МУИС, СЭЗИС, ШУТИС, Хүмүүнлэг зэрэг их сургуулийн оюутан залуучуудын дунд Монгол Улсын болон Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Залуучууд, энхтайван, аюулгүй байдал” цахим-оролцоо хосолсон сургалт боллоо.
Судалгааны “Цэнхэр сүлд”, Дэлхийн Энхийн их наадам, Бүс нутгийн энх тайван, залуучуудын илтгэлийн уралдаан зэрэг байгууллага энэхүү сургалтыг хамтран зохион байгуулав.
Мөн Европын холбоо болон Дэлхийн Зэвсэгт зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх түншлэл буюу GPPAC зэрэг байгууллага энх тайван аюулгүй байдлын талаарх оюутнуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалтыг зохион байгуулахад ивээн тэтгэж, дэмжин ажиллажээ.
Сургалтыг НҮБ-ын төслийн зохицуулагч Мое Сасаки цахимаар удирдан явуулав. Сургалтад Монголын их сургуулиудын нийт 20 оюутан оролцож, энх тайвны талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүллээ.
Сургалтаар залуучууд, энхтайван, аюулгүй байдал гэсэн гурван зүйл нь Монгол Улс болон Зүүн хойд Азийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаа холбоотой байдаг, цаашид энэ чиглэлд оюутан залуучууд оролцоотой байх боломжийг таниулахыг зорьжээ. Энэ хүрээндээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн залуучууд, энх тайван, аюулгүй байдлын тухай 2250 тоот тогтоолын талаар зохих ойлголт өгөх, энх тайван байх гэдэг нь юу болохыг ойлгуулахын тулд залуучуудад өдөр тутмын амьдралдаа аюулгүй байдал, энх тайвны асуудлуудыг тусгах, энх тайван, аюулгүй байдлын чармайлтуудын нэг хэсэг болохын төлөө алхам хийхдээ өөртөө итгэлтэй байх, илүү тогтвортой, энх тайван, аюулгүй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө дэлхий даяар залуучуудыг нэгтгэх зэрэг сэдвээр харилцан яриа өрнүүлж, дипломатууд болон сургагч багш нар оюутнуудад тодорхой жишээгээр ойлголт өгсөн юм.
Монгол Улсын дипломат албанд олон жил ажилласан, гадаад бодлогын талаарх өргөн мэдлэгтэй, энх тайван аюулгүй байдлын чиглэлээр арвин туршлагатай, Монгол Улсын тэргүүлэх дипломатуудын нэг Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Энхсайхан, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын улс төрийн атташе Паула Уэстленд нар оролцож, Энх тайван, аюулгүй байдалд залуучуудын үүрэг оролцоо нэмэгдүүлэх нь яагаад чухал вэ гэдэг сэдвээр үг хэллээ.
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Энхсайхан “Цөмийн зэвсгийн аюулын талаарх олон нийтийн мэдээллийг нэмэгдүүлэх, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдал болон Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн ТББ-уудтай хамтарч ажиллах үүднээс “Цэнхэр Сүлд” байгууллагыг 2005 онд байгуулсан.
Энэ зорилтондоо хүрэхийн тулд “Улаанбаатарын үйл явц” гэдэг механизмыг 2015 онд бий болгосон. Энэ үйл явцад бүс нутгийн хэд хэдэн төрийн бус байгууллагууд оролцож, хамтран ажиллаж буй.
2015 оноос хойш жил бүр хурал зохион байгуулсаар нийт долоон удаа хуралдсан байна. Хамгийн гол нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо, нөлөөг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Сүүлийн үед залуучуудыг энэ үйл ажиллагаанд өргөнөөр татан оролцуулах, яваандаа Зүүн хойд Азийн бүс нутгийн байгууллагуудтай харилцаа тогтоох, харилцаагаа өргөжүүлэхээр зорьж байна. Европын холбоо болон Дэлхийн зэвсэгт зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх Түншлэл GPPAC зэрэг байгууллага залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр дэмжин ажиллаж байна.
Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын улс төрийн атташе Паула Уэстланд “Залуучууд бол ирээдүй. Та бүгд бол ирээдүйг авч явах хүмүүс юм шүү. Европын холбоо Улаанбаатарын үйл явц гэдэг энэхүү үйл явцийг Зүүн Хойд Азид энх тайвныг сахиулах, тогтвортой байдлыг хангах чиглэлд ажиллаж байгаа гол механизмын нэг гэж үздэг. Солонгосын Хойгийн байдал бол бүс нутагтаа цөмийн аюулыг бий болгож байдаг. Солонгосын дайн олон жилийн өмнө эхэлсэн хэдий ч өнөөг хүртэл албан ёсоор дуусаагүй, зөвхөн гал зогсоосон статустайгаар дайны байдалд байж байдаг. Гэхдээ 2018 онд зохион байгуулагдсан АНУ болон БНАСАУ-ын хооронд, БНАСАУ болон БНСУ-ын хооронд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтуудын үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд энх тайвны хөгжил, энх тайвныг бэхжүүлэх чиглэлд ажиллах бололцоо бүрдсэн. Бүс нутагт энх тайвныг дэмжих үүднээс Европын холбоо энэхүү үйл ажиллагааг дэмжиж оролцож байна. Залуу хүмүүс бол энх тайвныг эрэлхийлэгч юм. Энэ өөрчлөлтийг авч ирэх хүч залуучуудад бий. НҮБ зөрчил маргааныг намжаахад залуучуудын оролцоо үүрэг чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Европын холбоо өнгөрсөн хугацаанд үндсэн дөрвөн чиглэлд залуучуудыг чадавхжуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн үйл ажиллагаа нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааг дэлгэрүүлэх чиглэлд төвлөрч ажиллалаа. Ирэх 7 жилд. Европын холбооноос Монголд суугаа төлөөлөгчийн газар залуучуудын оролцоог тууштай дэмжиж, залуучуудад зориулсан залуучууд бүхний төлөө зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Европын Холбооны тухай танилцуулахад Европын холбоо нь Европ тивийн 27 улсын эдийн засаг, улс төрийн интеграци юм. Монгол Улс Европын холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож, улс төр, эдийн засаг, боловсрол, нийгэм шинжлэх ухаан зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс гадаад бодлогодоо Европын холбоог гуравдагч хөршийн нэг гэж үзэж, харилцаа хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Европын холбоо нь Монгол улсын хөгжлийг хурдасгах, нийгмийн аж байдлыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж байдагын зэрэгцээ залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Европын холбооны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байна. Европын холбоо нь дэлхийн 140 гаруй улсад дипломат төлөөлөгчийн газартай аж.
Цахимаар хичээл заасан НҮБ-ын энх тайвны асуудлаарх төслийн сургагч багш Мое Сасаки НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн залуучууд, энх тайван аюулгүй байдлын тухай тогтоолын учир агуулгыг товч танилцуулав.
Тэрбээр “Зургаан жилийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэхүү тогтоолыг баталснаар энх тайван аюулгүй байдалд залуучуудын үүрэг оролцоо чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны алхам болсон. Аюулгүйн зөвлөл нь байнгын таван гишүүн, байнгын бус 10 гишүүн нийт 15 гишүүнтэй. Байнгын бус 10 гишүүн улс нь хоёр жилд нэг удаа сонгогдож ажилладаг. Аюулгүйн зөвлөл нь дэлхий даяар энх тайван аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилладаг. Тогтоол батлахад Аюулгүйн зөвлөлийн гишүүний есөн гишүүний саналыг авсан байх шаардлагатай байдаг. 2250 тоот тогтоол нь залуучуудын хандлагыг өөрчилсөн тогтоол болсон. Энэ тогтоол гарахаас өмнө залуучуудыг улс төрд хамгаалалт шаардлагатай бүлэг гэж үздэг байсан. Залуучуудыг мөнгө санхүүгийн хувьд бусдаас хараат, гэмт хэрэгт хамгийн их өртдөг бүлэг гэж дорд байдлаар үздэг байсан. Энэ тогтоол батлагдсанаар залуучуудын талаарх ойлголтыг шинэчилсэн, өнөөгийн энх тайванд залуучуудын оролцоо чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн алхам болсон юм. Түүнчлэн залуучуудыг хүчирхийлэлгүйгээр энх тайванч байдлаар аливаад хандаж чаддаг хүч гэж үзсэн нь их чухал ололт юм. Тогтоолын хувьд НҮБ-ын гишүүн улс бүр зайлшгүй биелүүлэх шаардлагатайгаар батлагдсан. Ингэснээр Энх тайван аюулгүй байдалд залуучуудын оролцоог хангах үүргийг НҮБ-ын гишүүн бүх улс орон хүлээж байгаа” гэсэн юм.
Харин оюутнуудын хувьд улс төрийн шийдвэр гаргалтанд залуучуудын оролцоо чухал үүрэгтэй болж ирж байна. Байгаль орчин хамгаалах чиглэл дэх залуучуудын оролцоо идэвхжиж байна. Залуучуудын идэвх чармайлтыг хэрхэн дэмжиж үр дүнд хүргэх вэ, Аль салбарт залуучуудын оролцоо чухал байгааг залуус оюутнууд үргэлж эрэлхийлж байх нь чухал, Зэвсэгт тэмцэл, улс хоорондын зөрчилдөөнийг даван туулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь чухал, Залуусын зүгээс цаашид юу хийх нь вэ дээр вэ зэрэг өргөн сэдвээр санал бодлоо солилцож, өөр өөрсдийн энх тайвны талаарх ойлголтоос хуваалцлаа. Энх тайвныг цогцлоохын тулд залуучууд Олон улсын хэмжээнд хууль эрхзүйн орчин нь ямар байдаг талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолоос тодорхой мэдээлэл авч, ер нь залуучууд энх тайван, аюулгүй байдлын талаар судлах судлагдахуун их байдаг юм байна. тэр дундаа НҮБ-ын дээрх тогтоолыг судлах нь чухал гэдэг дээр санал нэг байв. Мөн залуучууд, энх тайван, аюулгүй байдал хоорондоо ямар уялдаа холбоотой байдаг юм бэ? Зүүн Хойд Азид энх тайван аюулгүй байдлын талаар ямар бэрхшээл байна вэ, Илүү амар амгалан нийгэм, бүс нутаг болон дэлхийг бий болгохын тулд залуучууд хэрхэн оролцож байна вэ гэсэн сэдвээр өргөн ойлголт авлаа. Сургагч багш нар НҮБ-ын тогтоолыг аль болох олон залуучууд мэдэж байж улс төр дэх шийдвэр гаргалтанд нөлөөлж чадна. Тогтоолын талаарх мэдээллийг түгээх, сурталчилан түгээх хэрэгтэй, төрийн бодлогод залуучуудын талаар юу туссаныг судлаж, шийдвэр гаргагчдад шаардлага тавьдаг байх хэрэгтэй гэдгийг ч зөвлөлөө.
Залуучууд улс орныхоо аюулгүй, энх тайван аж байдалд чухал үүрэгтэй | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.