Шууд Chart

БНХАУ: Фукушимагийн атомын цахилгаан станц орчмын далайн усны хяналтыг үргэлжлүүлэх шаардлагатай

2025-01-25 10:35:32

Хятадын эрх баригчид Японы осолд өртсөн Фукушима Дайичи АЦС-ийн ойролцоох далайн уснаас бие даасан байдлаар дээж авч шинжлэхэд ямарваа зүй бус өөрчлөлт илрээгүй талаар мэдэгдлээ. Гэхдээ Хятад улс Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод тогтоосон хоригоо бүрэн цуцлах хүртлээ ийм хяналт, шинжилгээ туршилтыг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэж үзэж байгааг дээрх туршилт шинжилгээг өнгөрсөн оны 10 сард явуулсан гэдгээ мэдэгдсэн байна.

Өчигдөр энэ мэдээллийг хийсэн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин үүнээс гадна Фукушимагийн АЦС-ын цацраг идэвхт бодисуудаас цэвэршүүлсэн усыг 2023 оны наймдугаар сараас далайд цутгаж эхэлсэн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа Бээжингийн байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Хятад улс дээрх хараат бус тандалт шинжилгээ хийсэн нь Япон улсыг хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих алхмуудынх нь зөвхөн нэг нь байсан гэдгийг тэмдэглэжээ. Улмаар Хятад улс Японы далайн гаралтай хүнсний импортыг сэргээх эсэх нь “хараат бусаар цуглуулсан дээжүүд, тэдгээрт хийсэн шинжилгээний үр дүнгээс, мөн Токио далайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээ авах эсэхээс хамаарна” гэж хятадын ГХЯ-ны төлөөлөгч  мэдэгдсэн байна. Хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудын явуулсан үзлэг шалгалтаар тритий, цезий-137, стронций-90 зэрэг цацраг идэвхт бодисын ямарваа хэвийн бус хэмжээ илрээгүйг хятадын “Глобал таймс”-т мөн мэдээлжээ. Хятад улс Фукушимагийн АЦС орчмын далай орчныг судлах ОУАЭА-гийн хүрээн дэх тандалт шинжилгээний ажилд Өмнөд Солонгос, Швейцар улстай хамтран оролцож байгаа. Энэ чиглэл дэх дэлгэрэнгүй мэдээллийг ОУАЭА нэгтгэн нийтлэхийг мөн мэдээлэлд дурдсан байна.

Энэ хяналт үнэлгээний ажилд Бээжинг оролцуулах нөхцөлд Японы далайн бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээнэ гэдэг тохиролцоонд Япон, Хятад улсууд өнгөрсөн оны 9 сард анх хүрсэн. Фукушимагийн АЦС орчмын далайн усанд цацраг идэвхжлээс цэвэршүүлсэн усыг анх асгаж эхэлсэн цагаас Хятад улс энэ талын хориг тогтоосон. Мөн Япон улс ингэж далайд тухайн усыг дангаар шийдвэр гарган цутгаж эхэлсэн нь хууль бус гэж үзэж байгаа Хятадын шинжээчдийн байр суурийг Хятадын Глобал таймс-т дурдаж, ШУ-ны талаас хэзээд болгоомжлох нь зүйтэй гэдэг байр суурин дээр байгааг нь мэдээлсэн байна.

Япон улс гэмтэлтэй АЦС-ийн цацрагт бохирдсон усыг далайд цутгаж, Хятад улс японы далайн бүтээгдэхүүний импортод хориг тогтоосон зэргээр хоёр улсын харилцаа энэ асуудлаас болж чамгүй хүйтэрсэн. Энэ хоригоос өмнө Хятад улс японы далайн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл байсан. 2023 онд улмаар Хятад руу гаргадаг японы далайн гаралтай хүнсний экспорт өмнөх оныхоосоо 57 хувиар унасан.

Өнгөрсөн нэг жил хагасын туршид япон-хятадын өндөр албаныхны удаа дараагийн уулзалт хэлэлцээ, Хятадын явуулсан сүүлийн шинжилгээ тандалт, түүний үр дүн нь хоёр улсын дипломатын маргаан нь нааштай шийдэгдэх үндэс болох болов уу гэж ажиглагчид харж байна. Хятадаас гадна Орос улс мөн Японы энэ төрлийн бүтээгдэхүүн импортлохоо хязгаарласан бол, өмнөд Солонгос улс Японы 8 мужаас далайн бүтээгдэхүүн авахыг хориглосон хэвээр байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: Фукушимагийн атомын цахилгаан станц орчмын далайн усны хяналтыг үргэлжлүүлэх шаардлагатай  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй