Шууд Chart

Л.Золзаяа: Эмнэлгээс гараад нэг, хоёр хоноод буцаж хэвтэх тохиолдол их байна

2024-12-16 15:35:22

Томуугийн  дэгдэлт болон эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эмч Л.Золзаяагаас тодрууллаа.

-Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд хэд хоног хэвтэж байна вэ. Хэвтэж байгаа хугацаандаа эдгэрч  байна уу?

Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг ажиглахад зургаан сар хүртэлх насныханд гуурсан хоолойн үрэвсэл илүү давамгай байгаа. Энэ нь уушгины хатгалгаатай адил шинж тэмдэгтэй. Цэр бөглөрөх, гуурсан хоолойн булчин агшсантай холбоотойгоор цээж шуугих шинж тэмдэг илүү байна. Энэ нь эмнэл зүйн хувьд хатгаатай төстэй учир хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх хувийг эзэлж  байгаа.

Хэвтэж эмчилгээ хийлгээд эмнэлгээс гараад нэг, хоёр хоноод буцаж хэвтэх тохиолдол их байна. Эмнэлэгт уушигний хаталгааны ид үеийг намжаагаад 7-10 хоног эмчилгээ хийгээд гаргадаг. Тухайн хүүхэд гэртээ гараад дэглэм сахиж, өрхийн эмчийн хяналт дор бусад эмчилгээг хийлгэдэг.

Халуурч байгаа үед эхний сонголт парацетамол хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ халуун буухгүй бол эмнэлэгт хандана. Халуурч байгаа үед 5-7 хоног цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх хэрэгтэй. Сургууль цэцэрлэгтээ яваад байвал эмчилгээний үр дүн муу байна.  Мөн бусад хүүхдүүдэд  халдвар тараах эрсдэлтэй.

-Эмнэлгийн орны хүрээмж ямар байгаа вэ?

Манай амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг үндсэн 40 ортой. Томуугийн бэлэн байдлын хүрээнд  орныхоо тоо 101 хүртэл нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 117 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.  Ерөнхийдөө  ачаалалтай байна. Манай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт үзлэгийн 461 хүүхэд үзүүлсэн. Үүнээс амьсгалын замын халдвараар үзүүлсэн 292 буюу 63 хувийг эзэлж байна.

-Томуугийн эрсдэлтэй бүлэгт ямар хүмүүс хамрагдах вэ?

-Томуугийн эрсдэлт бүлэгт хөхүүл болон хоёр хүртэлх насны хүүхдүүд, уушгины архаг эмгэгтэй буюу астматай хүмүүс ,элэг, зүрх, бөөр, бусад бодисын солилцооны эмгэгтэй, мэдрэлийн болон бусад таталтын өвчтэй, дархлаа сул, ХДХВ-ийн халдвартай, удаан хугацаанд дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа, суурь эмгэгтэй 65-аас дээш насны хүмүүс Эрүүл мэндийн ажилтнууд томуугийн вирусээр өвдөх эрсдэлт бүлэгт багтана. Эдгээр хүмүүс дархлаа сайн дэмжиж, амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй.

-Ханиад томуу олон төрлийн вирусийн гаралтай байгаа. Тухайн вирусийг ялгах боломж байгаа юу?

-Амьсгалын замын синцитиал вирусийн нууц хугацаа нь 3-5 хоног үргэлжилнэ. Эхэн үедээ амьсгалын дээд замын хэсэг улайж, үрэвсдэг. Богино хугацаанд гуурс болон гуурсанцрын үрэвсэл, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Энэ нь зургаан сар хүртэлх насны хүүхдүүдэд илүү халддаг. Түүнчлэн амьсгал дутагдлын шинжүүд илэрч байна. Зургаан сар хүртэлх насны хүүхдүүдэд цээж шуугих шинж тэмдэгтэй гуурсан хоолойн үрэвсэл давамгай ажиглагдана. Харин  SarsCov2 вирусийн үед эмнэл зүйн хувьд амт, үнэр алдагдах шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Мөн адино вирусийн нууц хугацаа нь 4-12 хоног хүртэл үргэлжилдэг. Хэв шинжээсээ хамаараад адино вирус нь ходоод гэдэс болон амьсгалын дээд зам, гүйлсэн булчирхайн үрэвсэлд хүргэж мэднэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Л.Золзаяа: Эмнэлгээс гараад нэг, хоёр хоноод буцаж хэвтэх тохиолдол их байна  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй