Шууд Chart

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот

2020-10-29 10:58:00

Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км2 газартай. 

Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.

1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хот байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтжээ. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, технологийн төв юм.

1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (ᠥᠷᠭᠦᠭᠡ), 1651 оноос Номын хүрээ (ᠨᠣᠮ ‍ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1706 оноос Их хүрээ (ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1912 оноос Нийслэл хүрээ (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ) хэмээн нэрийджээ. XX зууны эхэнд Богдын хүрээ, Да хүрээ, зүгээр л Хүрээ (ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) гэхэд ойлгодог байсан шиг одоо Улаанбаатар, нийслэл гэж бичих, хот гэж ярихад тодорхой танигдана. 

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр "12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв" гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг.

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө нэртэйгээр одоогийн Улаанбаатарын суурийг үндэслэжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байж. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 

Улмаар 1911 оны 12 дугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон байна.

БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталсан Улсын анхдугаар их хурал, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлэг тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтоожээ. Энэ үед Улаанбаатар хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байсан байна.

1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааг өөрчлөн Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатар гэсэн дөрвөн районд хуваажээ. 1973 онд Гацуурт хороо, 1976 онд Партизан хороо, 1978 онд Багануур хороо шинээр нэмэгдсэн түүхтэй. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, Монголчуудын бэлгэдэл юм. 

 


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот  
Үзсэн: 4866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй