Шууд Chart

Ч.Бадамханд: Уртын дуу бидний дээдлэх ёстой үнэт зүйлийн нэг

2025-01-16 10:03:01

"Биелээрэй" болон Хурд хамтлагийн "Ээждээ" дууг дуулж, сонсогчдодоо хүргэсэн Уртын дуучин, "Capital band" хамтлагийн гишүүн Ч.Бадамхандыг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

 -Уртын дуучин хүнтэй уулзаж байгаа учраас уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?

-Миний хувьд уртын дуучин мэргэжилтэй. Мэргэжлийн театрт найман жил ажилласан. Одоо хувиараа уран бүтээлээ хийж байгаа. Уран бүтээлийн зорилго гэвэл уртын дуу, ардын дуугаа залууст хүргэнэ гэж боддог. Энэ нь миний нэг мөрөөдөл юм. Уртын дуу үндэсний дархлаа, Монгол Улсын нэрийн хуудас. Гайхалтай өв соёл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ гайхалтай урлагийг залуус бид цаашид авч явах ёстой. Цагаан сарын нэвтрүүлэгт оролцох гээд бэлтгэл ажлаа хийгээд байж байна. Энэ нэвтрүүлэгт уртын дуу, ардын дуугаа орчин үеийн хөгжим, шинэ найруулгатай, сонирхолтой хэлбэрээр хийхээр бэлтгэлдээ орсон байгаа.

-Оны өмнө "Хурд" хамтлагийн “Ээждээ” дуу дуулсан. Олон нийтэд хүрч, үзэгч олон ам сайтай байгаа. Энэ дууг дуулах саналыг хэн тавьсан бэ?

-Энэ дууг оны өмнө дуулж үзэгчдэд хүргэсэн. Боловсрол суваг телевизээс “Immortal songs” шоунд оролцох саналыг тавьсан. Энэ шоу нэвтрүүлэгт уран бүтээлээ туурвиж байгаа залуу уран бүтээлчдийг дэмжсэн үйл ажиллагаа гэж ойлгоод оролцсон. “Хурд” хамтлагийн дуунаас сонгож дуулах байсан. Миний хувьд “Хурд “хамтлагийн хайрын дуунуудаас сонгож дуулна гэж бодоод нэлээд олон дууг сонсож үзэж байгаад “Ээждээ” дууг сонгож дуулсан. Энэ нь маш зөв сонголт болсон. Сонсогчид энэ дууг сайнаар хүлээж авсанд баяртай байна. Энэ дууг дуулах эрхийг авна гэдэг бол маш том бэлэг шүү. Удахгүй энэ дууг маш гоё хувилбараар дуулна гэж бодож байгаа.  

 

-Уртын дуучин болоход хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Уртыг дууг дуулахад маш хэцүү. Уртын дуучин мэргэжлээр СУИС-д таван жил суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд “Үндэсний урлагийн их театр”-т дагалдан дуучин хийж байгаад жинхэлж, найман жил ажилласан. Энэ хугацаанд суралцаад явж байна. Уртын дууг төгс дуулж, учрыг нь олоход маш их хугацаа, ур чадвар, ухаан хэрэгтэй юм шиг санагдсан. Би багадаа их дуулдаг хүүхэд байсан. Манай аав ардын урлагт дуртай, урлагт хайртай эмч хүн байлаа. Аав минь надад ардын дууг их зааж өгдөг учраас энэ хүний нөлөө их байгаа. Би СУИС-д шалгалт өгөхдөө Эстрад дууны ангид шалгалт өгнө гэж бодож, бэлдэж байсан.

Гэтэл аав маань Уртын дуучны ангид орсон дээр юм байна. Эстрад дууг явцын дунд сурч болно. Харин уртын дууг хүн болгон дуулахад хэцүү, ур чадвар шаарддаг учраас миний охины хоолой хүчтэй, чадалтай юм чинь уртын дуучин бол гэж зөвлөсөн. Аавынхаа зөвлөсний дагуу СУИС-ийн Уртын дуучны ангид шалгалт өгч, тэнцээд орсон. Надад уртын дууны төсөөлөл байгаагүй. Хамгийн анх Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” дууг сонсож, уртын дууны талаар төсөөлөл, ойлголт авч байсан.

 

Хувийн уран бүтээлээ 2020 оноос хийж эхэлсэн

-Мэргэжлийн театрт уртын дуучнаар олон жил ажилласан байна. Энэ хугацаанд уртын дуугаа төгс эзэмшиж чадсан уу?

-Би дууны урлагийг амьсгааны урлаг гэж ойлгодог. СУИС-д суралцаж байхад мэргэжлийн багш нар шавь нартайгаа маш сайн тулж ажилладаг. Надад манай багш амьсгааг минь зөв тавьж өгсөн болов уу гэж боддог. Амьсгаа нь зөв байгаа дуучин ямар ч дууг дуулах арга техникийг олчихдог юм шиг санагдсан. Энэ гэхдээ миний бодол шүү. Миний хувьд өөр жанрын дуу дуулахад хэцүү санагддаггүй. Үндэсний урлагийн их театрт ажиллах хугацаандаа гадагшаа болон төрийн айлчлалаар их явдаг байсан. Мөн Монгол Улсад ирж байгаа төрийн айлчлалд уртын дуугаа дуулж Үндэсний урлагаа сурталчилж таниулах ажлыг хийдэг байлаа. Энэ нь миний бахархаж явдаг зүйлүүдийн нэг. Үндэсний урлагийн их театрт 8 жил ажилласан.

Энэ хугацаанд асар их зүйлийг сурсан. Ёс зүйтэй байх, мэргэжлийн урлагийн байгууллагад яаж ажиллах, уран бүтээлч хүн ямар байх ёстой гэдэгт ойлголтыг төгс сурсан даа. Хувийн уран бүтээлээ 2020 оноос хийж эхэлсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ундармаа эгчийн санаачилсан "Эзэгтэйн туслах" нэвтрүүлгийн "Биелээрэй" дууг өнгөрсөн жил гаргасан. Энэ дуу үзэгчдэд сайн хүрсэн. Мөн "Capital band" хамтлагт эмэгтэй дуучнаар дуулдаг.

 

 

“Шаргын говийн ялаа”, “Гэгээнтэн” гэх мэт дууг дуулсан. Манай хамтлаг саяхан “Шаргын говийн ялаа” гэдэг пянзаа гаргасан. Киноны дууг дуулсан байгаа. Үзэгчид миний дууг сонсдог хэрнээ намайг дуулсан гэдгийг тэр бүр мэддэггүй. Би ер нь нууцлаг хүн юм шиг байна лээ /Инээв/. Ямар нэгэн арга хэмжээнд дуулахаар энэ дууг чи дуулсан юм уу гээд байдаг. Би хөрвөж дуулдаг болохоор хүмүүс тэр бүр тогтоож чаддаггүй болов уу гэж боддог /Инээв/. Би ер нь дуугаараа танигдаад, дуучныхаа хувьд таньдаггүй юм шиг байна лээ.

 -Дуучин болно гэж багаасаа боддог байсан уу?

-Би багаасаа дуулдаг байсан. ЕБС-д суралцаж байхдаа хичээлдээ сайн хүүхэд байсан. ЭЕШ өгөхдөө тавдугаар байрт орж байсан учраас хүссэн сургуульдаа  орох боломжтой байсан. Надад өөр мэргэжлээр суралцах, гадагшаа суралцах боломж байсан л даа. Гэхдээ би дуучин болно гээд бодчихсон байсан учраас өөр сургууль соёл сонирхоогүй. СУИС-д шалгалт өгч орсон. Сүүлийн үед уртын дуучнаар суралцах хүүхдийн тоо эрс багассан. Жилд 10-аад хүүхэд сурч төгсөж байна. Уртын дуу дуулахад маш их хүч гардаг. Би анх СУИС-д орж байхад жижигхэн биетэй туранхай хүүхэд байсан. Хүчтэй хоолойгоор амьсгаа шаардсан дасгал уншихаар толгой эргээд ухаан алдаж унах гээд байдаг байсан.

 

Хоол сайн идэж байгаад дуулж дасгалаа хийдэг байлаа. Уртын дуу маш их эрч хүч, энерги шаардаг. Хүмүүс харахаар амархан юм шиг харагддаг боловч бодит байдал дээр маш хэцүү. Хүмүүс дуучдыг ам барьж дуулдаг гэж шүүмжилдэг. Уртын дууг хэзээ ч ам барьж дуулж болдоггүй. Бусад дууг ам барьж дуулж болдог байх. Би сайн багшийн удирдлагад төгссөн болохоор уртын дуунд хайртай болсон. Миний багш Ардын жүжигчин А.Нэргүй. Намайг өөрийнхөө охин шиг бөөцийлгөж төгсгөсөн дөө. Багшдаа маш их баярлаж явдаг. Уртын дууг дуулахад дасгал сургуулилалт хамгийн чухал. Уртын дууны дасгал гэж байдаг.

Дасгал хийхдээ хоолойн хөдөлгөөн, амьсгаа гээд бүх зүйлд анхаарах ёстой. Хувь хүний хичээл зүтгэл, чармайлт хамгийн чухал. СУИС-д суралцаж байхад сард гурван дуу сурах ёстой. Дуугаа бид сонсож сурдаг байсан. Анх уртын дууг сонсож байхад юу гэж байгаа нь мэдэхгүй хэцүү байдаг байлаа. Сонсоод байхаар арга учрыг нь олж эхэлдэг. Бэлтгэл сургуулилалт хийхгүй бол уртын дууг сурна гэж байхгүй. Сүүлд нэг уралдаанд орох гэж шинээр дуу сурах гэж нэлээд юм болсон. Нэг дуутай 14 хоног "ноцолдож" байж гаргасан даа. Хүн байнга суралцаж, хөгжиж байхгүй бол болохгүй. Би мэргэжлийн дуучин гээд бэлтгэл сургуулилалт хийхгүй явж болдоггүй. 

-“Эзэгтэйн туслах” нэвтрүүлгийн дуу “Биелээрэй” уран бүтээл нь сонсогчдын дуртай дуу болсон байна. Тус уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу? 

-“Биелээрэй” дуу бэлэн болчихсон, дүрс бичлэгийн ажил л дутуу байсан юм. Манай ерөнхий продюсер Г.Ундармаа эгчтэй ажил ярилцаж байгаад энэ дууг сонсгосон юм билээ. Дууг маань жүжигчин Г.Ундармаа эгч сонсоод нэвтрүүлгийнхээ дуу болгохыг хүссэн. Уран бүтээлчийн хувьд хамгийн сайхан санал шүү дээ. “Эзэгтэйн туслах” нэвтрүүлэг хандалт өндөртэй, хүмүүс үзэх дуртай учраас дууг минь сайнаар хүлээн авсан.

 

Версалийн ордны Хааны дуурийн театрт уртын дуугаа Морин хуурын чуулгатай хамт дуулсан

 

-“The voice of Mongolia” шоунд оролцож байсан. Энэ талаараа яривал?

“The voice of Mongolia” шоунд 2019 оны оролцсон. Дуучин хүний хувьд өөрийгөө сорьж үзсэн. Бодож явсан зорилгодоо хүрч маш амжилттай оролцсон. Энэ шоуг цаашаа үргэлжлүүлэхгүйгээр өөрийн саналаар гарсан. Гадагшаа ажиллах гэрээтэй байсан учраас тэр давхацсан. Одоо хүмүүс намайг “The voice of Mongolia” шоунд “Содура” дууг дуулсан гэдгээр бас таньдаг болсон. Хэрэв үргэлжлүүлсэн бол бүр амжилттай оролцох байсан болов уу гэж боддог. Намайг ордог жил Э.Дашням уртын дуугаар оролцож байсан. Манай Э.Дашням маш амжилттай оролцсон шүү.

-Гадны орны том тайзан дээр дуулж, тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

-Версалийн ордны Хааны дуурийн театрт уртын дуугаа Морин хуурын чуулгатай хамт дуулсан. Энэ нь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай мөч гэж боддог. Урлагийн хүмүүст гадны, том, эртний театрт дуулах мөрөөдөл байдаг. Миний мөрөөдлийн нэг нь биелсэн. Уртын дуучдын уралдаан, мэргэжлийн дуучдын уралдаан жилд нэг, хоёр болдог.

2023 онд Ч.Шархүүхэний нэрэмжит уртын дууны уралдаанд оролцож, хоёрдугаар байр эзэлж байсан. Энэ уралдаан бусад уралдаанаас арай өөр, сонирхолтой болсон юм. Уртын дууг айзам, суман бэсрэг гэж ажилладаг. Бэсрэг нь богино хэмжээ, суман дуу арай жоохон том, айзам дуу гэдэгт “Уяхан замбуу тивийн наран”, “Хэрлэнгийн барьяа” зэрэг том дуунуудыг нэрлэдэг. 

 

 

-Уртын дуу нутаг, нутгийн гэдгээрээ бас ялгаатай юу?

-Ялгаатай. Үндэстэн, ястнаар дууны онцлог нь өөр өөр байдаг. Жишээлбэл, Сүхбаатар, Дарьганга чиглэлд уянгалаг, сонсголтой дуунууд их байдаг. Хөвсгөлийн дуунууд дээд өнгөнөөс эхэлдэг. Говийн дуунууд хүний сэтгэлийг гэгэлзүүлдэг. Энэ нь газар нутгийн онцлогтой холбоотой байх. Уртын дуу газар нутаг болон амьдарч байгаа орчинтой салшгүй холбоотой байдаг.

-Анхны уран бүтээлээ сонсогчдодоо хүргэж байсан үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-“The voice of Mongolia” шоуг цацагдаж байхад Франц улсад байсан. Энэ шоу цацагдаж эхлэхэд хүмүүсээс гоё дуулсан байна гэдэг сэтгэгдэл их ирсэн. Тэр үед ичмээр юм шиг сонин мэдрэмж төрж байсан. /Инээв/ Одоо нэлээд олон  дууг дуулсан байна. Өөрийнхөө гоё дуулсан дуугаа сонсох дуртай. Би ер нь өөрийгөө их голдог төрлийн хүн. Уран бүтээлээ төгс хийхийг хүсдэг. 

 

Надад ур чадвар байгаа бол түүнийгээ өнгөлж, илүү гэрэлтэнэ гэж боддог

 

-Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?

-Би дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, "Хурд", "Харанга" хамтлагийг сонсож өссөн. Хүүхэд байхдаа Б.Сарантуяа эгч шиг дуучин болно гэж боддог байсан. Өөрөө дуучин гэдэг мэргэжлийг эзэмшиж, төгссөн хүний хувьд хэн нэгнийг дуурайхгүйгээр Бадамаа гэдэг дуучныг бүтээж, өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлч болно гэж боддог болсон. Хэн нэгнийг дуурайна гэдэг бол байж болохгүй зүйл. Надад ур чадвар байгаа бол түүнийгээ өнгөлж, илүү гэрэлтэнэ гэж боддог.

-Сүүлийн үед дуучид дууг минийх гэж өмчилж, маргалдах тохиолдол цөөнгүй болжээ. Залуу уран бүтээлчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

 -Сүүлийн үед залуу уран бүтээлчид хэтэрхий туйлширдаг болсон. Тухайлбал, миний "Биелээрэй" дууг хүмүүс коворлож дуулж байвал би баярлана. Миний дууг олон түмэнд түгээж байвал гоё. Ер нь дууны уран бүтээлийг шүлэг, ая зохиогчоос нь зөвшөөрөл авч дуулж байгаа бол дуучин хүн минийх гэж өмчлөх эрх байдаггүй. Хоёр зохиогч нь Зохиогчийн эрхээ авч явдаг. Дуучин гүйцэтгэгч гэдгээр явдаг юм байна лээ.

-Ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

 -“New nomad records” студитэй таван жилийн гэрээ хийсэн. Уртын болон ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулж дуулах тал дээр анхаарч ажиллана. Уртын дууг дуулж байгаа хүн ямар ч дууг дуулж чаддаг гэдгийг би харуулна гэж боддог. Ардын болон уртын дууг "хөдөөгийн дуу" гэдэг ойлголт байдаг. Энэ үнэхээр өрөөсгөл ойлголт. Бодит байдал дээр жинхэнэ сонгодог урлаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Уртын дуугаар төр ёсны бүх баяр ёслолыг нээдэг шүү дээ. Уртын дуу бидний дээдлэх ёстой үнэт зүйлийн нэг. Би амьдралаа уртын дуутай холбосондоо баярладаг. Уртын дуугаар залуучуудыг уриалсан том төлөөллийн нэгэн болохыг зорьж байгаа.

Манай үндэсний урлаг үнэхээр гайхалтай

-Уртын дууны чиглэлээр сурчихаад энэ чиглэлээр ажиллахгүйгээр нийтийн дуу, ардын дууг түлхүү дуулдаг. Энэ үнэн юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Сонсогч хамгийн чухал. Уртын дууг сонсдог хүн цөөхөн байгаа байх. Нийтийн дуу болон ардын дуу сонсдог хүмүүс хэр байна гэдгээс хамаарч байгаа. Уран бүтээлч хүн төрийн байгууллагад ажиллаад 800-900 мянган төгрөгийн цалин яваад явна гэдэг бол үнэхээр эмгэнэлтэй. Театр, чуулга жил бүрийн төлөвлөгөө гаргаад уран бүтээлээ туурвиад явдаг. Түүндээ битгий ханаасай гэж боддог. Ялангуяа залуу уран бүтээлчид. Уртын дууг яаж хөгжүүлэх, залуус хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Манай үндэсний урлаг үнэхээр гайхалтай.  

 

Гэтэл манайхан байдаг зүйл гэж хүлээж авдагт харамсдаг. Гадаадын орнуудад тоглоход манай үндэсний урлаг шиг гайхалтай зүйл хаана ч байхгүй. Би гадагшаа гарч дуулахдаа энэ бүхнийг мэдэрдэг. Ерөнхийдөө уртын дуу сонсдог масс бол маш бага. Мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа мундаг дуучин зөндөө байгаа. Театрт ажиллахаар төлөвлөгөөт ажлаа хийгээд явдаг болохоор баригдмал болчих гээд байдаг талтай. Уран бүтээлч сэтгэлгээ байхгүй болдог юм байна. Театр, чуулгын хувьд уран сайхны бодлого гэдэг зүйл хамгийн чухал юм шиг санагдсан.

-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?

-Хөвсгөл аймагт төрж, өссөн. Нэгдүгээр ангиасаа эхэлж дуулж, "Яргуй" наадам, урлагийн үзлэгт их ордог байсан. Мөн хажуугаар нь хичээл номоо сайн хийдэг сурагч байлаа. Спортод ямар ч авьяас байхгүй ээ. Ерөнхийдөө даруухан хүүхэд байсан.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Манай удамд урлагийн хүн байхгүй. Манай аавын эмээ нь уртын дуу дуулдаг байсан гэсэн. Тэр хүний ген надад байгаа байх гэж боддог. Манай аав урлагийн мэдрэмжтэй, ерөөл, магтаал хэлдэг байлаа. Бэр гуйлгад их явдаг хүн байсан шүү. Манай аав эмч мэргэжилтэй. Цаг наргүй ажлын хажуугаар намайг дагуулж яваад настай хүмүүстэй уулзуулж, "Миний охинд ардын дуу заагаад өгөөч" гэдэг хүн байсан. Тэр хүмүүс надад дууг дуртай зааж өгдөг сөн. Энэ нь миний төлөвшилд их нөлөөлж, зөөлөн хүн болсон байх гэж боддог. Манай уртын дуучид их даруухан хүмүүс байдаг. Уртын дуу хүнийг тогтвортой, томоотой хүн болгон төлөвшүүлдэг юм шиг байна лээ.

Дуучин Б.Нандинцэцэгийн дууг сонсох дуртай
 

- Байнга дуулдаг, дуулах дуртай дуу тань юу вэ?

-Ер нь гадаад дуу сонсохгүй дуртай. Монголынхоо 70-80 оны дууг сонсох дуртай. Дуучин Б.Нандинцэцэгийн дууг сонсох дуртай. Энэ дуучны дууг дуулна гэж боддог. 

-Таны амьдралыг юу хөглөдөг вэ?

-Уртын дуу, ардын дуу хөглөдөг дөө.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын дундах хүүхэд. Эгч, дүүтэй. Манай ээж бас гоё дуулдаг. Зуны амралтаар хөдөө эмээгийндээ очиж амралтаа өнгөрүүлдэг байлаа. Бусад хүүхдийн адил л өссөн. Хурга, ишгээ хариулахдаа дуу их дуулдаг байсан. Би өөрийгөө дуучин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бол гэж их боддог. Тийм мэргэжилтэй болно гэсэн төсөөлөл байдаггүй. Аавыгаа дуурайгаад эмч болох байсан байх. 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цагаараа гэртээ кино үзэж, амардаг. Тайван байхыг хүсдэг.

-Сошиал орчинд хэр идэвхтэй байдаг вэ?

-Сошиалд тийм идэвхтэй биш. Хүмүүс намайг амбийцгүй гэдэг. Одоо жаахан идэвхтэй болно гэж бодож байгаа /Инээв/.

-Найз нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Надад олон найз байдаггүй. Дотны, чанартай 3-4 найз байгаа. Надтай ойр дотно байх гэсэн хүн олон байдаг. Тэр болгонтой найз гээд гүйгээд байдаггүй. Би хэт бужигнаад байдаг төрлийн хүн биш. Даруухан, тайван хүн шүү /Инээв /.

Үндэсний урлагийн их театр намайг хэн ч биш байхад тоож авсанд их баярлаж явдаг

 -Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Би хүүтэйгээ амьдардаг. 23 настайдаа ээж болж байлаа. Хүүгээ зургаан сартай байхад ажилд орж байсан. Үндэсний урлагийн их театрынхан надад их итгэл хүлээлгэж, маш том тоглолтод залуу гэж голохгүйгээр оруулдаг байсан. Би ч гэсэн итгэлийг нь алдахгүй дуулж байсан. Энэ театраас асар их зүйлийг сурч авсан. Манай театрт мундаг дуучин их байдаг. Энэ хүмүүсээс би уран бүтээлч хүн ямар байх, төрийн албан хаагч ямар байх ёстой, хүнтэй хэрхэн харьцах гэх зэрэг бүх зүйлийг сурсан даа.

Үндэсний урлагийн их театр намайг хэн ч биш байхад тоож авсанд нь их баярлаж явдаг. Үүнээс цааш өөрийгөө би хөгжүүлж явах ёстой. Миний ар талд ээж минь бат зогсдог. Ээжийнхээ буянд өдий зэрэгтэй явж байгаадаа баярладаг. Аав маань 2013 онд бурхан болсон. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Цаг хугацаа хурдан өнгөрч байна шүү. Одоо хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарч ажиллана. Ирэх оноос уртын дууны тоглолт хийнэ гэсэн бодолтой байгаа. 

-Магтаал, шүүмжил хоёр хэр их ирж байна?

-Миний дууг сонссон хүмүүс намайг их магтана. Бас шүүмжлэл байна. Ер нь нэрээ нууцалсан хаягаас их доромжилдог юм билээ. Эхлээд их эмзэглэдэг байсан. Одоо ч тоохоо больж дээ. Аав минь сайн, муу хоёр нийлж байж сав дүүрнэ гэж хэлдэг байсан. Энэ ёстой үнэн үг шүү. Алтан дундаж байхад болно доо. Заримдаа ч хүмүүс ийм аймар дайралтыг яаж тэсдэг байна аа гэж боддог шүү.

-Уртын дуу дуулдаг хүний хувьд үндэсний хувцсаар хэр гоёдог вэ?

-Монголын үндэсний хувцсаар гоёх дуртай. Дээлэнд хоббитой гэх үү. Торгоны дэлгүүр ороод гоё торго байвал өмсчихсөн байна гэж төсөөлөөд явж өгнө дөө /Инээв/. Өөртөө иж бүрэн үндэсний хувцастай болох гээд цуглуулж байна. Энэ маань дараа их өв болж үлдэнэ. Хүүхэд маань ч гэсэн ээжээс минь үлдсэн зүйл гээд нандигнаж явна шүү дээ. Дээл хувцсаа чанартай торгоор хийхийг боддог. Үндэсний хувцсыг гоё өмсөх ёстой. Би театрт ороод дээлийг утгаар нь өмсөж сурсан. Монголчууд маань ч үндэсний хувцсаараа их гоёдог болсон байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ч.Бадамханд: Уртын дуу бидний дээдлэх ёстой үнэт зүйлийн нэг  
Үзсэн: 2039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-18 17:37
Очирбат гуай өнгөрчөөд байхад ганц зурагтай мэдээ ч болов өгчихөж болдоггүймуу?
Зочин [127.0.0.xxx] 2025-01-16 15:29
Mundag bvsgvi shvv Uran bvteeliin undur amjilt xvsiye ee saixan eejidni ervvl enxiig xvsen yuruuy
Goy [127.0.0.xxx] 2025-01-16 14:13
Amjilt

Бидэнтэй нэгдээрэй