Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй энэ цаг үед өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэж, цэгнэдэг уламжлалтай. Өнгөрч буй 2024 онд нийгэм эдийн салбарт олон чухал үйл явдал өрнөсөн жил байлаа. MBN.nm сайт улиран өнгөрч буй 2024 онд нийгэм эдийн засгийн салбар болсон онцлох 10 үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
НИЙСЛЭЛ 2025 ОНЫ ТӨСВӨӨ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР БАТАЛЛАА
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэл хотыг хөгжлийн дараагийн төвшинд гаргах, хотын эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, иргэдээ орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн цогц шийдлийг дэмжих замаар түгжрэлийг бууруулахад чиглэжээ.
Нийслэлийн төсөвт 2025 онд 3,8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа. Үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг зорино. Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөжээ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НООГДОЛ АШГИЙГ ХОЁР УДАА ОЛГОСОН
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэхүү ногдол ашгийн 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгосон.
Мөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна.
Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжид иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно. Нэг, хоёрдугаар сараас шийдвэр гарч, олгоно.
УЛААНБААТАР ХОТ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД БОНД ГАРГАВ
Улаанбаатар хот 500 сая ам.долларын гадаад бонд гаргасан.Өрийн удирдлагын хуульд өнгөрсөн зургаадугаар сард өөрчлөлт оруулаад, нийслэл гадаад бонд гаргах эрхээ авсан. Улмаар өнгөрөгч гуравдугаар сард УИХ-аас гадаад бонд гаргах зөвшөөрөл авч, Засгийн газраар зөвшөөрөл гаргуулсан. Бонд гаргах хоёр сонголт байсан.
Нэг нь, хөрөнгийн зах дээр төслөө танилцуулаад дуудах, нөгөөх нь, бондыг 7.71 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай авах байсан. Бид хоёр дахийг сонгосон. Улмаар авсан мөнгөө 11 дүгээр сарын 21-ны өдөр манай Монгол банканд нээсэн дансанд орж ирнэ.
Ирмэгц нь бид хадгалахгүй. 100, 50 сая төгрөгийн багц болгоод, хоёр жилийн, нэг жилийн, зургаан сарын хугацаатайгаар хамгийн өндөр хүү амласан арилжааны банканд хадгална. Барилгын тендер шалгараад, аж ахуйн нэгжүүд барилгаа бариад, эхний 20, 30 хувийн гүйцэтгэл гарахаар хадгалуулсан мөнгөнөөсөө гүйцэтгэлийн дүнгээрнь гаргаж ирээд найман шарга дээр очоод, төгрөг болгоод өгнө. Бид мөнгө хадгалах хугацаандаа хүүгийн эрсдэлд орохгүй гэдгээ хотын дарга мэдэгдсэн.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛЛОО
УИХ-аар Засгийн газраас нэн яаралтай горимоор батлуулахаар өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сард эцэслэн баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаад удаагүй ч үр ашгийг нь иргэд ногдол ашиг байдлаар хүртэхээр болж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. Үндэсний баялгийн сан нь 3 сантай. Үүнд,
- Ирээдүйн өв сан: ирээдүйд хадгална. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад захиран зарцуулах боломжтой хэлбэрийн сан юм. Энэ сангийн хуримтлал 3.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
- Хуримтлалын сан: Энэ санг шинээр бий болгосноор 2024 оны жилийн эцсээр 497 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүнийг иргэн бүрт хуваахад 135 мянган төгрөг болжээ. Энэ мөнгийг иргэдэд олгосон билээ.
- Хөгжлийн сан: Үүгээр дамжиж дэд бүтцүүдийг шийдсэн байдаг. Хөгжлийн сан нь Хөгжлийн банктай нягт хамтарч ажиллана гэсэн үг. Засгийн газар 2025 онд авто замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдалд хөгжлийн сангаас дэмжиж ажиллах шийдвэрийг гаргажээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ нэмсэн талаар танилцуулсан. Үнийн нэмэгдэл хэрэглээнээс шалтгаална гэдгийг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид хэрэглээгээ хянаж, хэмнэж чадвал бага төлбөр төлөх боломжтой.
Цахилгааны үнийн тухайд, аж ахуйн нэгж байгууллагын үнэ тарифыг 30 хувиар өөрчлөлт оруулсан байна. Айл өрхийн хувьд, шинэ аргачлал оруулж иржээ. Нэгдүгээрт, хэрэглээнээс хамаарсан шаталсан тарифыг шинээр мөрдүүлж эхэлж байна. Энэ нь хэрэглэгч хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ хэрэглээнээс хамаараад төлбөрөө төлнө гэсэн үг. 0-150 квт.цаг хүртэлх хэрэглээг 140 төгрөгөөр тооцож байгааг 175 төгрөг болгосон. 150-300 квт.цаг хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр тооцно. 300 квт.цагаас илүү хэрэглээг өртөгт нь хүрч байгаа үнэ буюу 285 төгрөгөөр тооцно.
Тухайн айл өрх сард 350 квц цахилгаан хэрэглэсэн бол эхний 150-ыг 175 төгрөгөөр, 150-300-г нь 256 төгрөгөөр бодно. 300-аас илүү гарч байгааг 285 төгрөгөөр тооцно. Энэ нь олон улсад мөрдөгддөг тооцоолол. Хэрэглээгээ хэмнэсэн тохиолдолд бага үнээр бодогдож, бага төлбөр бодогдоно. Ахуйн хэрэглээний хувьд, 1 квт.цаг цахилгаан эрчим хүч дээр 35-131 төгрөгийн өөрчлөлт орж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 45 хувь нь 0-150 квт.цаг, 40 хувь нь 150-300 квц-ын хэрэглээтэй байдаг. 10 гаруй хувь нь 300 квт.цагаас илүү хэрэглээтэй байна. Гэр хорооллын айл өрхийн шөнийн хөнгөлөлтийг хэвээр үлдээсэн. Хуучин журам үргэлжилж байгаа.
ХИЙ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ТОМ ОВРЫН МАШИН ДЭЛБЭРЧ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРСАН
Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч их хэмжээний хохирол учирсан билээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан.
Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд барилгын ажил ирэх 2025 онд эхлэх тухай холбогдох албаныхан мэдээлсэн.
17 АЙМГИЙН 89 СУМАНД ЦАГААН ЗУД БОЛСОН
Өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан зуд болсон. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байсан.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байсан. Улсын хэмжээнд 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байсан.
ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨНИЙГ БАЙГУУЛАВ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулагдсан. "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагдаж, 16 мянга гаруй малчинд зээл олгожээ.
Энэхүү хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршоонд гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16,399 малчинд олгосон байна. Зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
"Шинэ хоршоо" хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙСЭН
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийсэн. Автобусны тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулсан. Хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг бий болгосон.
МЕТРО БАРИХ ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ БАТАЛЖ, ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ШИЛЖҮҮЛЭВ
Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан.
Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн.
Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг ирэх 2025 онд эхлүүлэх юм байна.
2024 онд нийгэм эдийн засгийн салбар болсон онцлох үйл явдлууд | ||
Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.