-Хүний амь гэдэг хэн нэгний жүжиглэх урлагийн золиос болох ёсгүй үнэт зүйл-
Нийгмийн аливаа үзэгдэл, зүйлс үе үеэрээ өөрчлөгддөг бололтой. Нэг хэсэг “мода”-нд орж байсан хувцас “мода”-наас гарах үест бид яагаад үүнийг өмсөх дуртай байсан юм бол гэдгийг хэлж мэддэггүй. Энэ нь цаг цагаараа байдаггүйг гэрчилнэ. Дэлхий нийтээрээ компьютерийн хэрэглээнд шунасан XXI зууны Монголд юу “мода”-нд орж байна вэ. Бөө болох, бөө болгох “мода” дэлгэрээд байна гэж хэлж болохоор байна. Сүүлийн үед бөөгийн тоо улам нэмэгдэх болжээ. Өнөө цагт бөөгүй айл Монголд бараг байхаа больж. Нэг өрхөд аав, ээж, охин гурвуулаа бөө байх нь энгийн үзэгдэл болсон байна.
Хэнд ч хал балгүй, бас өөртөө зөв бөө, удган байвал хэлэх юм алга байх байлаа. Гэтэл тиймгүй ажээ. Нэг үгээр хэлбэл, Монголд бөө болох “мода” дэлгэрэхдээ хуурамч, жинхэнэ гэсэн хоёр төрлийг агуулж буй юм. Жинхэнэ нь ч яах вэ онгод тэнгэртээ захирагдаад, зовсон, зүдэрсэн нэгэнд нь тус болж, зовлонг нь нимгэлж яваа байх. Харин хуурамчийнх нь тарьсан балаг хүний аминд халтай байгаа тул энд дурдалгүй өнгөрч боломгүй. Хэдэн баримт сөхье.
Баримт 1
Бөө Ю.Эрдэнэ-Очир гэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Б-г шавиа болгохоор тохиролцжээ. Улмаар багш бөө, шавьтайгаа архи уун халамцсан байна. Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон шавиа бөө Ю.Эрдэнэ-Очир гэгч нь хүчиндсэн гэх хэрэг байна. Түүнд шүүх эрүүгийн хуулийн 126-аар зүйлчлэн ял оноосон ч хэрэг нь тэнслэгджээ.
Баримт 2
Сэлэнгэ аймгийн Баруунхараад иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашины дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарч байв. Хэргийг нутгийн зайран Э.Мөнхбат үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тэрээр хуурамч бөөгийн дүрд тоглон иргэдийг айлган сүрдүүлэх замаар мөнгө олох зорилготой байсан гэдэг. Тэрээр хэргээ хүлээж, мэдүүлэгтээ “Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэсэн байдаг.
Баримт 3
Бөө Р.Бадамханд, Б.Цогтсайхан нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт зарим хүний онгод, тэнгэрийг дуудаж “гүй” гэж тойргоор гүйлгэжээ. Ингээд нэг нь бахардаж унан амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.
Баримт 4
Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газар иргэн Наранзулыг бөө нэртэй Д.Болд-Эрдэнэ гэгч халуун усанд шалзалж, амь насанд нь хүрсэн хэрэг гарч байсныг зарим хүн санаж байгаа байх. Талийгаач Наранзулыг бөөгийн чанар авахуулах нэрээр гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлснээр амиа алдахад хүргэсэн байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж амь насаа алдсан нь тогтоогдсон юм.
Баримт 5
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд таван залуу очиж, нутгийнханд өөрсдийгөө бөө гэж танилцуулж, зан үйл хийж яваагаа хэлжээ. Нутгийнхны зарим нь тэдэнд үзүүлж, засал ном хийлгүүлсэн байдаг. Тэдний дунд нэг эр архинаас гаргах засал хийлгэхээр болжээ. Бөө нар архинаас гаргах хүнээ хээр аваачиж, зан үйл хийхээр болсон байна. Ингээд эзгүй газар аваачиж халуун чулуун дээр хэвтүүлж байгаад түлж аминд нь хүрчээ. Сэжигтнүүд 18-23 насныхан байсан гэдэг. Тэд бүрэн дунд боловсролтой бөгөөд нэгийгээ даган бөө болсон хүмүүс. Нийслэлд амьдардаг тэд хөдөө засал ном хийж, зугаалахаар явж байгаад дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн байдаг юм.
Баримт 6
Ховд аймгийн Мөст сумын нутаг Улаан толгой багт бөө гэх Ч.Цагаанцоож хохирогчийг ширгэлж байна гэж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хохирогч гэмтлээ даахгүй нас барсан билээ.
Гарсан хэргийн зах зухаас дурдахад л ийм байна. Энэ мэт хуурамч, мөнгөний төлөө гүйсэн бөө нарын балаг тасрахгүй нь. Хуурамчаар бөө болж жүжиглэх нь өөртөө болон бусдад халгаатай. Бөө болж жүжиглэн хүний амь хөнөөж, ял шийтгүүлж, бөө болох гэж, эсвэл бөөгөөр аргалуулах гэсэн сүсэг бишрэлдээ хөтлөгдөн хорвоогоос халина гэдэг харамсалтай хэрэг. Хоёр хүний амьдралтай холбоотой болохоор яавч ийм зүйлээр “тоглож” болохгүй юм. Хуурамч бөөгийн балаг арилахгүй байгаа тул бөө нар нийлж, Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулсан билээ. Энэ үеэр “Мөнхтэнгэр иргэншил” бөөгийн төвийн тэргүүн н.Зоригтбаатар “Монголд сөрөг хандлагатай бөө газар авсныг үгүйсгэхгүй. Цаашид бөөгийн ёс журмыг чандлан сахих хэрэгтэй. Хэн дуртай нь бөө болдоггүй” гэж ярьж билээ. Нээрээ л яаж ч бодсон хэн дуртай нь бөө болдоггүй байх.
Бөө гэдэг бол эртний монголчуудын түүхэн соёлын нэг хэлбэр. Онгод тэнгэрийн улаач байна гэдэг тухайн хүнээс багагүй зүйл шаардана. Гэхдээ жинхэнэ бөө, удганы хувьд шүү дээ. Ингэхдээ эд баялаг, мөнгө нэхдэггүй, хүний зовлонг нимгэлж, ураг садныхан болоод зон олны эрүүл мэндийг хамгаална. Байгаль дэлхийгээ тахин шүтэж, хайрлах гээд бусдын төлөө ийм л “ажил” хийдэг хүмүүсийг бөө, удган гэж бид нэрлэн, сүсэглэж болох юм шиг санагддаг юм. Өөрийгөө “Би бөө /удган/ байна. Надад төдөн төгрөг өг. Өгөхгүй бол чи үхнэ. Ойр дотны хэн нэгэн чинь нас барна” гэх мэт элдэв үгээр хүн айлгаж яваа бол тэр яавч жинхэнэ бөө байж чадахгүй. Ямар ч бөөгийн ёсонд бусдыг айлгаж хөрөнгөжих тухай байдаггүй юм. Газар орон, шаштир номлолоос хамаарч газар орон бүрт бөөгийн заншил өөр өөр байдаг. “Мөнхтэнгэр иргэншил” бөөгийн төвийн тэргүүн н.Зоригтбаатар “Бөө болохын тулд хамгийн гол нь бөөгийн үндсэн түүхийг судлаж байж, бөөгийн соёл иргэншлийг хүнд хүргэх, байгаль дэлхий, газар шороог шүтэн бишрэх, анагаах чадалтай болно” гэж ярьж байсан. Мөн жинхэнэ бөө нар бөө болохын тулд хүн үндсэн арван шалгуурыг давдаг. Бөө хүн өөрийн хувийн ертөнцтэй байдаг гэж үздэг юм байна. Тиймдээ ч тэд хүнээс мөнгө нэхэж, элдвээр дарамталдаггүй, харин ч зовсон нэгэнд сэтгэлээрээ тусалдаг ажээ.
Хүний сайхан сэтгэлийг мөнгөөр биш, өөрийн чадлаараа хамгаалах тэднийг буруутгах аргагүй юм. Гэхдээ л “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэгчээр хуурамч бөө нарын увайгүй үйлдлээс болж, бөөгийн шашны нэр хүнд унаж байгаа нь үнэн. Жинхэнэ бөө бол өөрийгөө рекламдах ямар ч шаардлагагүй. Эгэл даруухан гэгч нь амьдарч яваа. Хүний сүсэг бишрэлийг хязгаарлах, хорих боломжгүй ч анхаарах юм бас байна. Монголчууд их итгэмтгий улс. Тэнд сайн бөө байна гэвэл гадаа нь очоод оочёрлоод зогсчихдог. Ингэхдээ энэ үгийг хүн санаатайгаар тарааж байгаа эсэхийг нягталдаггүй. Магадгүй хуурамч бөө өөртөө хүн татахын тулд ийм зар тараадаг ч байж мэдэх юм. Тэгэхээр сонссон, бусдаас дуулсан зүйлдээ жаахан ч гэсэн анхааралтай хандах хэрэгтэй мэт санагдах юм.
Сүүлийн үед бөө нэрээр гэмт хэрэг үйлдэх, бусдын амь насанд халдах тохиолдол гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Гэвч ийм хэрэг гарсаар л байдаг. Хүмүүс хар, цагаан хэл амнаас болгоомжлох, өөрийгөө даатгах, ажил төрлөө бүтэмжтэй байлгахын тулд бөөг зорих нь их байдаг аж. Хүн шүтэх юмтай байх ёстой байх. Будда, христос, лал, бөөгийн шашны алийг нь шүтэх нь тухайн хүний эрх. Гэвч өөртөө зөв амьдрах нь бас их учиртай. Зарим хүний тухайд бол шашин гэж гүйхгүйгээр өвлөж ирсэн судар, аав, ээжийгээ шүтэж явдаг байх юм. Амь насанд халгүй, энэ мэт шүтлэг чинь харин боломжийн юм биш үү, өнөө үед. Бөө болох, болгох “мода”-ыг халахгүй бол горьгүй нь. Хүний амь гэдэг хэн нэгний жүжиглэх урлагийн золиос болох ёсгүй үнэт зүйл. Тэгэхээр хуурамч бөөг “цэвэрлэх” ажил хиймээр байна. Үүнийг мэдээж жинхэнэ бөө нар нь хийж чадна байх. Тэд хийнэ гэсэн. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ингэсэн цагт л бөөгийн шашны нэр хүнд эргэн сэргэх биз ээ.
Бөө болох, болгох “мода”-ыг халахгүй бол горьгүй нь | ||
Үзсэн: 9400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.