврал баримтат киноны төрөлд Монголдоо анхдагчид хэмээн нэрийдэхэд хилсдэхгүй болов уу?
-Би андуурч байж магадгүй. Миний мэдэхээр социализмын үед 1970-аад онд хийгдсэн “Туулсан зам” нэртэй анги тус бүр нь 60 минут үргэлжилдэг долоон ангит баримтат цуврал бий. Баримтат киноны салбарт бид дээрх төслийн хэмжээний шинэ бүтээл туурвиж байна гэсэн үг л дээ.
Анх БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүн асан, Өдгөө Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр Монголын түүхийн 1910-1946 оны үйл явдлыг харуулсан “Талд ассан түймэр”, “Ээдрээт цагийн бичээс”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” дэвтэр гаргаж, 2016 онд “Монголын тусгаар тогтнолын товчоон” боть болгон эмхэтгэсэн. Тусгаар тогтнолын түүхийг номын хуудаснаа дэлгэсэн энэ ботийг баримтат кино болгохоор шийдэж, нэгдүгээр дэвтэрт тулгуурлан хийсэн эхний бүлгийн 10 анги 2017 онд бэлэн болж МҮОНТ-ээр олон түмний хүртээл болсон. Мөн энэ баримтат цувралын зохиолыг бичсэн МҮОНР-ийн Урлаг, соёлын албаны продюсер, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Жадамбын Батцэцэг оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2018" наадмын кино, жүжгийн төрөлд "Алтан өд" шагналын эзэн болсон.
Үлдсэн гурван бүлэг буюу 30 ангийг хийх тал дээр уран бүтээлчид бид нэлээд хөөцөлдлөгөөтэй ажилласан. Хоёрдугаар бүлгээ Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадмаар МҮОНТ-ээр үзэгчдэдээ хүргэсэн. Одоо дахин хүргэх гэж байгаадаа баяртай байна.
-Түүхэн цуврал ботийг дэлгэцийн баримтат бүтээлд хөрвүүлэхэд найруулагч, уран бүтээлчдээс асар их оюуны хүч, ажиллагаа шаарддаг юм билээ?
-Түүхэн номыг дэлгэцийн баримтат бүтээл рүү хөрвүүлэхийн тулд номын агуулгыг танах хэрэг гардаг л даа. Ном өөрөө асар их мэдээлэл агуулсан байдаг. Тэр бүх баримт, материал бүрийг нэг бүрчлэн ялгаж, салгасан. Үүнийг баримтат кино зохиолоороо шийдсэн. Хоёрдугаарт, “Монголын тусгаар тогтнолын товчоон” хэдий түүхэн бүтээл хэдий ч уран сайхны аргаар бичигдсэн. Тэгэхээр тэр уран сайхны хэсгүүдийг дэлгэц рүү хөрвүүлэх, уран сайхны сцен нэмэх зэрэг дэлгэцийн ажлууд хийгдсэн. Мөн “Тусгаар тогтнолын товчоон” цуврал баримтат бүтээл хэдий ч бид уран сайхны кинонд хэрэглэдэг тавилт, мэргэжлийн арга барилуудыг ашигласан.
Бид ямар ч сэдвээр баримтат кино хийсэн Монголын түүх, соёл, энэ үнэт зүйлээ эрхэмлэх, монгол хүний мөн чанарыг магтан дуулах ёстойг өвөрмөц, уран, хамгийн орчин үеийн аргаар бүтээл болгондоо шингээдэг. Бидний хийсэн бүх л бүтээлийн “ноён нуруу” нь ийм байдаг.
-“Тусгаар тогтнолын товчоон” төслөө олон улсын үзэгчдэд хүргэх талаас нь судалсан уу?
-Манай “АртЛар Хаус” студийн зорьж буй гол ажил нь өөрсдийн бүтээлээ дэлхийн зах зээлд гаргах гарцыг судалж байгаа. Бид нарын хийсэн ихэнх бүтээл байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар хийсэн учир зохиогчийн эрх нь цаад талдаа байдаг. Тиймээс бид өөрсдийн хөрөнгө оруулалт, төслөөр дэлхийн зах зээлд гаргах Монгол бүтээл хийх судалгаа хийгээд, төслүүдээ боловсруулж байгаа.
“Тусгаар тогтнолын товчоон” цувралын тухайд гадны зах зээлд гаргах бүрэн боломж бий. Гэхдээ дэлхийн зах зээлд гарч буй бүтээлүүдэд маш өндөр шаардлагууд тавигддаг. Нэгдүгээрт, бүтээлийн чанар, хоёрдугаарт формат, гуравдугаарт, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх зэрэг олон шаардлага байдаг л даа. Тиймээс дэлхийн зах зээлд гаргах зорилгоор уран бүтээл хийж байгаа бол мотор эхлэхдээ л дээрх шаардлагуудыг тооцоолох хэрэгтэй. “Тусгаар тогтнолын товчоон” цуврал сэдвийн хувьд үнэхээрийн сонирхолтой түүхэн, баримтат төсөл. АНУ зэрэг орноос энэ төслийг маань сонирхож, саналууд ирүүлж байсан. Тиймээс дэлхийн зах зээлд гаргая гэвэл чанар, форматаа сайжруулаад, Монгол уран бүтээлчдээсээ “Тусгаар тогтнолын товчоон”-д ашигласан кино, хөгжмийн зохиогчийн эрхийг авсны ард болохгүй зүйл байхгүй.
