Тэрбээр 2022 оны өмнөхөн Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Мөн “People” сэтгүүл 2021 оны онцлох эрхмүүдийг зарлахад “Оны онцлох хуульч”-аар тодорсон.
ЖАМБЫН БАТМӨНХ ГУАЙ “УГ НЬ УВСЫН ШАРГАЛ ЦАЙ САЙХАН ҮНЭРТЭЖ БАЙНА, ГЭХДЭЭ ЭНЭ ЦАЙ, ХООЛОО АВААД ЯВ” ГЭЖ ААВД ХЭЛСЭН ГЭСЭН
-Таны аав насаараа хууль шүүхийн салбарт ажилласан, таны ээж олон хүүхэд эх барьж авсан эмч гэдгийг уншигчид хэдийн мэдэх байх. Мөн танай хамаатан саданд дунд урлаг соёл, спортын тэр дундаа аавын тань хамаатан садан дунд төр нийгмийн нэр алдартай эрхмүүд бий юм билээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Би удам судраараа маш их бахархдаг. Миний аав нам, төрийн удирдагч Жамбын Батмөнхийн зээ дүү. Аав маань Увс аймгийн хүн. Би Увс аймагт өсч торнисон. Социализмын үед төрийн албан хаагчдыг ямар нэг тайлбар хүлээн авалгүйгээр аймаг, орон нутагт томилж ажиллуулдаг байсан. Тэр жишгээр аав гурван аймагт шилжин ажилласан. Миний хүүхэд нас аавыгаа дагаж нүүж өссөн. Гэсэн хэдий ч тэр үеийн төрийн бодлого зөв байжээ. Яагаад гэхээр төрийн хариуцлагатай ажил хийж байгаа, ялангуяа шүүх, хуулийн хэлтэс ахалж буй албан тушаалтнуудыг сэлгэн байршуулах нь маш ач холбогдолтой байж. Тухайлбал, нэг газар, хамт олны дунд 10-аас дээш жил ажиллахад бараг ах дүү, төрөл төрөгсөд шиг ойр дотно болдог. Эсвэл зарим зүйлд бие биедээ зарчимч шаардлага тавихаа болих тохиолдол бий. Үүнээс сэргийлж цаг хугацаагаар хязгаарлаж ажиллуулж байсан нь маш үр дүнтэй шийдэл байсан санагддаг. Аймаг орон нутгийн шүүх, прокурор, цагдаагийн дарга нарыг одоо ч гэсэн тодорхой цаг хугацаатай сэлгэн байршуулах бодлогыг тууштай баримтлах нь зөв зүйтэй гэсэн байр суурьтай байдаг хүмүүсийн нэг нь би. Социализмын үед орон нутагт сэлгэн ажиллуулахдаа боловсон хүчнийхээ орох орон, нийгмийн асуудлыг бүрэн шийддэггүй байсан. Аав минь тийм амьдралын орчин нөхцөлд дасан зохицож амьдарсан. Харин одоо цагт бүрэн шийдэх боломжтой гэж хардаг.
Намайг дунд ангид ордог жил байх Сайд нарын зөвлөлийн төлөөлөгчид Булган аймагт ирсэн юм. Тэгэхэд ээж аавд “Нагац ах чинь (Жамбын Батмөнх) томилолтоор иржээ. Нутаг руугаа буцаж шилжье, өөрийн гэсэн орон сууцгүй байна гэж очиж хэлээд үзвэл яасан юм” гэж хэлж байсан. Тэгээд аав, ээж хоёр сайхан шаргал сүүтэй цай, бууз хийгээд уулзахаар явсан юм. Орой нь “Ах Төрөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу чамайг хаана ажилла гэнэ чи тэнд л ажиллах ёстой” гэж хэллээ гээд орж ирж байсан. Жамбын Батмөнх гуай их зарчимч, шаардлага өндөртэй хүн байж дээ гэж бодогддог. Аавыг “Чи яасан зарчимгүй юм ярьдаг юм бэ. Энэ цай, хоолоо аваад яв. Уг нь Увсын шаргал цай сайхан үнэртэж байна. Гэхдээ ийм зарчимгүй зүйл ярьж байгаа бол би энэ цайнаас чинь уухгүй” гэж. Харин аав “Ахаа би буруу юм хэлжээ” гэж уучлалт гуйгаад ахдаа гарынхаа цай, хоолоо амсуулчихаад ирлээ гээд ярьж байсан.
Нагац нарын минь тухайд Монгол Улсын Арслан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтнууд, аймгийн арслан гээд урлаг соёл, спортын алдартан олон бий.
ШУДАРГА ҮЙЛИЙНХ НЬ ТӨЛӨӨ ААВЫГ МИНЬ ХЯСАН БООГДУУЛСАН ИЙМ ЯВДАЛ ӨӨР ХЭНД Ч БИТГИЙ ТОХИОЛДООСОЙ
-Танайх нээх том монгол гэртэй айл байсан, тэр гэр ээ музейн зориулалтаар ашиглана гэсэн хүмүүст өгчихөөд аав тань хэзээ хойно тэтгэвэрт гарсан хойноо орон сууцтай болсон гэж дуулсан юм?
-Намайг бага ангид байхад аав Булган аймгийн Хуулийн хэлтсийн даргаар томилогдож ажилласан. Манайх аав, ээжийг гэр бүл болоход өвөө, эмээ нарын урлуулж өгсөн арван ханатай гэртэй, тэр гэрээ “ЗИЛ-130” машинд ачаад зун Булган аймагт нүүж очиж байлаа. Нэг хэсэгтээ цэцэрлэгийн байранд төвхнөсөн. Хожим тэр гэрийг музейн зориулалтаар ашиглах гэсэн юм гээд ааваас минь нутгийн хүн худалдаж авсан юм билээ.
Тухайн үед нүүдэл суудлаас үүдэн манай гэр бүлд багагүй бэрхшээл тулгарч байсан ч аав минь “Төрийн шийдвэр, томилолтын дагуу л аав нь нүүж сууж ажиллаж байна” гэж хэлдэг байв. Төрийн томилолт гэдэг үг тод үлдэж. Зургаан жилийн дараа аав Увс аймгийн Хуулийн хэлтсийн даргаар шилжин томилогдсон. Би Увсад арван жилээ төгсөж их сургуульд суралцахаар Улаанбаатар хотод ирсэн. Аав үргэлжлүүлэн Увс аймгийн Шүүхийн даргаар томилогдон ажилласан. Ингэхдээ шүүхийн шинэчлэл, шударга шүүхийг бий болгоход, шүүгч нарыг мэргэшүүлэх, дадлагажуулах, шүүхийн байрыг стандартын дагуу тохижуулах, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлэх ажилд соёлын үрийг тарьсан гэж аавтай ажиллаж байсан шүүх, хуулийн байгууллагын ажилтнууд, ард иргэд үнэлдэг. Янз бүрийн хэрэг, хүний хувь заяаг шийдвэрлэдэг шүүгч хүнд талархлын үг хэлдэг хүн ховор. Зарчимгүй, хуурамч дүр эсгэдэг, бусдад тал засч улааныг үзэж урвадаг шарыг харж шарвадаг зантай хүнийг хүмүүс бүр ч дурсдаггүй. Харин зарчимч, хариуцлагатай, шаардлага өндөртэй хүнийг хүмүүс их дурсаж ярьдаг. Миний аавыг шударга, сайн хуульч, шүүгч гэж аймаг, орон нутагт цуг ажилласан хамтран зүтгэгчид, ард иргэд үнэлж дурсдагт нь талархдаг. Аавынхаа энэ нэр хүндийг өндөрт өргөж, аав шиг ээ түүхийг бүтээх юмсан гэж бодож, хичээж явдаг даа.
Сүүлд аав Дархан-Уул аймгийн сум дундын ерөнхий шүүгчээр томилогдсон. Аав, ээж хоёр минь орон байр байхгүй “Хараа” зочид буудлын нэг өрөөнд нэлээд хугацаанд амьдарсан. Дараа нь Оросын эзэмшлийн түрээсийн байранд оруулсан. Миний аав тэтгэвэрт гаран гартлаа тэр байранд цалингаасаа түрээсийг нь төлж байсан. Олон аймаг дамжин ажиллаж, төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа миний аав хийж байсан ажилдаа чин шударгаар хандаж, аливаад түүртээгүй нь бидний хувьд бахархал болон үлдсэн.
Дархан-Уул аймгийн Засаг захиргааны эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж төрийн мөнгийг хуваан завшсан үйлдэл болон Хонгор сумын цианид натрийн хэрэг зэрэг олон хэргийг аав шударгаар шийдвэрлэж, эрх бүхий олон албан тушаалтан хариуцлага хүлээсэн байдаг. Аав аймгийн Захиргаанд орон байр хүссэн өргөдөл барьж орохоор буцаачихдаг байсан гэдэг. Аавыг тэтгэвэрт гарсан хойно олон жил хөлсөөр суусан байрыг Оросын тал Монголд шилжүүлж өмчилж авах эрх үүссэн. Тэр үед аав “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнээ гэж. Аав нь ач, зээдээ үлдээх байртай боллоо” гэж бахархалтайгаар хэлсэн. Төрийн эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэлд нь хариуцлага хүлээлгэсэн шударга үйлийнх нь төлөө аавын минь орон байртай болох хүсэлтийг удаа дараа хойшлуулж, үгүйсгэж байсан ийм зарчимгүй явдал өөр хэнд ч битгий тохиолдоосой гэж боддог.
-Таны аав Монгол Улсын Гавьяат хуульч Ё.Ринзаан хууль шүүхийн салбарын ажил албаны хүнд хүчрийг биеэрээ туулсан хүн охиноо мэргэжлийг нь өвлөнө гэхэд хэрхэн хүлээн авсан бэ?
-Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх нэр хүндтэй цол хэргэмд аавыг минь Увс аймгаас нэг, Дархан-Уул аймгаас хоёр удаа тодорхойлж байсан юм билээ. Аав намайг хуульч мэргэжлийг сонгоход дэмжсэн. Би сүүлийн жилүүдэд өмгөөлөл, хүний эрхийн чиглэлээр дагнаж ажиллаж байна. Яг үнэндээ аавын зүгээс намайг шүүгч бол, аавынхаа мэргэшсэн дагнасан чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж аргадаж, тушааж олон удаа ятгасан. Би аавдаа шүүх танхимд хүний хувь заяаг дэнсэлдэг бус хүмүүсийг гэмт хэргийн хохирогч болохоос, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч ажиллана гэсэн байр сууриа олон удаа илэрхийлсэн. Аав сүүлдээ миний хүсэл эрмэлзлийг хүлээн зөвшөөрч дэмжсэн. Миний үзэл баримтлал, зарчмын байр суурь бол иргэдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хууль сурталчлах, соён гэгээрүүлэх зэрэг ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахад илүү анхаарал хандуулах, гэмт хэргийн хохирогчид аль чадахаараа хууль зүйн туслалцаа үзүүлэх. Энэ нь илүү өгөөжтэй гэж үздэг.
ХУУЛЬЧ ХҮН ҮРГЭЛЖ ҮНЭН, ШУДАРГЫН ТАЛД ЗОГСОЖ БАЙХ ЁСТОЙ
-Ээж тань ганц охиноо хуулийн хүн болно гэхэд дэмжсэн үү?
-Ээж минь олон жил эх баригч эмчээр ажиллаж олон хүүхдийг эх барьж авсан буянтай хүн байсан. Ээж өөрийн ажил мэргэжлээ надад өвлүүлж эмч болгох гэж багаас минь бэлтгэсэн. Анхан шатны эрүүл мэндийн тусламж хэрхэн үзүүлэхийг зааж, булчин, судас тариа тарихыг бага байхад минь л зааж сургасан. Дотроо охиноо эмч болгоно гэсэн бодолтой байсан юм билээ.
Гэхдээ би эмчээс дутахааргүй мэргэжил сонгосон гэж боддог. Учир нь миний хувьд хуульч нийгмийн эмч болсон мэргэжил. Нийгэмд шударга ёсыг тогтоох, зарчимч, хариуцлагатай, эрүүл, хүний тэгш эрхийг хангасан нийгмийг бий болгох өөрөөр хэлбэл нийгмийн сайн сайхны төлөө хуульч хүн үргэлж үнэн, шударгын талд зогсож, дуу хоолой болж байх учиртай. Тийм дээ ч ажил мэргэжлийнхээ үүргийг “зөвхөн намайг зорьж ирсэн хүмүүст хууль зүй, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэж хязгаарладаггүй. Хуульч хүнийхээ хувьд ард иргэдийн талд, илүү сайхан нийгмийн төлөө дуугарах ёстой гэж санаж, батлагдан гарч буй, нийгмийн харилцааг зохицуулж байгаа хууль, дүрэм журмыг сурталчлан таниулах, мөн эрх зүйн актууд иргэдийн эрхийг зөрчихгүй, хэлмэгдүүлэхгүй, тэгш эрхийн зарчим дээр үйлчлэх ёстой гэсэн байр сууринаас тодорхой санал санаачилга дэвшүүлж, тэр дундаа бодлогын асуудлуудад дуу хоолойгоо илэрхийлэхийг эрмэлздэг. Олон санал санаачлага маань ажил хэрэг болсон. Тухайлбал, Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар олон охид бүсгүйчүүд ирж, хууль зүйн зөвлөгөө авдаг. Үнэндээ энэ асуудлын хүрээнд эрх зүйн орчин төдийлөн таатай биш. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын эмэгтэй гишүүдэд удаа араа хандсан. ХНХЯ-нд Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг Хөдөлмөрийн хуульд хэрхэн тусгах, байгууллагын дотоод журамд тусгах аргачлалын талаар санал хүргүүлснийг А.Ариунзаяа сайд ажил хэрэг болгон хүлээн авсан. Мөн санал санаачлагыг сайшаан цохон тэмдэглэсэн.
-Та урлагийн тэр дундаа дуулж, бүжиглэх болон хөгжмийн чамгүй авьяастай хүүхэд байсан юм билээ?
-Эмч, хуульч биш бүжигчин болно гэж явсан цаг хугацаа байсан (инээв). Миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн минь ээж, аав соёлын өв тээгчид ч байж. Намайг бүр багад ач зээ нараа өсгөж хүмүүжүүлдэг байхдаа эмээ минь морин хуур тоглож, өвөө бие биелгээ биелдэг байлаа. Тэр үед манай үеэл дүү Р.Дэлгэрмаа (соёлын тэргүүний ажилтан, дуучин) дөрөв, таван л настай байсан. Тэр үед Р.Дэлгэрмаа маань дуулж, би бүжиглэдэг байлаа.
Булган аймагт дунд ангид сурч байхдаа би Пионерын ордны бүжгийн дугуйлангийн Александр багшийн шавь болсон. Улмаар Ардын жүжигчин Долгор багшийн шавь болж, багшийнхаа дэглэсэн үелзүүр бүжгээр нэлээд олон уралдаан тэмцээнд оролцож, хүүхдийн урлагийн наадамд тэргүүн, шагналт байрт шалгаран “Найрамдал” зусланд амарч байсан сайхан дурсамжууд байдаг аа. Тэр үед бүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Увс аймагт сурагч байхдаа аймгийн ойн концертод гоцлол бүжиг бүжиглэж байлаа. Тэр концертод өнөө цагийн урлаг, соёлын одод болсон гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар, дуучин Л.Банзрагч, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа, Д.Хишигсүрэн нар дуулж байсан. Сурагч ахуй насандаа урлагийн тайзан дээр цуг дуулж, бүжиглэж явсан өнөө цагийн урлагийн одод болсон нэгэн үеийн шилдэг уран бүтээлчид болох түүхийг бүтээсэн найз нөхдөөрөө бахархдаг, мөн надтай дандаа хамт байж, тусалж дэмжиж байдагт талархдаг.
-Оюутан байхдаа та хууль зүйн салбарын шилдэг оюутан болсон. Хоёр ч жил оны шилдэг хуульчаар тодорлоо. Таны өнөөг хүртэлх ажил мэргэжлийн тань замд ямар саад бэрхшээлүүд тулгарч байв. Та тэр бүхнийг хэрхэн даван туулсан бэ?
-Оюутан байхдаа маш их уншиж, хичээж байсан минь өнөөдрийн Булгамааг бүтээх суурь нь болсон гэж боддог. Сургуулийнхаа номын санг хаахаар МУИС-ийн номын санд үргэлжлүүлэн сууна. Мөн Төв номын сан, Нацагдоржийн номын санд очно. Номын сангаас номын сан дамжиж уншиж, цагийг суралцахад л зориулах ёстой гэж хичээж тэмүүлсэн оюутан байлаа. Номын сангууд хаахаар ахындаа ирээд шөнийн гурван цаг хүртэл хичээлээ хийнэ.
Монгол Улсын гавьяат багш С.Төмөр манай сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн хичээл ордог байсан. С.Төмөр багш “Миний зааж байгаа хичээл та нарт өнгөц мэдлэг өгч байгаа. Илүү ихийг мэдэж авъя гэвэл Үндсэн хуулийн сэдэвтэй өчнөөн ном бий. Номын сангаас олоод Үндсэн хуулийн үзэл баримтлал, Гадаадын үндсэн хуулиуд гээд бүгдийг уншиж судалж байж Үндсэн хуулийг ойлгоно” гэж хэлдэг байсан.
Нэгдүгээр курсийн хоёрдугаар семестрт улаан хацартай, хоёр сүлжчихсэн уртаа үстэй охин С.Төмөр багштай уулзаж илтгэл бичиж сурмаар байна гэдгээ хэлсэн. Багш тэр үед УИХ- ын гишүүн байсан юм. “Би хичээлээ заачихаад шууд Төрийн ордон руу явдаг, цаг зав муу байдаг юм. Гэхдээ анх удаа нэгдүгээр курсийн оюутан ирээд илүү ихийг сурмаар байна гэж байгаа юм чинь цаг гарганаа” гээд хичээлийн цаг дууссаны дараа илтгэл бичих арга зүйн зөвлөгөө өгч байсан. Багшаараа удирдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт сэдвээр олон илтгэл, харьцуулсан судалгаа хийсэн.
1990-ээд онд нийтээрээ амаргүй, тарчигдуухан байлаа. Нэгдүгээр курсийн өвлийн амралтаараа үсчний газар үйлчлэгч, цэвэрлэгч хийж, анхны цалингаараа өөртөө улаан ноосон цамц, нээх гоё солонгос цүнх, мөн аав ээж, дүү нартаа бэлэг авч явуулж байсан минь одоо ч сэтгэлд тод санагддаг. Ажил хөдөлмөрийн амт гэдгийг анхны цалингаараа аав ээждээ бэлэг сонгон авч байхдаа мэдэрсэн.
Оюутан байхдаа эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээнүүдэд оролцож, шагналынхаа мөнгөөр санхүүгийн асуудлуудаа шийдчихнэ. Гуравдугаар курстээ сургалтын төлбөрөө өөрөө төлсөн. Дөрөвдүгээр курст бол Монгол Улсын шилдэг оюутан болсон гээд сургууль маань сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Тэр үед аав, ээж минь нээх их магтаж, баярлаж билээ. Учир нь тэр үед хоёрын хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө гэдэг төрийн албан хаагч аав, ээжид минь тун амаргүй ажил байсан юм.
-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Одоогийн Улаанбаатар эрдэм их сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. Нэг жил гаруйн хугацаанд ажиллаад 2001 онд Их засаг олон улсын их сургуулийн Эрх зүйн тэнхимд эрх зүйн багшаар, 2003 оноос Хууль зүйн салбар сургуулийн деканаар дараа нь Сургалтын албаны дарга, Сургалт эрхэлсэн захирал, сургалт инноваци эрхэлсэн проректор гээд Их засаг их сургуульдаа мерит зарчмаар ажилласан. Боловсролын салбарт ажилласан он жилүүд өнөөдрийн Булгамааг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул ректор, проректор, эрдмийн хамт олондоо мөнхөд талархаж явдаг.
2015-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр, 2017 онд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилласан. 2012 оноос эхлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрчаар ажиллаж байна. Мөн олон нийтийн ажилд оюутан байхаасаа идэвхтэй оролцож ирсэн. 2012 оноос хойш хуульч залуусын хамт Монголын залуучуудын холбооны Хууль зүйн байнгын хороог хамтран байгуулж, анхны даргаар нь ажилласан. МЗХ-ны байнгын хорооноос нэг нь л эмэгтэй даргатай байсан нь манай Хууль зүйн байнгын хороо.
-Та зөвхөн 2021 онд л гэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 40 гаруй эмэгтэй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 20 гаруй, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн 6 хүүхдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаа үнэ төлбөргүй үзүүлжээ. Эдгээрээс гадна олны анхааралд өртсөн ямар хэргүүд дээр ажиллав?
-Өмгөөллийн тухайд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд гол төлөв үнэ төлбөргүй чадах чинээгээрээ туслахыг эрмэлздэг. Хүний эрхийн хамгааллын чиглэлээр болоод төлбөрийн чадваргүй, асуудал тулгарсан дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу нөхцөл байдалд орсон иргэдэд эзэмшсэн мэргэжлээрээ хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэдэг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, аавынхаа захиас даалгаврыг эрхэмлэж буй үйл хэрэг гэж боддог. Цаашдаа ч энэ зарчмаа баримтлан хөдөлмөрлөнө. Гол төлөв хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд, ээжүүдэд ажил мэргэжлийнхээ хүрээнд тусалж байна. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өмгөөлөхөөс хувь хүнийхээ хувьд цааргалдаг. Харин гэмт хэргийн хохирогч болсон бага насны хүүхдүүдэд про боно буюу үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх нь буянтай үйлс төдийгүй цаашдаа ч баримтлах зарчим.
Хүнд хэцүү асуудал тулгараад тусламж хүсээд ирэхэд чин сэтгэлээсээ угтан авч, асуудлыг хамтдаа даван туулах хичээл зүтгэл гаргах нь миний ажлын гол зарчим. Ер нь шуудхан хэлэхэд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн хүчирхийлэлд өртөөд байдаггүй. Давтан, далд шинжтэй хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан шинжтэй, айж эмээсэн, хүч чадалгүй, өөрийгөө ч илэрхийлэх чадваргүй шокийн байдалд ороход хүрдэг. Тэдэнд хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл заслын, сэтгэл зүйн цогц үйлчилгээ маш чухал гэдгийг олон удаа дэвшүүлэн тавьж байна. Цаашид хүчирхийлэлгүй, хүний эрхийг дээдлэн хүндэлсэн нийгмийг цогцлооход л төрийн бодлого үйл ажиллагаа чиглэгдэх учиртай. Тэр дундаа хохирогч хамгааллын асуудал маш чухал.
Өнгөрсөн оны тухайд Тагнуулын байгууллагын ажилтнуудын холбогдсон хэргүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон эрх бүхий зарим нэг албан тушаалтнуудын авилгын хэргүүд, цагдаагийн албан хаагчдын бусдын амь насанд халдсан гэмт үйлдэл, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс улбаалан жирэмсэн эх, бага насны хүүхэд амь насаа алдсан зэрэг гэмт хэргээс гадна хүн амины 10 гаруй хэрэг дээр ажиллалаа. Эрүүгийн хэргийн нөхцөл байдал улам бүр хэрцгий, хүнлэг бус болж байгаад сэтгэл үнэхээр их эмзэглэж байна. Гараад байгаа хэргүүдийн криминологи шалтгааныг судалж төрийн зүгээс дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт хийх цаг хэдийн болжээ.
ОЛОН Ч ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЛАА. ЗАРИМДАА АМАРГҮЙ ЗҮЙЛС ТОХИОЛДДОГ
-Олны анхааралд өртсөн хэд хэдэн дуулиант хэрэг дээр та ажилласан. Тэр дунд ямар нэг байдлаар дарамт, нөлөөлөх гэсэн оролдлого гарч байсан уу?
-Өмгөөллийн ажил бол өр зүрхнээс байнга уяатай, бас маш их цаг хугацаа, хөдөлмөр хүч зарцуулагддаг алба шүү дээ. Бусдын зовлонг өөрийн мэт хүлээн авч, түүний араас хуулийн гарц гаргалгаа эрэлхийлэн хүний төлөө зүтгэж байдаг үйл хэрэг. Нэг хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллалаа гэхэд доод тал нь 1-2 жилийн хугацаа ч зарцуулагддаг. 2016 онд үйлдэгдсэн нэг хэрэг л гэхэд өнгөрсөн 7 хоногт давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаж байх жишээтэй. Энэ хугацаанд тархиндаа хүнд гэмтэл авсан хүүгийн биеийн байдал сайнгүй, гэм буруутай этгээдүүд шүүхээр эцэслэн тогтоогдоогүйгээс эмчилгээний зардлыг ч гаргаж өгсөн зүйлгүй, хохирогч хохирсон хэвээр байх жишээтэй. Заримдаа амаргүй зүйлс олон тохиолддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яагаад ийм удаан байдаг юм вэ, гэмт хэрэгтнийг хурдан шоронд нь явуулах хэрэгтэй, бидэнд хэцүү, хүнд байна гэх мэтээр уурлаж бухимдах тохиолдол их гардаг. Тэр үед үйлчлүүлэгч нартаа хуулийн хугацаа, учир холбогдол зэргийг учирлан тайлбарлахаас эхлээд л тун амаргүй. Зарим нэг шийдвэрлэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явж байгаа хэргийн тухайд үйлчлүүлэгчдээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг учирлаж тайлбарлахаас үнэндээ халгадаг. Хүнд байдаг.
Харин нэг зүйлийг онцлоход хууль бус шаардлага, нөлөөлөлд өртөж байгаагүй. Ямар ч дарамт шахалт ирж байсан ч хуудуутай зүйлд хутгалдаж хуульчийн нэр хүндийг шороотой хутгах хүмүүжил надад байхгүй.
Өнөөдрийн байдлаар сэтгэл чилээсэн хэд хэдэн хэрэг бий. Учир битүүлгээр амь насаа алдсан иргэд, шийдвэрлэгдээгүй хэргийн ард олон хүн хуулийн байгууллагад итгэл тээн сэтгэл зүрхэндээ шаналан, харуусан суудаг. Ийм зовлон бэрхшээлийг тэдний хууль ёсны эрхийн төлөө ажиллаж байгаа өмгөөлөгчид илүү ихээр мэдэрдэг. Үр хүүхдээ алдсан ээжүүдийн зовлон бэрхшээлийг сонсоод хамтдаа уйлах үе хүртэл бий. Тэр зовлон шаналлыг эмэгтэй өмгөөлөгчид илүү их мэдэрдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад элдэв янзын дайралт ирдэг. Үгүй дээ л шүүх хурлын танхимд гэм буруутай этгээд хохирогчийн өмгөөлөгчийн хэлж ярьж байгаа үгийг үгүйсгэх хандлагатай нүүр тулах, тэдний үзэн ядах харцтай тулгарах асуудал энүүхэнд шүү дээ. Заримдаа хаанаас гараад ирсэн өмөөрөгч этгээд, газрын гай вэ гэсэн янзтай ямар муухай харцаар хардаг гээч. Тийм хүнд харц, хандлагатай таарахад эмэгтэй хүний хувьд зарим үед амаргүй байдгийг нуух юун. Ийм үед өргөсөн тангаргийнхаа хүрээнд ажлаа хийж байна гэж өөрийгөө зоригжуулж, тайтгаруулах үе байсан. Заримдаа ажилдаа халшрах үе гардаг.
Тийм хүнд үед хайртай аав, халамжит хань, гэр бүлийнхэн маань хүч чадал, урам зориг өгч, ухаан хайрлаж байдагт цаг ямагт талархаж явдаг. Тэднийхээ итгэл, сэтгэлийн хүчээр өдий зэрэгтэй хөдөлмөрлөж явна гэхэд хилсдэхгүй дээ. Ямар ч тохиолдолд хүний эрхийн төлөө, шударга ёсны талд зогсох ёстой гэсэн байр сууринаас ажиллаж ирсэн минь ажил амжилтын маань гол зарчим. Амар ажил гэж байхгүй, ард нь гарна даа гэж хичээж зүтгэдэг.
-Танаас хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээ авсан үйлчлүүлэгчид шүүх хурал дууссаны ард танд баярласан, талархсан сэтгэгдлээ илэрхийлдэг байх. Таны санаанаас гардаггүй юм уу эсвэл сэтгэлд тань илүү тод үлдсэн дурсамж бий юу?
-“Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины хэрэг олон нийтийн анхаарлын төвд очсон хойно, хэрэг гарснаас хоёр сарын дараа, гурав дөрвөн өмгөөлөгч ажиллаж байх үед талийгаачийн аав хандсанаар Батбаяр өмгөөлөгчийн хамт баг болон ажилласан. Бүтэн хоёр жил дөрвөн сар ажиллаж 3 шатны шүүх дээр ялалт байгуулж, хохирогчийн эрхийг хамгаалсан. Сүүлийн шүүх хурал дууссаны дараахан талийгаачийн аав өөрийн гараар танд зориулж урлалаа хэмээн морин хуур бэлэглэсэн. Мөн Хэнтий аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амь насаа алдсан бүсгүйн охин хөдөөнөөс зорин ирж, өөрөө урласан даалингаа бэлэглэж байсан нь тод санагдаж байна. Тэр хүмүүсийн сэтгэл шингэсэн морин хуур, даалинг гэрийнхээ хойморт залсан. Өмгөөлөгч бидний хувьд үйлчлүүлэгчдийн болон ар гэрийнхнийх нь сэтгэл, хандлага маш эрхэм. Сошиалаар ч талархсан сэтгэлээ илэрхийлдэг. Намайг гэсэн энэ их сэтгэл8 хайр энэрэл аз жаргал, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг. Хүний төлөөх чин сэтгэлийн үйл хэргийг хүмүүс олж харж үнэлдэг болсон юм билээ.
Харин хүүхдийн төлөө, хүний төлөө хийсэн бүтээсэн зүйлгүй, хуруугаа ч хөдөлгөж байгаагүй этгээдүүд хийж бүтээж яваа бусдынхаа үйл хэргийг элдвээр харлуулж, компьютерынхоо цаанаас бусдыг гүтгэн доромжилж суугаа дүр төрхийг харах үнэнхүү өрөвдөлтэй санагддаг. Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг онцолмоор байна.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монголд эмэгтэйчүүдийн ямар эрх хамгийн их зөрчигддөг вэ?
-Эмэгтэйчүүдийн эрх хүний эрх гэдэг ойлголтоос тусдаа биш. Хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах талаарх ойлголт юм. Манай улс хүний эрхтэй холбоотой 40 гаруй гэрээ, конвенцод нэгдэж, хуулиуддаа хүний эрхийн асуудлыг тусгасан. Гэвч бодит амьдрал дээр эдгээр хууль тогтоомж, гэрээ конвенцууд бүрэн хэрэгжихгүй байгаагаас хүний эрх өдөр бүр зөрчигдөж байна. Шат шатандаа хариуцлага, сахилга бат суларч байна. Хүний эрхийн асуудал нь улс төрчдийн оноо авах, ард түмний өмнө өөрсдийгөө рекламддаг хоосон лоозон болон хувирах ёсгүй.
Хүний эрх эрх чөлөөг дээдлэхгүйгээр аливаа улс орон хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох боломжгүй гэдэг. Тиймээс хүний эрхэд суурилсан бодлогыг улс орныхоо хөгжлийн чиг, бодлогод илүү оновчтой тусгах хэрэгтэй.
Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм соёлын ба гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал орхигдсоор байна. Гэр бүлийн харилцааг зохицуулсан хууль нь 20 жилийн өмнөх хууль байж байх жишээтэй.
Манай эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их зөрчигдөж буй эрх бол хувийн болон халдашгүй байх эрх. Монгол Улсад цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гутаан доромжлох, тэр дундаа эмэгтэйчүүдийн гэр бүл, хувийн амьдрал, алдар хүндэд халдах үзэгдэл, хандлага нийтлэг байна. Энэ асуудалд эрх зүйн зохицуулалт, хариуцлага тооцдог байдал үгүйлэгдэж байна.
Мөн хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийг нас, хүйс, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, ажил хөдөлмөрийг шударгаар үнэлэхгүй байх зэргээр хөдөлмөрлөх эрх зөрчигдөх байдал нийтлэг байдаг. Мөн зүс царай, тарган туранхай, бие бялдар, нас зэргийг зааж тавигдах шаардлага нэрээр ажлын байранд сонгох гол үзүүлэлт болгож байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд хүссэн ажилдаа орж чадахгүй гадуурхагдаж улмаар ажилгүй учир орлогогүй байдалд хүрдэг. Нэг эмэгтэйн цаана үр хүүхэд, хань нөхөр нь, эцэг эх, ах дүү нь нэг үгээр хэлбэл тухайн гэр бүл давхар хохирч үлддэг. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа охид, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөх явдал буурахгүй хэвээр байгаа нь анхаарал татсан асуудал хэвээр байна.
Бид ганцхан энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх гэж яриад орхих бус цаашид эрхийн зөрчилгүй амар амгалан аз жаргалтай нийгмийн төлөө асуудлаа тойрон шийдлийг эрэлхийлж эрмэлздэг байх учиртай. Тиймээс хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд ээжүүдийн дуу хоолой, байр суурь хамгаас үнэ цэнэтэй.
Хууль цаазыг хэрэгжүүлж, мөрдүүлэхэд бидний дуу хоолой, зарчимч шаардлага нэг байж гэмээн хариуцлагагүй алхам бүртэй тэмцэж ирээдүйн тэгш эрхийн боломжоор хангасан нийгмийг цогцлоож чадах юм. Бид дуугарч дуу хоолой болж чадахгүй бол өнөөгийн нийгмийн энэ байдал энэ хэвээрээ үргэлжилнэ. Бүсгүйчүүд бидний дуу хоолой хөгжлийн хөшүүрэг байна гэдэгт итгэл төгс байдаг.
Р.Булгамаа: Үр хүүхдээ алдсан ээжүүдийн зовлон, шаналлыг сонсоод хамтдаа уйлах үе ч бий | ||
Үзсэн: 3603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.