Шууд Chart

Г.Ариунболор: Би асар их эрх чөлөөтэй эмэгтэйд дуртай

2025-01-09 17:21:00

“Бүсгүй” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Г.Ариунболорыг "Редакцийн зочин" буландаа урьж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Жүжигчин Г. Ариунболор нь Герман улсад ажиллаж амьдардаг.  “Бүсгүй” уран сайхны киноны нээлтэд оролцохоор эх орондоо ирсэн.

-“Бүсгүй” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье. Кинонд тоглох санал анх хэн тавьж байв. Энэ кинонд тоглож байхад өөрт тань ямар байсан бэ?

-Манай эмээ их настай хүн бий. Олон жил эмээ дээрээ ирээгүй гээд цагаан сараар золгох гэж өнгөрөгч сар шинийн баяраар ирсэн. Энэ үеэр Д.Отгонбаяр ах хамтлагийнхаа 30 жилийнхээ ойд зориулаад “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн кино хийх гэж байгаа. Кино хийхийн сацуу хамтлагийн түүхийг энэхүү кинонд харуулах бөгөөд зөвхөн “Бүсгүй” гэдэг дууны түүх биш гэж тухайн үед надад ярьж байсан юм. Тухайн үед кино зохиолоо бичүүлж байна гэсэн яриа өрнөж байсан юм. Тэр үед гол дүрийн эмэгтэйд чамайг харж байгаа. Кино пробоо аваад эхэлсэн гэж байв. Тэгээд намайг дуудахгүй юм байхдаа гэж бодоод хүлээж байгаад Герман руу явах цаг болоод,  буцчихсан байж байтал гэнэт над руу залгаад пробонд орох байсан яагаад явчхав гэж хэлээд Германаас видеогоор пробонд ороод сонгогдож байлаа.  Ингээд Монголдоо буцаж ирээд кинондоо тоглосон.

Энэ кинонд тоглосноор хөдөө явж үзсэн

-Зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Хугацааны хувьд их шахуу сарын хугацаанд авсан. Арав гаруй хоног Сэлэнгэд, Дарханд 10 хоног, Зүүнхараад 5 хоног гээд зураг авалт хөдөө болсон. Энэ кинонд тоглосноор хөдөө явж үзсэн.

-Хотод зураг авалт ер нь болсон уу?

-Хотод бид нар павилон барьж, хот доторх бүх зургаа авсан.

-Гол дүрийн эрэгтэй жүжигчнээр нь С.Ариунбямба тоглосон байсан уу?

-Тухайн үед жүжигчин С.Ариунбямба “В1 давхар киноны зураг авалтаа дуусгаад ирж байсан. Кинон одоо кино театруудаар гарч байгаа юм билээ. Бидэнд хоорондоо танилцах хугацаа байгаагүй. Эхэндээ С.Ариунбямба жүжигчнээс сүрдэж байсан. Ерөнхийдөө бид эрэгтэй, эмэгтэй л болохоос яг адилхан сонирхолтой хүмүүс байсан. Хаа хамаагүй юманд ордоггүй, юмыг маш их голж, цензур тавьдаг. Санал болгосон дүр болгонд тоглоод байдаггүй. Мөн жүжигчин С.Ариунбямба надаас нэлээд ах. Би бас айж байсан өөрөөсөө ах хүнтэй хайр сэтгэлтэй болж тоглон гэхээр энэ хүнийг ахаа гээд харчихвал яг жинхэнээсээ тоглож чадах юм болов уу, би ах гэж хараад ах маань намайг дүү гэж хараад. /инээв/ Ах дүү гэж бие биеээ хараад байвал үзэгчдэд яг гоё наалдаж өгөхгүй шүү дээ. Харилцаа чинь жинхэнэ бодит байх ёстой байдаг. Тэгсэн С.Ариунбямба ах өөрөө мэргэжлийн хүн болохоор нээлттэй хандаад, надаас битгий айгаарай энгийн байдгаараа байж болно гэж байлаа. Ерөнхийдөө бид хоёр дүрүүд дээрээ маш сайн ажилласан. Хувь хүн талаасаа ч бид хоёр сайн танилцсан. Тэр нь надад чухал юм шиг санагдсан. Ялангуяа хосууд болж байгаа дүрүүдэд нэг нэгнийгээ, чи хэн бэ, би хэн бэ гэдгээ сайн мэдэх нь их чухал юм шиг санагдсан.

Хөдөө очих чинь их гоё юм билээ шдээ. Орчлон ертөнцөөс тасраад, ямар ч цаг хугацааны мэдрэмжгүй болсон.  Тэгээд л яг жинхэнэ хүн гэдэг дээрээ буудаг юм билээ. Бүгдээрээ гуанзандаа орж хоол идээд л, өдөр зураг авалтаа хийх, дүрдээ амилах орчныг бий болгож байсан. Энэ үед хүмүүс бие биетэйгээ танилцах орон зайг бий болгож, амьд харилцааг үүсгэх гээд маш гоё байсан.

-“Бүсгүй” кинонд тоглож байхад хүндрэл бэрхшээл хэр гарч байсан бэ?

-Бид нар цаг наргүй ажилласан. Олон хоног хөдөө явсан болохоор нүүдэл суудалдаа их ядардаг юм байна лээ. Аягүй их ядарч зүдэрсэн. /инээв/

-Хөдөө яваад их ядарлаа гэж ярилаа. Монголд ирээд хөдөө аялж байгаагүй юу?

-Үгүй. Ерөөсөө аялж байгаагүй. Манай аав Ховд аймгийн гаралтай. Маш эрт хот руу нүүж орсон байдаг. Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Аав маань бас хотын хүн гэж хэлж болно. Ер нь манай хамаатан садан хөдөө байдаггүй. Тэгэхээр хөдөө явах ямар ч шалтгаан байдаггүй. Жуулчилж, машинаар аялна уу гэхэс биш зарим хүмүүс шиг аав, ээж хамаатан садан дээрээ очно гэх тийм зүйлгүй учир хөдөө яваад байдаггүй.

-Монголд кинонд тоглох гэж л ирж байна уу. Жилдээ хэдэн удаа ирдэг вэ?

-Ер нь би Монголд бараг ирдэггүй. Багаасаа Германд өссөн учраас заавал энд ирээд байх шаардлага байдаггүй. Германд  манай хамаатнууд олуулаа амьдардаг. Эмээгээ хүртэл Германд авч очдог болохоор заавал Монгол руу ирээд байх шаардлага гардаггүй.

Хамгийн сүүлд “Хохирогч” кинонд тоглох гэж ирээд 3 жилийн дараа сар шинийн баяраар ирсэн. Өнгөрсөн зун 8 сард Монголдоо ирээд “Бүсгүй” кинондоо тоглосон. Одоо киноныхоо нээлтэд оролцох гээд Германаас ирсэн байна. Үүнээс хойш дахин хэзээ ирэхийг ёстой хэлж мэдэхгүй. /инээв/

-Кино урлагт хэдэн наснаасаа холбогдсон бэ. Нэлээдгүй олон кинонд тогложээ?

-Урлагт би бага байхдаа л холбогдсон. Манай ээж урлагийн хүн байсан. Ээж маань намайг бага байхад нас барж байсан. Манай эмээ бүжигчин байсан. Маш их аялан тоглолт хийдэг байв. Би урлагийн гентэй. Урлагт дуртай, авьяастай. 10 настайдаа Германд очиж байсан. Багаасаа поп стар гэх мэтчилэн урлагийн нэвтрүүлэг их үздэг хүүхэд байсан. Одуудын нэвтрүүлэг үзээд ийм болох юмсан гээд маш их мөрөөддөг байсан. Тэгээд багаасаа л бүжиглэж, тэмцээнд их оролцдог байв. Багаасаа урлагт орох замаа өөрөө нээгээд явсан байдаг. Арван жилээ төгсчхөөд кино драмд жүжигчний мэргэжлээр суралцаж, тэрнээс хойш миний карьер эхэлж, 10 гаруй жилийг үджээ.

-Урлагийн сургууль төгсөөд анх ямар кинонд тоглож байв. Монголд анх ямар кинонд тоглож байсан бэ?

-Урлагийн сургуульд сурч байхдаа рекламд тоглодог байсан. Манай сургууль кино драмынх болохоор телевизийнхэн ирж проб их авдаг. Тухайн үедээ клипэнд, рекламд тоглодог байлаа. Багаасаа бүжиглэсэн болохоор бүжиглэх авьяастай гээд клипэнд бүжигчнээр ч, дүрээр ч явж байлаа. Ингээд 2011 онд 3-р курстээ нэг кинонд сонгогдоод гол дүрд нь тоглоод кино жүжигчний карьер эхэлж байлаа. Энэ кино маш амжилттай болж Хэнсэн мужийн шилдэг киногоор тодорч байсан. Германы Бавари мужийн Мюнхен хотод болсон олон улсын кино наадмын үеэр энэхүү кино нээлтээ хийж, шилдэг залуу уран бүтээлч номинациар шалгарч байсан. Сургуулиа төгсөөд 2 жилийн дараа 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглож байсан. Тухайн үед хүмүүс их гайхаж байсан. Гадаадад амьдардаг, монгол хэлээ ч муу мэддэг жоохон хүүхэд авч ирж кинонд тоглууллаа гээд шүүмжлэл дагуулж байсан.

-Германд багаасаа амьдарчээ. Монголоор их сайн ярьж байна. Хэлээ мартахгүй байхад юу нөлөөлж байсан бэ?

-Би Берлинд өсөж том болсон. Манай аав ээжийн найзууд гээд монгол айлууд олон байдаг байсан. Бид монгол айл учраас гэр дотроо яг л монгол ёс заншлаараа л амьдардаг. Гадаа гараад мэдээж орчинтойгоо зохицох, германчуудтай харилцдаг. Харин гэртээ бол монголоороо ярьдаг байсан. Анх монгол германаар хольж их ярьдаг байсан. Аав ээжийн найзууд гээд бүгд хүүхдүүдээ хооронд нь их тоглуулдаг байсан. Том болоод монгол хүүхдүүдийн фракц үүсгээд монгол дуу, хөгжим их сонирхдог, монголчуудын баяр наадам руу их явдаг байсан. Ингэж л монголдоо элэгтэй болсон. Манай найзууд бүгд монголоор сайн ярьдаг.

-Тухайн үед таныг хүүхэд байхад германчууд хэр хандаж байв. Хэцүү үе байсан уу?

-Мэр сэр тийм зүйл байсан. Бид нар зүүн Берлинд амьдардаг байсан. Зүүн Берлин нь үндсэрхэг үзэл ихтэй. Дэлхийн 2-р дайны дараа Оросууд Зүүн Германыг эзэлж, Баруун германыг Америк, Англичууд эзэлж байсан. Тухайн үед Оросууд Зүүн Германд нэлээн хатуу хандсан байдаг юм билээ. Зүүн Герман хөгжөөчгүй байсан үе. Харин Америк, Англичууд Баруун Германыг сайн хөгжүүлж дэмжсэн байдаг. Тэнд амьдардаг хүмүүс маш нээлттэй, харин зүүн герман маш хаалттай. Социализмын үеийн сэтгэхгүйтэй болчихсон байсан. Тиймдээ гадаадуудаас нэлээд айдаг, эмээдэг, дургүйцдэг байсан. Тухайлбал, эх орон руугаа зайлцгаа гэдэг ч юм уу үзэл мэдэгддэг байсан. Ингээд хөгжиж явсаар сүүлийн 10 гаруй жилд Берлин танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Одоо маш гоё эрх чөлөөтэй дэлхийн том метрополис хот болчихсон байна.

-Олон жилийн дараа нутагтаа ирээд Монголд кинонд тоглоход хүндрэл бэрхшээл их байсан байх. Ер нь Монголоос 10 настайдаа явсан гэхээр хэр төсөөлөлтэй байсан бэ. Монгол хэр хөгжсөн байсан бэ?

-Би маш их баярласан. Манай аав харин ерөөсөө дэмжихгүй байсан. Чи монгол явсны хэрэггүй, би та нарыг бодоод Германд авч ирсэн байхад чамд Монголд карьер байхгүй, чамайг хүлээж авах хүн байхгүй, чамайг тоох ч хүн байхгүй чиний орон зай энд байхад чи Монгол явсны хэрэггүй гэж маш их хэлдэг байсан. Хамгийн сүүлд аав маань уурлаад бараг баяртай ч гэж хэлэхгүй Монгол руу явуулж байсан. Монголыг бага насанд байснаараа төсөөлж ирсэн. Ирээд нэлээд шокийн байдалд орсон. Нээрэнгээсээ намайг хэн ч тоогоогүй, хэн ч таниагүй, хамаатан саднаа ч мэдэхгүй тийм байсан. Тэгээд Улаанбаатарт яг аймхай туулай шиг л явдаг байсан. Огт мэдэхгүй орчин, хаашаа зүглэж явахаа ч мэдэхгүй, автобусанд ч сууж мэдэхгүй гээд ер нь хэцүү байсан. Мөн манай урлагийнхан ч намайг таатай хүлээж аваагүй. Чи яах гэж яваа юм, чамаар яах юм гэсэн хандлагатай байсан. Өөрөө хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй байсан учраас тэр болгоныг нь тоохгүй байсан. Би өөрөө байгалиасаа тэмцэгч хүн. Тэр үед драмын театрт очоод пробонд орж байсан. Ингээд бодохоор цаг хугацаа бүх зүйлийг харуулдаг юм байна.

-Та дүрдээ цензур их тавьдаг уу. Ихэвчлэн ямар дүрд тоглож байна вэ?

-Цензур их тавьдаг. Германд бол туслах дүрд ихэвчлэн тоглодог. Гэхдээ дүрээ маш их голдог. Гадаад хүн ялангуяа ази эмэгтэйг сул дорой байдлаас нь харуулах ч юм уу, хэлгүй, яахаа алдсан хүний байдлаас харуулахад их дургүй. Надад ийм дүрийн санал маш их ирдэг ч энэ саналуудад бүгдээс нь татгалзчихдаг. Ингэж явсаар миний зөв болж таарсан. 10 гаруй жил урлагт явахад бусад ази жүжигчдийг бодвол би олон гол дүрд тогложээ. Бусад маань жижиг ч байсан хамаагүй дүрд тоглоол яваад байдаг байсан бол би чанарыг нь харж тоглосоор байгаад бусад жүжигчдээс илүү амжилтад хүрсэн байна. Тэгэхээр тэвчээр чухал. Энэ мэргэжлийг гүйлттэй зүйрлэвэл асар хол замын гүйлт. Амьсгалаа маш сайн хуваарилж, яг юунд тоглох вэ гэдгээ, надад ямар ашигтай вэ гэдэг талаас нь харж кинонд тоглох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ зарчмаар явсаар байгаад өнөөдрийг хүрчээ.

 “Бүсгүй” кино Монголд тоглосон 3 дахь уран бүтээл. Тэгсэн мөртлөө тоглосон киногоороо урлагийнхаа салбарт маш өндрөөр үнэлэгдсэн жүжигчин болчихсон байна. Хүн болгон л намайг кинондоо тоглуулчих юмсан гэсэн бодолтой болсон байна. Найруулагчид болон продакшнууд хүртэл Ариунболорыг л нэг тоглуулчихвал кино маань сайн болчих гээд байна гэдэг хандлагыг би маш их мэдэрч байгаа.

-Монгол, Германы урлаг хоорондоо хэр ялгаатай байна вэ?

Хөрөнгө санхүү дээр их ялгаатай харагддаг. Би монгол жүжигчдийг үнэлдэг, мундаг гэж боддог. Энэ хэцүү нөхцөлд оршин тогтноод, гоё харагдаж байна. Тухайлбал, би хөдөө яваад миний нүүрэн дээр юм гараад л хэцүү байхад тэд нар зохицоод л ажиллаж байсан.  Энэ чинь маш том чадвар. Мөн  маш хурдан хугацаанд зохиолоо цээжлээд, тэрийгээ зөвөөр гаргаад явж байна гэдэг нь маш их чадварыг шаарддаг. Тиймээс хөрөнгө оруулалт мөнгөн дээр л тогтож байна гэж боддог.

Нэгдүгээрт манай кино урлаг илүү сайн хөгжмөөр байна. Мөнгө олж болдог маш том бизнесийн салбар гэдгийг ойлгомоор байна. Мөн салбартаа мөнгө зарцуулах хэрэгтэй. Хямд юм хийчхээд тэрийгээ үзэгчдэд тулгаад, хүн үзмээргүй байхад ар араас нь хэн ч үзэхгүй контентууд хийгээд байна. Ингээд кино урлаг хөгжихгүй байгаад байдаг. Яагаад гэвэл чанаргүй контент продюсерлоод байна гэсэн үг. Тэгэхээр чанартай бүтээл гаргахын тулд цаанаасаа мөнгө шаарддаг. Чанар өөрөө мөнгийг шаарддаг. Цаг хугацааг шаарддаг. Тэгэхээр сайн уран бүтээлдээ мөнгөө зарцуулдаг болмоор байна. Урлагийн сантай болмоор байна. Тэр сангаасаа мөнгөө гаргадаг баймаар байна. Яг сайн уран бүтээлүүд дээрээ сангаасаа мөнгөө гаргадаг баймаар байна. Тэгэхгүй бол монголын уран бүтээлчид хэдий болтол бор зүрхээрээ явах вэ дээ.

-Монголын кино урлагт шүүмжлэгч дутмаг байна уу. Үүн дээр ямар бодолтой байна вэ?

 Кино шүүмжлэгч гэж албан ёсоор байдаг. Тэр хүмүүс бол кино урлагийг сайн судалсан байдаг. Төрөл бүрийн киноны жанрыг академийн зэргээр өөрсдөө судлаад, суралцсан хүн монголд байхгүй байна. Тэгэхээр театр судлаач ч гэдэг юм уу кино урлагийн судлаач ч гэдэг юм уу тэр хүмүүс маань шүүмжлэлээ өндөр стандартаар өгдөг хүмүүс байхгүй байна. Ерөнхийдөө 100 гаруй кино үзчихсэн хүн кино шүүмжилчих нь гэж бодоод өөрийгөө тэр зэрэгт бодоод яваад байна. Тийм байж болохгүй. Тэгэхээр бүх л юм мэдлэг боловсролтой холбоотой.

Манай монголчууд зөвхөн урлаг гээд байхгүй кино шүүмжлэгчээр суръя, гадагшаа яваад кино судлаачаар сурах хэрэгтэй байна. Эхлээд энэ салбараа бүрэн гүйцэт ойлгодог болъё тэгснийхээ дараа шүүмжилье. Зарим сайтууд хүнд маш доромжлолтой хандсан байдаг. Мэргэжлийн бус, хүнийг доромжилж байгаа нь мундаг шүүмжлэгч гэсэн үг биш.

Кино шүүмжлэн гэдэг бол уран бүтээл талаас нь, найруулга, өнгө төрх, жүжиглэлт гээд бүх талаас нь  ялгаж харахыг хэлж байгаа юм.  Тухайлбал, муу зохиолыг хэчнээн сайн жүжиглээд аварч чадахгүй. Тэгэхээр энэ мэтчилэн ялгаж тус бүрт нь харах хэрэгтэй. Шүүмжлэл доромжлол хоёроо ялгаж сурах хэрэгтэй.

Үзэгчид мэдлэг, боловсролтой болсон байна. Тухайлбал, цаг үеэ дагаад нэфтлекс,  HBO үзэж байна. Залуучууд хэлтэй болсон байна. Гадаад дотоод руу сургуульд явдаг болсон байна. Дээр үе шиг харанхуй байхаа больжээ. Манай продакшнууд жилдээ асар их контент үйлдвэрлэж байна. Эдгээр хүмүүс үзэгчдээ тэнэг, харанхуй гэж бодож болохгүй.

60,70 аад оны үеийн хүмүүс илүү сайн кино хийдэг байж. Юм хөгжих ёстой байтал манайх буцаад ухарчихсан байна шүү дээ.

Гадаад дотоодын их сургуульд сураад ирсэн хүмүүсээ маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй байна.

Пагмадуламын дүрд тоглох санал ирж байсан ч татгалзаж байсан

-Монголыг юу гэж хардаг вэ. Гадаадад амьдардаг хүний нүдээр харахад?

-Монголчуудын ингэж амьдарч байгаа нь тэдний буруу биш. Монголын улс төрийн хөгжлийг харах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө надад Пагмадулам гэж хүний дүрд тоглох санал ирж байсан. Тухайн үеийн улс төр болоод Пагмадулам гэж хүнийг яагаад хэлмэгдүүлсэн талаар сайн судалсан. Нөхцөл байдал нь надад таарахгүй байсан учраас би энэ дүрээс татгалзсан л даа. Гэхдээ Пагмадулам, Нацагдорж гэдэг 2 хүн бол маш их шинэчлэлийг шаардсан үзэл бодолтой хүмүүс байсан. Энэ хоёр хүний үеэс хойш зоригтой, мэдлэг боловсролтой хүмүүсээ байхгүй болгочихсон. Тэр үеэс хойш монголчуудыг айдсаар дарангуйлж ирсэн гэж тухайн судалгаанаас ойлгосон.  Айдсаар дарсаар байгаад монголчуудыг аймхай болгочихсон. Пагмадулам, Нацагдорж шиг хэлмэгдчих байх гэсэн бодолтой болоод нийтээрээ аймхай сул дорой болсон байна. Тиймээс энэ нийгмээ хүлээн зөвшөөрөөд амьдраад байна.

Миний хувьд Баруун Германд өсөж том болсон учраас асар их эрх чөлөөтэй хүн. Намайг хэн ч дараагүй, үзэл бодлыг минь хэн ч хаагаагүй, үзэл бодлоо хэнээс ч айхгүй чөлөөтэй илэрхийлж, демократ үзэл бодолтой барууны соёлтой хүн. Германд хүмүүс асар их эсэргүүцлийг үзүүлдэг. Маш эрх чөлөөтэй, юунаас ч айдаггүй. Улс төр нь үүнийг нь бий болгосон байдаг.

Би монгол хүн гэдгээрээ бахархдаг

-Монголд ирэх гоё уу. Өөрт тань ямар санагддаг вэ?

-Би монголдоо маш их дуртай. Намайг хүүхэд байхад Улаанбаатарт ямар гоё байдаг байсан гэж санана. Уул харагддаг, утаагүй, хичээлээ тараад цүнхээ доороо тавьж байгаад гулгаад хувцас хунараа нойтон болгочихсон харьдаг байв. Би монгол хүн гэдгээрээ бахархдаг. Гэтэл Монголд ирэхэд бодит байдал дээр их хэцүү болсон байна. Энийг бид өөрсдөө өөрчлөх ёстой. Үүнийг өөрчлөхийн тулд шинэчлэл хэрэгтэй. Монголчуудын ийм байдлыг хэн ч өөрчилж өгөхгүй тиймээс монголчууд өөрсдөө л өөрчлөх хэрэгтэй. Залуучууд маань эсэргүүцлээ маш сайн илэрхийлдэг баймаар байна.

-Таны ойрын зорилго юу вэ?

-Шинэ уран бүтээлүүд дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Германд хэд хэдэн пробонд орчихсон байгаа. Тэрийгээ азнаад харж байна. Би байнга л сурч байдаг. Дуу оруулагчаар сурах гээд бүртгүүлсэн байна.

Өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн монгол гаралтай германд өсөж том болсон эмэгтэйн тухай зохиол бичиж байна

-Таныг кино зохиол бичдэг гэж уншиж байсан. Кино зохиол бичих дуртай юу?

-Тийм. Зохиол бол миний мэргэжлийн нэг тал. Би хоёр жилийн өмнө богино хэмжээний киногоо бичиж дуусгаад Герман улсын кино сангийн хөрөнгө оруулалтаар киногоо хийгээд өөрөө найруулсан. Энэ кино маань нэлээн хэдэн кино наадмаар гарсан. Одоогоор бүрэн хэмжээний нэг кинон дээр ажиллаж байна. Энэхүү кино маань монголтой холбоотой кино бөгөөд нэгэн монгол эмэгтэйн тухай өгүүлдэг.

Өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн монгол гаралтай германд өсөж том болсон эмэгтэйн тухай зохиол бичиж байна. Цаашлаад мэргэших тусам өөрөө найруулах тухай ч бодож эхлээд байна.

-Монголын найруулагчдын ур чадварыг хэр үнэлж байна вэ. Олон ч кинонд хамтарч ажиллаж байна шүү дээ?

-Монголын найруулагчийг сайн гэж боддог. Дотортой, өөрсдөө жүжигчин суурьтай байдаг. Жүжигчин суурьтай байхаар дүрээ ондоо хардаг. Мөн жүжигчнээ хайрлаж, мэдэрч чаддаг. Тэгэхээр найруулагчдадаа орчин нөхцөлийг нь сайн л бүрдүүлж өгмөөр байгаа юм. Мөн эдгээр хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч, цаг үеэ дагаж хөгжих шаардлага үүсээд байгааг ойлгох хэрэгтэй.

-Манайхан гадны уран бүтээлийг хуулбарлаж хийх тохиолдол олон байна. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ. Ер нь бол тухайн зохиолч өөрөө бүтээгээд төгс бүтээл гарах ёстой байх. Хэн нэгний хийсэн зүйлийг хуулбарлаж хийгээд төгс болно гэдэг хэр зохистой вэ?

-Би үүнийг уран бүтээл гэж харахгүй. Яагаад гэхээр хэн ч хажуудаа сууж байгаа онц сурдаг хүүхдээс хуулаад биччихэж чадна. Ингэлээ гээд муу сурдаг хүүхэд онц сурагч болохгүй үүнтэй л адил санагддаг. Тэгэхээр манай уран бүтээлчид залхуу байна, өөрсдийгөө хөгжүүлэхгүй байна.

Римек гэж нэг юм байна л даа. Америкчууд римек их хийдэг. Бид нар мэддэггүй л болохоос ядуу хөгжил муутай орны сайн хийгдсэн кинонуудыг харж байгаад тухайн киноны сэдвийн аваад римек хийдэг болсон. Тэгэхдээ энэ нь дуурайн гэсэн үг биш. Сэдвийн аваад тухайн орны соёлд буулгаж өөрчлөөд эрэгтэй дүрийг эмэгтэй болгоод ч юм уу зөвхөн сэдвийг нь л авдаг. Энэ нь хуулан гэсэн үг биш юм.

-Таны өдрийн хэмнэл ямар вэ?

-Би өөрийгөө хайрцагт оруулах дургүй. Би асар их эрх чөлөөтэй эмэгтэйд дуртай. Өдөр өдрөөс шалтгаалан өөр өөр байдаг. Хэрвээ их ажиллаад ядарсан байвал хэсэг хугацаанд өөртөө амрах цаг гаргадаг. Юмыг туйлшруулах дургүй. Туйлын ийм байх ёстой гээд амьдрах дургүй. Би өнөөдөр зохиол дээрээ ажиллах хүсэл надаас төрж байна уу, төрөхгүй байна уу гэдгээ асуудаг. Гэхдээ энэ нь германд амьдардаг сайхан амьдралтай холбоотой. Ямар ч дарамтгүй, стрессгүй, өргүй бид асар том халамжид амьдардаг хүмүүс. Герман улс ажилгүй болсон байхад хүртэл улсаас байр сав бүх юмаар нь хангадаг. Асар хангалуун газар өөрийгөө амьдардаг гэж боддог. Тийм болохоор дуртай үедээ ажлаа хийж, тэр мөнгөө өөртөө зарцуулдаг. Миний мөнгө хүрэлцэхгүй байхад улсаасаа тусламжаа авч болж байна. Мэдээж аль болох тусламж авахгүйгээр амьдарна. Ерөнхийдөө бол эрх чөлөөтэй болохоор цаг хугацааг өөрөө өөртөө зарцуулж чадаж байна.Монголд харин асар их баригдаж байна. Ажилгүй л бол мөнгөгүй. Улсаас ямар ч дэмжлэг байхгүй.

 -Пагмадулмын дүрээс татгалзаж байсан гэлээ. Монгол хатны дүр бүтээх бодол бий юу?

-Байдаг. Би ер нь нэг хатны дүр бүтээгээд монгол дахь жүжигчний карьераа дуусгая гэж боддог. Жүжигчин монгол эмэгтэй хүн болгон л хатны дүр бүтээе гэж боддог байх. Тэгэхээр би ч гэсэн Мандухай сэцэн хатан шиг тийм дүрийг бүтээчхээд хэдэн үе удмаараа үзсэн ч хамаагүй гоё хэвээрээ дурсагдах уран бүтээл хийчхээд л явчихъя гэж хувьдаа боддог. Дахиж кинонд тоглохгүйгээр. Сувд гуайн ээж нь Мандухай сэцэн хатан кинонд тоглосных нь дараа дахиж битгий кинонд тоглоорой гэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ л байхгүй юу. Тэгэхээр би нэлээн олон жил хүлээж байгаад нэг гоё дүр бүтээчхээд тэр дүрээр монголчууд маань намайг тэр хатнаар төсөөлөн бодоод би монгол дахь карьераа дуусгаад гадаад дахь карьераа хөөе гэж боддог.

-Ээжийгээ дурсахгүй юу. Ээж нь урлагийн хүн байсан гэлээ?

-Энэ сэдэв нэлээн олон жил миний эмзэг сэдэв болж явсан. Ээжийнхээ өмнөөс маш их харамсдаг байсан. Би өөрөө өөртэйгөө их ажилладаг хүн. Хүүхэд насны сэтгэл санааны хямралыг анагаах талаас их ажилладаг. Тэр нь миний итгэл үнэмшил, бурханд итгэх, амьдралд итгэх гээд бүх юм цаанаасаа байх ёстой юм байна. Тийм болохоор түүний ардаас харамсах хэрэггүй гэдгийг аягүй сайн ойлгосон. Тиймээс энэ сэдэв өөрөө миний эмзэг сэдэв болохоо больсон гэхээс илүү миний давуу тал болсон. Би өөрөө цаашаа үргэлжлээд ээжийгээ амьдруулж байна. Энэ чинь асар том гоё зүйл. Өнөөдөр манай ээжийн ангийн хүүхдүүд бүгд хөгшрөөд өвөө эмээ болоод карьер нь дуусаад явж байхад манай ээж Надаар дамжуулаад 2 удаа амьдарчхаж байна. Тэр хүмүүсийн өмнө Баянзул гэдэг хүн эргээд босоод ирсэн мэт харагдаж байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө миний сул дорой тал биш давуу тал болоод би дийлчихсэн, ялсан юм шиг мэдрэмж төрдөг. Ээж маань надад энэ их зүйлийг үлдээгээд явсан гэдэгт нь маш их талархаж, баярлаж явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Г.Ариунболор: Би асар их эрх чөлөөтэй эмэгтэйд дуртай  
Үзсэн: 3332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй