Шууд Chart

Б.Зангад: Уран бүтээлч хүн сэтгэлийн тэнхээ хайрласан үгээр тэжээгдэж явдаг

2024-12-31 09:17:18

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ сагсуулсан” хэмээн Б.Зангад гуайн дуулж, амьдруулсан “Сүлд модны наадам” дууг хүн бүр мэддэг. Энэ дуу шинэ жилийн баяраар хамгийн их эгшиглэдэг. Ингээд шинэ оны босгон дээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадыг "Редакцын зочин" буландаа урилаа.

-Шинэ жилийн баярыг “Сүлд модны наадам” дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ дууны талаар яриагаа эхэлье?

-“Сүлд модны наадам” дууны аяыг Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, үгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа бичсэн. Анх энэ дууг 1962 онд дуулсан юм. Би “Сүлд модны наадам”дуугаа дуулаад 62 жил болж байна. Энэ дуу минь намайг дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг эзлэхэд их хувь нэмэр оруулсан даа. Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл гэж боддог. Хоёр он солигдох торгон мөчийг энэ дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Он солигдох торгон мөчид хүн ардыг баярлуулсан бүтээлийг олон жил дуулж, дуугаараа цэнхэр дэлгэцээр ард түмэнтэйгээ учран золгож байдагтаа ахмад уран бүтээлчийн хувьд маш их баярлаж явдаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон жил энэ дууг сурталчилж, түгээх, олон түмэнд танилцуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.

Үнэнхүү сайхан бүтээл хийсэн эрхэм хоёр уран бүтээлчийн ач буянаар анхлан дуулах хувь заяа надад оногдсонд би хязгааргүй их баярлаж, залбирч явдаг даа. Энэ дууг 62 жил дуулахдаа хүн ардын сайн сайхны төлөө л дуулсан.

Энэ жил "Тунгалаг буянт " дууны 70 жилийн ой болсон

-Та нутгийнхаа тухай олон дуу дуулсан. “Тунгалаг Буянт”  дуугаа анх дуулж байсан үеэ дурсвал? 

-Намайг наймдугаар ангийн сурагч байхад 1954 он Улаанбаатарт Ховд аймгийн соёл урлагийн өдрүүд болсон юм. Энэ арга хэмжээнд оролцож, Улсын төв театрын тайз нь дээр “Тунгалаг Буянт” дууг анх дуулсан. “Тунгалаг Буянт” дууг Ховдын театрын жүжигчин Д.Лхашид үгийг нь бичиж, аяыг нь Ч.Балдан ах хийсэн. Энэ дуу 1954 оны наймдугаар сард зохиогдож, дуулагдсан. Энэ онд 70 жил болж байгаа юм. 70 жил дуулагдсан дуугаараа одоо ч нутаг орноо сурталчилж, дуу маань Монголын ард түмэнд танигдсан бүтээл болсонд баярлаж явдаг. “Тунгалаг Буянт” дууны 70 жилийн ойг тохиолдуулан манай нутгийн Зохиолч, судлаач Т.Баасансүрэн надад зориулж ном бичсэн. Нутгийнхаа ахмад уран бүтээлчийг хайрлаж хүндэтгэж, “Ая дуу айзам эгшгийн ноён сүмбэр оргил” гэсэн номыг бичсэнд их талархаж байгаа.

Энэ номд уран бүтээлийн шинэчлэл, шүүмж судлал, олон сайхан уран бүтээлчийн талархлын үг багтаад зогсохгүй дууны талаар яруу найрагчид сэтгэгдлээ хуваалцсан. Энэ номын нээлт арваннэгдүгээр сарын 26-нд болсон юм. Олон уран бүтээлч ирж, энэ бүтээлийн тухай ярилцаж, номыг талархан хүлээж авсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тунгалаг Буянт” дууны 70 жилийн ойн мэндчилгээ ирүүлсэн.

 

Энэ сайхан дууг дуулж хүн ардаа баярлуулж, Монголын оюуны соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан танд талархаж, баярлаж байгаагаа илэрхийлье гэсэн “Талархлын бичиг” ирүүлсэн. Надад сэтгэлийн тэнхээ хайрласан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын олон ястны их нутаг болсон Ховд аймгийн нийт ард түмэндээ маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна. Уран бүтээлч хүн сэтгэлийн тэнхээ хайрласан үгээр тэжээгдэж явдаг.

Уран бүтээлээ туурвисан 70 жилийн  хугацаанд 400-аад дуу дуулсан

-Таны дууны урын сайн их арвин. Залуу дуучид таны уран бүтээлийг дуулах хүсэлт тавьж байна уу?

-Залуу уран бүтээлчид дууг маань дуулаад явдаг. Тухайн уран бүтээлчид өөрсдийнхөө хэр хэмжээгээр дуулдаг. Дуучин хүн гэдэг нэг ертөнц шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх шинэ ертөнц. Дуугаа дуулж амьдруулах, сэтгэж бодож олонд хүргэх нь хамгийн чухал. Хүний дууг авч дуулна гэдэг асар хэцүү. Би ч тийм олон дуу дуулж сүйд болоогүй. Уран бүтээлээ хийсэн  70 жилийн хугацаанд 400-аад дуу дуулсан. Эдгээр дуунаас хөшөөнд мөнхөрсөн дөрвөн дуу байгаа.

“Тунгалаг Буянт” Ховд аймгийн сүлд дуу, “Багшаа дуулъя”, “Алтан намар”, “Насны баясгалан”, “Сүлд модны наадам” гэсэн дуунуудаар сүлд хийморио бадрааж явдаг. Энэ дуунууд минь ард түмний талархлыг хүлээж авсанд баярлаж явдаг даа.

“Сүлд модны наадам” дуугаа дуулахдаа зөвхөн төгөлдөр хуурч, Дуурь бүжгийн академик театрын эмэгтэй дуучдын түрлэгтэй хамтарч дуулсан. 2015 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ой болсон. Энэ үеэр дуучин Б.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёр надад санал тавьсан юм. Ингээд хамтарч дуулж бичлэг хийлгэсэн. Их сайн бичлэг болж, ард түмэн талархан хүлээж авсан. Олны хүртээл болсон дуугаар ая дуугаа хүргэж, өөрийнхөө биеийг цэнэглэж, хүн ардаа баярлуулж, дууны хорвоод төрсөн аз хиймориороо талархаж явдаг. МУГЖ дуучин Б.Гомбо-Очирт “Тунгалаг Буянт”, МУСТА дуучин С.Баттулгад “Бүүвэй л хорвоо”, “Багшаа дуулъя”, МУГЖ Д.Амаржаргалд “Алтан намар”, МУСТА Р.Дэлгэрмаа, Б.Хишигбаярт “Сүлд модны наадам” дуугаа өгсөн.

-Өөрийн шавь бэлтгэж байна уу?

-Залуу уран бүтээлчтэй уулзаж ярилцана. Өөрийнхөө дуулж амьдарсан 70 жилийн хугацаанд олж авсан туршлага, арга барилаасаа зааж сургах зүйлүүд байгаа. Манай уран бүтээлчдэд нэгэндээ зөвлөөд явдаг уламжлал бий. Хүнээс асууж, зөвлөгөө авч чаддаг, асуусан зүйлээ биелүүлж чаддаг уран бүтээлчид манайд олон шүү.  

-Таны эхнэрийг балетчин гэж дуулсан. Анх танилцсан түүхээсээ хуваалцана уу?

-Миний дууны урлагт зүтгэсэн 70 жилийн том түүхтэй манай эхнэр салшгүй холбоотой. Эхнэр минь сонгодог урлаг, балетын урлагийн анхны 24 төгсөгчийн нэг. Монголын анхны дипломтой балетчдийн нэг гэсэн үг л дээ. Ташкентад балетчинаар бэлтгэгдсэн. Оюундэлгэр гэдэг ч үеийнх нь “охид” Нина гэж дууддаг. “Хунт нуур” гээд хуруун дээр бүжиглэдэг бүжигчний нэг нь манай гэрийн хүн. Бүжгийн салбарт 24 жил ажиллаад 1984 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Амьдрал, уран бүтээлд минь хань түшиг болж явна даа.

Шинэ дуу дуулахад ханийн минь дэмжлэг тусалцаа их. Үргэлж хайр, халамжаар дүүргэж байдагт баярлаж явдаг. Одоо бид хоёр ач, зээгээ хараад үр хүүхдээрээ бахархаад амьдарч байна. 1964 онд ханилж, 60 жил болжээ.

Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд аавыгаа их дэмждэг. Хөгжмийн боловсролтой, урлаг шүүмж судлалын чиглэлийн хүмүүс байгаа. Миний зээ хүү Анхжаргал төгөлдөр хуурч. Монголын дуу, хөгжмийг дэлхийд сурталчлахаар Токио хотод уран бүтээлийн тоглолтоо хийхээр явсан.

Хамгийн том хүүхэд маань урлагийн чиглэлээр суралцсан. Дүрслэх урлагийн дунд сургуулийн Уран дарханы ангийг төгссөн. Багын л морь, мал дуртай байсан болохоор морин спортын чиглэлээр ажиллаж байгаа. Дунд охин маань Ленинградын театр урлагийн дээд сургуулийг Театр судлаач мэргэжлээр төгссөн. Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байна. Бага хүүхэд Хөгжим бүжгийн сургуулийг Ёочин мэргэжлээр төгссөн. Хөгжим судлалын чиглэлээр төгсөөд Швейцарт ажиллаж,  амьдарч байна даа. Бүгд л урлагийн чиглэлээр суралцаж төгссөн. Ерөнхийдөө манайх урлагийн гэр бүл /Инээв/.

Дуулсан дуундаа эзэн байх хэрэгтэй

-Сүүлийн үеийн дуучид дууг минийх гэж өмчилж, маргалдах тохиолдол цөөнгүй байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Бидний үед уран бүтээлчид бие биеийнхээ дууг дуулдаггүй байсан. Өөрсдийнхөө дуулсан дуугаа олон түмэнд хүргэдэг. Хүний дуу дууллаа гэж зарга шүүгээд явахдаа гол биш. Хамгийн гол нь дуулсан дуугаа амьдруулж, хүн ардынхаа оюун санааг баясган, Монголын дууны урлагийг хөгжүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулсны дараа “Миний дуу” гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болов уу. Дууг харамлаж болно. Тухайн дууныхаа эзнээс илүү дуулж олон түмэн хүргэх нь чухал.

Хүний дуулсан дуу болгоныг дуулна гэдэг асар том алдаа, соёлгүйн шинж. Дуулсан дуугаараа өөрийгөө таниулах авьяас, сэтгэлийн тэнхээтэй, зорилготой байх хэрэгтэй. Хүний дуугаар амьдардаг дуучин байж болохгүй. Энэ өөрийн гэсэн зорилгогүй хүний шинж шүү дээ.

Дуучин А.Загдсүрэн, Х.Уртнасан нар надаас зөвшөөрөл авч, дууг чинь дуулж болох уу гэж асуудаг байсан. Дуулсныхаа дараа “Таны дууг дууллаа, баярлалаа Зангадаа” гэж хэлж байсан. Сэтгэлийн тэнхээтэй уран бүтээлч байх хэрэгтэй. Хүний дууг дуулчихаад өөрийнхөө дууг дуулсан юм шиг байх нь онц биш. Дуулсан дуундаа эзэн байх хэрэгтэй. Авьяастай, дуундаа эзэн болсон дуучин, уран бүтээлчид байхыг залуу үеийнхэндээ захья. Манай залуу үеийнхэн дунд чанартай, сайн уран бүтээл хийдэг дуучин олон бий.

-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?

-Би хүүхэд насаа нутагтаа өнгөрөөсөн. Миний хүүхэд нас Монголын олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймагт өнгөрсөн. Баяд, дөрвөд, захчин, халх, үзэмчин, казах гээд үндэстэн, ястнуудтай бүгдтэй нь тоглож өссөн хүн. Миний нутаг зах хязгаар нь үл харагдах цэнхэр хөх огторгуйтай. Мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн ай, усны сав газар. Манай нутгийнхны ярьж байгаа нь аялгуу шиг сонсогддог. Ийм сайхан ард түмний дунд өсөж, төрсөн дөө. Ардын язгуур урлагийг сонсож, чихэндээ шингээж, сэтгэлдээ тээж яваа уран бүтээлч гэж өөрийгөө тодорхойлно.

-Хүүхэд байхдаа л дуунд дуртай байв уу?  

-Тийм ээ. Бага сургуулийн хоёрдугаар ангид байхаас эхлээд дуулсан. Дуулах ухааныг тэр үеийн багш нар зааж, сургаж байсан. Ингээд 1956 онд Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн Дуулаачийн ангид суралцахаар болсон. Надад дуулах арга ухаан, хүнтэй хэрхэн ярилцах, тайзан дээр биеэ авч явах талаар миний багш, ЗХУ-ын Гавьяат жүжигчин, доктор профессор Анна Александровна Салавённо заасан. Багш маань надад дуулах мэргэжлийн ухааныг суулгаж өгсөн хүн. Миний өдий зэрэгтэй яваа нь тэр хүний гавьяа гэж би боддог.

Олон жил тайзан дээр гарчихсан хүн чинь зүгээр сууж чаддаггүй юм байна

-Та анхны гавьяа шагналаа хэдэн онд авч байсан бэ?

-Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1973 онд анхны шагналаа авч байлаа. Сургуулиа төгсөж ирээд 10 жил ажиллаад “Алтангадас” авсан. “Алтангадас” аваад 12 жилийн дараа Гавьяат болсон. Гавьяат авснаас хойш 23 жилийн дараа Ардын жүжигчин болсон. Тэгээд 20 жилийн дараа Хөдөлмөрийн баатар болсон доо. Энэ их гавьяа шагнал чинь олон түмний минь буян юм шүү дээ. Олон жил тайзан дээр гарчихсан хүн чинь зүгээр сууж чаддаггүй юм байна. Сэтгэл гэгэлзээд байдаг. Одоо ном бичиж байгаа. Би 4-5 ном бичсэн. “Монголын урлагийн ажилтны холбооны түүхэн товчоо” номыг цувралаар бичсэн.

“Маргашгүй мартагдашгүй“ нэртэй 30 хүний намтар, түүх, уран бүтээлийн түүхэн замналыг бичсэн. Монголын урлагийн төлөө өөрийнхөө насыг зориулсан уран бүтээлчдийн тухай ном бичсэн байгаа. Одоо хоёр дахь 30 хүний талаарх номоо бичээд бэлэн болгочихоод байна. Дуугаар хязгаарлахгүй Монголын дууны урлагийн сайхан ололт, амжилтын талаар бичиж байгаа.

-Шинэ оны босгон дээр цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

-Шинэ оны босгон дээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн MBN.mn сайтаар түмэн олон болон уншигчидтай нь уулзаж, учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэндээ ирж байгаа шинэ ондоо аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байхыг ерөөе. Шинэ оноо сайхан угтаарай.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Б.Зангад: Уран бүтээлч хүн сэтгэлийн тэнхээ хайрласан үгээр тэжээгдэж явдаг   
Үзсэн: 2112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй