. Тэрбээр МҮОНРТ-ийн “Босго тотго” 60 ангит, “Нарны жим” 55 ангит сериал болон хэд хэдэн бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүр бүтээснээс гадна МҮОНТ-ийн үзэгчдийн дунд “тэсрэлт” хийсэн орчуулгын бүтээл “Бурхан багш” олон ангит киноны Сиддарт, “А” зэрэглэлийн “Брюс Лигийн домог” киноны Брюс Ли тэргүүтэй 13000 мянга гаруй дүрд дуу оруулсан юм.
-Манай сайтын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Багадаа кинонд их дуртай хүүхэд байсан гэсэн. Кино үзэх хобби тань таныг урлагтай холбосон уу?
-Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумынх. Мөрөнгийн I сургуульд элсэж, арван жилээ аймгийн төвд төгссөн. Тухайн үед Мөрөнд приставка (кассет тоглуулагч)-аар нэг киног 50 төгрөгөөр эсвэл ундааны шилээр үзүүлдэг байсан юм. Манай өвөө, эмээ, ээж багш, хожим хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласан хүмүүс бий. Хэдий би багшийн гэр бүлд өссөн ч гэсэн заримдаа хичээлээ таслаад кино үзнэ. 100 төгрөгтэй болвол хоёр кино угсруулаад өдөржин үзээд суучихна. Жэки Чан, Ван Даммын тоглосон киног алгасалгүй үздэг байлаа. Тэр үеэс л кинонд дурлах, кинотой л холбоотой мэргэжил эзэмших хүсэлтэй болсон.
-Соёл урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалт гэж ирсэн хүүхдүүдийн тэн хагасыг заримдаа дийлэнхийг нь буцаадаг хүнд даваа бий. Та элсэлтийн ур чадварын шалгалтандаа хэрхэн бэлдсэн бэ?
-Би төгсөх ангийн сурагч байсан юм. 2003 оны гуравдугаар сард Хөвсгөлийнхөө “Далай ээж” телевизийг үзэж байтал “СУИС-д элсэх хүсэлтэй хүүхдүүдээс шалгаруулж дамжаа хичээллүүлнэ” гэсэн урсдаг зар явлаа. Тэр зараар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт очиход ирсэн хүүхдүүдээс шалгаад 30 гаруй хүүхдийг л дамжаандаа авсан. Тэр дамжааны багш нь “Гарын таван хуруу” киноны Шагдарын хүү Баярын дүрд тоглосон, соёлын тэргүүний ажилтан Нордовын Ганхуяг гэж хүн байлаа. Одоо тэр багш маань бурхны оронд оччихсон. Би тэр багшаасаа л жүжигчин хүний эзэмших ёстой анхан шатны мэдэгдэхүүнээс эхлүүлээд этюд, тайзны ярианы хичээл заалгасан. Тэгж байтал хотоос урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, одоо УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа Найдангийн Ганхуяг, сүүлд Армийн театрт ажиллаж байгаад бурхан болсон Д.Ганхуяг багш ирж шалгалт авлаа. Ингэж л би гурван Ганхуяг багшийн шалгаруулалтаар орж, намар нь СУИС-ийн жүжигчний ангид элсэж, Найдангийн Ганхуяг багшийнхаа удирдлага дор төгссөн.
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй ажил, амьдралаа холбосон үеээ дурсаач?
-Манай анги маш цөөхүүлээ төгссөнөөс уран бүтээл хөөж яваа нь соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Сөрөлт бид хоёр л байна. Төгсөх курсийн дадлага хийх үед Л.Сөрөлт “Би тайзны жүжигчин болно. “Шинэ үе” продакшнд дадлагаа хийнэ” гээд явсан. Би кинонд л дуртай, сонирхолтой хүн чинь оюутан байх үеэсээ л орчуулгын киноны дуу оруулагч-жүжигчин мэргэжилд дурласан. Энэ мэргэжлээр ажиллаж дадлагаа хамгаална гээд л Үндэсний телевиздээ ирсэн.
-Орчуулгын киноны дуу оруулагч-жүжигчин мэргэжлийн ноу-хау юу вэ?
-Дуу оруулагч-жүжигчин болохын тулд эхний ээлжинд сурах ёстой зүйл бол ажиглах. Ахмад үеийн мастеруудаа хараад дүрийн характерыг хоолойн өнгөөрөө хэрхэн илэрхийлж байна, сэтгэлзүйн темперамент дээр өнгө нь яаж өөрчлөгдөв, өөр өөр дүрд хэрхэн дуу хоолойгоо салгаж, хувиргав гэдгийг харж, сонсож, ажиглахад маш их цаг зарцуулсан. Дараа нь хоолойгоо зүгшрүүлэх гэж их хугацаа орсон. Тэр бүхний ард авсан дүрээ дотроо боловсруулаад студидээ ороод чихэвчээ зүүгээд, дэлгэцнээс текстээ уншаад тухайн дүрийг өөрийн дуу хоолойгоор гаргаж ирнэ.
Манай ах, эгч нар бидэнд студийн соёл гэдэг зүйлийг маш сайн зааж өгсөн. Наад зах нь студидээ гар утасгүй орох ёстой. Цаашлаад сэтгэлийн ямар ч тээшгүй, гадна болсон үйл явдал, баяр гуниг юу ч байлаа студийнхээ гадна орхиод л орно. Студид орж ирсэн л бол дуу оруулж буй дүрдээ өөрийн амьдралд буюу студийн гадна болсон үйл явдлын эмоцийг нялах эрхгүй гэдгийг анхнаас нь зааж сургасан.
Мэдээж нэг дуу оруулагч-жүжигчин олон дүрд “хоолой салгана”. Залуу хүнээс хөгшин рүү, гол баатраас эсрэг дүр рүү хоолой салгахдаа тоглохгүйгээр үнэн байх ёстой. Энэ үнэн байх, тухайн цаг мөчид тэр дүрээрээ амьдрах ёстой гэдэг зарчмыг СУИС-ийн оюутан байхад багш нар маань, Үндэсний телевизэд ирэхэд манай орчуулгын киноны дуу оруулалтын мастерууд ч сургасаар ирсэн. Мөн хоолой салгахад тухайн дуу оруулагч-жүжигчнээс маш их авхаалж самбаа шаарддаг.
-Дуу оруулагч-жүжигчдийн хамгийн гол “зэмсэг” нь хоолой. Энэ зэмсгээ хэрхэн “зүлгэж”, хамгаалдаг вэ?
-Мэдээж хоолойгоо арвилах, гамнах ёстой. Жишээ нь хоолой сөөхөөс сэргийлж хүйтэн ундаа, ус уухгүй байх хэрэгтэй. Гэхдээ дуу оруулагч-жүжигчин бүрийн барих гам өөр. Жаахан л хүйтэн зүйл уучихлаар хоолой нь сөөчихдөг хүмүүс байдаг. Нэн ялангуяа тийм хүмүүс хоолойгоо “хайрлаж” байх хэрэгтэй. Олон ангит кино нэг эхэлчихсэн л бол дуу оруулагч-жүжигчид дуусан дуустал нь л авсан дүрүүддээ дуу оруулдаг. Тиймээс өөртөө анхааралтай, маш хариуцлагатай байх ёстой.
Мөн өглөө болгон хоолойн, хэл ярианы дасгал хийдэг. Манай дуу оруулалтын студи чимээ тусгаарлагчтай. Тиймээс гадна байгаа хүнд садаа болно гэсэн зүйл байхгүй учир дуулж ч болно. Өглөө хоолой их унтаа байдаг. Дуулахад хоолой их сайн сэргэдэг учир хоолойн дасгал хийхээс гадна дээд, доод өнгөөр дуулчихдаг.
-Таны оюутны найз жүжигчин Л.Сөрөлт, одоо хамт ажиллаж буй дуу оруулагч, жүжигчин Т.Эрдэнэбаяр (“Тусгай салаа” киноны Дэндэв) мундаг жүжигчнээс гадна сайн дуучид. Та ч мөн чамгүй дуучин гэдгээ харуулж, МҮОНРТ-ийн гоцлол дууны тэмцээнд дэд байрт орж байсан. Дууны уран бүтээл гаргах юмсан гэсэн бодол бий юу?
-Надад яг өөрийн дуулсан дуу байхгүй. Гэхдээ өөрийн хэмжээнд дууны уран бүтээл гаргана гэсэн санаа зорилго бий.
-Хэрвээ та жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжил эзэмших байсан бэ?
-Жүжигчин болоогүй байсан бол би цэрэг, цагдаагийн талын хүн л болох байсан байх. Яагаад гэхээр дунд сургуулиа төгсөх жил би цагдаа, цэргийн алба хаагч, жүжигчин гээд 7-8 мэргэжил тэмдэглэлийн дэвтэртээ бичээд хэд хэдэн өдөр бодож байгаад нэг нэгээр нь дардаг байлаа. Хамгийн сүүлд цэргийн офицер, жүжигчин гэсэн хоёр мэргэжил үлдчихсэн байхад нь Хөвсгөлийн телевизээр урсдаг зар явж таарсан юм.
-Та “Босго тотго” кинонд Монгол Улсын баатар Х.Дамба, “Нарны жим” киноны Онцгой байдлын газрын аврагч Итгэл гээд л тоглосон кино бүртээ цэрэг цагдаагийн дүр бүтээжээ. Жүжигчин бүрт шунан тэмүүлдэг дүр байдаг юм билээ. Та ямар дүрд тоглох хүсэлтэй байдаг вэ?
-13 дугаар зууны түүхэн киноны дүрд тоглохыг хүсдэг.
-Танд тайзны бүтээлд тоглох санал ирвэл зөвшөөрөх үү?
-СУИС-ийн ангийнхаа бага тайз, “Оюутан” театрынхаа тайзыг их санадаг. Хэрвээ тайзны бүтээлд тоглох санал ирвэл өөрийгөө 100 хувь дайчилнаа.
-Орчуулгын найруулагчаар ажилласнаас хойш таны дуу оруулалт цөөрсөн санагдсан.
-Тийм ээ. Орчуулгын найруулагчийн ажлыг хийгээд нэг жил л болж байна. Орчуулгын найруулагч дуу оруулагч-жүжигчиддээ дүрээ хуваарилна. Ам барилт, дуу оруулалт болгоныг хянана. “Бурхан багш” кинонд би нэлээн ачаалалтай ажилласан. Орчуулгын найруулагчийнхаа байрлалд хэсэг суугаад л, Сиддарт хунтайж гарахаар л студидээ орж, дуу оруулалтаа үргэлжлүүлнэ. Дуу оруулалт дууслаа найруулагчийн байрлалдаа шилжинэ.
-Дуу оруулагч-жүжигчид ажилласан дүр бүхнээсээ өөрөө ч мэдэлгүй суралцсаар байдаг гэсэн. Та Бурхан багшийн дүрд ам барихдаа дүрээсээ юуг танин мэдсэн бэ?
-“Бурхан багш” киноны өгүүлбэр үг бүр нь хүн бүрт маш их ухаарал, сургамж өгдөг. Манай мундаг орчуулагчид тэр бүх текстийг эх хэл рүүгээ хөрвүүлээд өгсний ард түүнийг өөрийн хоолойгоор амьдруулахын тулд тархи оюундаа маш их бодож, боловсруулсан л даа. Тэр хугацаанд Буддагийн дүрээс энэрэнгүй байхыг, амгалан тайван байдлыг олж авсан. Аливаа зүйлийн харагдах байдлыг биш дотоод мөн чанарыг харах гэж хичээдэг болсон.
-“Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны Мөрдөгч Сүхдоржийн дүрд сонгогдсоноо хэнээс мэдсэн бэ. Анх дуулаад ямар мэдрэмж төрөв?
-Манай киноны Ерөнхий найруулагч Намсрайн Чингис ах өрөөндөө дуудаад “Чамд “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноныхоо Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошуучийн гол дүр өгье. Чи бүтээж чадах уу” гэсэн. Энэ үгийг сонсоод маш их догдолж, баярлахтай зэрэгцэн эмээсэн, түгшсэн. Эмээсэн хэдий ч “Чаднаа ахаа” гэж хэлсэн дээ. Тэгээд дүрээ авчихаад зохиол дээрээ ажиллах, дүрийн судалгаа хийх зэрэг бэлтгэл ажлаа маш сайн хийвэл миний түгшүүр айдас арилах юм байна гэж бодсон.
-Бэлтгэл ажил, дүрийн судалгаагаа хэрхэн хийв?
-Дүрээ авчихаад шууд цагдаад ажилладаг найз руугаа залгалаа. Надад олон ангит киноны мөрдөгчийн дүр ирлээ. Би чадна гээд хэлчихсэн гэсэн чинь цаг товлоод тэр оройгоо уулзсан. Ингэж найзаасаа цагдаа, прокурорын ажлын талаар анхны мэдэгдэхүүн авчихаад Нийслэлийн прокурор газрын Батболд прокурорын дэргэд дадлага, дүрийн судалгаа хийсэн. Тэнд прокурор, мөрдөгч нарын харилцан яриа, хэрхэн хамтран ажиллаж байгааг харж судаллаа. Дараа нь Батболд прокурорт Улсын мөрдөн байцаах газар дадлага хийх саналаа хэлэхэд зөвшөөрсөн. Сүүлд Эрүүгийн цагдаагийн газар мөн дадлага хийж, байцаалт хэрхэн явагддагийг дэргэдээс нь харж, судалсны дараа Сүхдоржийн дүр босоод ирсэн.
-МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, дуу оруулагч-жүжигчдийн дуу хоолой үзэгчдэд найз нөхөд, дотнын нэгнийх нь мэт ээнэгшин хоногшсон байдаг. Таныг хоолойгоор чинь таньсан тохиолдол хэр олон бэ?
-Нэлээн бий. Таван жилийн өмнө байх шүү эмээ цагаан сараар тэтгэврээ авах гээд банк явчихсан гэхээр нь би эмээг авах гээд очсон юм. Тэгсэн оочер нь болоогүй байхаар нь эмээ та сандал дээр сууж бай. Би таны оронд оочерт зогсъё гэсэн эмээгийн өмнө зогсож байсан эгч “Чи Үндэсний телевизийн дуу оруулагч уу” гэсэн. Тийм ээ гэсэн чинь “Дэндэв (Т.Эрдэнэбаяр) сайн уу. Та хэд гоё ажил хийдэг шүү” гэж билээ.
Саяхных гэвэл “Давхар цагаан шугам”-ын зураг авалт эхлэхийн өмнө кинон дээр Сүхдоржийн өмсөж байгаа саарал хослолыг авах гээд эхнэртэйгээ дэлгүүрээр явсан юм. Тэгээд нэг хослол, зангиа өмсөөд “Энэ хослол надад зохиж байна” уу гэж асуутал худалдагч эгч “Та Бурхан багш мөн үү” гэсэн. Эхнэр хажуугаас “Бурхан багшийн дүрд дуу оруулсан жүжигчин мөн үү гэж үү. Мөн мөн эгчээ” гэж хэлээд. Бид хоёр тэр эгчээс хослол аваад эгч ч хослолынхоо үнийг хямдруулсан.
Киноны эхлэл төгсгөл уншиж байгаа хоолой үзэгчдийн чихэнд илүү хурдан хоногшдог юм шиг санагдсан. Өмнө нь Дармаа ах(Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн) эхлэл төгсгөл (киноны нэр, анги болон орчуулагчид, дуу оруулагч-жүжигчид, инженер техникийн уран бүтээлчдийн нэр, алба, он) уншдаг байсан. Би Дармаа ахаас эхлэл төгсгөл уншиж сураад, одоо эхлэл төгсгөл хийж байгаа.
-Та гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн танилцаж, сэтгэлээ илчилж байв?
-Би хоёрдугаар курсийнхээ зуны амралтаар шатахуун түгээх станцад түгээгчээр ажилласан юм. Намар болоод хичээлдээ орсон ч гэсэн ээлжийн ахлах эгчтэйгээ холбоотой, утсаар ярьдаг, тэдний компанийн урлагийн тэмцээн уралдаан болохоор бэлдэж өгч халтуур хийдэг байлаа. Их сургуулиа төгсөөд Хөвсгөлд гурван сар амрахдаа нөгөө хуурай эгч рүүгээ залгасан хөлөө хугалчихжээ. Хотод ирээд Хөвсгөлөөс авч ирсэн цагаан идээ, загасаа аваад гэрт нь очиж эргэлээ. Тэгээд юм яриад сууж байсан гаднаас охин нь ороод ирлээ. Би ёстой анхны харцаар дурлана л болсон. Гэрээс нь гарахынхаа өмнө хуурай эгчээсээ танай охин найз залуутай юу гэж асуусан үгүй гэв. Дараа нь охиных нь дугаарыг олж аваад мессэж бичиж эхэлсэн дээ.
Хөгжилтэй юм их болсоон. Би чинь эхнэртэйгээ танилцахаасаа өмнө хадам ээжтэйгээ танилцаад бүр хуурай эгч дүү болчихсон хүн(инээв).
-Сайхан яриа дэлгэсэнд баярлалаа.
-Баярлалаа. Аав, ээждээ, ханьдаа, хүүхдүүддээ болон МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны үе үеийн орчуулагч, дуу оруулагч-жүжигчин, уран бүтээлчиддээ, “Давхар цагаан шугам” киноныхоо хамт олонд мэнд хүргэхийн ялдамд баярлалаа гэж хэлмээр байна.
О.Бэлгүтэй: Энэ хослол надад зохиж байна уу гэж асуутал худалдагч эгч “Та Бурхан багш мөн үү” гэсэн | ||
Үзсэн: 20435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.