-“Тусгаар тогтнолын товчоон” цувралын хоёрдугаар бүлэгт эхний улирлыг бодвол ямар шинэ дүрүүд, эргүүлэг гардаг вэ?
-Мэдээж “Тусгаар тогтнолын товчоон” хэмээх нэг том малгайн дор явж байгаа учир зарчмын хувьд цоо шинэ, тэс өөр тавилт, “хувьсал” маш бага. Эхний бүлгийн туршлага дээр үндэслэн хийж байгаа учир уран сайхны шийдэл болоод эвлүүлэг, графикийн тал шат дээр ахиулсан бүтээл болсон. Хоёрдугаар бүлэг 1918-1924 оны түүхийг өгүүлж байгаа. Тиймээс түүхээ дагаад шинэ бодит дүрүүд хоёрдугаар бүлэгт орж ирж байгаа. Тухайлбал, Богд хаан, Монгол ардын намыг анх үүсгэн байгуулсан Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан зэрэг анхны долоогийн дүр гарна. Мөн Барон Унгерн, түүнийг дагалдагсад, цагаантны цэргийн генералууд, Оросын хувьсгалчид зэрэг бодит түүхэн дүр хоёрдугаар бүлэгт гарна.
Үүнээс гадна хоёрдугаар улирлын гол онцлог гэвэл Монголын эрдэмтдээс гадна таван орны эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажилласан. “КОВИД-19”-тэй холбоотойгоор хилийн хориг тавигдсан байсан учир өргөн хөдөлж чадаагүй. Түүнээс бүр илүү өргөн цар хүрээтэйгээр олон улсын эрдэмтэн судлаач, жүжигчид, уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн. Боломж бололцоо нь ч нээлттэй байсан.
-Уран бүтээлчдийн багийн зүгээс цувралынхаа дөчин ангийг бүгдийг нь хийхээр “шатаж” байгаа байх. Гурав, дөрөвдүгээр бүлгийн бэлтгэл ажил хэр ахицтай байгаа вэ?
-Гуравдугаар бүлэг 1924-1932, сүүлийн бүлэг 1932-1945 оны түүхийг өгүүлнэ. “Тусгаар тогтнолын товчоон” цуврал нийтдээ 1900-1945 оны түүхийг харуулсан байх юм. Мэдээж дөрвөн бүлэг, 40 ангит цувралын тэг дунд нь ирчихсэн учир бүрэн дуусгаж бариандаа очих сонирхол бий. Гэхдээ санхүүгийн асуудлаас эхлээд шийдэх шаардлагатай олон хүчин зүйл байдаг. Энд нэг зүйл хэлэхэд, 1900-1920-иад он хүртэлх Монголын түүх олон улсад өрнөж байсан үйл явдлын гарцаа байхгүй шууд тусгал. Тэгэхээр дэлхийн түүхийн чухал баримт, үйл явдал гэсэн үг.
Үлдсэн хоёр бүлгийг үзэгчдэд хүргэх тал дээр МҮОНРТ-ээс эхний ээлжийн шийдлүүд хийгдэж байгаад маш их баяртай байна. Уран бүтээлчдийн зүгээс үргэлжлүүлэн ажиллахад бэлэн. Мэдээж өмнөх хоёр бүлгийн туршлага дээр тулгуурлаад улам сонирхолтой, шинэлэг шийдлийг бүтээлдээ тусгана. Эхний хоёр бүлгийн 20 анги 570 минут буюу найман бүрэн хэмжээний кинотой адил хугацаатай. Дараагийн хоёр бүлгийн 20 анги мөн ийм хэмжээтэй хийгдэнэ. Тэгэхээр нийтдээ мянга гаруй минутын бүтээл болж, Монголын баримтат киноны түүхэнд шинэ хуудсыг нээнэ.
-Монголын түүх дэлхийд шуугиан тарьдаг түүхэн болоод уран зөгнөлт цуврал болон кинонуудаас хавь илүү сонирхол татахуйц, баялаг хийгээд нэг судалж эхэлсэн хүн салж, орхиж чадахааргүй. Тэр дундаа 1900-1945 оны үйл явдлууд саяханых юм шиг атлаа маш нарийн өөр өөр төрлийн олон “ширхэг”-тэй, одоо болтол учир зангилаа нь бүрэн тайлагдаагүй гэж боддог. Та “Тусгаар тогтнолын товчоон” цувралын зохиолыг нь бичиж, найруулан үзэгчдэд хүргэсэн уран бүтээлчийн хувьд тухайн он жилүүдийг хэрхэн дүгнэх вэ?
-Энэ цуврал дээр ажиллаж байхад хамгийн их бодогдсон зүйл гэвэл Монголын тусгаар тогтнол өөрөө аяндаа бий болчихоогүй. Маш олон хүний уйгагүй хүчин зүтгэл, халуун амь, бүр улс орноороо нийт ард түмнээрээ хөдөлж байж тусгаар тогтнолоо олж авсан юм шүү. Уран бүтээлчид бид хамгийн гол нь тэр түүхийг харуулахыг хичээсэн. Хүмүүс ч үүнийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй.
.Б.Бадрал: Монголчууд уйгагүй хүчин зүтгэл, халуун амь, асар үнэт зүйлээ зольж тусгаар тогтнолоо олж авсан | ||
Үзсэн: 2761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.