Шууд Chart

Бусдаас үлгэрлэн хөгжих боломж бидэнд нээлттэй бий

2015-01-07 10:06:11

Хөгжил улс орнуудад харилцан адилгүй. Мөнхөд хөрш, зэргэлдээ орших улс орнуудын хөгжил тэнгэр, газар мэт ялгаатай байна. Зөвхөн хөрш улсуудынх ч бус, тив, бүс нутгийн хөгжил ч харилцан адилгүй юм. Эдийн засгийн тулгуур нь өөр өөр, улс орнуудын баримталж буй бодлого ч тусдаа болохоор ийн хөгжлийн зөрүү ажиглагдах нь аргагүй мэт. Гэхдээ хажуу дахь хөгжлөө дагаж хөгжих боломж аль ч улс орны хувьд нээлттэй байдаг. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байгаа улс орны хөгжлийг ч дагаж хөгжиж болно. Дагаж хөгжинө гэдэг нь үлгэр жишээ авна гэсэн үг юм. Тэгвэл манай улсын хувьд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн гол тоглогч орнуудын нэг Вьетнам улсыг дагаж хөгжих боломж бий.      
Энэ орны эрх чөлөө, тусгаар тогтнолын эцэг гэгддэг анхны ерөнхийлөгч Хо Ши Миний тухай сонсоогүй монгол хүн үгүй биз ээ. Үзэл санааг нь биш юм аа гэхэд энэ нэр монголчуудад танил байгаа. Одоо ч вьетнамчууд анхны ерөнхийлөгчийнхөө үзэл санаанд үнэнч хэвээр явдаг гэж болно. Хо Ши Мин “Хүнд хэцүү тэмцлийн үр дүнд вьетнамчууд тусгаар тогтнолоо олж авлаа. Гэвч манай ард түмэн бүрэн дүүрэн эрх чөлөөтэй биш байна. Тэдэнд амьжиргааны хүрэлцээ хангамж, аз жаргал үгүйлэгдсэн хэвээр байна. Ийм тохиолдолд тусгаар тогтнол гэдэг тийм ч их үнэ цэнэтэй биш санагддаг. Бүх зүйл сайн сайхан байж ард түмэн эрх чөлөөнийхөө үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг” гэж хэлж байжээ. Түүний хэлсэн энэ үг өнөөдөр вьетнамчуудын сэтгэлд хадгалаастай явдаг гэх. Тэгвэл одоо Хо Ши Миний хэлсэн шиг, энэ ард түмний хүсэн хүлээж байсан эрх чөлөөний үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдрэх цаг Вьетнам улсад ирээд байна. Энэ бол тус улсын үсрэнгүй хөгжил юм. Дэлхий нийтийг гайхшруулах хэмжээнд байгаа энэ хөгжил “Вьетнамын үсрэнгүй хөгжлийн нууц” гэх нэр томьёог хүртэл хүртээд байгаа билээ. Ингэж алхах газрыг үсэрч туулсан тус улсын тухай жаахан тодотгоё. Вьетнам улс 1986 онд улс төрийн шинэчлэлт хийсэн. 
Эдийн засгийн төвлөрсөн удирдлагаас татгалзаж, зах зээлийн эдийн засагт шилжжээ. Өөрөөр хэлбэл, улс төрөөсөө урьтаж эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн гэсэн үг юм. Энэ бол тус улсыг үсрэнгүй хөгжих боломжийг олгосон шинэчлэл байсан гэж болно.Тэд өөрсдийнхөө энэ шийдвэрийг түүхэн гэж тодотгодог юм билээ. Эл улс зах зээлд шилжсэнээр өмнөдөөс умард хүртэлх  бүх нутагт иргэдийн аж ахуй эрхлэх маш таатай боломжийг эрх тэгш бүрдүүлж өгсөн байна. Энэ нь маш зөв алхам байж. Тухайн үед нийт оршин суугчийн 60-70 хувь нь туйлын ядуу амьдарч байсан бол дээрх шийдвэрийн хүчээр ядуурлыг бууруулж дөнгөсөн байна. Эдүгээ тус улсад ядуурал арван хувь хүртлээ буурчээ. Вьетнам улс 90 гаруй сая хүн амтай. Ийм олон хүн амыг ядуурлаас аварсан нь улс төр, эдийн засгийн зөв бодлогын үр дүн гэдэг нь тодорхой. Тэгвэл Монгол Улс гурав хүрэхгүй сая хүн амтай. Манай улс дэлхий нийтийн “шүдний өвчин” болсон ядууралтай нүүр тулгараад багагүй хугацааг үдэж байна. Уг нь ядуурал буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдэгдээд байгаа ч энэ дүр зураг амьдрал дээр төдийлөн батлагдан харагдахгүй байгаа юм. Вьетнам улс түүхэн шийдвэрийнхээ ачаар эдүгээ ядуу буурай улсын жагсаалтаас гарч, олон улсын стандартаар  дундаж орлоготой хүн ам бүхий хөгжиж буй орны ангилалд хамаарах болжээ. 
