Шууд Chart

А.Бүрэнбаатар: Монгол үлгэр сонссон хүүхэд Монгол ахуй, соёлоо мэддэг болно

2023-03-15 09:55:30

МҮОНРТ  “Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол” сантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, “Үлгэрийн цаг” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл уг арга хэмжээний нээлт өнөөдөр Өвөрхангай аймгийн төвд эхэлж байна.

Уг төслийн зорилго нь 21  аймаг болон  хилийн  чанадад суугаа Монголчуудад үндэсний өв соёл, соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэхэд оршиж байна.

Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Агваандашийн Бүрэнбаатартай ярилцлаа.

-“Үлгэрийн цаг” төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Анх хэзээнээс энэ санаачилгыг гаргасан бэ?

-Өнгөрсөн жилээс бид ярьсан юм. Ард түмэн “Монгол хүүхдүүд маань ихэвчлэн гадны үлгэрээр хүмүүжиж байна” гэж шүүмжилдэг болсон. МҮОНР-д үе үеийн нэвтрүүлэгчид Монгол ардын сургамжит үлгэрийг уншиж, фондод хадгалуулсан байдаг. Мөн дэлхийн сонгодог үлгэр ч бий. Эдгээрийг бид “MNB radio” аппликейшнд байрлуулсан. Үүнээс гадна шугамын радиотой хуучны цэцэрлэгүүдэд радиогоор нь хүргэнэ. Харин сүүлийн үеийн барилгуудад байхгүй бололтой юм билээ. Тиймээс бид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд унтлагынх нь цагийн үеэр буюу 13:00 цагаас анги ангид нь 30 минутын хугацаанд үлгэр сонсгох гэж байгаа юм. Ингэснээр радио сонсогчдоо багаас нь бэлдэх давхар ач холбогдолтой болно. Сонсоно гэдэг харахаас өөр. Төсөөлөл бий болдог. Жишээ нь “Цуутын цагаагч гүү” үлгэрээс “Цолмон цоохор” унага нь яг ямар зүстэй юм гэдгийг төсөөллөөрөө мэддэг болно.

-Хүүхдүүд үлгэр сонссоноор хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх боломжтой юу?

-Хамтран ажиллаж байгаа байгууллага маань нарийн судалгаа явуулах юм билээ. Гэхдээ төслийн төгсгөлд хүүхэд тус бүрийг гар зургийн уралдаанд хамруулна. Хамгийн их таалагдсан үлгэрийнх нь тухай зуруулна. Дараа нь тэд хэн хэндээ үлгэр ярьж өгдөг соёл руу орно.

-Үлгэр сонссоноор хамгийн их ач холбогдолтой зүйл юу байгаа гэж та харж байна вэ?

-Ном уншдаг болно. Мөн Монгол ахуйгаа мэддэг, ахмад настнаа хүндэлдэг, мэндлэх хүндлэх ёсоо ойлгодог болно. Ирэх зургаадугаар сарын 1 гэхэд Өвөрхангай аймгийн төвийн болон 19 сумын цэцэрлэгт энэ төсөл хэрэгжээд өндөрлөнө. Үүний дараа бага ангийн хүүхдүүдийн аав ээжид “MNB radio” аппликейшн татуулж, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулна. Энэ дашрамд хэлэхэд манай байгууллага дэргэдээ инвацийн төвтэй болж, радиогийн ахмад инженер О.Ганхүү радио хүлээн авагч зохион бүтээсэн байгаа. Энэ хүлээн авагч нь флаш уншдаг, хөгжим шиг хэрэглэгддэг, богино долгион хүлээн авдаг. Тиймээс үүнийг бид олон тоогоор үйлдвэрлэж, аймаг суманд олгоё гэсэн төлөвлөгөөтэй байгаа.  

-Өнөөдрийн байдлаар хүүхдүүд ихэвчлэн гадаадын хүүхэлдэйн киноны баатруудыг төсөөлж тоглож байна л даа. Тиймээс зөвхөн радиогоор биш телевизийн контент болговол тэд Монгол үлгэрийн баатартай “нөхөрлөх” боломж бүрдэх болов уу ...

-Тийм шүү. Манай улсын хүүхдүүд “Пони”, “Пороро”, “Тобот” зэрэг гадны улсын хүүхэлдэйн киног их үзэж байна. Тиймээс 400 орчим үлгэрээс 100-г нь онцолж, хүргэхээр бэлтгэлээ. Ингэж Монгол үлгэрийн баатартай “найзлуулснаар”, Монгол ахуй, соёлоо мэддэг болно. Тэр ч бүү хэл гэр бүлийнх нь уур амьсгал эергээр өөрчлөгдөж, хүүхдүүдийн зан харьцаанд ч сайнаар нөлөөлнө.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Бүрэнбаатар: Монгол үлгэр сонссон хүүхэд Монгол ахуй, соёлоо мэддэг болно  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй