Шууд Chart

“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2022-06-17 09:36:02

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар өчигдөр “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.  


Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн ордон халдашгүй дархан байна.” гэж, мөн зүйлийн 5.2 дахь хэсэгт “Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана.” гэж тус тус заасан болно. Мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн ордон төрийн тусгай хамгаалалтад байх талаар зохицуулсан гэв. 

Мөн тэрбээр, Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа болно. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хүрээнд 2008 онд “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмаар Төрийн ордны хамгаалалтын бүсийн хэмжээ хязгаар, Төрийн ордонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтуудын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордонд нэвтрэх албан хаагчдын хувцаслалтын код болон хамгаалалттай холбоотой бусад харилцааг журамласан. Уг журам нь батлагдсанаас хойш зарим төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мөн Төрийн ордны хамгаалалтын бүрэлдэхүүнд орж байсан зарим хэсэг нүүж, нөхцөл байдал цаг үеэ даган шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн зэргийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатараас  2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулахдаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг тодотгов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөлд Төрийн ордны ард талын цэцэрлэгийг нээлттэй болгох, цаашлаад Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлагыг өөрчлөх асуудлыг хэрхэн тусгасан талаар лавлаж байлаа. 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмэлт тайлбар хийлээ.  Тэрбээр,  Төрийн ордон 1951 онд баригдсан. Анх баригдсан хэсгийн барилгын хийцийн мод өмхийрч, даацгүй болсноос хананд цууралт үүссэн тул хүчтэйхэн газар хөдөлбөл нурж, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэж Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг. Төрийн ордонд зөвхөн УИХ үйл ажиллагаа явуулдаг бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ЗГХЭГ-ын аж ахуй, үйлчилгээний олон газрууд байрладаг тул багтаамж нь хүрэлцэхээ больсон зэрэг бодит нөхцөл байдлыг олон нийтэд мэдэгдэх нь зүйтэй гэж байлаа.  

Төсөл санаачлагч гишүүн Д.Цогтбаатар хариултдаа, тогтоолын төслийн хүрээнд Төрийн ордны хойд цэцэрлэг иргэдэд нээлттэй болох хэдий ч ордны аюулгүй байдлын асуудлыг тусгайлан анхаарч шийдэх шаардлагатайг онцолсон. Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлагыг уг тогтоолын төслийн 4 дүгээр зүйлд тусгаж шийдвэрлэхээр болсон  хэмээв.

Ингээд “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.


“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй