Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой сүүлийн үеийн статистик, тоон мэдээллээс танилцуулаач?
-Монгол Улсын нийт 3.3 сая орчим хүн амын дийлэнх нь буюу 40.2 хувь нь 15-34 насны залуучууд. Мөн хөдөлмөрийн насныхан буюу 15 дээш насны хүн амын 47.5 хувь нь залуучууд байна. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.6 хувь, харин залуучууд буюу 15-34 насныхны ажилгүйдлийн түвшин 19 орчим хувьтай байна. Залуучуудыг насны бүлгээр нь задлаад үзэхэд 15-19 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр буюу 29.6, 20-24 насныхан 24.2, 25-29 насны залуусын ажилгүйдлийн түвшин 11.6 хувьтай буюу нас ахих тусам ажилгүйдлийн түвшин буурч байгаа. 35 болон түүнээс дээш насныхны ажилгүйдлийн түвшин бүр багасдаг. Эндээс харахад ажил олгогч нар сул ажлын байрандаа тодорхой хугацаанд ажиллаад үзчихсэн, ажил хөдөлмөрийн дадлага туршлагатай хүн ажилд авах сонирхол өндөр байна.
-15-18 хүртэлх насны залуучууд өөрсдөө дур мэдэн хөдөлмөр эрхэлж болох уу?
-Хөдөлмөрийн тухай хуульд 15-18 хүртэлх насны хүүхэд, залуучууд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Харин 18 хүрсэн тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх эсэхээ өөрөө шийдвэрлээд явна.
-“Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх журам” өнгөрсөн зургадугаар сард батлагдсан. Энэ журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Оюутнуудын нэг нойморын зорилго бол мэдээж сайн сурч мэдлэг, боловсрол эзэмших. ХНХЯ сурахынхаа хажуугаар, хичээлийнхээ завсар зайгаар ажил хөдөлмөр эрхэлж дадлагажих, орлоготой болох, ажил мэргэжлийн чиг баримжаа олж авах сонирхолтой оюутан залууст хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн “Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх журам” батлагдсан. Энэ журамд 100 буюу түүнээс дээш ажилтантай хувийн аж ахуй нэгжүүд нийт ажлын байрныхаа таван хувьд нь оюутны цагийн ажлын байр бий болгож ажиллана гэсэн оюутны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чухал заалт орсон. Хуулийн энэ заалтыг биелүүлэхтэй холбоотой журмыг ХНХЯ энэ оны тавдугаар сард боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулсан. Энэ журмын хүрээнд 100-аас дээш ажилтантай аж ахуй нэгжүүд цагийн ажилд оюутнуудыг ажиллуулах ажлын байрны жагсаалт, мэдээллээ тухайн орон нутгийнхаа хөдөлмөрийн байгууллагадаа хүргүүлнэ. Харин хөдөлмөрийн байгууллага тухайн ажлын байрны жагсаалт, мэдээллийг их дээд сургууль, политехник коллежуудад ажиллаж буй Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд өгч, тухайн төвүүд ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх юм.
Түрүү би хэлсэн нас залуужих тусам ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь ажил олгогч нар хөдөлмөрийн дадлага туршлагыг илүүд үзэж байгаатай холбоотой. Тиймээс дээрх журам хэрэгжсэнээрээ оюутнууд суралцаж байх хугацаандаа тухайн мэргэжлээрээ дадлагажих, цалин орлоготой болох нөхцөл бүрдэнэ. Цаашлаад оюутнууд сургуулиа төгсөхдөө цагаар ажиллаж байсан ажлын байрандаа үргэлжлүүлэн бүтэн цагаар ажиллах боломж бололцоог нь бүрдүүлэх зорилгоор энэ журам боловсруулагдаж, батлагдсан.
-Энэ журмыг хэзээнээс дагаж мөрдөж, хэрэгжилтийг хэрхэн хянах вэ?
-ХНХЯ болон манай яамны дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан агентлаг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагууд хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийгээд явна. Манайхаас 100 болон түүнээс дээш ажилтантай ААН-ийн жагсаалтыг гаргаж, хөдөлмөрийн байгууллагуудад хүргүүлнэ. Тухайн ААН-үүд оюутнуудад зориулсан цагийн ажлын байрныхаа мэдээллийг улирал тутам орон нутгийнхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хөдөлмөрийн асуудал хариуцсан газар, хэлтэст өгнө. Эдгээр мэдээллээр их, дээд сургууль болон политехник коллежийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв оюутнуудыг ажилд зуучилна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргахаар журамд тусгасан. Удахгүй батлагдах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хуваарьт 100 болон түүнээс дээш ажилтантай ААН оюутнуудыг цагийн ажлын байраар хангах журмын хэрэгжилтийг хангах зардлуудыг оруулснаар дээрх үйл ажиллагааг шууд эхлүүлнэ.
-“Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх журам”-д цалин хөлс, ажиллах цагийг хэрхэн тусгасан бэ?
-Журамд ажил олгогч цалин хөлсийг оюутантай харилцан тохиролцохоор зааж өгсөн. Гэхдээ мэдээж Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй буюу түүнээс их цалин олгоно. Мөн ажлын цагийг хичээлийн болон амралтын цагт нь харшлахгүйгээр оюутантай тохиролцоно. Цагийн ажилд орсон тухайн оюутан нэг сар хүртэлх хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байгаа бол цалинг нь өдөр өдрөөр нь олгох, нэг сараас дээш хугацаагаар гэрээ байгуулсан бол цалинг нь сард хоёр хувааж олгох зохицуулалт оруулсан.
-ХНХЯ залуусыг ажлын байраар хангах болон ажилгүйдлийг бууруулах чиглэлээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа вэ?
-Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яам улсын хөрөнгө оруулалтын бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөгөөн дээр үндэслэн ирээдүйд ямар ажлын байрууд эрэлттэй байх судалгаа, тооцоог гаргадаг. Зах зээл өндөр хөгжсөн оронд нарийн аргачлалын дагуу урт, дунд, богино хугацааны таамаглал гаргаж, боловсролын байгууллагууддаа хэдэн жилийн дараа ямар мэргэжил хэдий тоогоор шаардагдах захиалга өгдөг. Мөн ямар ажлын байр хэдий хугацаанд устах, шинээр үүсэх талаарх мэдээллээр хангадаг.
Зах зээлийн өндөр хөгжлөө дагаад зарим оронд эрэлтдээ нийцүүлэх, их, дээд сургуулиудад квот олгох зэрэг янз бүрийн хувилбар бий. Манай улсад их, дээд сургуульд квот олгох, ажлын байрны эрэлтэд нийцүүлэх орчин хараахан бүрдээгүй байна. ХНХЯ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ирээдүйд ямар байх вэ гэдгийг судлах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Залуусыг ямар мэргэжил сонгон суралцвал ирээдүйд шууд болон богино хугацаанд ажлын байртай болох, бүр хэдий хэмжээний цалин хөлс авах мэдээллээр хангахаар ажиллаж байна. Манай яамны дэргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт ажилладаг. Энэ институт маань одоогоор нэг жилийн дараахыг хардаг хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааг маш өндөр түвшинд гаргаж байгаа. Аж ахуй нэгж, байгууллагуудын хэчнээн ажилтан ирэх жил тэтгэвэрт гарах, хэдэн ажлын байр шинээр гарах зэрэг мэдээллийг цуглуулж, гаргадаг. Мөн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны хэтийн таамаглал гаргахаар ажиллаж байна. Австралийн Викторийн их сургуулийн Судалгааны хүрээлэн хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны таамаглал гаргах чиглэлийн судалгаануудаараа сүүлийн 40 гаруй жил дэлхийд тэргүүлсэн. Манай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт дээрх дэлхийн топ судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, таамаглал гаргах аргачлалаа хөгжүүлж байна.
Гэхдээ Австралид бүх ажил олгогч, боловсон хүчин, төгсөгчид болон цалин хөлстэй холбоотой тоон мэдээллийн том дата бааз байдаг юм билээ. Үүн дээрээ тооцоолол хийгээд ирээдүйн урт хугацааны таамаглалуудаа гаргадаг. Харин манай оронд тэр бүх тоон мэдээлэл бүрэн бус. Тиймээс нэгдүгээрт, тоон мэдээллийг цуглуулах, хоёрдугаарт, дээрх арга аргачлалыг Монголын хөрсөнд буулгах чиглэлээр ажиллаж байна. Ирэх жилээс эхний байдлаар таамаглал, судалгаануудын дүн гарна.
-Төрийн бүх л үйлчилгээ цахим системд шилжиж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар ч мөн тоон мэдээллүүдээ цахим хэлбэрт шилжүүлж, ихэнх үйлчилгээгээ цахим болгож байгаа. Хөдөлмөрийн салбарт ямар цахим үйлчилгээнүүд шинээр нэвтэрч байгаа вэ?
-Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой томоохон зорилтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд залууст, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэх заалтууд орсон. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ажилгүйдлийг бууруулах, нэн ялангуяа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй бүхий л үйлчилгээ болон үйл ажиллагаа, арга хэмжээний мэдээллийг цахимжуулах ажил орсон. Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилт болон БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой программ хангамжийг хөгжүүлж байна. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагаа, түүнд хамрагдсан иргэдийн тоон мэдээлэл, үүнд анализ хийх боломжтой программ хангамжийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж байгаа аж. Мөн БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая воны буцалтгүй тусламжаар ажилд зуучлах цахим үйлчилгээний программ хангамж боловсруулж байна. Ингэснээр ажил хайж буй иргэн гар утас, ухаалаг төхөөрөмж, компьютероор интернэттэй холбогдсоноор Хөдөлмөрийн бирж, Ажил зуучлалын төвийн бүхий л үйлчилгээг зайнаас авах боломжтой болно. Түүнчлэн Хөдөлмөрийн бирж, Ажил зуучлалын төвийн үзүүлдэг үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэж, зөвхөн залуучууд гэлтгүй ажил хайж буй иргэд сул ажлын байр олох цаг зав, зардал мөнгөө хэмнэнэ. Ажил зуучлалын программын бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан. БНСУ-ын талын төлөөлөл манай улсад ирж, бэлтгэл ажилтай танилцсан. Уг цахим үйлчилгээний программыг ашиглалтад оруулахад манай улсаас голлон ажиллах таван мэргэжилтэн БНСУ-д сургалтад хамрагдсан. Ирэх он гэхэд дээрх программ хангамжийг эхний байдлаар туршилтын журмаар хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
С.Дамбий: Оюутнууд хичээлийнхээ хажуугаар хөдөлмөр эрхлэх дадлагажих, орлоготой болох хууль эрх зүйн орчин бүрдсэн | ||
Үзсэн: 4442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.