Шууд Chart

Тэд хатавчинд биш, гадаа хаяанд сууж байна

2014-10-28 10:32:33

Бидний дунд хөгжлийн бэрхшээлтэйн улмаас бусдаас тусгаарлагдсан “цөөнх” бий. Олон улсын ангиллын дагуу төрөлхийн болон олдмол шалтгаанаар хүний биеийн анатомын бүтэц ба физиологи, сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадвараа алдаж, улмаар нийгмээс тусгаарлагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж үздэг. Өнгөрөгч 2012 оны байдлаар Монгол Улсад 92263 буюу нийт хүн амын гурван хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистик мэдээ байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 45 хувь нь эмэгтэй, 53 хувь нь эрэгтэй, хоёр хувь нь 16-аас доош насныхан байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүний 33 хувь нь төрөлхийн, 67 хувь нь олдмол шалтгааны улмаас ийм хувь тавилантай болжээ. Эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл 24.6 хувь нь хөдөлгөөний, 16 хувь нь оюун санааны, 13 хувь нь сонсгол, хэл ярианы, 13.5 хувь нь харааны, 39.3 хувь нь хавсарсан ба бусад хэлбэрийн өөрчлөлттэй гэсэн үзүүлэлт байгаа юм. Энд ганц л жишээ татъя.   
Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гээд “Үндсэн хууль”-даа  хуульчилсан байдаг. Гэтэл бид санамсаргүй байдлаар зарим хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчдөг юм байна. Уншигч таниас нэг л зүйлийг асууя. Та ярьж чаддаггүй хүнтэй ойлголцож чадах уу. Өөрөөр хэлбэл, дохионы хэл мэддэг үү гэсэн үг л дээ. Энэ асуултад “Мэдэхгүй” гэж хариулах нь бидний дунд олон байх. Тусгай сургалттай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хичээлийн хөтөлбөрт л энэ хэлийг заадаг. Хэл ярианы хөгжил муутай хүмүүстэй харилцдаг хүнийг эс тооцвол бидний олонх нь энэ хэлний тухай ямар ч мэдлэггүй явдаг нь нууц биш. Хамгийн хачирхалтай нь Монголд жирийн сургалттай бага, дунд, дээд боловсрол олгох аль ч түвшинд дохионы хэл заадаггүй. Тэгэхээр энэ нь хэл ярианы хөгжил муутай хүмүүсийг гадуурхаж байгаагаас огт ялгаагүй юм. Нэг эх оронтой хүмүүсийн хувьд хоорондоо ойлголцохгүй явна гэдэг эмгэнэл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ хувь тавилангаа өөрсдөө сонгоогүй гэдгийг хүмүүс ойлгодог ч энэ хүмүүст чиглэсэн бодлого дулимагаас эдгээр хүнтэй хэл авч чадахгүйд хүрээд байгаа юм. Ийм байдлаас болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас дөлж, аль болох хол байхыг хүсдэг байж ч мэднэ. Дэлгүүрт ороод юм худалдан авахдаа тэд худалдагчтай ярилцана гэсэн ойлголт байхгүй. Хааяа зарим нь тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж харилцана. Эмчид очлоо ч юу өвдөж байгаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Заавал гэр бүлийнхнээсээ “хэлмэрч” дагуулж очих шаардлагатай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгож, харилцах чадвар жирийн хүмүүст бас л дутмаг. Энгийн хүнтэй харилцаж буй мэт уурлаж, загнах нь байдаг л нэг үзэгдэл.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс их эмзэг байдаг гэдэг. Энэ мэт эргэн тойрон дахь хүмүүстэй харилцаж болохгүй байхад хэн сэтгэлээ дэвтээх гэж нийгмийн харилцаанд орохыг хүсэх билээ. Гэртээ улам бүр л шигдэхийг хүсэх нь дамжиггүй. Энэ хүмүүсийг ийм өрөвдөлтэй байдалд оруулж байгаагаа даанч бид мэддэггүй. Нэг байгууллагад ажил хөөцөлдөх гээд очиход нь угтагч юу ярьж байгааг нь ойлгохгүй байна гэдэг тэр хүний хувьд хамгийн том хаалт юм. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж үүдний угтагчаасаа англи хэлний тодорхой түвшний мэдлэг шаарддаг юм билээ. Тэгсэн мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах вэ гэдэг талаар тэд ямар ч мэдлэггүй байдаг. Угтагч дохионы хэлгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ойлголцохгүй буцааж байхыг би нүдээр үзсэн хүн. Харамсалтай нь зүгээр л дохио зангаагаар заагаад өгч болох юмыг төвөгшөөж толгой сэгсрээд л гарах хаалгыг зааж билээ. Халуун сэтгэлийн тусламж хамгийн ихээр дутагдаж буй хүмүүстэй хана хэрэмний цаанаас харилцаж байгаагаа ч үл анзаарна. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдгийг бүүр цаанаас нь оноогоод өгчихсөн юм биш. Хэн ч, хэдийд ч хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй тулгарч болзошгүй учраас энэ нь хэсэг бүлэг хүний хэрэг огтоос биш юм. Өөрийн санамсаргүйгээс, эсвэл хэн нэгний хайхрамжгүйгээс тийм хувь тавиланг туулах болсон л хүмүүсийн хувь заяа. Яг л дэлхий дээр хар, цагаан, шар арьстнууд зэрэгцэн оршдог шиг. Тэд ялгаагүй бидний л адил жаргаж, зовж, инээж, уйлж яваа хүмүүс.
Хүнийг хүн гэж хүлээж авах чадвараар тун дулимаг болжээ, энэ цаг үед. Алгаа тосохын оронд цааш түлхэхийг л урьтал болгодог болж. Тэглээ гээд энэ амьдралд хожихгүй нь тодорхой. Нэг цаг үед амьдарч буй хэдий ч хоорондоо ойлголцолгүй явна гэдэг шиг гутамшигтай зүйл алга. Сураглаж үзлээ, дохионы хэл заадаг сургалтын төв байна уу гэж. “Юугаа дэмийрч байгаа хүн бэ” гэсэн янзтай хүмүүс намайг гайхаж байна. Энэ байдлаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “гэр”-ээсээ аль хэдийнэ түлхээд гаргачихсаныг мэдлээ. Тэд хатавчинд ч биш, гадаа хаяанд сууж байна. Ийм хүмүүст санаа тавьдаг, халамж үзүүлдэг гэх цөөн тооны хүн байхыг үгүйсгэхгүй. Зовж үзсэн хүн амьдрал ойлгодог гэдэг. Аав, ээж, ах, эгч, дүү нь эсвэл хань, үр хүүхэд, бас найз нөхөд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л тэдний зовлонг ойлгож, хуваалцдаг гэнэ. Одоо үүнийг өөрчлөх цаг болсон. Ингэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хүн ёсоор харилцах хэрэгтэй. Хүн ёсоор гэдэг нь ядаж тэдэнтэй ойлголцож чаддаг болох юм. Тэд яахаараа эх орондоо амьдарч байж бусадтайгаа харилцахын тулд гадаадын иргэнээс илүү “зовох” ёстой юм бэ. Төр засгаас бага, дунд, дээд боловсролын түвшинд дохионы хэлийг зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах  наад захын ойлголтуудыг өгөх хэрэгтэй. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэх үг бий. Уг нь дохионы хэлийг хүн төрөлхтний ойлголцох хамгийн хялбар хэл гэдэг. Гэтэл харамсалтай нь бид XXI зуунд заримтайгаа ойлголцож ч чадахгүй явж байна шүү дээ. Иймийн тулд бидний нэн тэргүүнд тавих хүсэл зорилго бол хэл ярианы бэрхшээлтэй нутаг нэгтнүүдтэйгээ ойлголцох болоод байна.        
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Тэд хатавчинд биш, гадаа хаяанд сууж байна  
Үзсэн: 4620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-10-29 10:16
баяр хүргье зөв асуудал хөндсөн бас их сайн бичсэн байна.амжилт ерөөе.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-29 10:12
dohionii hel surah yum san.
108.181.185.xxx [108.181.185.xxx] 2014-10-28 13:15
Zuv zuil bichjee. Demjij baina.
108.181.185.xxx [108.181.185.xxx] 2014-10-28 13:15
Zuv zuil bichjee. Demjij baina.

Бидэнтэй нэгдээрэй