Шинэ жилийн баяр дөхөөд нийслэлд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Мөн халтиргаа гулгаатай байгаа учраас автомашин мөргөлдөх, жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гарсаар байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Отгонтамиртай ярилцлаа.
-Зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан. Тээврийн цагдаагийн албанаас хэрхэн хяналт тавьж байна. Зөрчилгүй тээврийн хэрэгсэл бараг байхгүй учраас бүгдийг зогсоож байна уу?
-Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 хэсэг дээр заасан байгаа. Зөрчил гаргасан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг зогсоож шалгахад торгуулиа төлөөгүй, тухайн жолоочийн торгууль Зөрчлийн хуулиар 450 мянгаас дээш байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Харин 450 мянгаас доош байвал албадан төлүүлэх буюу тээврийн хэрэгслийг түр саатуулдаг.
Иргэд хуулийн хугацаа буюу зөрчил гаргаад цагдаа албан хаагч Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон бол 15 хоногийн хугацаанд тушаах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу тушааж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлтөө эдлээд явдаг. Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж хэрэгжих Зөрчлийн тухай хуулиуд байгаа. Уг хуулиар тухайн тээврийн хэрэгслийн жолооч 450 мянгаас дээш торгуультай байвал нийтэд тустай ажил хийлгэх, 450 мянгаас бага байвал албадан төлүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Энэ төрлийн мэдээллийг нэгдсэн журмаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийнхөнтэй хамтарч дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Зөрчил болон торгуульд камерын хяналтыг ашиглаж байна уу. Эсвэл цагдаагийн алба хаагчид биеэр гүйцэтгэж байна уу?
-Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр бүртгэлтэй байгаа улсын дугаар дээр торгуулийг теле камерын хяналт болон цагдаагийн алба хаагч хяналт шалгалт тавьж байна. Иргэд торгууль гэдэг талаас нь битгий хараач гэдгийг хэлмээр байна. Нэг жолооч замын хөдөлгөөний дүрмийг хэд хэдэн удаа зөрчдөг.
Зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн арга хэмжээ тооцдог. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт сахилга бат, дэг журам гэдэг зүйл хамгийн чухал. Хэт хайнга, дүрэм журам зөрчсөнөөс болж ноцтой осол гардаг. Гэрэл дохио зөрчсөнөөс болж, гэрлээр гарч байгаа бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэж байна. Жолооч гэрэл дохио зөрчихдөө осол гаргаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ тооцдог. Иймээс жолооч нар дүрмээ сайн мөрдөх хэрэгтэй.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 22748 ЖОЛООЧИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ИЛРҮҮЛСЭН
-Шинэ жилийн баяр дөхөж байна. Ямар төрлийн зөрчил их илэрч байна вэ?
-Шинэ жилийн баярын уур амьсгал улсын хэмжээнд орчихсон байна. Нийслэлд албан байгууллага, үйлчилгээний байгууллагууд баярын арга хэмжээг тэмдэглээд эхэлчихсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээд гарч байна. Мөн байгууллагын ажилчид болон найз нөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ авч явж чадахааргүй болсон хүнийг орхиж явахгүй байх хэрэгтэй. Албан байгууллага нэгдсэн журмаар автобус унаагаар авч явах, арга хэмжээ дууссан бол ар гэрт нь хүлээлгэж өгөх гэдэг зүйл дээр онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Мөн хэн нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол байвал таслан зогсоогоорой. Ингэснээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалах боломжтой.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол хэр бүртгэгдэж байна ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хоногт 40-50 бүртгэгдэж байна. Энэ оны эхний арван сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22748 жолоочийг цагдаагийн алба хаагч илрүүлж таслан зогсоосон. Тухайн хүмүүс цааш хөдөлгөөн үргэлжлүүлээд явсан бол хэчнээн хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд эрсдэл учруулах байсныг таашгүй.
Цагдаагийн байгууллага 24 цагийн хугацаанд хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Иргэд хяналт шалгалт хийж байгаа алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээрэй. Хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Хэн нэгийг эрсдэлтэй байдал гаргахаас өмнө урьдчилан сэргийлж таслан зогсоож, иргэний үүргээ биелүүлээрэй гэж зөвлөе.
-Халтиргаа гулгаа их байгаа учраас зам тээврийн осол нэмэгдэж байна уу?
-Орон нутгийн замд ослын дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна. Тухайн орон нутгийн цагдаагийн газрууд нь шалгалтын ажиллагааг явуулдаг. Өвлийн улирал эхэлчихсэн энэ үед орон нутгийн замд хурдаа зөв тохируулж явах хэрэгтэй. Хурд тохируулж яваагүйн улмаас жолоодлого алдагдаж, замын хажуу руу орох, мөргөлдөх тохиолдол байна.
-Одоо эрт гэгээ тасарч байгаа учраас үзэгдэх орчин хязгаарлагдаж буй байх. Харанхуйд явган зорчигчид осолд орох эрсдэлтэй байдаг. Үүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2-т зааснаар шөнө оройн цагаар явган зорчигч иргэд аль болох гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас өмсвөл зохино гэж зөвлөсөн байдаг. Монгол Улсаас бусад улс оронд шөнө оройн цагаар иргэд нь аюулгүй байдлаа хангаж, гэрэл ойлгосон фосфортой хувцас хэрэгсэл өмсөж, хөдөлгөөнд оролцдог. Яагаад ийм хувцас өмсдөг вэ гэхээр тухайн гэрэл ойлгосон хувцсыг жолооч 150-200 км-ийн цаанаас хардаг.
Явган зорчигчийг гарцаар гарч байхад ирээд мөргөж байгаа тохиолдол байна. Оройн цагаар хар бараан хувцастай явган зорчигчид гэрлийн гялбаанд мөргүүлэх тохиолдол гардаг. Өвлийн улирал эхэлж, халтиргаа гулгаатай байгаа үед явган зорчигчид зорчих хэсэгт тээврийн хэрэгсэлд хурдаа сааруулж, бүрэн гүйцэт зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж гарах хэрэгтэй.
Г.Отгонтамир: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хоногт 40-50 бүртгэгдэж байна | ||
Үзсэн: 1205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.