Шууд Chart

Б.Батзаяа: 21 хоногт ном бичсэн гэхээр зарим хүнд хэт богино хугацаа мэт санагдах байх

2020-11-24 17:15:15

.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Танай редакцын хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Булганбаатарын Батзаяа гэдэг сэтгүүлч мэргэжилтэй, сургалтын байгууллагуудад багшилж байсан туршлагатай. Би боловсролын болон бизнесийн удирдлагын чиглэлээр боловсролын зэргээ ахиулан суралцсан. Сүүлийн хоёр жил Тайваньд суралцаж, төгсөөд эх орондоо ирээд удаагүй байна. Одоогоор олон нийтэд чиглэсэн төсөл болон хувийн төлөвлөсөн ажил тэр дундаа “Тэтгэлэг аппликэйшн” дээр илүү төвлөрч ажиллаж байна.

Б.Батзаяа

-Таныг “Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” номоор тань мэддэг болсон. Энэ номоо бичих сэдэл санаа хэрхэн төрөв?

-Гадаадад суралцахаар явахдаа ном бичих тухай бодол тээж байсан л даа. Гэвч сургалтын үндсэн хөтөлбөрөө тогтсон хугацаанаас нь өмнө дуусгахаар зорьсон болохоор суралцах хугацаандаа зав тун муу байсан. Завтай болоод номын ажил дээрээ нухацтай суух төлөвлөгөөтэй байсан юм. Харин тусгаарлах байр, тусгаарлалтын өрөө надад энэ боломжийг өгсөн гэхэд болно. Бүх оюун бодлоо зөвхөн номын ажил дээр төвлөрүүлэх тийм сайхан боломж ховор, ахиж олдохгүй гэдгийг ойлгосон. Тиймээс эх орондоо ирээд тусгаарлагдах хугацаандаа шууд номоо бичиж эхэлсэн. Гэхдээ номоо одоогийн нэрээр нэрлэнэ гэж төлөвлөөгүй. Бичиж байх хугацаандаа нэгэнт л тусгаарлалтын өрөөнөөс номоо бичсэн болохоор “Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” гэж нэрлэх нь илүү утга учиртай юм байна гэж санагдсан. Дассан орчноосоо тодорхой хугацаанд холдож, ганцаараа илүү их цагийг өнгөрөөсөн нь мөн Тайваньд суралцаж байх хугацаандаа олон орны залуустай найзалж нөхөрлөсөн минь энэ номоо бичихэд хамгийн их дөхөм болсон. Хэрэв би сурахаар хилийн дээс алхаагүй бол энэ ном маань бичигдэхгүй байсан гэх хэлэхэд болно.

-Өөрийн номоороо дамжуулан уншигчдадаа ямар мэдрэмж төрүүлэх, юуг хэлж өгөхийг хүссэн бэ?

-Ном гэдэг тухайн уншигчийг зохиогчийн ертөнцөөр аялуулж, харж буй “өнгө”, өнцгийг мэдрэх боломж олгодог. Миний хувьд суралцах мөн аялах хугацаандаа олж харсан болон хувь хүний бодолд илүү хүчтэйгээр бий болж байгаа өөрчлөлтийн тухай уншигчдад хүргэхийг зорьсон. Гэхдээ 21 хоногт номоо бичиж, дуусаад энэ зөвхөн аяллын тэмдэглэл биш хувь хүний хөгжлийн ном, нарийн хэлвэл бүтээмжийн тухай ном болжээ гэдгийг ойлгосон. 21 хоногт ном бичсэн гэхээр зарим хүмүүст хэт богино хугацаа мэт санагдах байх. Гэхдээ энэ хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, юуг хамгийн түрүүнд мөн өдөр бүр хийх ёстой вэ гэдгээ ухамсарлаж ажиллавал хангалттай үр дүн гарч болохыг би өөрөө мэдэж авсан. Мөн тусгаарлалтын хугацаа дуусаад буюу номоо хэвлэлд шилжүүлчихээд хувь хүний бүтээмжийн тухай судалж сонирхох болсон. Тодруулж хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Дэвид Эйзенхауэр дэлхийн томоохон хөрөнгө оруулагч, бизнесмен Уоррен Буффет болон бусад олон хүний бүтээмжийг нэмэгдүүлэх онол, арга барилыг сонирхож судлалаа. Тэдний арга барил хоорондоо өөр боловч чухал ажлаа тодорхойлж тэр ажил дээрээ хэрхэн төвлөрөх тухай өөр өөрийн туршлагыг хуваалцсан байдаг юм билээ.  Мөн зохиолч Энтони Троллопын тухай нэг баримт олж уншсан. Тэрээр нийт 47 роман болон бусад зохиол өгүүллэг бичсэн. Хамгийн сонирхолтой нь тэр өөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой арга барилтай байсан бөгөөд тодорхой давтамжтайгаар бичих дадалтай болсон нь бүтээмжийг нэмдэг байж. “Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” ном өдөр бүр тодорхой давтамжтайгаар бичсэний үр дүнд бодит биеллээ олсон. Энэ утгаараа уншигчид энэ номноос  минь бүтээмжийн тухай давхар сэдэл авна гэж найдаж байна.

-Та өөрөө хамгийн сүүлд ямар ном уншив?

-Сүүлд яруу найрагч С.Начингийн “Сэтгэлийн хэц” яруу найргийн түүврийг уншлаа. Мөн Майкл Роачийн “Очир огтлогч” номыг уншиж байгаа.

-Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед гэртээ байгаа хүмүүст өөрийгөө хөгжүүлэх ямар зөвлөгөө өгөх вэ?

-Цар тахлын улмаас улс даяар хатуу хөл хорио тогтоогоод байгаа учир мэдээж ихэнх хүн гэртээ байгаа. Энэ хугацааг бүгд л өөр өөрийнхөөрөө өнгөрөөж байгаа байх. Завгүй их ажиллаж байсан зарим хүн амрахыг илүүд үзэж байгаа бол хөл хориог үр дүнтэй өнгөрүүлж бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүмүүс ч бий. Миний хувь хувь хүний бүтээмж хэрхэн илүү сайжрах боломжтой тухай мэдээлэл цуглуулж, энэ талаар илүү сонирхож хол хориог өнгөрөөж байна.

Танай сайтын уншигчдад “Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” номоо бичихэд хэрэгжүүлсэн арга барилаа хуваалцах нь зөв байх. Эхлээд төлөвлөгөө гаргах нь чухал. Яг ямар зүйлс хийхээр төлөвлөж байгаагаа бичнэ. Тухайн хийхийг хүссэн зүйлдээ хэдэн өдөр хэр хугацаа зарцуулахаа мөн тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл дасгал хөдөлгөөнд 30 минут, ном уншихад нэг цаг гэх мэт яг ямар зүйл хийхийг хүсэж байгаагаа төлөвлөх юм. Ингэж бичиж тэмдэглэсэн бүх зүйлээ тухайн өдөр заавал хийх ёстой. Гэхдээ өдрийн хэдэн цагт хийхээ тухайн өдрөө өөрөө шийдээд явж болно. Гагцхүү төлөвлөсөн ажлаа амжуулах ёстой. Мөн түүнийг хэрэгжүүлэхэд хувь хүн өөрөөсөө мөн бусдаас аль эсвэл хэрэгцээтэй шаардлагатай зүйлс юу дутмаг байгааг олж шийдвэрлэх буюу бэлтгэлээ хангах нь чухал. Эцэст нь өдөр хийсэн ажлаа орой нь дүгнэж сайжруулах тухай тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Би тусгаарлах байранд 21 хоног ийм зарчмаар ажилласан. Энэ л миний өгөх зөвлөгөө.

-“Тэтгэлэг” аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Тэтгэлэг” аппликэйшн гурван жилийн турш сайн дурын ажил хэлбэрээр үргэлжилж байгаа төсөл. Би оюутан байхдаа тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл хайж байнга найзуудаасаа асуудаг байсан юм. Учир нь тэтгэлэг болон тэмцээн уралдааны тухай мэдээллийг их дээд сургуулиудын зарын самбар дээр байршуулдаг боловч тэр мэдээлэл ямар нэгэн хэлбэрээр алга болоход л оюутнууд мэдээлэл авч чадахгүй хоцордог. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэсэн бодлыг олон жил тээж яваад энэ аппликэйшнийг бүтээсэн. Гурван жилийн хугацаанд манай аппликэйшний хэрэглэгчдийн тоо улам бүр нэмэгдэж байна. Нийт 100 мянга гаруй залуус татаж авсан учир анх сайн дурын үндсэн дээр ажиллуулж эхэлсэн аппликэйшн маань одоо илүү хариуцлагатай ажиллахыг шаардах болсон. Тиймээс илүү хариуцлагатай байж, чанараа сайжруулах зорилгоор шинэ арга барил, бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Залуу хүний заавал эзэмших чадварууд гэвэл та юуг хэлэх вэ?

-Одоо аливаа зүйлийг заавал гэж тулгах нь тийм ч оновчтой биш байх. Учир нь бидний мэдэхгүй маш олон ур чадвар гайхалтай бүтээмж, үр дүнг бий болгож байна. Уламжлалт хэлбэр өөрчлөгдөж, цахим хэрэглээнд суурилсан болон өөр бусад олон шинэ зүйл төрөн гарч ирсэн. Магадгүй суурь хүмүүжил гэдэг шиг хүн нийгмийн дунд оршиж байгаагийн хувьд харилцааны ур чадвар буюу бусадтайгаа зохицон амьдрах талаа орхигдуулахгүй байх нь зөв гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Батзаяа: 21 хоногт ном бичсэн гэхээр зарим хүнд хэт богино хугацаа мэт санагдах байх  
Үзсэн: 4618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй