Монголын үндэсний олон нийтийн радиогийн
-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа таны бага насны тухай асуултаар эхэлье. Таны хүүхэд нас хаана хэрхэн өнгөрсөн бэ, ямар авьяастай хүүхэд байв?
-Намайг зочноор урьж оролцуулж байгаа MNB.mn сайтынхаа хамт олонд баярлалаа. Би айлын бага нэг ах, нэг эгчтэй. Миний хүүхэд нас Эрдэнэтэд өнгөрсөн. Намайг 14 настайд манайх Улаанбаатар хотод орж ирсэн. Би ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийг дүүргэсэн. Төгсөх ангидаа ямар мэргэжил сонгох талаар яг нарийн бодож санасан зүйл байгаагүй ээ. Ахлах сургуулиа төгсөхийн өмнө нэг дотно багш маань “Бат-Өлзий чи Соёл, урлагийн их сургуульд элсэх хэвээрээ юу” гэж асуусан юм. Надад бол урлагийн мэргэжил эзэмших бодол тэр өдөр хүртэл байгаагүй. Сургуулийн элдэв урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог, хөтөлж, найруулдаг болохоор тэр багш минь намайг урлагаар явна л гэж харсан юм шиг байгаа юм. Багшийн минь энэ асуулт намайг ирээдүйн ажил мэргэжлээ сонгоход хамгийн ихээр нөлөөлж, түлхэц болсон. Тэгээд урлагийн мэргэжлүүдийн талаар судалгаа хийсэн. Ингэж явсаар уран бүтээл найруулагчаараа овоглодог, тиймээс найруулагчийн мэргэжил эзэмшихээр шийдсэн дээ.
Радиогоор сонсож, зурагтаар харж өссөн хүмүүстэйгээ хамт ажиллах үнэхээрийн сайхан мэдрэмж
-Радиогийн найруулагч болсон түүхээ хуваалцаач?
-Би тухайн үеийн Радио, телевизийн дээд сургууль буюу одоогийн СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуульд бүртгүүлж, шалгалт өгсөн. Тухайн үед 100 орчим хүүхдээс 25-ыг нь шалгаруулж авахад нь тэнцэж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэмидийн Хишигт болон Дуламсүрэн багшийнхаа ангид дөрвөн жил сурч, радио, телевизийн найруулагч мэргэжлийг эзэмшиж, төгссөн. Мөн би сургуулиа хожим СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургууль болсон хойно найруулагч мэргэжлээрээ магистрын зэргээ хамгаалсан.
Радио, телевизийн найруулагч гэдэг мэргэжил эзэмшиж байгаа ч гэсэн манай Радио, телевизийн сургууль жүжигчин, хөтлөгчийн ур чадварыг төгсөгч нартаа эзэмшүүлдэг. Манай анги жүжигчний уран чадвар, тайзны яриа, театрын найруулагч, жүжигчний онол, практик зэрэг хичээл судалсан. Радио, телевизийн дээд сургуулиа төгсөөд удаагүй байхад манай сургуулийн Цэцэгээ гэж орос хэлний багш маань “Монголын радиогоос танай сургуулийн энэ жилийн төгсөгчдөөс радиогийн найруулагч болох ирээдүйтэй нэг хүүхэд байна уу гэж асуулаа. Багш нь хамгийн түрүүнд чам руу залгаж байна. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэдэг энэ их айлын хайр хишгээр маш олон гавьяа хүндтэй улс төрсөн. Ийм том байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхэлнэ гэдэг хэн хүнд олдохгүй боломж юм шүү” гэж хэлсэн. Би багшдаа намайг сонгож хэлсэнд баярласнаа илэрхийлээд маргааш нь Монголын үндэсний олон нийтийн радиод ажлын ярилцлагад орсон. Намайг ороход Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсан манай албаны дарга байлаа. Ш.Бямбацогт ах маань надтай анх уулзчихаад намайг ажилд авахыг зөвшөөрч байлаа. Энэ явдал 2012 онд гэхээр ирэх он гараад би Монголын үндэсний олон нийтийн радиодоо ажиллаад арав дахь жилтэйгээ золгох гэж байна.
-Анх ажилд ороод ямар сэтгэгдэл төрсөн бэ. Шантарч, эмээх тохиолдол байв уу?
-МҮОНРТ Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллага. Тэр хэрээрээ босго өндөр. Тиймээс өөрийгөө маш сайн дайчилж, мэрийж ажиллах ёстой гэсэн зорилго өөртөө тавьсан. Мөн би радиогийн найруулагчийн номын дууг нь сонсоод төгсчихсөн учраас шантрах, эмээх сэтгэл зүй харьцангуй гайгүй байсан. Анхны сэтгэгдэл гэвэл та ч мөн мэдэх байх бидний багад Үндэсний телевизээр “Сансрын хамгаалагч Волтрон”, “Халтар царайт” зэрэг олон ангид кино гардаг, цөм үзэж өссөн. Тэр кинонуудад дуу оруулдаг, Үндэсний радиогоор дуу хоолойг нь сонсдог, Үндэсний телевизээр царай төрхийг нь хардаг тэр хүмүүсийг багадаа байнга л харж сонсож, хүндэлж өссөн хэрнээ тэр бүх хүнтэйгээ уулзана гэж амьдралдаа бодож ч явсангүй. Тэгсэн их сургуулиа төгсөөд ажилд ороод харж, сонсож өссөн хүмүүстэйгээ уулзах, бүр хамт ажиллах үнэхээрийн сайхан мэдрэмж байдаг. Тухайлбал, “Халтар царайт” олон ангит киноны Хорацио Гонзалесийн дүрд дуу оруулсан Гантөмөр ах, Мигель Ангелд дуу оруулсан Ш.Бямбацогт ах, намайг оюутан байхад хичээл зааж байсан Гаваагийн Болор багш гээд олон сайхан хүнтэй хамтран ажиллаж эхэлсэн.
Радио ямар ч үед худлаа ярихгүй
-Радиогийн ажил албаны онцлог, зах зухаас хуваалцаач?
-Радио маш хүчтэй урлаг. Радио сонсож байгаа хүн хаана ч байсан радиогийн уран бүтээлчид хүргэж буй уран бүтээлээрээ тухайн сонсогчид төсөөллийн орон зайг өгч байдаг. Хүний сонссон мэдээлэл тархинд, зүрхэнд нь хүрдэг. Тиймээс радиогийн найруулагчийн ажил сонсогчдоо мэдрэх мэдрэмжээс эхэлдэг гэж болно. Тухайлбал, нэвтрүүлгээ бэлдэхдээ энэ текстийг эрэгтэй эсвэл эмэгтэй нэвтрүүлэгчээр уншуулах уу, хэдий насны ямар нэвтрүүлэгчээр хэрхэн уншуулбал сонсогчдод илүү гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх вэ гэдгээ бодно, төлөвлөнө. Радио мөн нийлмэл урлаг. Радиогийн нэвтрүүлэгчид зөвхөн мэдээ уншдаг, гоё сайхан хоолойтой хүмүүс байдаг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Радиогийн нэвтрүүлэгчид уран сайхны бөгөөд бусад төрлийн нийтлэл нэвтрүүлэг сонсогчдод хүргэхээс гадна радио жүжиг амилуулдаг гээд маш олон төрлийн чадвартай хүмүүс байдаг. Үүнтэй нэгэн адил радиогийн бүх уран бүтээлч олон талын авьяас, чадвартай.
Радио сонсогчийн хамгийн “сайн найз” байдаг
-Радио хоцрогдсон гэсэн бодолтой мэр сэр хүнтэй таарч байсан. Гэтэл өнөө цаг үед ихэнх хүн подкаст, аудио ном, ASMR руу хошуурцгааж байна. Үнэндээ энэ бүгд радиогийн хөтөлбөрийн жижиг хэсгүүд шүү дээ. Тиймээс би хувьдаа радиогийн урлаг хэзээ ч хоцрогдохгүй гэж боддог. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Монгол Улсад гэлтгүй дэлхий дахинд хүмүүс мэдээллийн маш том урсгал дотор амьдарч байна. Энэ цаг үед радио, телевиз, сайт сонин гээд мэдээллийн ямар сувгаар мэдээлэл авах нь тухайн хувь хүний эрх чөлөө, сонголт. Гэхдээ асар олон мэдээллийн сувгаас МҮОНР юугаараа онцлог вэ гэвэл үнэн, цензуртэй мэдээллийг сонсогчиддоо хүргэдэг. Ямар ч үед радио худлаа ярихгүй. Мөн радио сонсогчдод цаг үеийн мэдээ мэдээлэл, түүх, ёс заншил, өв уламжлалын нэвтрүүлэг хүргэхээс гадна амьдралын ухаан өгдөг. Радио сонсогчийн хамгийн “сайн найз” байдаг. Хүний сайн найз гэж ямар хүнийг хэлдэг билээ худлаа хэлдэггүй, буруу зүйлд хөтөлдөггүй шүү дээ.
МҮОНР он гараад 88 дахь жилтэйгээ золгох гэж байна. Монголын мэргэжлийн энэ том ууган байгууллагаас сонсогчдод хүргэж буй мэдээ мэдээлэл бүр үнэн байх ёстой. Мөн өнгөрсөн 87 жилийн хугацаанд радиогийн мэдээ, нэвтрүүлэг, зохиомж, өгүүлэл, жүжиг гээд бүх л уран бүтээлийг салбарынхаа сор болсон уран бүтээлчид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж сонсогчиддоо хүргэж байна.
Өнөөгийн орчин цагт ч яагаад радиог сонсох ёстой гэвэл Монголын радио 88 настай. Хүний насаар бодоод үзвэл асар их туршлага, мэдлэг хуримтлагдсан байгууллага юм. Үүнээс гадна радио сонин сэтгүүл, телевизтэй харьцуулбал мэдээллийг асар түргэн шуурхай дамжуулдаг. Сайттай харьцуулсан ч түргэн шуурхай л гэж хэлнэ би.
Мөн дэлхий дахинд аливаа гамшгийн үед радиог л нэг номерт ашигладаг. Иргэд нь ч шууд радио асааж, ямар мэдээлэл өгөхийг хүлээдэг.
-Таны ажил мэргэжлээсээ авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
-Өөр ажил мэргэжлийн хүмүүс ажлынхаа дундуур, ачаалал ихтэй үедээ ч юм уу, ажлынхаа цагийг дуусахаас өмнө ядардаг даа. Бид бол ажлаа тараад гэр лүүгээ явж байхдаа л ядарснаа мэддэг. Харин ажил дээрээ бол уйдах, ядрах завгүй жаргалтай байдаг. Үнэхээрийн их ажилтай, ачаалалтай өдөр байсан бол ажлаа тарсныхаа дараа л өнөөдөр ажил их байж шүү, ядарч шүү гэдгээ л мэдэрдэг дээ.
Хоёрдугаарт, Радиогийн уран бүтээлчид өдөр болгон сонсогчдод шинэ мэдлэг мэдээлэл, уран бүтээл хүргэдэг учраас энэ ажлаасаа давхар хөглөгдөж, хөгжиж явдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага, урлаг иргэдийн урд нь явж байж, урд нь алхаж байж соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж чадна. Тиймээс цаг үе ээ дагаад нийгэм, амьдрал хувьсаж өөрчлөгдөхийн хэрээр мөр зэрэгцэн алхаж байх ёстой.
“Цөмөөхэй” радио жүжгийн өгүүлэгчээр Ардын жүжигчин Гомбын Равдан ах ажилласан
-Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Мэдээж нэг нь Монгол Улс. Харин энэ удаад МҮОНР-ийн уран бүтээлчид тус бүтээлийг радио жүжиг болгон орон даяар хүргэх гэж байна. Энэ уран бүтээлийнхээ талаараа мэдээлэл өгөөч?
-Германы нэрт зохиолч Е.Т.А.Хоффманнийн “Самар цөмөгч” үлгэрээс сэдэвлэсэн “Щелкунчик” радио жүжиг энэ сарын 25-наас МҮОНР-ийн сонсогчдод хүрнэ. Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский Е.Т.А.Хоффманнийн “Самар цөмөгч” үлгэрт зориулж хөгжмийн бүтээл туурвиснаар “Цөмөөхэй” буюу “Щелкунчик” балет анх тоглогдож, энэ үлгэр дэлхий дахины хүн бүрт хүрсэн. Тэгвэл манай радиогийн хамт олон балет, жүжиг, кино, хүүхэлдэйн кино гээд бүх л хэлбэрээр үзэгчдэд хүрсэн “Цөмөөхэй”-г шинэ жилийн баяраар сонсогчиддоо радиогийн жүжиг болгон хүргэхээр зорьж ажилласан. Мэдээж радио жүжиг болгохын тулд хамгийн түрүүнд зохиол хэрэгтэй. “Цөмөөхэй” радио жүжгийн зохиолыг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюуш “Самар цөмөгч” үлгэрээс сэдэвлэн шүлэглэсэн хэлбэрээр бичсэн байгаа.
“Цөмөөхэй” радио жүжгийн эмэгтэй гол дүрд соёлын тэргүүний ажилтан, “Эмоци” продакшны жүжигчин Г.Нарансолонго дуу оруулсан. Мөн манай МҮОНР-ийн захирал Т.Бямбатогтох “Цөмөөхэй” радио жүжгийн продюсероор ажилласнаас гадна Цөмөөхэйн дүрийг амилуулсан. Үүнээс гадна Ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Гомбын Равдан ах “Цөмөөхэй” радио жүжгийн өгүүлэгчээр ажилласан. Мөн соёлын тэргүүний ажилтан М.Цэнгэл, Д.Батсайхан болон Г.Болор нарын найруулагчийн баг ажиллаж, МҮОНР-ийн нэвтрүүлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн С.Гантөмөр, радио, телевизийн тэргүүний ажилтан З.Алтантуяа, соёлын тэргүүний ажилтан Г.Амаржаргалан, Ч.Идэрчулуун, Д.Сайнтод, Б.Цэвэлмаа болон Н.Анхболд, Б.Батболд нар дуу оруулсан байгаа. “Цөмөөхэй” радио жүжиг сонсогчдыг үлгэрийн ертөнцөд аваачина гэдэгт итгэлтэй байна. Мөн “Цөмөөхэй” радио жүжгээс гадна МҮОНР-ийн бусад нэвтрүүлгийн алба, нэгдлийн уран бүтээлчдийн бэлтгэсэн шинэ жилийн баярын нэвтрүүлэг, хөтөлбөрүүд МҮОНР-оор сонсогчдод хүрнэ.
Б.Бат-Өлзий: “Цөмөөхэй” радио жүжиг сонсогчдыг үлгэрийн ертөнцөд аваачина | ||
Үзсэн: 3035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.