Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайханыг "Редакцийн зочин" буландаа урилаа.
Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох тархины цус харвалт болон бусад асуудлаар бид ярилцсан юм.
-Манай улсад тархины цус харвалт өвчний тархалт хэр их байна. Сүүлийн үед харвалт залуужсан гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Ер нь, тархины харвалт Монголд гэлтгүй дэлхийд өндөр тархалттай өвчин. Дэлхийд тархины харвалт маш олон жил нас баралтаараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Нэгдүгээрт, зүрхний өвчин. Хоёрдугаарт, хорт хавдар. Гуравдугаарт, тархины харвалт ордог байсан ч сүүлийн 2-3 жил хоёрдугаарт орж, дэлхий даяар хавдрын өвчлөлөөс даваад байна. Монгол Улсын тухайд олон жилийн статистик мэдээллээр харвалт өндөртэй улсын тоонд ордог. Түүнчлэн, тархины харвалт ангиллаараа мэдрэлийн өвчний бүлэгт биш зүрх судасны өвчний бүлэгт багтдаг. Зүрх судасны өвчин их байна гэдэг нь зүрхний өвчин, тархины харвалт их байна гэсэн үг.
Зүрх судасны өвчин, тархины цус харвалт хоёулаа судсаар үүсдэг өвчин учраас зүрх судасны тогтолцооны өвчинд багтаад байгаа. Тиймээс харвалт зүрх судасны гаралтай өвчин. Судас нь нэг бол бөглөрдөг, нэг бол задардаг хоёр төрлийн харвалт түгээмэл бий. Бөглөрдөг харвалт нь судас бөглөрч, бөглөрсөн судасны цусаар хангадаг тархины хэсэг цус очихгүй учраас үхэждэг. Харин тархины эд дотор судас задарвал цус гадагшилж, тархины эдийг уусгаж бүлэгнэл үүсгэнэ. Мөн цөөхөн байдаг ч гурав дахь хэлбэр нь бүрхүүлийн доор буюу тархины гадуур тархи бүрхүүл хоёрын завсар харвадаг. Дэлхийн хэмжээнд 20-49 насныханд тохиолдож байгаа харвалтыг залуу насны харвалт гэж нэрлэж байгаа. Залуу насны харвалтын маш олон судалгаа хийгдсэн. Тухайлбал, 1960-2014 он хүртэл үечилсэн судалгаагаар бүх оронд залуу насны харвалтын тохиолдол өндөр болсон.
-Харвалтын гол шалтгаан нь юу байна вэ?
-Харвалтын гол шалтгаан цусны даралт ихсэлтээс болдог. Залуу насны харвалтын нэгдүгээр эрсдэл нь цусны даралт ихсэлт, хоёрдугаарт цусан дахь өөх тосны хэмжээ болон тамхидалт хамгийн их нөлөөлж байгаа. Мөн таргалалт буюу илүүдэл жин, чихрийн шижин, жирэмснээс хамгаалах эм, мансууруулах бодис, цусны бүлэгнэлтийн алдагдал зэрэг зүйлээс болж харваж байна. Манай судлаач Дэлгэрмаа залуу насны харвалтаар эрдмийн ажил хийж байсан. Энэ хүний судалгаагаар залуу насны харвалтын 53 хувь нь тамхидалт, 51 хувь нь архины асуудалтай холбоотой байна гэдэг. Мөн янз бүрийн халдварын эмгэг 15 хувьтай байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тамхи татахгүй байх, илүүдэл жингээ хасах, бодисын солилцооны эмгэгүүд хамгийн том шалтгаан болдог. Эдгээр зүйлүүдийг багасгавал харвалтаар өвчлөх нь багасна.
-Ер нь яаж сэргийлэх ёстой юм бэ?
-Харвалт нэг өдөр үүсдэг өвчин биш. Олон жил үргэлжилсэн буруу хэрэглээ болон хорт зуршлаас болж бий болдог. Тархины цус гадагшлах, ямар нэгэн цус хуралт үүсэхийг цус харвалт гэж үздэг. Мөн тархины судас бөглөрч, тагларах нь бас харвалт юм. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд тархины бөглөрөл, таглардаг хэлбэрийн харвалт 80-85 хувь, тархины цус харвалт нь 15-20 хувьтай байдаг. Харин манайд эсрэгээр 50-иас дээш хувь нь тархины цус харвалт, бага хувь нь бөглөрөлт тагларалтын харвалт болдог. Манай иргэд цусны даралтаа хянадаггүй, цусны даралтаа эмчлэхгүй байна. Бөглөрдөг харвалтаас илүү тархины цус харвалт ихэнх хувийг эзэлдэг. Залуу, хөгшин гэлтгүй өндөр хувьтай байна. Иймээс цусны даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Танд цусны даралт ихсэлт байна уу, цусны даралт ихсэх өвчин бий болж байна уу гэдгээ сайн оношлуулах хэрэгтэй. Цусны өвчин гэж бие даасан даралт ихсэлт байдаг. Эсвэл шинж тэмдгийн хэлбэрээр даралт ихсэх тохиолдол ч байдаг. Тухайлбал, чихрийн шижингийн үед даралт ихсэхээр ямар ч эм хэрэглэсэн буурдаггүй. Цусан дахь сахар нь өндөр байгаа тохиолдолд даралт буурдаггүй. Иймээс цусан дахь сахараа багасгах хэрэгтэй. Мөн бөөр, зүрхний эмгэгүүд залууст маш их тохиолдож байна. Иймээс хөгшин, залуугүй цусны даралтаа сайн хянаж хэвших ёстой. Залуу хүн гээд даралт ихсэх өвчнөөр өвчлөхгүй гэсэн баталгаа байхгүй.
-Даралт удамшдаг уу?
-Зарим бие даасан даралт удамшлын нөлөөтэй байдаг. Иймээс биеийнхээ жинг хэвийн хэмжээнд барих хамгийн чухал. Мөн тамхины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Тамхи судсыг маш их гэмтээдэг. Мөн архины хэрэглээг ч багасгах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол орох нь юм. Эмчийн үзлэг, шинжилгээгээр цусан дахь өөх тос, сахарын хэмжээ, цусны даралт ямар байна гэдгийг тодорхойлдог. Цусны даралт их байвал давтан хянуулж, хэрэглэж болох эм бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй. Мөн тогтмол даралтаа үзэж байх хэрэгтэй. Сүүлийн үеийн даралтын аппаратууд маш сайн мэдрэг болсон учраас буруу үзнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрсдөө даралтаа үзэхдээ зөв сууж үзэх ёстой. Хэрэв даралт хэт өндөр байвал өрхийнхөө эмнэлэгт хандаж, зөвлөгөө мэдээлэл тогтмол авч байгаарай. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад генийн шинжилгээ хийлгэж өөрсдийгөө ямар өвчнөөр өвдөх магадлалтай байна гэдгээ тогтоодог болчихсон байна. Гэтэл манай иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт орж сураагүй байгаа нь маш харамсалтай. Хүн эрүүл байвал бүх зүйлийг хийж бүтээнэ. Иймээс эрүүл мэндээ нэг номерт маш сайн анхаарч эрт илрүүлэлт орж байх хэрэгтэй. Ер нь жилдээ нэг удаа эрт илрүүлэлт хамрагдаад байвал өөрийнхөө өвчнийг эрт мэдэж эмчилгээ хийх боломжтой болно.
ИНТЕРНЭТ БОЛОН ХҮНИЙ АМААР ОНОШ ТАВЬДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
-Хүний биед ямар нэгэн зүйл мэдэгдэхгүйгээр харвалт явагдах уу?
-Мэдэгдэхгүйгээр харвалт явагдаж болно. Зарим харвалтын хэлбэрүүд нь нэг их шинж тэмдэг өгөхгүй өнгөрөх тохиолдол байдаг. Тухайлбал, цусны өндөр даралттай хүмүүс дээр жижигхэн харвалт өгөхөөр гар, хөлд нь саажилт өгдөггүй. 180-аас дээш өндөр даралттай хүмүүст мэдэгдэхгүй харвалт өгөх тохиолдол цөөнгүй гардаг. Нүүр, ам нь мурийсан тохиолдол болгон харвалт болохгүй. Нүүр, ам мурийх нь нүүрний мэдрэлтэй холбоотой. Мөн даарч хөрөх, янз бүрийн вирусийн халдвар, чихний өвчинтэй холбоотой байдаг. Их ядаргаанаас болж нүүр, ам мурийна гэж байхгүй. Нотолгоотой бодит хариуг эмчээс л авах хэрэгтэй. Интернэт болон хүний амаар онош тавьдгаа болих хэрэгтэй. Интернэтээр уншаад, оношлоод байдаг бол эмчийн хэрэг байна уу. Онош гэдэг бол хамгийн чухал зүйл. Хоёр хүн адилхан оноштой байж болно. Гэхдээ шалтгаан нь өөр өөр байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Адилхан өвчин байлаа гээд нэг аргаар эмчлэгдэнэ гэж байхгүй.
-Цус өтгөрөлт харвалтад нөлөөлдөг үү. Цус юунаас болж өтгөрдөг вэ?
-Цус өтгөрөхөөр цусны эргэлт удааширдаг. Зарим газарт бөглөрч тагларах магадал их байдаг. Шингэн бага хэрэглэхээр цусны бүлэгнэлт нь ихсэж, өтгөрдөг. Янз бүрийн эмгэгүүдийн үед цусны бүлэгнэлт, өтгөрөлт бий болдог. Мөн зүрх судасны өвчин, ковид болон бусад олон шалтгаанаас нөлөөдөг гэдэг нь олон судалгаагаар батлагдсан.
-Цусыг яаж шингэлэх ёстой вэ?
-Эхлээд цусны ерөнхий шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээгээр өтгөн байна уу, үгүй юу гэдэг нь гараад ирдэг. Дараа нь цусны бүлэгнэлтийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээнүүдэд үндэслэж дараагийн асуудал яригдана. Харвалтаас сэргийлж цус шингэлэх эмийг хэрэглэхийг зөвлөдөг. Цусны өтгөрөлт юунаас үүссэн гэдгийг олох нь чухал. Хүний биед байгаа янз бүрийн үрэвсэлт өвчнүүд цусны бүлэгнэлтийг ихэсгэдэг. Тухайлбал, хатгалгаа, буглаа, хатиг байж болно. Мөн цусны бүлэгнэлийг ихэсгэдэг зүйл бол хугарал. Мэс заслын дараа судас бөглөрдөг. Хагалгааны дараа эмчээсээ зөвлөгөө сайн авч цусны бүлэгнэлт ихсэхээс сэргийлж байх хэрэгтэй. Монголд харвалтын нас баралт арван жилийн өмнөх үетэй харьцуулахад харьцангуй буурсан. Жишээлбэл, зүрх судасны нас баралт дотор эзэлдэг харвалтын нас баралт 2014 онд 38 хувь байсан бол одоо 20 хувь болж буурсан. Харвалтын нас баралт буурч байгаа. Энэ өвчнөөр өвдөхгүй байх нь чухал. Харвалт өгөөд эдгэрлээ гэхэд биеийн тал хэсэг саажаад үлддэг. Ярьж чадахгүй, харж чадахгүй, тэнцвэртэй алхаж явж чадахгүй болдог. Хүнд ямар нэгэн зүйл үлддэг учраас харвалтаар өвдөхгүй байх нь чухал. Бусад өвчтэй харьцуулахад үлдэц ихтэй. Дэлхийд жилд 13 сая орчим хүн шинээр цус харваж байгаа. Тэдний таван сая нь нас бардаг. 4-5 сая нь хөдөлмөрийн чадвараа алддаг бол үлдсэн хувь нь эдгэрдэг. Иймээс энэ өвчнөөр өвдөхгүйн тулд эрүүл биеийг залуугаас бүтээх хэрэгтэй. Харвалтын нас баралт эрэгтэйчүүдэд өндөр байдаг. Иймээс хажуудаа байгаа хүндээ анхаарал хандуулж байх хэрэгтэй.
-Харвалт өгөөд эдгэрсэн хүмүүс ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу?
-Харвалтад анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж бий. Анхны урьдчилан сэргийлэлт гэдэг нь харвалт өгөхөөс өмнөх үе, хоёр дахь ойлголт нь нэг харвачихвал ахиад харвахгүй гэсэн ойлголт биш. Тусгайлсан дэглэм гэхээс илүүтэй дахин харвалт өгөхөөс сэргийлэх хэрэгтэй. Сэргийлэхдээ ямар нэгэн айдас үүсгэхгүй байх ёстой. Биеэ сайн хянах хэрэгтэй. Харвалтын дараа сэргийлэлт хамгийн чухал. Гол нь өөртөө бухимдал үүсгэж болохгүй. Харвалтын дараа сэргээн засах эмчилгээ маш чухал. Хөдөлмөрийн чадварыг бууруулж, энгийн амьдралд оруулах гол эмчилгээ сэргээн засах эмчилгээ юм. Эм тариа чухал биш. Сэргээн засах эмчилгээний үр дүнг гаргахын тулд сэргээн засалч, хөдөлгөөн засалч ганцаараа биш ар гэр болон өвчтөн өөрөө маш сайн хичээж зүтгэх хэрэгтэй.
-Хүмүүс даралт ихсэхээрээ эм уугаад, бусад үед эм уудаггүй. Даралтын эмийг тогтмол уух ёстой юу?
-Эмийг тогтмол хэрэглэх ёстой. Даралтыг байнга хянаад эмийг тогтмол хэрэглэх нь хамгийн чухал. Одоогийн эмүүд нэгээс гурван найрлагатай болчихсон. Нэг үгээр хэлбэл, нийлмэл найрлагатай эмүүд их болсон учраас олон эм хэрэглэх шаардлагагүй. Өөртөө таарсан эмийг тогтмол ууж байж харвалтаас сэргийлнэ. Нэг өдөр эм уугаад харвалтаас сэргийлэх боломжгүй. Тогтмол ууж байж харвалтаас сэргийлнэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ ГЭЖ ДАН НОГОО ИДЭХИЙГ ХЭЛЭХГҮЙ
-Таргалалт харвалтын нэг шалтгаан болдог гэж байна. Манай эмэгтэйчүүд турах гэж тураах бүтэгдэхүүн их хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэг, үзүүлдэггүй гэдэг. Эмч хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер нь бол тураах бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг сайн шалгах хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүнд хийсэн судалгаа нотолгоо байна уу гэдгийг сайн үзэж харах ёстой. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нотолгоотой зүйлийг анагаах ухаанд хэрэглэдэг. Ямар судалгаа шинжилгээтэй, хаана хэрэглэдэг, хэзээ хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь хамгийн чухал. Зөвшөөрөл байна уу, үгүй юу гэдгийг өөрсдөө судалж үзэх хэрэгтэй. Хүний амаар сонсож хэрэглэх нь хамгийн эрсдэлтэй. Өөрийнхөө биед ямар нэгэн туршилт хийхгүй байх хэрэгтэй. Манай иргэд хүний ам дагаж их шуурдаг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сайн анхаарч хэрэглэх ёстой. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эмчилгээний зорилтынх биш. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хавдар эмчилж болох уу. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хагалгаа эмчилнэ гэдэгт би огт итгэхгүй байна. Би энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл болсон гээд яриад байдаг. Яг эмчлэгдсэн үү, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй. Хэн оношилж баталсан нь тодорхойгүй байдаг. Ийм баталгаа нотолгоогүй зүйл ярихаа болих хэрэгтэй. Зарим хүн өөрийнхөө биеэр болон гэр бүлийнхнээрээ туршилт хийж байгаад харамсдаг. Аливаа зүйлийг хэрэглэхдээ бодолтой хэрэглэж байх хэрэгтэй. Хүнээс сонссон зүйлээр эмчилгээ хийнэ гэж байхгүй. Анагаах ухаанаар батлагдсан зүйлийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Анагаах ухааны боловсролыг онлайнаар, эчнээгээр зааж, эмч бэлтгэдэг газар хаана ч байхгүй. Эмч мэргэжлийг эчнээгээр сурах ямар ч боломжгүй. Бусад мэргэжлийг эчнээгээр сурч болдог. Анагаах ухааны сургуульд зургаан жил сурдаг. Мөн нарийн мэргэжлийн эмч болохын тулд 8-10 жил суралцдаг. Хүний биеийг юугаар ч орлуулж болшгүй зүйл учраас эмчилгээ оношилгоо өндөр түвшинд явдаг. Одоо цахимаар мэдээлэл авч янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлнэ. Янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаад хавдартай болох ч эрсдэлтэй. Хавдар гэдэг хэвийн эс байж байгаад хувирч хавдрын эс болдог. Муу зүйл гээд хорьж цагдах нь чухал биш. Эрүүл хооллолт гэхээр дан ногоо идэхийг хэлэхгүй. Хүний биед нүүрс ус, өөх тос, уураг заавал тодорхой хувиар орох ёстой. Манай иргэд цагаан будаа, цагаан гурилыг хэрэглэхгүй хориод байдаг нь буруу. Хамгийн чухал зүйл нь өөрийнхөө биед орж байгаа калорио тооцоолох л хэрэгтэй. Хүний биед орох ёстой бүтээгдэхүүн бүгд орж байж шим тэжээлээ авах ёстой. Дураараа, янз бүрийн тураах бүтэгдэхүүн хэрэглэж байхаар мэргэжлийн хоол зүйчээс мэдээлэл зөвлөгөө аваасай. Одоо бүх эмнэлэг мэргэжлийн хоол зүйчтэй болсон. Анагаахад Шим тэжээлийн танхим ч бий болчихсон байгаа. Миний хувьд аль нэг зүйлийг хасаж хорихыг зөв хооллолт гэж боддоггүй. Хамгийн чухал нь зөв харьцаатай хооллох юм. Нэг зүйлийг хасаад сайхан болдог гэдгийг би лав мэдэхгүй.
-Манай иргэд эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол авч урьдчилан сэргийлэх үзлэгтээ хэр орж байна вэ. Нэг үеэ бодвол эрүүл мэндээ анхаардаг болсон байна уу?
-2006 оноос олон нийтийг хамарсан ажил зөндөө хийгдэж байгаа. Хамгийн сүүлд ”Эрүүл монгол хүн” гэдэг хөтөлбөр илүү хүртээмжтэй өргөн цар хүрээтэй хийгдсэн. Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж байна. Өвчин тусахаас өмнө сэргийлэх нь чухал гэдэг ойлголттой болчихсон. Гэхдээ нэг удаа оношилгоо шинжилгээ өгөөд бүх зүйлээс сэргийлнэ гэж ойлгож болохгүй. Нас ахих тусам урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд ойрхон орж байх хэрэгтэй. Нас ахих тусам хавдрын эрсдэл ихэснэ. Эс чинь хөгширнө. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх ёстой. Хавдар нэг, хоёрдугаар шатандаа төгс эмчлэгддэг. Харин гурав, дөрөвдүгээр шатандаа хүрэхээр эмчилгээ авах нь бага болдог. Ямар нэгэн өвчний зовуурь илрээгүй байхад урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх нь чухал. Одоогоос 20 жилийн өмнөх үетэй харьцуулахад урьдчилан сэргийлэх үзлэгт үнэхээр сайн ач холбогдол өгдөг болсон. Одоо ганцаар биш хамтаа сэргийлье гэдэг уриатай баймаар байна. Загасчны морь усгүй гэдэг шиг эмч нар өөрийгөө анзаардаггүй. Эмч нарын нас богинохон. Тэтгэвэртээ гараад, удаан хөгшрөөд байгаа эмч их цөөхөн шүү.
ЭМЧ, СУВИЛАГЧИЙГ ХЭН НЭГНЭЭР ОРЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ
-Эмч, эмнэлгийн ажилтны хомсдолтой байгаа. Бодит байдал дээр ямар байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт нэг номерт дутагдаж байгаа боловсон хүчин бол сувилагч. Дэлхийд нэг эмчид гурван сувилагч оногдох ёстой. Гэтэл одоо нэг, нэг болсон. Одоо 12 мянган эмчтэй 12 мянган сувилагчтай байна. Энэ тийм таатай зүйл биш. Сувилагч мэргэжлийн хомсдол Монгол төдийгүй дэлхий даяар бий болсон. Сувилагч хамгийн эрэлттэй мэргэжил. Дээр үед дунд боловсролтой байдаг байсан бол одоо бакалавраар бэлтгэдэг болсон. Мөн нарийн мэргэжлийн сувилагч нарыг бэлтгэж байна. Нарийн мэргэжлийн сувилагч нар бүр эрэлттэй. Жишээлбэл, унтуулга болон мэдээгүйжүүлэлтийн сувилагчийг өөр сувилагч хийж чаддаггүй. Мэдээгүйжүүлэлтийн сувилагч, хагалгааны сувилагч нар өөр өөр байдаг. Анагаах ухаан маш өндөр хөгжиж байна. Их олон тоног төхөөрөмж хэрэглэдэг болсон. Үүнийг дагаад боловсон хүчний чадвар сайжирсан. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин бага болохоор энэ салбараас гарах нь ихэссэн. Эмч, сувилагчийн цалингаар гэр бүлээ тэжээх боломж үнэхээр хүнд. Энэ асуудлыг цаашид сайн анзаарч бодлогын түвшинд ярих хэрэгтэй. Ирээдүйд бүр их хомсдол үүсэх эрсдэлтэй. Эмч, сувилагчийг хэн нэгнээр орлуулах боломжгүй. Сувилагч мэргэжлийг хамгийн муу ажил гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Эмчтэй хамт хүнийг эмчилдэг мэргэжил.
-Та энэ салбарт хэр удаан ажиллаж байна. Ажлын ачаалал хэр байна?
-Эрүүл мэндийн салбарт 29 жил ажиллаж байна. Одоо өвчний бүтэц их өөр болсон. 20 жилийн өмнөх үеийн өвчний бүтэц, одоогийн өвчний бүтэц маш өөр болсон байна. Мөн эмчтэй харьцдаг байдал 360 градус шиг өөрчлөгдсөн. Өмнө нь эмч, эмнэлгийн ажилчдыг их хүндэлдэг байсан. Одоо бол би цалинг чинь өгч байгаа шүү гэдэг хандлагаар ханддаг болсон. Ер нь ямар ч хүнийг хүн хүндэлж харьцаж байх ёстой. Үйлчилгээ авч байгаа хүн бүхэн загнаж, уурладаг. Ерөнхийдөө манай монголчуудын хандлага ийм болчихсон. Автобусны жолооч, худалдагч байсан ч загнаж, уурладаг болсон. Энэ нь нийгмийн стрессийн бухимдалтай холбоотой байх. Хүн өдөр тутмын хэрэглээ хэрэгцээ нь хангалттай бол учир зүггүй уурлаж бухимдахгүй л байх. Одоо өдрийн хоолоо яах вэ, хүүхдийнхээ сургалтын төлбөрөө яах вэ гээд асуудал их байгаа болохоор бөөн ууртай хүмүүс явдаг болсон. Зүгээр эвээр хэлсэн ч уурлаж хүлээж авч байна. Өмнө нь иргэд стрессээ автобусны кондукторт их гардаг байсан. Одоо кондуктор байхгүй болсон учраас эмнэлгийн эмч, ажилчдад уурлаж стрессээ "тайлж" байна.
-Эмч нарыг эмчилгээ үйлчилгээ хийхээр гар хардаг гэж ярьдаг. Энэ хэр бодит вэ. Энэ асуудал эрүүл мэндийн салбарын нэр хүндэд их сөрөг нөлөө үзүүлдэг?
