![](/uploads/201405/news/thumb/ed89226c55358f94505832142a3a9901_x3.jpg)
Агаарт 14 цаг тогтож, цагийн зөрүүгээр “хэмнэлт” хийв
Миний суудал онгоцны баруун жигүүрийн цонхон тушаа таарчээ. Зорчигчид суудлаа эзлэх завсар эргэн тойрноо сонирхон ширтэж, цонхоор бүүдийн цайвартах шөнийн саарал орчинг лавлан харлаа. Гадаа эх орны минь нэгэн шөнө үүдээ дэлгэж байхад нийт зорчигчдын ихэнх хэсгийг эзэлсэн монголчууд өөр нэгэн орны хилийн дээс агаарын тээврээр дамжуулан алхах гэж байна.
Нэлээд хэдэн залуухан лам бидэнтэй хамт зорчиж таарсан бөгөөд шашны сургуулийн түр солилцоогоор суралцагсад бололтой. “Очоод хэд хоног бужигнуулж байгаад ирэх юм шүү” гэх аяны хөнгөн зугаа зүйлс ярьцгааж, өөр хоорондоо шуугилдана. Мөнхүү бие нь зовиуртай байгаа болов уу гэмээр хүмүүс нүдэнд тусах юм. Тэд өнөөх л гадагшаа эмчлүүлэхээр одогсдын цуваа гэдэг нь хараад л танигдана. БНСУ-ыг зорьж байгаа нийт иргэдийн 70 орчим хувь нь эмчилгээний шугамаар зорчдог гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн сайдын тусгай зөвшөөрлөөр батлагдсан гадагшаа явж эмчлүүлдэг 33 өвчний бүртгэл манай улсад байдаг бөгөөд эдгээр өвчнүүдийн ихэнхийг БНСУ-д эмчлүүлдэг гэдэг. Хэл ус мэдэхгүй ч элгэн садан, үр хүүхэд, эцэг эхийнхээ амийг аврахаар хамаг байдгаа шавхаж өвөртлөөд эх орноосоо хөдөлж буй эдгээр элэг нэгтнүүдээ хараад эрхгүй нэгийг бодмоор.
БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудал дээр би ийм бодол тээсээр ирэв. Буудлаас гарч, тал тал тийш салбарлан одох эдгээр хүмүүс чухам хаа хүрэх бол. Бидний нэгэн адил цөөн хэдэн томилолтын хоногтоо захирагдан яаран буцах нь хэд бол гэсэн бодол үе үе зурсхийнэ. МҮОНРТ-ийн зүгээс Монгол орны өнцөг булан бүрт тогтмол зохион байгуулдаг үзэгч, сонсогчдын уулзалтаа анх удаа хилийн чинадад, тэр дундаа АНУ-ын Вашингтон ДиСи хотод амьдран суугаа монголчуудынхаа дунд хийхээр ийнхүү томилолтын багийг илгээж, бид
Инчоны нисэх буудал дээр дараагийн нислэгээ хүлээн найман цаг саатах хэрэгтэй болж байгаа нь энэ.
Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь жилдээ 30 сая хүнд үйлчилдэг бөгөөд дэлхийн томоохон нисэх буудлуудын жагсаалтыг 2009, 2012 онд тэргүүлээд байгаа улсынхаа нэр хүндтэй үйлчилгээний газруудын нэг юм. Уг буудал дэлхийн 70 гаруй агаарын тээврийн компанитай хамтарч ажилладаг аж.
Буудлын хамгийн алдартай үйлчилгээ нь дамжин өнгөрүүлэх. Усан сан, цэцэрлэгт хүрээлэн, 240 хүний суудалтай хоёр танхим бүхий кинотеатр, гольфын талбай, спа төв, амралтын өрөөнүүд, мөсөн гулгуурын талбай, казино болон мэдээллийн төвтэй. Зорчигчид онгоцонд суухдаа ердөө 16 минут, газардаад буухдаа 12-хон минутыг зарцуулдаг юм байна.
Бид хүлээх танхимд тухалж, түр зүүрмэглэх, цай кофе уух маягаар найман цагийг ардаа үдэж, өглөөний 10:15 цагт АНУ-ын Вашингтон ДиСи хотыг зорив. Цагийн зөрүүний ойлголтыг онгоцонд 14 цагийн турш агаарт тогтсон мэт мэдрэмжийн дунд эдлэх нь тэнүүн уудам талдаа дураар тоглож өссөн бидний хувьд тийм ч таатай бус. Томилолтоор явахаас хэдхэн хоногийн өмнө Английн зохиолч Х.Г.Уэльсийн алдарт “Цаг хугацааны машин” зохиолын орчуулгыг хүүхдийн шилмэл “Эрдэнэсийн сан-108” цувралыг эрхлэн гаргагч “Хөх дэвтэр” хэвлэлийн газрын хүсэлтээр ажлын заваар хянаж өгсөн явдал санаанд бууна. Цаг хугацаагаар аялагч машиндаа суугаад өдөр, шөнө солигдохыг, нарны өнгө улааран гийхийг, байгалийн өнгө хувьсан өөрчлөгдөхийг ширтсээр явдагсан. Хүн бүрийн толгойд минийх шиг дэггүй бодол харван орж ирээгүй нь тодорхой.
Хязгааргүй цэлийх далай, тэнгис дээгүүр ниссээр мөн өдрийнхөө өглөөний 11:55 цагт АНУ-ын Даллас олон улсын онгоцны буудалд буув. БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудлаас энэ хүртэлх зайд агаарт 14 цаг тогтсон мөртлөө мөн өдрийнхөө цаг гаруйхны хугацааны дараа нисэн ирж байгаа нь энэ. Ийнхүү шахуу хөтөлбөрийн дагуу яваа бидэнд цагийн зөрүү “цаг хэмнэх” ухааныг зааж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх авай.
АНУ-ын Даллас Порт Уэрт олон улсын нисэх буудал нь 113.9 км.кв талбайтайгаараа дэлхийн арван том нисэх буудлын долоодугаар байрт ордог аж. Хөл хөсөөн ихтэй уг онгоцны буудалд бид газардсаныхаа дараа АНУ-д хэдэн сарын хугацаатайгаар зорчих эсэхээ гаалийн ажилтны тэмдэглэгээгээр баталгаажуулах ёстой. Тусгайлсан группээр яваа гэх утгаар зургаан сарын эрх олгосон бөгөөд томилолтын цөөн хэдэн хоногоо дуусгаад л буцах хөтөлбөртэй бидний хувьд уг үйл явдлыг онцлон хүлээж авсангүй. АНУ-д хэсэг хугацаанд ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүсийн хувьд гаалийн ажилтны олгож уг буй хугацаа нь ихээхэн ач холбогдолтой байдаг аж.
Ачаа бараагаа авч байх зуур бидэн дээр нэгэн монгол эмэгтэй зорьж ирлээ. БНСУ-ын korian Air компанийн зорчигчид хүлээн авах үйлчилгээний ажилтан энэ эмэгтэй бидэнд сайн дураараа хөтчийн үүрэг гүйцэтгэж, онгоцны буудлаас гарах хүртэлх бүхий л үйлчилгээг дагалдан явж, тайлбарлаж байсан нь сэтгэлд дотно санагдав. Сүүлд сонсох нь ээ, түүнийг Вашингтон ДиСи дэх монголчууд анддаггүй бөгөөд монгол хүмүүс хаана дуугарна, тэнд гүйж очин, шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлдэг эх орноосоо хол ажиллаж амьдарч буй монголчуудын минь нэгэн төлөөлөл юм билээ.
Зэрвэсхэн танилцсан Вашингтон ДиСи
Цагийн зөрүүнээс үүдэн уран бүтээлчид бага зэрэг ядарсан харагдана. Гэвч тоосон шинжгүй. Энэ тэрийг ажиглангаа тосох хүнээ хүлээлээ.
Биднийг тосохоор бага оврын автобус хөлөглөсөн сандруу шар ах ирсэн нь найруулагч Т.Амармэнд, сэтгүүлч Д.Агаанноров нарын хөрөг нэвтрүүлгийн зочин юм. Тэрээр тээшнүүдийг асар хурдан хугацаанд ачсанаар бид тэднийд мөн л маш богино зам туулан ирэх шиг санагдав. Үнэхээр эднийх Даллас олон улсын нисэх онгоцны буудалд хамгийн ойр амьдардаг Стерлинг муж дахь /манайхаар бол дүүрэг/ монгол айл аж. Аян замын ядаргаагаа гахайн шарсан мах, хөнгөн шөлөөр дарснаар уран бүтээлчид ажилдаа орж, нөгөө хэсэг нь буудлын зүг жолоо залав аа.
Т.Өлзийсайхан гэгч энэ эрхэм эхнэрийн хамт хойд хөршид урлагийн боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа өгсүүлэн балетийн урлагт хүчин зүтгэж явсаар Вашингтон ДиСи хотноо “Sterling Ballet academy”-аа үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж байгаа аж.
Хөрөг нэвтрүүлгийн зураг авалт бүхэл өдөржин үргэлжилж, уран бүтээлчдийг буудалдаа ирэхэд зураглаач Т.Отгонжаргалын төрсөн ах зэргэлдээх хотоос арван жилийн турш уулзаагүй дүүтэйгээ учран золгохоор зорин ирсэн байлаа. Дүүгээ эх орноосоо нисэхээс өмнө Вашингтон ДиСи хотноо ирэн, бидний байрлах буудалд өрөө аван саатаж, хүлээсээр суусан ах, дүү хоёрын учрал чухамдаа “Амьдралын үргэлжлэл” нэвтрүүлэг мэт хачин эмзэг сэтгэгдэл төрүүлэв. Тэрээр эхнэрийн хамт бидний томилолтын хугацааг дуусан дуустал уг хотод саатсан бөгөөд ганц оператор бүхэл бүтэн арав орчим томоохон нэвтрүүлгүүд дээр ажиллаж, өдөр өнжилгүй камерийн ард дүрс манан зогсож байхад ах нь дүүгээ хүлээсээр биднийг бараадан явдаг сан.
Оройтож буудалдаа ирсэн болохоор их хотын соёл энэ тэрийг гайхаж амжсангүй, амрахаар хэвтэв. Түрүүлж ирсэн хэд буудалдаа аль хэдийнэ төвхнөж, эндхийн хүнсний эрүүл ахуйг гайхан шагшицгаах бөгөөд сэтгүүлч П.Алтанцэцэг эгч маань томоо гэгчийн дэвтэр, нэлээд хэдэн ширхэг тосон бал авснаа үзүүллээ. Тэрээр нэгэн насаараа сэтгүүлч хийж, хөдөө хээр тэнэж үзсэн хашир хүний намба зааж, нэвтрүүлгийнхээ текстүүдийг шууд бичээд явчихдаг нэгэн ажээ. Үнэхээр ч П.Алтанцэцэг эгч томилолтын хугацаанд бүхий л ажлаа амжуулж, ирэнгүүтээ Баян-Өлгий аймгийг зорьсон доо.
Томилолтын багийнхан маргааш өглөө нь эртлэн босоод “Вашингтон ДиСи хот дахь Монгол сургууль”-д зочиллоо. Эх орондоо амьдарч байх хугацаандаа боловсролын салбарт ажиллаж явсан сайхан сэтгэлт хүмүүсийн санаачилгаар үүсэн байгуулагдсан уг сургуулийн талаар дэлгэрэнгүй СУРВАЖЛАГА нийтлэгдсэн.
Сургуульд зочилсны дараа үдээс хойш АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яаман дээр “МҮОНРТ-ийн ҮЗЭГЧ СОНСОГЧДЫН УУЛЗАЛТ-тай байсан бөгөөд дундах багахан хугацааг ашиглаж, бид хоттой танилцлаа.
Вашингтон ДиСи хот нь АНУ-ын төрийн захиргаа оршдог гэдэг утгаараа ерөнхийдөө нам гүм, тайван хотуудын тоонд ордог аж. Ногоон байгууламж, хаус зохион байгуулалт бүхий барилгууд хотын ихэнх хэсгийг эзлэх бөгөөд нэг л их өндөр барилгууд дунд очно байх гэсэн миний төсөөлөл онгоцны цонхоор тайллаа олж эхэлсэн юм.
Вашингтон хот нь1790 оны долоодугаар сарын 16-нд байгуулагдсан түүхтэй бөгөөд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн хот юм.
Бидний томилолтын үеэр Сакура цэцэглэж таарсан нь бас нэгэн үзүүштэй зүйлс болж таарсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улсын зүгээс найрамдлын бэлгэ тэмдэг болгон АНУ-д Сакура мод олныг бэлэглэж байсан гэдэг. Жилд ердөө нэг удаа 14 хоног орчим дэлгэрдэг уг моддын бэлгэдэл, үзэсгэлэнт байдалд талархлаа илэрхийлж, тусгайлсан баяр зохион байгуулдаг аж. Тиймээс хотын төв, Смитсонионы хүрээлэнд биднийг дурсгалын зураг татуулахаар саатсан богино мөчүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байв.
Вашингтон ДиСи хотын хамгийн олзуурхууштай санагдсан бас нэгэн зүйл нь улсын чанартай томоохон музейнуудаа үнэгүй үзүүлдэг явдал. “Смитсонионы хүрээлэн” гэгдсэн уг том талбарт түүх, байгаль, уран зураг, орчин үеийн урлаг гэхчлэн арав гаруй томоохон музейнууд нь байх. Музейнууд нь дотроо төрөлжилт олонтойн дээр мини кино театр, уншлагын танхимаас өгсүүлээд бүхий л төрлийн үйлчилгээтэй тул тайван хэсээд явахад цаг их ордог талаар монголчууд ярьж байлаа. Мэдээж музей хэсээд явах цаг зав байхгүй тул гадна нь очиж, зураг даруулах төдийхнөөр аялсан гэдгээ нуугаад яахав.
СТА, цамын урлаач Н.Ганхуяг ахын гэрт зочлон, “Редакцийн зочин” булангийн ЯРИЛЦЛАГА ХИЙНГЭЭ өнөөх алдарт “Смитсонионы хүрээлэн”-гээр дайрч хэдэн патиар татуулав. Тэрээр “Миний дүү очоод, Смитсонионы хүрээлэнгийн ихэнх музейг үзсэн гэж ярьдаг юм шүү. Тэгвэл чамайг хоттой нь бүрэн танилцжээ л гэж хэлнэ” хэмээн нүдээ ирмэн инээсэн нь учиртай үг бололтой.
Эхний хэдэн өдрийн туршид бид томилолтын багаараа албан ёсны товлолт арга хэмжээнүүдэд оролцож явсан болохоор хотын сонин сайхантай машины цонхоор, МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаярын тайлбарласны дагуу ухаж ойлгоцгоов. Миний бие нэлээдгүй хойно сууж таарах тул зарим мэдээллийг сонсож чадахгүй бөгөөд хажуу дахь сэтгүүлчээ байсхийгээд л нудчин, ярьсныг нь лавлаж асуух хэрэг гарна.
Байнга инээж явах дэд захирал маань энд багагүй хугацаанд сэтгүүлчээр, UBS телевизээр “Америкийн өнгө” нэвтрүүлгийн 300 гаруй дугаарыг бэлтгэн хүргэсэн туршлагатай нэгэн билээ. Тэрээр анхлан гадагшаа тэр дундаа 25-30 мянга орчим монгол хүмүүс оршин суудаг АНУ-д үзэгч, сонсогчдын уулзалт хийх санаачилгыг гаргаснаас хойших бүхий л ажилд бидэнд хөтчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Бас болоогүй жолоогоо барина. Хааяадаа хөгжилтэйгөөр инээж, “Даргаараа хөтчөө хийлгэж, жолоогоо бариулаад л...” гэж биднийг цаашлуулах хэдий ч ажил бол ажил, цаг бол цаг гэсэн зарчмаар “ясчлан” ажиллаж буй нь эрхгүй хүндлэл төрүүлнэ. Ямар сайндаа л гэр бүлийнхэн нь “Хаа холоос ирчихээд, бидэнд үзэгдсэнгүй” гэж гомдоллохов.
“Өмөлзсөн” сэтгэлтэй Монголчууд минь
Бидний гол зорилго бол үзэгч, сонсогчдын уулзалтаар дамжуулан долоо хоногийн турш, АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын өдөр тутмын амьдралын хэвшил, тус улсын ахуй орчин, нийгэм соёлын байдалтай нь хэрхэн дасан зохицож, аж төрж буйг нээн харуулах зорилго бүхий мэдээ, сурвалжлага, нийтлэл, ярилцлага, ток шоу, үзэгч, сонсогч, редакцийн уулзалт, нэвтрүүлгүүдийг бэлтгэх явдал. Тиймдээ ч бид очсон цагаасаа буцах хүртлээ монголчуудынхаа дунд байсаар ирсэн юм. Дашрамд дуулгахад, бидний бэлтгэсэн НЭВТРҮҮЛГҮҮД энэ сарын 10-ны өдөр МҮОНТ-ийн бүтэн өдрийн эфир болон үзэгчдэд хүрнэ гэдгийг дуулгахад таатай байна.
Уулзалт Вашингтон ДиСи хот дахь Монголчуудын холбоо, Монгол Улсын элчин сайдын яам бусад сэтгэл зүтгэл нэгтэй олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдав. Монгол сургууль дээр биднийг ирэх сургаар зорин очсон хүмүүс, үзэгч сонсогчдын уулзалт дээр цаашлаад СТА, дуучин Л.Болдбаатарын“МОРИН ЖИЛИЙН ХИЙМОРЬ" тоглолтон дээр нүд нь гэрэлтчихсэн цохиж явах жишээтэй. Тус тоглолтон дээр нэлээн олон монгол хүн хүрэлцэн ирж, нэг үдшийг дуу хуур, элэг нэгт ахан, дүүсийнхээ дунд өнгөрүүлээд сэтгэл нь хөвсөлзсөөр гэр гэрийн зүг одоцгоов.
Тоглолтын эхэнд зураг даран гүйж явтал нэг л их танил хүн орж ирлээ. Лавлан харах нь ээ, МУСГЗ, яруу найрагч Ч.Дагвадорж багш. Их сургуулийн хичээлийн танхимд “ардын дуу болтлоо” олон түмний сэтгэлд хоногшсон “Будантай юу буурал хорвоодоо бүүвэйлж өсгөсөн ээж минь” хэмээх дуугаа цахирсан хоолойгоор эгшиглүүлж, эжийгээ насан үүрд болохоос нь өмнө очиж амжаагүй тухай шүүрс алдам түүхээ хүүрнэдэг байсан багш минь аажуухан алхалсаар танхимд орж ирсэн юм. Сургууль төгссөнөөс хойш тэрийн бүр тааралдах завшаан олддоггүй багштайгаа энд таарах хувьтай байжээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард гэр бүлийн хүний хамт хүүгийндээ зорин ирж, хэсэг хугацаанд саатаад байгаа нь энэ аж.
Уран бүтээлч хүний хувиар бас ч үгүй зүгээр суухгүй. Байнга тэмдэглэл хөтлөж, үр ач нартаа төрийн дууллыг нь заан сургаж, Монгол сургуулийн үйл ажиллагаанд зөвлөдөг талаараа дурсав. Багшийн нэгэн адилаар түр болон урт хугацаагаар амьдарч буй хөгшчүүл хэд хэд тааралдсан бөгөөд бүгд л нутаг орноо санасан, монгол ахуйгаараа үр ачаа өсгөх ухаан сүвэгчилж байгаа талаар ярьсан буурлууд байсан нь туйлаас олзуурхууштай санагдана.
Ер нь уран бүтээлч хүмүүс дэргэдүүр нь урсаад өнгөрч байгаа мэдээллээс тас зөөрөөд явчихаж чаддаггүй онцлог чанартай. Бидний томилтын хугацаанд зураглаач Б.Отгонжаргал эгчийн ажлыг хөнгөвчилж, мөн дээрээс нь өөрсдийнхөө ажлыг ч амжуулж яваа сэтгүүлч, найруулагч нөхөдтэй тааралдав. Тэд МҮОНРТ хэмээх их айлаас ажлынхаа гарааг эхэлж, амьдарлын хувь тохиолоор АНУ-д ажиллаж байна. Монголчуудын өдөр тутмын амьдрал, баяр жаргалтай мөчүүд, бахдам амжилтуудын олон мэдээг зөвхөн өөрсдөө сонсоод өнгөрчихөж чадахгүй, мэргэжлийн өвчнөөр өвчилсөн тэдгээр уран бүтээлчид UMON TV-ийн долоо хоног тутмын “Манайхан” теле сэтгүүлийг бэлтгэн хүргэдэг. Мөнхүү аз тохиолоор Л.Болдбаатарын тоглолтын үеэр сэтгүүлч Д.АДИЛЗАЯА , Б.Мижиддорж нарын хийсэн бүтээснийг зүй ёсоор үнэлж, МҮОНРТ-ийн зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.
Томилолтын эхний өдрүүдийн дараа нэвтрүүлгүүдийн зураг авалт эхэллээ. Бидний байрласан буудлаар орж гарах, хөөрсөн хөгссөн монголчуудын хөл хөдөлгөөн тасарсангүй. Арга ч үгүй биз дээ. Монгол Улсын 140 орчим мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Үүнээс 25-30 орчим монгол иргэн АНУ-д суурьшиж байгаа бөгөөд тэр дундаа найман мянга орчим монголчууд Вашингтон ДиСи хот орчимд төвлөрөн суурьшдаг аж.
Тэд амь нэгтэйгээр наадмаа тэмдэглэж, цагаан сарын золгуут хийн, үрсийнхээ үсийг хүртэл Монгол маягаар үргээж байна. 16 нас хүрч, манайхаар бол наймдугаар анги төгссөн л бол ажил хийж, хэн нэгний төлөө амьдрах утга учрыг мэдэрч эхэлнэ. Хэн нэгний төлөө гэдэг бас их учиртай үг ээ. Бидний төсөөллөөр АНУ-д байгаа л бол “жаргалтай сайхан”. Гэвч үгүй аж. Өндөр хөгжилтэй оронд амьдрахын төлөө цаг наргүй зүтгэж, сурч, боловсорч байгаа залуусын төлөөллөөс өгсүүлээд үр хүүхдээ сургахаар мэрийж буй эцэг, эхчүүдийн хөдөлмөр, бизнес эрхэлж, подхийсэн амьдрал бүтээсэн налгар эрхмүүд, уран бүтээлээрээ амьдралаа босгосон сэргэлэн нүдтэй дунд үеийнхэн. Тэд бүгд нэг зүйлээр туйлаас хоорондоо адилхан. Тэр нь эх оронч үзэл. Мөн дээрээс нь зуун олон хоног зовж зүдэрч олсон хэдээ эх орон руугаа л илгээдэг тэр дадал. Асар их валютын урсгал манай улсад эдгээр хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр тээгдэн ирж, байр, машин, барилга, байгууламж, өмсөж зүүх тэргүүтэн болдог.
Хоногийн 24 цагт ердөө зургаан цаг унтаад л хөдөлмөрлөхийн хажуугаар сурч, монголчуудтайгаа нэг их уулзаад байдаггүй шазруун охидууд олон бий гэнэ. Тэднийг Монгол залуус нь эргүүлдэж, тойглосон ч үл ойшоох бөгөөд Монгол руу явуулах валют, өөрт ногдож буй цаг хугацаандаа их л харам ханддаг гэх. Хэдэн оюутан залуустай бүтэн оройжин ярьж суулаа. “Бид энд зовдог юм шүү дээ. Тийм байхад энд ирэхийн хүслэнтэй залуусын олныг яана” гэж шогширцгооно. “Сайхан гээд ойлгуулаад байгаа нөхдүүд ч бий л дээ. Тэд бол баян эцэг, эхтэй хүүхдүүдийн л яриа” гэсэн тайлбар хийлээ.
- Та нар энд удаан амьдарчихаад, хар охин “чихдэж” чадахгүй байна уу хэмээн тоглоом, шоглоомын завсар асуувал,
- Бид Монгол цусаа хайрладаг юм аа гэж эрс шулуухан хариулт илгээх юм.
Хачин ухаалаг үг хэд хэдийг олж сонсов шүү. Ярилцлага өгөх дургүй юм. Зовж, зүдэж байна, бодит байдал хэцүү ш тээ гэж ярихаас халгав бололтой. Монгол хүний цусанд байдаг чанар тул яая гэхэв. Омголон бардам хэдий ч тэд тэгээс нь эхлүүлсэн амьдралдаа эдүгээ цагт эзэн нь болж чаджээ.
- Монголд очоод ингэж зовж эзэмшсэн мэргэжлээрээ өндөр албан тушаалтай ажилтан нь болмоор байна.
- Яах нь уу?
- Эх орондоо хэрэгтэй ядаж ганц ажил хийчих юм сан... гэх жишэээтй. Дарга болох хүсэл нь манай залуусаас арай өөрөөр төлөвшсөн нь энэ.
Буцах болоход нэг оюутан хэдэн ширхэг айхтар хүнд ном дайлгав. Өөрийн гэсэн ачаа тээш бага болохоор авч л орхилоо. Тээшээ авч ирж өгөнгөө “Та үүнийг зүүчих. Намайг очтол сайн хадгалаарай” гээд чулуун шилтгээтэй мөнгөн бугуйвч гаргаж ирэв. Мөн ээмэг. Эх орон руугаа ном, эжийдээ ээмэг, бугуйвч. Эрэгтэй хүүхдээс гарамгүй нарийн ухаан мэт сэтгэгдэл төрсөн тул золтой л уйлчихсангүй. Толгой дохиод тээшийг хүлээн авлаа.
Яг ийм эмзэг сэтгэгдэл сахилгагүй байрын гүйлгэсэн нүдтэй ДАМБЫН ЦОЛМОН гэх зураачтай ярилцаж байх зуур төрөв. Тэрээр Монголд оччихоод буцахдаа билетээ тав дахин хойшлуулахад хүрдэг гэнэ. Яг явах болтол явмааргүй санагдаад, халшраад явчихна. Тэгээд л билетээ хойшлуулдаг гэж яриад, нулимс нь мэлтэгнээд ирсэн юм даг.
Монгол Улс руугаа буцах хоногоо тоолж, шөнө бүр төрсөн нутаг усаа зүүдэлж хонодог нас намбатай идэр насныхантай уулзахад арай л алсуур сэтгэж буй нь мэдрэгдэнэ. Тэд энд хийж буй ажлаа эх орондоо үргэлжлүүлэх, соёлын үр тарих чин хүсэлтэй болжээ. Гадаадад амьдарч байгаа гэхээр л хар бор ажил хийж, мөнгө хуримтлуулдаг гэх түгээмэл ойлголт бий. Гэтэл үгүй ээ. Эсрэгээрээ бизнесийн салбарт нь хөл тавьж, багагүй орлого олчихдог эрхмүүд нэлээн хэд тааралдав. Анх АНУ-д ирээд аяга тавагхан угааж, ажлаа эхлүүлж байсан Г.ЭНХТӨР хэмээх хүмүүн өнөөдөр товхийсэн чулууны үйлдвэртэй болчихож. Үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор манайхаар бол “Үйлдвэр комбанит” маягийн төрөлжсөн цэгт ирж суурьшиж байгаатай нь очиж танилцлаа. Монголчууд хаана ч амьдарч чадаж байна гэсэн бодолтойгоор тэндээс хөдлөв.
Зочилсон айлууд мах шарж, стейк хийн угтах бөгөөд бууз, хуушуур, цуйванг бол жинхэнэ утгаар нь хийж байна. Үхрийн гүзээ, булчин махаар амталсан шөлний газарт хоол идүүлэх дуртай бөгөөд дэлгүүр хэсэх үү? Ямар тусламж авмаар байна гэх хүмүүс захаасаа аваад л олдож байлаа. Ажлын хажуугаар тэдгээр сайхан сэтгэлт хүмүүсээр нүд чих хийн, дэлгүүр хэсэж, алаг үрс, ах дүү нартаа багахан гарын бэлэг базаагаад, “ориг” гэх нэрийн дорх шокалад, сникерс тэргүүтэнг багцлан авснаар ажил хэрэг ерөнхийдөө төгсөв.
Бидний томилолтын хугацаа АНУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛТЭЙ УУЛЗСНААР өндөрлөсөн бөгөөд хөл хөсөөн ихтэй хотоос нэг л зүйлд бат итгэлтэй болсоор онгоцны буудалд ирсэн юм.
“Монголчууд хаана ч очсон амьдарч чадах юм байна” гэх итгэл. Үнэмлэхүй дасан зохицох чадвар, амьдралын төлөөх мятрашгүй тэмцэл бидний цусанд байдаг аж л...
Үнэмлэхүй чадамжит Монголчуудаараа өртөөлсөн замын тэмдэглэл | ||
Үзсэн: 4654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.