Түүнчлэн эдийн засгийн хөгжилдөө найдаж орхилгүй, өргөн цар хүрээтэй нийгмийн бодлого хэрэгжүүлж эхлээд буй ажээ. Тэд өөрсдийнхөө тухай ярихдаа “ДНБ-ний хэмжээгээрээ бид тийм ч их биш. Гэхдээ нийгмийн бодлогыг хот, тосгон гэлгүй жигд хэрэгжүүлж байгаа” гэдгийг онцлодог. Манайх шиг хөдөөг орхиод, хотдоо санаа тавьдаггүй байх нь. Нэг үгээр хэлбэл, бүхнийг жигд хөгжүүлэх зорилго нь тус улсад хөгжлийг түүчээлэн авч иржээ. Үүнээс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй юм. Улс орны хөгжил нь хүн ардынхаа амьдрал ахуйтай зэрэг хөгжиж байгаа биз. Хүн хөдөлмөрлөж, тэр чинээгээрээ амьдралын түвшнээ дээшлүүлж, хүн ардынхаа хөдөлмөрийн бүтээмж дээр тулгуурлан улс нь хөгжиж байгааг анзаарч болно. Энэ орны эдийн засгийн өсөлт нь эх орны иргэн хүний үнэ цэнийг мэдрүүлж байна гэж гадны хэвлэлүүд тэдний тухай бичдэг. Вьетнам улсын хөгжлийн нэг нууц нь дотоодынхоо үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхээс гадна эдийн засгийн олон улсын хамтын ажиллагаа, интеграцчлах чиг хандлагаар хийсэн шийдвэртэй алхам гэж үздэг.
Вьетнамын уламжлалт экспорт нь далайн бүтээгдэхүүн байсан бол эдүгээ цагаан будаа, каучик, кофе, гутал, оёдол гээд хүрээгээ тэлсэн байна. Тус улс 2009 оны байдлаар нийтдээ 57 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Бараа нийлүүлэгч гол зах зээл нь АНУ, Япон, Хятад, Авсрали, Герман улс гэнэ. Түүхий нефтийн экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. ОХУ-тай хамтран байгуулсан “Вьетсовпетро” газрын тосны компани нь эдүгээ бүс нутагтаа  голлон тоглогч болжээ. Тус улсын ДНБ-ний үйлдвэрлэл 2009 оны байдлаар 92.4 тэрбум ам.доллар болж байсан аж. Вьетнам улсын “сонголт” эдүгээ эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүд байгаа биз. Тэгэхээр эдийн засгаа тогтворжуулах нэг үндэс нь бусад орнуудтай хийх хамтын ажиллагаа юм. Тэр дундаа тухайн орны экспорт хөгжих боломжийг хамгийн ихээр олгодог. Энэ экспортыг дагаад чанарын тухай ярих нь зүйн хэрэг билээ. Дэлхий нийтээрээ эрүүл амьдрахыг эрхэмлэж буй энэ зуунд чанартай бүтээгдэхүүн, хүнсээс татгалзах орон гарч ирэхгүй. Тэгэхээр ийм экспорт нь эдийн засгийн нэг хөдөлгөгч хүч болно гэсэн үг.
Тус улс манай орон шиг байгалийн баялаг арвинтай орны тоонд багтдаг. Тухайлбал, нүүрс, газрын тос, фосфат, марганец, хромын арвин нөөцтэй. Түүнчлэн ой ихтэй, усан цахилгаан станц хөгжих байгалийн бэлэн боломжтой гэгддэг. Манай улсын хувьд байгалийн баялгаа зүй зохистой ашиглан эдийн засгаа бэхжүүлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд давуу эрх нь биднийх байх ёстой. Их хувь тохиолоор заяасан баялгаа гадныханд найр тавин “бэлэглэх” албагүй. Хэрэв ийм дээрээ тулах юм бол баялгаа хав дараад сууж байсан нь дээр. Яавал энэ баялгийг өөрсдөдөө ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулж болох вэ гэдгийг төвөггүйхэн олох сийрэг ухаантан ирээдүйд мэндлэх хүртэл хадгалж болно. Хэн ч биднийг шавдуулах эрхгүй. Тэгээд ч байгалийн баялгийг ашиглах нь улс орны аюулгүй байдал, хүн зоны эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Зөв зүйтэй бодлогоор удирдаж чадахгүй бол “Эрдэнэсийн авдар”-ын цүүцийг хөндөх хэрэггүй. 
Вьетнамын эдийн засаг олон жилийн турш зогсонги байдалд байжээ. Өмнөх нийгмийн үед АНУ-ын хориг арга хэмжээний улмаас ийм байдалд орсон байна. Гэсэн ч дээр өгүүлсэн түүхэн шийдвэрийн ачаар энэ байдлаасаа төвөггүйхэн гарч чаджээ. 1988 он болоход Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж тэдний хөрөнгө болон орлогыг улсын мэдлээс ангид байлгахаа илэрхийлсэн нь хөгжлийн нэг түлхэц болсон гэж үздэг. Үүний дараагаар тухайн бүс нутгийн хөрөнгө оруулагчид Вьетнам руу цувж эхэлсэн ажээ. Тус улсын анхны хөрөнгө оруулагч орон нь Өмнөд Солонгос, Австрали улс байсан аж. Өнөөдөр ч гэсэн Австрали улс тэдний эдийн засгийн хариуцлагатай түнш байсаар байна. 1997 онд Вьетнамын парламент улс орныхоо бүх муж, тойргуудыг бие даан гадаад худалдаа эрхлэх эрхийг нь хуульчилж өгсөн байдаг. Энэ нь тус улсын үсрэнгүй хөгжлийн нэг томоохон ололт нь.
Анхны ерөнхийлөгчийнхөө үзэл санааг хадгалсаар хөгжилд хүрсэн тус улсын эдийн засгийн нэг гол тулгуур нь аялал жуулчлал юм. Уур амьсгалын хувьд таатай байдал, тутрагын талбай, усан дээрх амьдралыг сонирхохоор энд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорин ирдэг ажээ. Манайд ч аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлж болно. Ингэж харьцуулбал, манай улс Вьетнам улсын хөгжлийг жишиг болгоод урагшлах боломж бий юм. Бидэнд адилсах зүйл цөөнгүй байгаа учир ийн харьцуулав. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Бусдаас үлгэрлэн хөгжих боломж бидэнд нээлттэй бий   
Үзсэн: 3495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-01-19 23:54
Zow shu
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-13 12:08
103.10.23.xxx chi bitgii hiirh. cham shig yumnuud l uls torjdog bolgoo
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-01-12 21:31
hogjihgui baigaa shaltgaanaa meddeggui setguulch baina.gol shaltgaan ni oorsdiigoo uls torchid gej nerlesen oodgui tolgoi muutai shaarnuudaas bolson.tedend amin huvia bodoj huivaldan uls orniig suirtel idej uuhaas oor yamarch husel setgel baigaagui.onoodor ch huvaaj ideh huivaldaanaa hiiseer bna.daraagiin shaltgaan ni iim oodgui humuusiig medseer baij udaa daraa songoj baidag mulguu zalhuu tamiin togoonii ulgeriin baatruud boloh bid oorsdoo yum.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-01-11 21:26
их сайн бичсэн байна.Үнэн шүү.
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-01-08 21:11
Tiim shuu
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-01-08 21:11
Tiim shuu

Бидэнтэй нэгдээрэй