-Эмч нар мөнгө өгөхийг хүлээгээд хүнээ эмчлэхгүй сууна гэж байхгүй. Ийм зүйл хаана ч байхгүй. Энэ зүгээр хүний хардлага байх. Эмчилгээ үйлчилгээ аваад эрүүл болоод эмнэлгээс гарахдаа эмчдээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж болно. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ авч эхэлж байхдаа өөрсдөө баярлалаа гээд гүйгээд байдгаас болж байгаа. Миний хувьд эмч хүнээс ийм хандлага гардаггүй гэж боддог. Хэн тэгээд мөнгө өгөхийг хүлээгээд сууж байх вэ дээ. Энэ бас өрөөсгөл ойлголт. Гэхдээ тэгш бус байдал байдаг болоод хүмүүс тэгж хэлж байгааг үгүйсгэхгүй. Зүгээр тусламж үйлчилгээ аваад явахад болно. Дутагдал байгаа бол тэр дор нь хэлээд шийдээд явах хэрэгтэй. Зүгээр муулаад суугаад байвал хэзээ ч засрахгүй. Үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн өөрсдөө шийдээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол өгдөг, авдаг гэсэн яриа байсаар л байна.
-Эмнэлгийн үйлчилгээг танил талаараа хийдэг гэсэн асуудал бас яригддаг?
-Манай монголчууд өөрсдөө хөөцөлдөхөөс өмнө тэнд таньдаг хүн байна уу гэж асуудаг. Одоо бас харьцангуй гайгүй болж байгаа. Эхлээд ажил хөөцөлдөж, уулзахаас өмнө таньдаг хүнээ хайгаад гүйчихдэг. Энэ нь хөөрхөн монгол зан байх даа /инээв/. Одоо нийтээр жаахан соёлжих хэрэгтэй байна. Нэг өдөр хувьсгал хийж байгаа шиг энэ бүхэн байхгүй болохгүй. Иргэд өөрсдөө эхлээд танил тал гэж хайхгүй байх хэрэгтэй. Манай иргэд их яаруу. Заавал өнөөдөр бүх зүйлээ үзүүлэх гээд байдаг. Аливаа зүйл чинь цаг, минутаар хэмжигдэж явна шүү дээ. Гадаадын орнууд эмнэлгийн үйлчилгээний цагаа дандаа урьдчилж авдаг. Яаралтай эмчилгээгээ яаралтайгаар хийгээд л явдаг.
-Одоо манай эмч нар өдөрт хэдэн хүнд үзлэг хийж байна вэ?
-Одоо нэг хүнийг 10 минут үздэг. Хуучин өдөрт 32 хүн үздэг байсан багасаад 24 болсон. Арай ачаалал багассан. Өмнө нь давтан үзлэг нь цаггүй ордог байхад өдөрт 60-70 хүний үзлэг хийж байсан. Давтан үзлэг нь цаг авч ордог болсон болохоор харьцангуй оочир дараалал нь багассан. Одоо үйлчилгээ авч байгаа хүмүүсийг хариуцлагатай болгох хэрэгтэй. Өвдөж биш өвдөхөөс өмнө үзүүлж хэвших шаардлагатай. Сэтгэл зүйн эрүүл мэнд маш чухал байна. Энэ их стресс бухимдал өвчний эх үүсвэр болдог. Стресс хавдар өвчинд их нөлөөлдөг. Энэ нь эсийн хувиралд маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь аль болох асуудлыг цаг тухайд нь шийдэж байвал бусад өвчнөөс сэргийлж болно. Өөрийн стрессийг бусад руу цацахгүй байх, сэтгэл санаагаа тайвшруулдаг аргуудад суралцах хэрэгтэй. Ингэж чадвал өөрийгөө өвчнөөс сэргийлнэ, бусдыг ч өвчнөөс сэргийлнэ. Стресстэй байгаад байвал хурдан хөгширдөг. Байнгын стрессийн байдалтай байх нь өвчин үүсгэж байна. Тухайлбал, ходоодны шарх цэвэр стрессийн гаралтай. Жижиг зүйл томорсоор байж өвчин бий болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сэтгэлээ ялж чадвал бүх зүйлийг даван туулж чадна.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Энхсайхан: Харвалт нэг өдөр үүсдэг өвчин биш | ||
Үзсэн: 2519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.