Шууд Chart

М.Хоролсүрэн: Сэтгэлтэй хүн Цагдаагийн байгууллагад ажилладаг

2024-12-18 11:57:28

Монгол Улсад 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хурандаа цол”-ыг анх эмэгтэй цэргийн алба хаагчид олгож эхэлсэн. Эдүгээ төрийн цэргийн болон хууль сахиулах есөн байгууллагын 98 эмэгтэй албан хаагчид энэхүү эрхэм цолыг олгожээ. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 325 дугаар тушаалаар эмэгтэй цагдаагийн алба хаагчид “Цагдаагийн хурандаа” цол олгосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 26 эмэгтэй албан хаагч Хурандаа цолтны эгнээнд нэгдсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга асан, Монголын хамгийн анхны эмэгтэй Цагдаагийн хурандаа М.Хоролсүрэнтэй ярилцлаа.

-Цагдаагийн албанд анх ажиллах болсон талаар яриагаа эхэлье?

-Би анх НАХЯ-ны нэр дээр Герман улсад их сургууль төгсөж ирээд есөн жил НАХЯ-нд Гадаад харилцааны байцаагчаар ажилласан. 1990 онд НАХЯ татан буугдаж Цагдан сэргийлэх ерөнхий газар бие даан тусдаа гарч даргаар нь хошууч генерал Б.Пүрэв гуай томилогдож байсан юм. Энэ үед Цагдаагийн байгууллагын Гадаад харилцаа хариуцсан анхны байцаагчаар ахлах дэслэгч цолтой томилогдож, гадаад харилцааны тасаг, хэлтсийн даргаар ажиллаж, Цагдаагийн хурандаа цол хүртэж улсад нийт 30 жил ажиллаад цэргийн тэтгэвэртээ гарсан даа. Ямар нэгэн бэрхшээл байгаагүй. Залуухан байсан болохоор тэр болгоны хүндийг мэдэрч байгаагүй. Одоо эргээд бодоход илүү цагаар их ажилладаг байсан байна лээ. /Инээв/

Гадаад харилцаа хариуцсан байцаагчаар ажиллаж байх үедээ нэг хэсэг Интерполын үндэсний товчооны Нарийн бичгээр давхар ажилласан. Цагдаагийн гадаад харилцаа өргөжин тэлэх тусам ажлын цар хүрээ өргөсөж 2004 онд манай Гадаад харилцааны хэлтэс байгуулагдаж, даргаар нь томилогдон, орон тоо ч нэмэгдэж хэд хэдэн байцаагчтай ажиллах болсон.

Дэлхийн цагдаагийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг ерөнхийдөө ижил төстэй байдаг шүү дээ. Манай Цагдаагийн байгууллагын Гадаад харилцааны хэлтэс цагдаагийн бие бүрэлдэхүүнээ сургах, гадаад орнуудын туршлагаас судлах, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг хариуцаж ирсэн. 1990-ээд онд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд үед бусад улс орны дэвшилтэт арга барил, ажлын туршлагаас суралцах хэрэгцээ шаардлага гарч байсан.

-1990-ээд он шилжилтийн хүнд үе байсан. Цагдаагийн байгууллага үүнийг даван туулахад Гадаад харилцааны хэлтэс ямар түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байсан бэ?

-Гэмт хэрэг бол нийгмийн хөгжлийн толь байдаг. Нийгэм зах зээлийн эдийн засагт шилжсэн, ядуурал, ажилгүйдэл бий болсон хэцүү үе байсан даа. Энэ бүхэнд маш мэдрэмжтэй хандаж, цаг үеэ ойлгож, бусад улс орнуудын ижил төстэй байгууллагуудтай холбогдож, тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын тухай лавлах, цахим хуудас руу нь орж, цагдаагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шинэ техник, шалгарсан арга барилаас судлан хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх гээд уйгагүй харилцдаг байлаа. Жишээ нь, тухайн улс орон авлига, банк санхүү, терроризм зэрэг асуудалд анхаарлаа илүү хандуулж туршлага хуримтуулсан бол сургалт авах хүсэлт тавьдаг байлаа.

