Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.
Тэгвэл энэ ажлын хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, хүндэтгэлийн арга хэмжээг өнөө жил “Алтан тайзны эзэд”гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүллээ.
Мөн Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон үе, үеийн ахмад уран бүтээлчдийн алдрыг тэмдэглэн мөнхжүүлж байгаагаараа онцлог болж байна.
“Бид мартахгүй” арга хэмжээний талаар тус театрын уран бүтээлчид ийнхүү ярьж байна.
Театрын түүхийн хуудас эргэсээр байна
УДЭТ-ын дарга, Монгол Улсын УГЗ Д.Цэрэнсамбуу
-Манай театрын жилийн төлөвлөгөө, тайланд орж зохион байгуулагдаж буй ажил бол энэ юм. Алтан үеийнхнээ бид мартахгүй. Бид 2005 онд анх энэ арга хэмжээг зохион байгуулж байсан. Нэгэн насаа театрын урлагт зориулсан авьяастнуудаа энэ өдөр эргэн дурсаж ярьдаг. Мөн уран бүтээлчдийнхээ амьдрал, ажил үйлсээр эрдэм шинжилгээний хурал зохиож, ирсэн материалуудаараа ном бүтээдэг. Энэ жилийн хувьд алдартнуудаараа баримтат кино бүтээсэн. Театрын түүхийн хуудас эргэсээр байна. Өнгөрсөн 80 жилийн турш бид 500 гаруй бүтээлээр “Урын сан”-гаа баяжуулсан.
Өнгөрсөнгүйгээр өнөөдөр оршихгүй, өнөөдөргүйгээр маргааш оршихгүй
УДЭТ-ын Ерөнхий найруулагч МУСТА Н.Наранбаатар
-“Өнгөрсөнгүйгээр өнөөдөр оршихгүй, өнөөдөргүйгээр маргааш оршихгүй” утгын дор бид энэхүү үйл ажиллагаагаа зохиож байгаа юм. Өнөөгийн нийгэм маань үелзэл ихтэй болсон. Ахмад үеэ хүндлэх бүр өнгөрчээ. Ахмад үеэс сурч авах зүйл мартагдаж магадгүй юм шиг санагдсан. Энэ үед ийм үйл ажиллагаа их чухал юм. Тэгээд ч манай театр 84 жилийн түүхтэй. Бид чинь уламжлал дээрээ нэмэх нь шинэчлэл гэсэн утгаар явж байгаа юм. Уламжлалаа мэдэж байхын тулд түүхээ мэдэх хэрэгтэй байдаг. Ирээдүйн залуучуудад маань сонирхолтой зүйл болох болов уу гээд өнгөрсөн жилээс эхлэн баримтат кино хийж эхлээд байна.
Түүх холдох тусам тэдний ажил үйлс илүү их харагдаж байна
Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран
-Байгууллага хамт олон гэхээсээ илүү улс орон алдаа, оноогоо ярьж цэгнэж байх хэрэгтэй. Бидний энэ үйл ажиллагаа үлгэр жишээ ажил болж байна. Энэ дурсаж байгаа ахмадууд дунд миний багш нар байна. Хэрвээ миний мэдлэг чадвар хүнд хүрсэн л бол эд нарын гавьяа юм. Аравдугаар ангиа төгсөөд шууд драмын театрт жүжигчин болно гээд ирсэн хүмүүс энэ алдарт ахмадуудын гар дээр л ирдэг байлаа. Н.Дугарсанжаа, И.Батжаргал, гээд ахмадуудаараа заалгаж хэлүүлж, хөгжсөн. Би хөгжсөн бол эдний ач тус юм. Одоо тэгэхээр би дараагийн үеийнхэндээ зааж сургаж, дэмжих ажилтай болчихоод байж байна. Надтай хамж ажиллаж байсан хүмүүс ч мөн байна. Түүх холдох тусам тэдний ажил үйлс илүү их харагдаж байна.
Ингээд тус үзэсгэлэнтэй холбоотой гэрэл зургуудаас сонирхуулъя.
“Алтан тайзны эзэд” үзэсгэлэн дэлгэгдлээ | ||
Үзсэн: 1784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.