Москвагийн театр урлагийн академи(ГИТИС)-ийн төгсөгч, Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү, найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулжээ. Тэрбээр театрынхаа хөшгийг дэлхийн сонгодог зохиолын ноён оргил хэмээгддэг их гурвал (“Гамлет”, “Дон кихот”)-ын нэг И.В.Гётегийн алдарт “Фауст” жүжгээр ирэх сарын 6-8-нд нээх гэж байна. Найруулагч уг жүжгээрээ хүн цэцэн ч хэлэхээс нааш санахгүй хамгийн энгийн хэрнээ үл тайлагдах гүн ухааныг үзэгчдэд ойлгуулж чадна гэдгээ амлав.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёр жил ажилласан
-Та маш сонирхолтой намтартай хүн юм билээ. Багадаа ямар хүүхэд байв?
-Би III, IV хорооллын унаган хүүхэд, “Оюуны ундраа” цогцолборыг төгссөн. Бага ангидаа математик, түүх, уран зохиолын хичээлдээ илүү дуртай, ер нь л их хөдөлгөөнтэй, сониуч хүүхэд байсан. Чөлөөт бөх, карате, таеквондо, дуу хөгжмийн дугуйланд ч явж байлаа. Янз бүрийн зүйл сонирхдог хэрнээ тэгс хийгээд хаячихна. Жүжигчин хүний хүүхдүүд ямар байдаг билээ дээ, яг л тийм урлагт, театрт дуртай. Аавынхаа тоглосон жүжгүүдийг үзнэ. Гэхдээ аав надад “Миний хүү жүжигчин л болж болохгүй. Энэ хэцүү, зовлонтой мэргэжлээс хол байгаарай. Өөр гоё сайхан мэргэжил эзэмш” гэж хэлдэг байсан. Би ч хуучнаар ЭМШУИС буюу одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Хүний их эмчийн ангид зургаан жил сурч, дараагаар нь Сэтгэцийн эмчийн нарийн мэргэжлийн курс төгсөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэлзүйч эмчээр хоёр жил ажилласан.
Энэ бүхний дараа хүн өөрийн дурласан мэргэжлээ эзэмшээд, дуртай ажлаа хийх нь л хамгийн том амжилт юм байна гэдгийг ойлгосон юм. Сэтгэл зүйч хүн чинь өөрийгөө, дотор сэтгэлээ судалсан. Би театрт дуртай, жүжигчин болохыг битүүхэндээ хүсдэг, утга уран зохиол, түүх судалдаг хүн. Тэгээд найруулагч болохоор шийдэж, найруулагч бэлтгэдэг сургуулиудыг судалж эхэлсэн.
-Эх оронд тань Соёл урлагийн их сургууль гэж том сургууль байхад яагаад хүний нутгийг зорих болсон бэ?
-Манай аав залуудаа ГИТИС-ийн найруулагчийн ангид элссэн ч хувийн шалтгаанаар сургуулиа орхиод ирсэн юм. Намайг бага байхад “Миний элссэн ч, төгсөж чадаагүй тэр том сургуулийг үр хүүхдүүдээс минь нэг нь төгсөөсэй” гэж байнга ярьдаг байсан. Ер нь ГИТИС-ийг Евроазидаа хамгийн сайн найруулагч бэлддэг сургууль гэсэн яриа явдаг. Би айлын бага. Хоёр ах минь урлагийн мэргэжил эзэмшээгүй. Тийм ч учраас би ГИТИС-д элссэн. Гэхдээ дунд ахын том хүү ОХУ-ын Санкт-Петербургт сурч, хүүхэлдэйн театрын жүжигчний мэргэжил эзэмшсэн. Одоо надтай хамт “Фауст”-ын командад асс найруулагч, жүжигчнээр ажиллаж байгаа. Харин том ахын маань хүү Б.Батбилэг “UB comedy” клубыг үүсгэн байгуулаад амжилттай авч явж байна.
-Таныг ГИТИС-д ордог жил найруулагчийн ангийн элсэлтэд олон зуун хүн шалгуулж, гурван орны арав гаруй хүн тэнцэж суралцсанаас тав нь л төгссөн юм билээ.
-Тийм ээ. Мэдээж орос элсэгчдээс гадна араб, татар оюутан мөн би гээд арав гаруй хүн л тэнцсэн. Би 26-тай ГИТИС-ийн оюутан болж байхад манай ангид 40 настай ч хүн байлаа. Нэг хичээлийн жил дуусаад л шинэ хичээлийн жил эхлэхэд оюутнууд хасагддаг байсан. Хүмүүс намайг чи гадаадад ёстой жаргалтай сурсан байх гэдэг юм. Үнэндээ өглөөний 08 цагаас шөнийн 11 цаг хүртэл хоол ч идэх завгүй байнгын хичээл, дасгалд нүдүүлнэ. Хийсэн юм нь гологдоно. Энэ бүхнийг давж гарахгүй бол хасаад явчихдаг. Би бүр 2-3 шөнө нойргүй яваад сүүлдээ босож чадахгүй халуураад хэвтчихсэн үе бий. Манай найруулагчийн ангид 1000 гаруй хүн шалгуулж, арав гаруй хүүхэд тэнцсэнээс таван жилийн дараа таван оюутан л төгссөн.
-“Фауст” жүжиг хэлбэрээр хэр олон орны тайзнаа “амилсан” бэ?
-“Фауст” дуурь дэлхийн маш олон орны үзэгчдэд хүрсэн. Жүжиг нь маш ховор тайзнаа “амилсан”. Учир нь “Фауст”-ын найраглал бичиглэл, хэллэгийн хувьд хүнд. Монголд “Фауст” дуурь 1960-аад онд Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдож байсан.
2018 онд би “Фауст”-ыг жүжиг хэлбэрээр Монголынхоо тайзнаа амилуулах зорилготой ирсэн. Манай ГИТИС-ийн мундаг багш нарын зааж сургасан зүйлс энэ хүнд зохиолыг жүжиг болгоход их нөлөөлсөн. Жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ахтай хамтарч ажилласан. Өөр олон мундаг хүмүүсийн ачаар “Фауст” анх боссон. Тухайн үед “Фауст”-ыг Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдэд хүргэхэд тусалсан Байгалаа эгчид талархаж явдаг.
-Дараа нь та Ц.Балдоржийн зохиол "Хайрын виз" уянгын драмын жүжгийг 13 жилийн дараа сэргээж, шинэ дүр төрх, тавилттайгаар УДЭТ-ын тайзнаа амилуулсныг санаж байна?
-Урлагийн сургуулийн жүжигчний ангиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрын “Театр студи” ангиас ажлын гараагаа эхэлж буй шинэ залуу жүжигчдэд багшлаад хамтарч “Хайрын виз” жүжгийг үзэгчдэд хүргэх даалгавар авсан л даа. Би “Хайрын виз” жүжгийг сурагч, оюутан ахуйдаа үзэж өссөн маш сайн жүжиг. Гэхдээ сэргээж гэхээсээ илүүтэй шинэчлэн найруулах хүсэлдээ хөтлөгдөн ажилласан. Маш амжилттай болсон шүү.
Театр бол хайрыг түгээдэг, хайрлахад сургадаг газар
-Та яагаад өөрөө театр байгуулах болсон бэ. Мөн "Альфа" гэсэн нэр их содон санагдлаа?
-Найруулагч бүр өөрийн гэсэн театр байгуулахыг хүсдэг. Найруулагч болгоны дотор өөрийн сонгосон жүжиг, хүссэн уран бүтээлээ үзэгчдэд чөлөөтэй хүргэх хүсэл байдаг. Грек цагаан толгойн хамгийн эхний үсэг нь альфа. Хүн төрөлхтний түүхэнд соён гэгээрлийн эхлэл болсон үсэг. Нөгөө талаасаа альфа үсэг хязгааргүйн тэмдгийг илэрхийлдэг. Үүнээс гадна хайрын одыг Альфа гэж нэрлэдэг. Театр бол хайрыг түгээдэг, хайрлахад сургадаг газар. Энэ нэрийг миний хүндэтгэж явдаг хүн санал болгоход нь маш их таалагдаад театраа Альфа гэж нэрлэсэн.
-“Альфа” театраа Тордайн Ганболдтой хамтарч байгуулж байгаа гэсэн?
-“Фауст” жүжгээ хоёр дахь удаагаа тоглохдоо “Оранж энтертэйнмент”, Тордайн Ганболд ахтай хамтарч “Корпорейт конвеншн центр”-ийн тайзнаас үзэгчдэд хүргэсэн. Тордайн Ганболд ах зургаан хэлтэй, өндөр боловсролтой хүн. Театрын ид шидийг мэддэг, Монголд театрын боловсрол, соён гэгээрэл маш дутагдалтай байгаа гэдгийг олоод харчихсан хүн. Тэр ч үүднээсээ ярилцаад “Альфа” театраа хамтран байгуулсан. Надад ч “Театр бол бизнес биш” гэж хэлсэн. Ер нь театр соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгээд балансаа л бариад явж байвал амжилттай байна гэсэн үг.
-Постдрамын театр гэхээр өөр бусад театраас юугаараа онцлог байх вэ?
-Постдрамын театр гэдэг нь театрын хөгжлийн нэгэн эрин орчин үеийн театр гэсэн үг. Одоо хүн төрөлхтний хөгжлийн хурд нь сэтгэлгээ болон сэтгэлзүйгээ гүнзгий танин мэдэхүй дээр явж байна. Нэг өгүүлбэрээр хэлвэл манай театр хүний сэтгэлзүй болон сэтгэлгээнд тулгуурласан уран бүтээл үзэгчдэд хүргэнэ.
-И.В.Гёте “Фауст” зохиолоо 200 жилийн өмнө бичсэн. Тэгвэл энэ бүтээлийн өнөөг хүртэл хуучраагүй үнэ цэн нь юу вэ?
-Сэтгэлгээ, сэтгэлзүйн гүн ухаан. “Фауст” хамгийн энгийн хэрнээ үл тайлагдах гүн ухааныг агуулсан бүтээл. Тэгвэл энэ зохиолд байгаа тэр гүн ухааныг өнөө цагийн үзэгчдийн сэтгэлгээ, сэтгэлзүйн хөгжлийн түвшинд найруулгын арга барилаар хөрвүүлснээр хүний амьдралдаа ойлгох ёстой гүн ухааныг үзэгчдэд өнөөгийн хэлээр ойлгуулна.
Өөрөөр хэлбэл
. Гэвч би наймдугаар ангидаа анх уншаад төдийлөн ойлгоогүй. Бүр сүүлд дахин барьж авахдаа сая нэг юм ойлгож, ийм амттай зохиол гэж үү гээд гүн орсон, дурласан. “Фауст” сэтгэлзүйн уран зөгнөлт бүтээл. Тэр ч утгаараа нэг үгээр хэлэхэд намайг “солиоруулсан”. Тийм дээ ч би “Фауст”-аас авсан тэр мэдрэмжээ театраар дамжуулаад хүн бүхэнд нэн ялангуяа залууст хүргэхийг хүссэн юм.Хүний сэтлээд гарчихсан замаар явах амархан. Харин ...
-Таны найруулсан “Фауст” жүжигт комедиануудын бүтээсэн хэсэг байдаг. Тэр хэсгийг комедианууд илүү сайн гаргана гэж бодсон уу эсвэл таны үеэл комедиан болохоор тэднийг оролцуулав уу?
-“UB comedy” клубын залуусын тоглодог хэсэг миний үеэлтэй ямар ч хамаа байхгүй. “Фауст” зохиол хэдий 200 жилийн өмнө бичигдсэн ч гэлээ яг өнөөгийн Монголын улс төрд тулгарч буй эдийн засгийн том асуудлууд хөндөгддөг. Дэлхий нийтэд одоо болж буй авлига, үнэт цаас, газрын баялаг зэргээс үүддэг тэр бүх асуудлыг 200 жилийн өмнө Гёте биччихсэн. Үүнийг нэг сцена дээр харуулдаг. Харин би тэр хэсгийг яавал зөв цэгцтэй мөртлөө хэт улс төржихгүй, хөнгөхөн оновчтой үзэгчдэд илэрхийлэх донжийг хайсан. Яалт ч үгүй комедиануудын өнгө төрх харагдсан. Тухайн үед нэг л стэнд ап комеди клуб байлаа. Тэгээд л “UB comedy” клубын комедиануудыг гуйсан. Тэр хэсэг маш сонирхолтой болсон.
-Таны үеэл дүү өөрийн хөтөлдөг подкастынхаа үеэр танаас урлагийн хөгжил, үзэгчдийн сэтгэлгээ, сэтгэлзүй хаашаа чиглэж байгаа талаар зөвлөгөө авдаг гэж хэлэхийг сонссон. Та үеэлдээ ямар зөвлөгөөнүүд өгдөг вэ?
-Батаа маань их мундаг. Би ах нь мөртлөө зөвлөхөөсөө илүү Батаагаас суралцдаг. Бид хоёр найман насны зөрүүтэй. Батаа Хартфорд институтийн маркетингийн менежерийн анги төгссөн. Гадаад хэлтэй, бизнесийн удирдлага талын мундаг боловсон хүчин. Гэтэл 2014 онд шүү дээ Батаагийн аав Батцэнгэл ах “Энэ стэнд ап комеди хийж байна гээд уушийн газруудаар юм яриад явсан чинь тэндхийн хамгаалагч нар нь хөөсөн байна” гээд аав дээр дагуулж ирж, бид нарын өмнө загнаж байсан. Бүр “Ийм сайхан мэргэжил эзэмшчихээд уушийн газруудаар балай юм яриад хөөгдөөд яваад байна. Ингэж явдагийг нь болиулмаар байна” гэхэд Батаа “Би стэнд ап комедиг хаяхгүй. Би энэ чиглэлээр тууштай явна” гэж зоригтой хэлсэн. Тэгсэн өвөө нь ач хүүдээ “Чи үнэхээр хүсч л байгаа бол хэцүү замаа өөрөө туулаад цаана нь гар. Тэгэх юм бол чи амжилтад хүрнэ” гэж хэлж байсан. Би ч бас тэр үед эмчийн мэргэжил, ажлаа хаяад ГИТИС-д элсчихсэн нэгдүгээр курсийн оюутан “солиорчихсон” явж байв(инээв). Гэхдээ л би Батааг дэмжсэн. Миний дүү чи эхнэр, хүүхэдтэй, эзэмшсэн мэргэжил боловсролтой хэрнээ стэнд ап комеди хийнээ гээд явж байгаа чинь чиний дотор ямар нэг юм, энэ төрлийн авьяас, сэтгэлийн дуудлага байнаа гэсэн үг. Тийм болохоор чи үргэлжлүүлээд комеди хий гэж зоригжуулсан юм. Харин одоо Батаа хаана ирсэн байна гэдгийг хараад дүүгээрээ үнэхээр бахархдаг. Хүний сэтлээд гарчихсан замаар явах амархан. Харин хүн явж үзээгүй түнэр харанхуй замаар яваад амжилтад хүрнэ гэдэг мундаг.
театр бол цусгүй тулаан
-Таныг урлагийн хүн болно гэхэд Мягмарнаран гуай “энэ замынхаа дундаас шантраад хүрээд ирнэ дээ” гээд ГИТИС-д элсэхийг тань зөвшөөрсөн гэдэг юм билээ?
-Аав надад чи ГИТИС төгсөөд ир тэгвэл чамайг хүлээн зөвшөөрье гэж хэлсэн. Гэхдээ намайг ГИТИС-ийг дундаас нь хаяна гэсэн тооцоололтой байсан юм билээ. Учир нь театр бол цусгүй тулаан. Тэр олон хүнээс сайн уран бүтээлч болоод шалгарч гарч ирнэ гэдэг маш хүнд. Шалгарч гарч ирлээ гэхэд унахгүй тэндээ тогтох, дээшээгээ ахих бүүр ч хэцүү. Урлаг уран бүтээлчээс нэгэн хэвийн амьдрал шаарддаггүй. Маш идэвхтэй, өдөр бүр өөрийгөө хүчилсэн, дайчилсан тэр “там”-ын амьдралаар амьдарч байж сая нэг урлагийн хүн, уран бүтээлч болдог. Аав энэ замыг амсаад, туулаад ард нь гарчихсан учир хүүхдүүдээ тийм замаар явуулахыг хүсэхгүй. Мөн үр хүүхдээ гэсэн тэр их хайраасаа болоод л урлагаас холдуулдаг байсан байх.
-Аав тань таныг найруулагч болжээ гэж яг хэзээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөв?
-Соёлын төв өргөөнд “Фауст” тоглогдсоны дараа аав намайг хүлээн зөвшөөрсөн дөө. Дараа нь УДЭТ-ын тайзнаа “Хайрын виз” жүжгийг найруулан тавихад аав намайг 100 хувь бүрэн хүлээн зөвшөөрсөн.
М.Батболд: “Фауст”-аас авсан мэдрэмжээ театраар дамжуулан хүн бүхэнд хүргэхийг хүсч байна | ||
Үзсэн: 4315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.