1990 онд шилжилтийн үед гадаад харилцааг яаж хөгжүүлэх вэ, санхүү, эдийн засаг улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх, эрүүгийн нөхцөл байдал гээд асуудал чамгүй байсан. Тэр үед олон судалгаа хийж, идэвхтэй ажиллаж, 1991 онд Монголын цагдаагийн байгууллагыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын интерполд элсүүлж байлаа. Энэ бол маш том амжилт. Монгол Улс 150 дахь орноор эрүүгийн цагдаагийн интерполд элссэн. Элсээд жилийн дараа бүсийн интерполын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан. Энэ нь хамгийн их зочин төлөөлөгч оролцсон арга хэмжээ болсон. Дараа нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг дэлхийн улс орнуудад таниулах, харилцааг хөгжүүлэх том үүрэг оногдсон.

Дараа нь Ази, Номхон далайн бүсийн хурлыг зохион байгуулж байсан. Ингээд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, олон оронтой харилцаа тогтоож, гадаад харилцааг тэлж сайхан болсон. Үүнийгээ дагаад манай гадаад харилцаа тасаг хэсэгт байгуулагдаж, бие бүрэлдэхүүн бэхэжсэн. Ингээд Монголын Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, ажиллаж эхэлсэн юм.

БҮСГҮЙЧҮҮД ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ИХ ЯВДАГ БОЛСОН

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэхдээ судалгаа шинжилгээ хэр хийж байв?

-Анх нэг, хоёр хүн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан. Энхийг сахиулах ажиллагаанд Цагдаагийн байгууллагын ажилтнууд оролцох их давуу талтай байдаг гэнэ. Тухайн улс оронд Цагдаагийн байгууллагын төвхнүүлэх, дайн байлдаангүй байдалд оруулахад янз бүрийн нийгмийн асуудлыг намжааж хэв журмыг сахиулахад нь цагдаагийн ажилтны арга барил, сэтгэл зүй илүү сайн байдаг. Иймээс НҮБ-ын Цагдаагийн байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцох санал ирж байхад бид нар маш их судалгаа хийж байсан. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэй, халуун цэг рүү ажиллахаар явж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах гээд олон асуудлыг судалсан. Олон судалгааны ажлыг хийж байсан. Манай олон алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Үүний дотор бүсгүйчүүд энхийг сахиулах ажиллагаанд их явдаг болсон байгаа.

-Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд энэ байгууллагын үнэт зүйлийг нэрлэ гэвэл та юуг нэрлэх вэ?

-Ер нь бол сэтгэлтэй хүн Цагдаагийн байгууллагад ажилладаг. 30 жил ажилласан гээд бодоход хүндрэл бэрхшээл, гэр бүлээ авч явах байдал, ганц цагдаагийн цалингаар ажиллаж, амьдрахад хэцүү байсан. Нийгэм нэлээд хүнд байсан учраас ганзагын наймаанд шилжих, өөр ажил руу шилжих хөдөлгөөн маш их байдаг байсан. 2000 оны эхээр боловсон хүчний урсгал хөдөлгөөн их байсан. Тэр үед гараад яваагүйг бодоход ажилдаа их дуртай байсан байна /Инээв/. 

Миний ажил их өвөрмөц байсан. Би цагдаагийн өдөр тутмын хүндрэл бэрхшээлтэй ажилд хутгалдаад байхгүй, зөвхөн гадаад харилцаа хариуцаж байсан. Гадаад орнуудад ямар шинэ техник технологи ашиглаж байна. Цагдаагийн байгууллагын гэгээлэг талын ажлыг хийж байсан. Ингээд маш их зүйлийг мэдэж сурсан. Хувь хүний хувьд өссөн, бойжсон. Энэ байгууллагын нэр дээр сургуульд явсан учраас би энэ байгууллага намайг бий болгосон гэдэг мэдрэмж надад байсан. Тийм учраас тэтгэвэртээ гартлаа ажилласан даа.

 

-Цагдаагийн ажил цаг, наргүй байдаг. Гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байв уу?

-Миний хань маш их дэмждэг байсан. Хүүхдүүд маань их биеэ даасан болчихдог юм байна лээ. Тухайн үед хагас сайн өдөр амардаггүй, хоёр цагт ажилладаг байсан. Долоо хоногийн нэг л өдөр амардаг байлаа. Тэр амардаг өдрөө ханьтайгаа ар гэрийнхээ бүх зүйлээ амжуулдаг байлаа. Цагийг их зөв ашиглаж сурсан. Гэр орныхоо ажил, хоол ундаа бэлдэх гээд бүх зүйлээ бэлдэж авдаг байсан. Тэр үед байсхийгээд тог тасардаг байсан /инээв/. Цахилгаан тасрахаас өмнө бүх ажлаа амжуулдаг. Талоныхоо бараа аваад өдөр болгон талхаа барина. Одоо өдөр болгоно талх барьдаг айл өрх бараг байхгүй байх. Энэ нь нэг талаар их эрүүл хэв маягтай байсан байна. Өөрсдөө талхаа барина. Хүүхдэдээ печень болон бусад амттангаа өөрсдөө хийдэг байсан. Хүүхдийн төрсөн өдрийн бялууг хүртэл хийдэг байсан шүү. Ингээд бодохоор юмханаар юм хийдэг байсан. Гэр бүл их ойр дотно, мөнгөөр үнэлэгдээд байдаггүй нандин сайхан үе байсан. Хүүхдүүд сайхан хүмүүжилтэй, чөлөөт цагаар хүүхдүүдтэй хөзөр, даалуу, шагай тоглодог байсан даа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Их ажлын хажуугаар ээжийн ажлыг бас мундаг хийдэг байжээ?

-Би гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Хүүхдүүдийн минь хоорондын харилцаа, нэгийгээ хүндэтгэх, туслах, хүнийг хүндэлж харьцахыг гэр бүлийн хүмүүжлээр олгож байсан. Тавьж байгаа анхаарал халамж, аав ээжийг ажиллаж хөдөлмөрлөж байгааг мэдэрч ээж, аавдаа туслах мэдрэмжтэй төлөвшүүлсэн. Манай хүн бусад хүмүүсийн адил хойшоо, урагшаа ганзагын наймаа хийдэг байсан юм. Бид хоёр дэм дэмэндээ бусад гэрийн бүлийн адил сайхан амьдарч байсан. Би ажлаа хийгээд манай хүн хүүхдүүдээ харж, арын албанд бат зогсдог байсан даа.

-Танай хүн ямар мэргэжилтэй байсан бэ?

-Эдийн засагч мэргэжилтэй хүн байсан. Бурхан болчихсон.

-Та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ. Таниас өөр хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүн бий юу?

-Би өнөр өтгөн айлын хүүхэд. Аав, ээжээс есүүлээ. Есөн хүүхэд есөн өөр мэргэжилтэй. Бүх салбарт ажиллаж байна. Манай удамд Цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байгаагүй. Манай аав хэлний мэргэжилтэн буюу Монгол хэл, уран зохиолын багш. Ээж маань бүх насаараа хөдөлмөр сонинд ажилласан. Манай аав, ээж хоёр биднийг маш сайн хүмүүжүүлсэн. Тэр үед хүүхдийн хүмүүжил гэр бүлийн харилцаа холбоо өөр байсан. Олуулаа болохоор бидний ажил үүргийг хуваарилж өгдөг байсан. Охидууд нь гэр орны ажлыг, хөвгүүд гадуур биеийн хүчний ажлыг хийгээрэй гэдэг байлаа. Есөн хүүхэд хоорондоо эвтэй харьцаад хуваарилж авсан ажлаа хийдэг. Дүү нараа хардаг байсан. Ах, дүүгийн харилцаа нягт. Одоо ч гэсэн долоо хоногтоо нэг цуглардаг.

-Орчин үеийн хүмүүсийн хүмүүжил дээр ямар байр суурьтай байна вэ?

-Амьдралын нөхцөл өөрчлөгдсөн. Бидний үеийнхэн хийж бүтээж өөрсдөө бий болгож байсан зүйлийг одоо хүүхдүүд байх ёстой зүйл гэж боддог. Эцэг, эх хоёр бүх зүйлээр хангах ёстой гэсэн ойлголттой. Нийгмийн түвшнээс хамаарч харилцан адилгүй байна. Ер нь гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал шүү. Хэтэрхий чөлөөтэй байлгах буруу юм шиг байна. Хүүхэдтэй ярилцах хэрэгтэй. Одоогийн хүүхэд утсаар хүмүүжиж байх шиг. Утасны хэрэглээг нь багасгаж, ойр дотно ярилцаж, өөрөө зүтгэж, хөдөлмөрлөж байж, амжилтад хүрдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй байв. Хуулийн байгууллагад ажиллана гэж бодож байсан уу?

-Би өөрийгөө хуулийн байгууллагад ажилладаг хүн болно гэж зүүдэлж явсангүй. Гэхдээ нийгмийн ухааны чиглэлээр явна гэдэг бодолтой байсан. Тооны хичээлдээ сайн байгаагүй /инээв/. 

ЦАГДААГИЙН АЖИЛ ТОЛИНЫ ТУСГАЛ

 

-Өөрийнхөө ажиллаж байсан үеэ одоо үетэй харьцуулж үзсэн үү?

-Харьцуулж байсан. Энэ үе бас сонирхолтой үе шүү. Улс орон хөгжиж байна. Одоо мэдлэг боловсролтой хүмүүсээр хүрээгээ тэлсэн. Бас боловсон хүчний хөдөлгөөн наашаа, цаашаа байж байна. Цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн салбарын бэрхшээл хүндрэл байж байна. Эрүүгийн нөхцөл байдал Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хийх гээд хичээж, зохицуулж байгаа байдал улс орны бэрхшээлтэй холбоотой. Манай эдийн засгийн байдал ямар байна. Нийгмийн байдал ард иргэдийн амьдрал хүүхдүүдийн хүмүүжил гээд энэ бүх асуудалтай холбоотой. Нэг үгээр хэлбэл, цагдаагийн ажил толины тусгал. 24 цагаар үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Хөдөлмөрийн нөхцөл байдал хангаж, илүү цагаар ажилладаг байдал хэвээрээ л байгаа. Бусад оронтой харьцуулахад сэтгэл жаахан гонсгор байдаг. Бэрхшээл байсаар л байна.

-Нэг хэсэг цагдаагийн нэр хүнд нэлээд унасан. Үүнд юу нөлөөлсөн бэ?

-Нэг үе цагдааг их муулдаг байсан. Хандлагыг яаж өөрчлөх вэ гэдэг зүйл дээр нэлээд анхаарсан. Хэрэг зөрчлийн чиглэлээр арга хэмжээ авахаар тухайн иргэнтэй нүүр тулж шийтгэж, саатуулдаг. Хуулиар хүлээлгэсэн үүргийнхэн төлөө ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдааг яагаад муулаад байна гэдэг асуудлыг маш их судалж, дүн шинжилгээ хийсэн. Хүмүүсийн хандлагыг яаж өөрчлөх вэ. Судалгаа шинжилгээ хийж олон төсөл хэрэгжүүлсэн. 2000 онд төрийн байгууллагад өөрчлөлт шинэчлэл хийх тухай яригдаагүй үе байсан. Тэгэхэд бид цагдаагийн ажлыг иргэдэд эергээр хүргэхэд анхаарсан. Цагдаагийн үйл ажиллагааг иргэдийн оролцоогүйгээр явуулах боломжгүй.

Иймээс иргэдийн туслалцаа дэмжлэг бидэнд хэрэгтэй байсан. Энэ харилцаа холбоо хоорондын ойлголцлыг яаж бий болгох гэдэгт онцгойлон анхаарсан. Цагдаагийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, нийгэм өөрчлөгдөж байгаа учраас цагдаа өөрийнхөө арга барилыг өөрчлөх хэрэгтэй болсон. Мэдээж иргэдтэй ажиллаж байсан хуучин арга барилууд байна. Тухайлбал, хамтарч эргүүлд гардаг, хөршийн холбоо гэх зэрэг зүйлүүд байсан. Харилцан ойлголцлыг яаж бий болгох талаар маш их судалгаа хийсэн. Азийн орнууд руу нэлээд чиглэж судалгаагаа хийсэн. Жишээлбэл, Японы кобан, Сингапурын хөршийн холбоо, АНУ-ын цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг судалсан. Тухайн үеийн удирдлага бидний судалгааны ажлыг маш дэмжиж байсан.

Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бид Соросын сантай таван жилийн төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн үр дүнд цагдаагийн ажил бол зөвхөн хэдэн бор цагдаагийн ажил биш. Хамтын хүчээр хийх ажил юм гэдэг хандлагыг бий болгох үндэс суурийг тавьсан гэж боддог. Асуудлыг дан ганцаар нь биш цогцоор нь авч үзэн, авах арга хэмжээгээ бүтээлчээр хэрэгжүүлж чадвал бодит үр дүн гарна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харвал огт шийдэгдэхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллаж ямар мэдээллийг хэрхэн өгөх талаар цагдаа, хэвлэл мэдээлэл гэдэг сургалт явуулж байсан. Цагдаагийн байгууллага хэрэг зөрчлийн талаар хуулийн хүрээнд мэдээлэл өгөх, иргэдтэй ойр дотно, хүрч ажиллах зэрэг зүйлүүдийг бид судалж, хэрэгжүүлсэн. Маш сайн үр дүнгээ өгсөн. Үүний ачаар бид цаг хугацааг хожиж, цагдаагийн бие бүрэлдэхүүний сэтгэхүйг бэлдсэн байсан. Одоо ч ярьж байгаа "Амар амгалан амьдралын төлөө хамтдаа" уриа энэ төслөөр бий болсон. Анхны уриаг төрийн байгууллага буюу Цагдаагийн байгууллагаас гаргаж байсан. Төслөө хэрэгжүүлж байхдаа манай Гадаад харилцааныхан ярьж байсан. Бид цаг үеэсээ жаахан түрүүлж алхлаа. Бие бүрэлдэхүүн хүлээж авах болов уу, цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа иргэдэд чиглэгдсэн цагдаагийн үйл ажиллагаа “Үйлчилгээ” гэдэг үгнээс бид зугтаасан. Бие бүрэлдэхүүн хүлээж авахгүй байсан ч бид үйлчилгээний байгууллага биш шүү гээд байсан. Тэгэхээр олон нийт рүү чиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг, иргэд рүү чиглүүлэх талд дээр ажилласан.

-Одоо цагдаагийн үйл ажиллагаа сайжирсан уу?

-Цагдаагийн хөгжил сайжирсан. Одоо цоо шинэ үе орж ирсэн. Надад бараг таних хүн байхгүй болж байна. Дандаа шинэ, шижигнэсэн залуучууд ажиллаж байна.  

МИНИЙ ХУВЬД ЗАВГҮЙ АЖИЛЛАСААР НЭГ МЭДЭХЭД 30 ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙСАН

 

-Та хэлний чиглэлийн хүн. Цагдаагийн алба хаагчид гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх талаар учир дутагдалтай зүйл байгаа юу?

-Цагдаагийн албаны ажил цаг, наргүй үнэхээр амаргүй л дээ. Сурч боловсрох боломж их хязгаарлагдмал. Би ажиллаж байхдаа хэд хэдэн удаа англи хэлний сургалт эхлүүлж үзэж байсан. Сургалтад бүтэн суух боломжгүй. Хэргийнхээ араас хөөцөлдөх ажил нь барагдахгүй дарга нь дуудаад л аваад явчихдаг.

Гэхдээ хувь хүн өөрөө их зүтгэл чармайлт гаргах хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээд суръя мэдье, шинэ мэдээлэл авъя гэж бодож байвал зав чөлөө заавал гаргаж, гадаад хэл сурч өөрийнхөө хэрэгцээ болгох хэрэгтэй. Хуучин Жолоочийн мэргэжил гэж байлаа. Одоо цагт бол хүн бүхний амьдралын нэгэн хэрэглээ болсон. Яг түүнтэй л адилхан юм. Гадаад хэлний мэдлэгтэй цагдаагийн алба хаагч хүний наймаа, эдийн засгийн гэмт хэрэг гээд өөрийнхөө ажил мэргэжлийн чиглэлээр дэлхий дахинд болж байгаа бүхнийг тэр дор нь мэдээд авчихна шүү дээ. Бүр сонирхсон чиглэлээрээ олон улсын байгууллагын гишүүн болох боломж нээгдэнэ. Үүнээс гадна ажил дээр гараад хүмүүс битгий зэврээсэй гэж боддог. Хүн бол үргэлж хөгжин дэвшиж, ажил амьдралаасаа бас их урам, сэтгэлийн таашаал авч амьдрах ёстой юм шүү дээ. Өдөр тутам хийдэг ажлаасаа гадна өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлдээ цаг гаргах гээд л өдөр өнгөрөх тусам хүний энэ ертөнц дээр амьдрах цаг яваад л байна гэсэн үг. Миний хувьд завгүй ажилласаар нэг мэдэхэд 30 жил өнгөрсөн байсан. Харин ажиллаж байхдаа бусдаас суралцаж, мэдэж, хөгжихийн төлөө байсан хүсэл эрмэлзэл маань одоо ч миний амьдралыг учир утгатай сайхан болгож байгаа юм л даа.

Гэхдээ манай Цагдаагийн алба хаагч нар бол харьцангуй өндөр боловсролтой шүү дээ. Зарим улс оронд Цагдаагийн алба хаагч нараас дээд боловсрол шаарддаггүй. Гадаадынхан ирээд нэг юмаа олон дахин хэлж тайлбарлахад манайхан чинь нэг юмаа яасан олон давтдаг юм бэ гээд их цааргалдаг. Сургалтын арга барил нь ч бас тийм юм даа. Монголчууд юмыг гялс ойлгодог. Шинэ зүйлийг маш хурдан "шүүрээд" авдаг. Мэдээж насанд хүрсэн хүний үзэл баримтлалыг өөрчилж, бага наснаасаа бий болчихсон ойлголтыг өөрчилнө гэдэг бол амаргүй.

Гадаадынхан бол нийгмээ эрүүл байлгая гэвэл хүүхэд ахуйгаас нь эхлээд л анхаардаг. Сургуулийн орчинд нь өсвөрийн сэргийлэгчдийн хэсгийг байгуулаад идэвх зүтгэлтэй хүүхдүүдийг нь татан оролцуулаад хүүхдэд хүүхдээр нь нөлөөлөл бий болгож хэвшүүлдэг арга барилууд байна. Тэгэхээр бид урьдчилан сэргийлэх ажлыг хүүхэд байхаас нь хэвшүүлээд янз бүрийн арга барил хэрэглэхэд л үр дүн гарна. Амьдралд жижиг асуудал гэж байдаггүй.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛААР 27 БҮСГҮЙ  ХУРАНДАА БОЛСОН БАЙНА

-Эмэгтэй хүний хувьд Хурандаа цол авах хүртэл ажиллана гэдэг том амжилт?

-Цагдаагийн байгууллагаас анх Хурандаа болоод бусдад их урам зориг өгсөн. Миний араас 26 Хурандаа "төрсөн". Энэ цолыг аваад ажиллаж байхад сайхан байсан. Аливаа зүйл дээр  эргэх холбоо их чухал. Нэг юм хийгээд хаяхгүйгээр заавал үр дүн, үр шимийг үзэх хэрэгтэй. 2005 онд Цагдаагийн анхны хурандаа цол олгосон. Анхны Хурандаа болно гэдэг бол маш том хүндэтгэл. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 27 бүсгүй хурандаа болсон байна. Тэдгээрийн 15 нь Цагдаагийн ажил хийж байгаа. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн таван бүсгүй, Дотоод хэргийн их сургуулийн долоон бүсгүй байгаа. Одоо Шүүх шинжилгээ, Дотоод хэргийн их сургууль хоёр бие даасан агентлаг болж байна. Сая 30 жилийн ойгоо тэмдэглээд хүндэтгэлийн сайхан арга хэмжээг зохион байгуулсан. Байгууллага байгууллагын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Сайхан л байна. Ихэнх бүсгүйчүүд нь ажил үүргээ гүйцэтгэж байна.

Чөлөөндөө гарсан Хурандаа бүсгүйчүүд байна. Тэд мэдлэг туршлагаа бусдадаа хуваалцах, алдаршуулах, хүндэтгэл үзүүлж, мэдлэг чадвараа залуу бие бүрэлдэхүүнд сургахад ашиглана. Энэ утгаараа ажиллаж байгаа бүсгүйчүүддээ үлгэр жишээ болж, урам зориг өгдөг. Одоогоор манай 27 бүсгүйчүүдээс гавьяат, докторын цол авсан. Олон төрлийн мэргэжлээр мэргэшсэн. Цагдаагийн байгууллагын эрүү, мөрдөн, хэрэг бүртгэх, замын цагдаа, экологийн цагдаа, гадаад харилцаа, хүний нөөц, сургалт зэрэг салбараас тодорсон бүсгүйчүүд байна.

Цагдаагийн байгууллага их том гэр бүл. Ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө, аюулгүй орчинд амьдруулахын төлөө зүтгэж байна. Энэ хүмүүстэй мөр зэрэгцэж, өөрийнхөө мэдэж чадах зүйлээ хийж, бусдыгаа манлайлах, бусдыгаа сургах гээд багагүй хүнд ажилд эмэгтэйчүүд мөр зэрэгцэн явна гэдэг нь том амжилт. Намайг ажиллаж байхад бие бүрэлдэхүүний 12 хувь нь эмэгтэйчүүд байдаг байсан. Одоо 17 хувь болж байгаа гэсэн. Энэ байгууллага эмэгтэй хүний нарийн мэдрэмж, хэрэг бүртгэх, хүүхдийн байцаагч, мөрдөн байцаагчид дээр голлож ажилладаг. Жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгосон.

Энэ чиглэлээр үе үеийн цагдаагийн удирдлагууд бодлого хэрэгжүүлж, ажиллаж ирсэн. Ерөнхийдөө Цагдаагийн байгууллага ганцхан эрхзүйч боловсролтой хүнээр боловсон хүчнээ бүрдүүлдэггүй. Төрөл бүрийн мэдлэг боловсролыг хүмүүсээс шаарддаг. Жишээлбэл, орчин үед компьютер, мэдээлэл технологи, хэвлэл мэдээлэл, экологийн, биологийн мэргэжлийн хүмүүс шаардагдаг. Энэ утгаараа энгийн сургууль төгссөн олон хүнээр эгнээгээ бүрдүүлж бэхжүүлж явж байгаа.

-Таны хувьд манай цагдаад ийм зүйл дутагдаж байна. Үүнийг янзлаад гоё болгочихвол болох гээд байна даа гэсэн зүйл байна уу?

 -Манай цагдаа нарын харилцааны соёл сайжирсан. Судалгаагаар хамгийн их шүүмжлэгдэж байсан зүйл харилцааны соёл байсан. Одоо манай цагдаа нар мэндэлж, зүйл анги уншихаас өмнө гаргасан зөрчлийг хэлээд цаашид зөрчил гаргахгүй байхыг зөвлөдөг болсон. Ярианы соёлоороо хүнд сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх хэрэгтэй. Цаашид улам сайжраад явах байх. Хангамж нь ч сайжирч байгаа.

Цагдаа нарыг орон сууцаар хангаж эхэлсэн. Цагдаа нар орох оронгүй ээж аав, хамаатан садантайгаа, эсвэл түрээсийн байранд байсан. Би гэхэд айлын байр түрээслээд 13 удаа нүүж байлаа. Цагдаагийн хувцас хунар сайжирсан. Цагдаагийн хувцсаа өмсөхөөр үнэхээр бахархмаар болдог.

-Тэтгэвэрт гарахдаа хувцсаа өөрсдөө авна биз дээ?

-Би хэлтсийн дарга байж байгаад 50 настай тэтгэвэрт гарсан. 2012 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гараад 12 жил болж байна. Хамгийн сүүлийн хувцсаа өөрсдөө аваад гардаг. Тэтгэвэрт гарчихаад бас ажилласан. Америкийн Элчинд найман жил ажилласан. Хууль хяналтын байгууллагаа хариуцаж, янз бүрийн төсөл хэрэгжүүлж, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэрийн хүмүүсийг сургалтад суулгах, хүний эрхийн чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан. Нийгэмд хэрэгцээтэй байна гэдэг сайхан.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

М.Хоролсүрэн: Сэтгэлтэй хүн Цагдаагийн байгууллагад ажилладаг  
Үзсэн: 2855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-18 18:15
Одоо цагдаад сэтгэлтэй хүн бараг л үгүй дээ шуналтай нь их болж дээ
ЦАГДАА [127.0.0.xxx] 2024-12-18 12:11
ЦАГДААД ЗҮГЭЭР ОРЧУУЛАГЧ БАЙСАН. ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТАЛААР А Ч ҮГҮЙ ХҮН

Бидэнтэй нэгдээрэй