2014 он. Улаанбаатар хот. Дунд сургуулийн сурагч хүү түүхийн хичээлээр асуугдаж байна. Тэрээр “Монголчууд 1911 онд улсынхаа тусгаар тогтнолыг эргүүлэн тунхаглаж чадсан ч удалгүй 1919 онд Хятадын Гоминданыханд түүнийгээ алджээ” хэмээн хэвлүүхэн нь аргагүй хүүрнэлээ...
Он солигдох мөч ойртон, хүмүүсийн сэтгэл оргилж, баяр цэнгэлийн хөөрөлд автсан үед Үндэсний тусгаар тогтнолын 103 жилийн ой тохиов. Сумын наадмын тооны бөхчүүд барилдуулж, төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөн, Богд хааны ордон музейд түүх гадарладаг улс цуглан бэлгэ дэмбэрэлийн үгс хэлэлцсэн төдийгөөр даруухан тэмдэглэсэн энэ баярт өдрийн үдэш МҮОНТ-ийн уран бүтээлчид бүрэн хэмжээний нэгэн баримтат киногоо толилуулсан нь олон нийтэд төдий л анзаарагдалгүй өнгөрсөн байж мэднэ.
Түүх өөрөө гагцхүү үнэн мөнийг агуулж байдаг. Харин тэр үнэнийг адармаа сүлбээтэй ацаг сэжүүрээс нь мөшгин хөөж, олж тогтоон, олон түмэнд учирлаж ойлгуулах, ухааруулж сэнхрүүлэх явдал бэрх хэцүү ч гэлээ нэхэл ихтэй, гарцаагүй хийх ёстой үйл хэрэг. ХХ зууны Монголын түүх бичлэгт хорьж цагдуулан, хаагдаж боогдоод учиг улбаа нь бүдгэрч бүрхэгдэн, дарагдаж баларсан, арчигдаж цэвэрлэгдсэн, мушгиулж гуйвсан, дайвж далийгаад тайлж тайлбарлахад бэрх болсон, оньсого мэт “цагаан толбууд” одоо хэр алагласаар байна. Түүхийг зохиож, хэн нэгэнд ч юмуу хэсэг бүлэгт зориулж, хүмүүс чухам юуг нь мэдэх, юуг нь эс мэдэх, хэнийг мартаж, хэнийг шүтэн сүслэхийг Төр засаг нь шийдэж байсан цаг үе чухам ХХ зуунаас урьд өмнө тэр бүр тохиож байгаагүй биз ээ.
ТҮҮХИЙН ЗУРАГЛАЛ
Номыг нь үзэж, ногоотой хуургыг нь идсэн түүхчид хүртэл зориглон барьж авахаас зүрхшээдэг хамгийн хүнд сэдвүүдийн нэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт. Тодорхойгүй учир холбогдлууд, нууцлаг үйл явдлууд, санаанд багтамгүй харгислал хийгээд үзэл санааны дарангуйлал, хилсдүүлэлт болоод хоморголол, тулган хүлээлгэлт, шүүлтүүргүй ялын дээд хэмжээ гэх мэт гагцхүү байж боломгүй, хүний ёсноос гажууд илрэлүүдээр хэлмэгдүүлэлт илэрхийлэгдэнэ. Олон арван мянган халуун амь, түүнээс хэд дахин их хувь заяаг төөрөлдүүлэн, тарчилгаж “наадсан” энэ аймшигт хар шуурга нарийвчлан системчилсэн төлөвлөгөө, нягт зохион байгуулалттайгаар, урт удаан хугацаа, хүний амьдралын хэдэн үеийг хамарснаараа онцлогтой.
Энгийн нэг төрийн бодлогын алдаа завхрал төдий бус үндэстнийг нийгмийн бүтэц, хүний мөн чанар, ухамсрын анатомийнх нь хувьд хувьсган өөрчлөхөд чиглэсэн “харийн түрэмгийллийн” шинжтэй их хядлага байсныг “Тусгаар тогтнолын төлөөс” баримтат киноны уран бүтээлчид цаг хугацаа, үйл явдлын дарааллаар нь задлан шинжилж, үр дагавараар нь нэгтгэн дүгнэжээ. Тасархай балархай ихтэй энэ хүнд сэдвийг хэцүүрхэлгүй барьж авч, дэлгэцийн туурвилийн форматад нэн тодорхой буулган, цогц сэдвийнх нь хувьд бүрэн гүйцэт өгүүлж чадсанаараа МҮОНТ-ийнхэн бусад аль ч телевизийнхнийг дагуулахгүй ур чадвартайгаа энэ бүтээлээр харууллаа гэвэл хэтрүүлсэн болохгүй.
“Би дандаа уйлдаг байсан” гэж хэлмэгдэн цаазлуулсан С.Сономын охин Ө.Даваажав гуай шимширтэл хэлэв. “Эсэргүүний ар гэрийнхэн” хэрхэн амьдарсныг энэ хэдхэн үг хэлээд өгнө. Улсын прокурор бөгөөд Төв театрын дарга асан М.Ядамсүрэнгийн хүү Р.Зориг аавынхаа алагдсан газрыг Зөвлөлтийн барилга трестийн даргаас асууж, 1992 онд олж тогтоосон тухайгаа өгүүлэн, 12 хүнд зориулан босгосон ганц даруухан хөшөө чулуунд хүндэтгэл үзүүлэн зогсоно. Түүхийн ухааны доктор, гавж Ш.Сонинбаяр “Нүржин солдив” уншдаг уу гэж лам нараас асуугаад, уншдаг гэхээр нь барьж, хэрэгт холбогдуулж байсныг дурдан, хэлмэгдүүлэлтийг хэрхэн завхруулж туйлшруулан, яаж хоморголсныг илэрхийлсэн юм. “Нүржин солдив” гэдэг нь ихэс дээд хутагт хувилгаадыг эргүүлж түргэн залруулахын ерөөлийн ном аж. Жил гаруйхны дотор 615 сүм хийдийг үнсэн товрог болгосныг илтгэх задгай салхинд хийсэн буй ном судрын хуудсууд, бурхан багшийн тасархай толгойн хуучирсан дүрс бичлэгээс цөхрөл мэдрэгдэнэ. “Орос” Долгорыг хүүхдүүдтэй нь шатаачихсан шүү дээ гэх Үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга асан Ж.Лхүмбийн зээ охин О.Цэрэннадмидын үг шуудхан л зүрх зүсэм. Учир нь цаазлуулсан эмэгтэй бие давхар байсан юм. Энэ бол харгислалын илэрхийлэл. “Хадам ээж минь амьд сэрүүн байгаа. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа байх. Эсэргүүний хүүхэд гээд намайг ямар их зовоодог байснаа санаж байгаа байх” гэж тэр эрс шулуухан хэлсэн. Зовлон туулсан хүний үг хатуу байдаг. Хэлмэгдүүлэлт хэдэн үе, хэчнээн цаг хугацаа туулсныг үүнээс илүүгээр яаж үзүүлэх билээ.
ШАЛТГААН, ҮРИЙН ДЭГЛЭЛТ
Телевиз, дэлгэцийн урлаг өөрийн “хэлтэй”. Гэхдээ энэ хэл уран бүтээлчдийн сэтгэлгээ, сэтгэл зүрхээр “дуугарч”, олон хүний хамтын хөдөлмөрөөр биеждэг. МҮОНТ-ийн урлахын уламжлалтай баг бүтээлдээ хэр гар нийлж чаддаг вэ гэдгийг “Тусгаар тогтнолын төлөөс” үзэгчдэд зүгээр л “май” гээд нүдэн дээр нь тавьчихлаа. Киноны үйл явдал, түүхийн үе зааг, учир шалтгааныг холбон өгүүлсэн жүжигчин А.Баттүшиг Монгол, Зөвлөлтийн болон коминтернийн удирдагчдын гэрэл зургуудаар яг л шатрын бод шиг нүүдэл хийж, сэжүүр сэжим, хэлхээ холбоосыг тодотгож өгсөн нь хэрэгтэй газартаа тасхийтэл таарчээ. Зөвхөн гэрэл зүргуудыг “тоглуулаад” зогсохгүй дүрс бичлэгийг гартаа барьсан жижиг цагаан самбарт тусган харуулах өвөрмөц шийдэл найруулагч О.Энхболд, О.Эрдэнэпүрэв нарын бүтээлч санааны үр хөврөл болох нь тодорхой.
Ногоон малгайтнуудын баривчилгаа, мөрдөн байцаалт, яргалал тамлал, цаазлалт, буудан аваачсан хэрэг явдлуудыг жүжигчилсэн тоглолтуудаар зохих газруудад нь дэглэн харуулж, Цэргийн эмнэлгийн албаны дарга Л.Дэндэвт хамаарах эрүүдэн шүүлтийг уг хэрэгт хамаарах нэгний дурсамжийг тоглуулах аргаар гаргасан зэргээс уран бүтээлчид кинондоо ямар их ажиллагаа, шийдэл, өртөг зардал оруулсныг харж болохоор. Умгар өрөөнд чихэлдэн хоригдсон бусаддаа Л.Дэндэв “Дэмид жанжин надад тушаасан гээд хэлчихлээ. Үхсэн хүний нэр барих муухай юм даа” хэмээн хүүрнэж буйгаар хилс ташаа хэрэгт гүтгүүлэн, яргалуулж байгаа тэр хүмүүсийн тэсвэрлэшгүй байдлыг төсөөлөхөд үзэгчдэд тун дөхөм болгожээ.
Түүхийн хичээл дээрээ асуугдаж байгаа хүүгийн тусгаар тогтнолын тухай хүүрнэлийг өгүүлэгч, тайлбарлагч нар хөтлөн залж Зөвлөлтөд Коммунист интернациональ буюу Коминтерн байгуулагдсан 1919 оны үйл явдал руу аваачина. Үндсэндээ 1990 оны ардчилсан хувьсгалыг хүртэл өрнөх түүхэн үйл явдлуудад хэлхэлдэн орооцолдсон энэхүү олон улсын коммунист байгууллагын нөлөө, оролцоог илэрхийлэх үүднээс зураач Б.Энхбат өгүүлэгч А.Баттүшигт орос цамц, хромон гутал, савхин хүрэм өмсгөн киноны турш Монголын нутгаар хөндлөн гулд туучуулжээ.
Алдаа гэснээс, “багийн ажил” гэгддэг телевизийн бүтээлүүдэд уран бүтээлчид санаа, зорилгоо бүрэн нэгтгээгүй, ойлголцоогүйгээс шалтгаалан утга санаа төөрөлдөх алдаа олонтаа тохиолддог. Найруулагч О.Энхболд ихэнх зураг авалтаа өөрөө хийж, О.Эрдэнэпүрэв компьютер графикийн ажлуудаа гардсан болохоор “Тусгаар тогтнолын төлөөс”-т ийм алдаа бараг л гарсангүй. Олноос нууж зүрхэндээ хадгалж ирсэн гашуун түүхийн тухай ам нээн ярих гэрчүүдтэй туршлагатай сэтгүүлч Д.Долгорсүрэн, редактор Х.Шинэ-Од нар тун сайн ярилцаж, ёстой л дотрыг нь уудалж чаджээ. Хөгжмийн зохиолч Б.Ганхөлөгийг дурдалгүй орхигдуулж үл болно. Хөгжим чимэглэл, синхрон ярианы үеийн атмосфер, түүхэн зургууд, зураглалуудын эффектүүд өөр хоорондоо сайтар уялдан үзэгчдийг түгшээх цагт нь түгшээн, эргэцүүлэх үед нь бодолд оруулж чадаж байгаа нь өөлөх юмгүй. Ялимгүй нуршсан мэт боловч киноны ритм, хэмнэл огт саарч, унаагүй болохоор метераж тэгтэл сунасныг үзэгч анзаарахаагүй болсон байна.
“Бариа тавиа”-наас үлдсэн айдас хүйдэс, баригдсан, тавигдсаныг дагасан хавчлага, дарамт, бусдаас доогуур хэлэгдэж, цаагуур шидэгдэн, хувь тавилан муутай явахын гашуун нясууныг ардчилалтай, эрх чөлөөтэй, тусгаар тогтнолтой өнөөдрийн залуус тэр бүр ухаж ойлгохгүй л байх. Ойлгосонгүй гэж энэ цаг үеийг тэртээ 80 шахам жилийн цаадтайгаас зэмлээд яах ч билээ. Харин ямар үнэ цэнэ, хэр хэмжээний төлөөс төлж олсон ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолтой вэ гэдгээ дэнсэлж, хэмжиж чаддаг байх нь хүний ухаан, суртахууны хэрэгцээ юм даа.
Би түүх судлаач биш. Тиймдээ ч үнэн мөн гэгч туйлын, ганц үзүүртэй зүү шиг шовх юм байдаг гэж боддоггүй. “Тусгаар тогтнолын төлөөс”-т оролцсон эрдэмтэдийн зарим үйл явдал, хүний тухайд өгч байгаа дүгнэлт бүхэлдээ хэт нийтлэг, ерөнхий болсон мэт сэтгэгдэл төрснийг нуух хэрэг юун. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол. Гарцаагүй ийм л дүгнэлт хийхээс өөр аргагүй бол нөгөө талыг эрэлхийлээд ч олдохгүй биз. Монголын түүхийн хар толбо болсон их хэлмэгдүүлэлт, МҮОНТ-ийн кино группынхны нэрлэсэнчлэн “их хядлагыг” И.В.Сталин болон Коминтерний заавраар маршал Х.Чойбалсан гардан гүйцэтгэснийг өнөөдөр хэн хүнгүй мэднэ. Дунд сургуульд ч ингэж л зааж байгаа. Монголын хамаг л өөдтэй хүмүүсийг, нийгмийн хөрөнгөлөг, оюунлаг хэсгийг хэрцгийлэн хядаж дуусгаад цор ганцаараа үлдсэн гэж бид хүүхдүүддээ хэлдэг.
Эгэл мунхаг мань мэтэд энэ ерөнхий тайлал, тайлбар хангалттай. Гэвч түүхч эрдэмтэдийн хувьд ганцхан Х.Чойбалсанд хамаг хэргийг лаахайдаад, харь орны хуучин системийн нэгэн байгууллагыг буруутгаад өнгөрөх нь хэтэрхий амархан тайлбар байж мэдэх юм. Маршалын өөрийнх нь тэмдэглэж үлдээснээр 57 мянган хүнийг тэр хоёрхон жилд багтаан шийтгэсний 30 шахам мянга нь алуулсан. И.В.Сталины өгүүлсэнчлэн 100 мянган хүнтэй “лам нарын нам”-ыг үндсэндээ хоёрхон жилийн дотор бүрэн устгасан. Иргэний дайн болсноос ч ихээр тоологдох энэ хохирлын хэмжээ данхайх тусам судалгаа, шинжилгээний ажлыг улам нарийвчлан хийж гарцаагүй үнэнийг тогтоох шаардлага тэр хэрээр нэмэгдэнэ. Ялангуяа Х.Чойбалсан өөрөө нэг ч хүн рүү буу шагайж байгаагүй, нэг удаа ч гох дараагүйг тооцвол аллага, хядлагын шуурганд өртсөн амь бүхэн, ард нь тарчилсан айл гэр, амьдрал бүхэн өөр өөрийн үнэн түүхийг нэхэх нь гарцаагүй.
1942 он. Улаанбаатар хот. Үлгэр жишээ гуравдугаар дунд сургуулиас ардын дайснуудын 11 хүүхдийг хөөв. Хонгил үүсгэн жагссан 300 орчим сурагчдын дундуур гэмтэн мэт толгой гудайн яваа тэдний зүг үлдэж байгаа хүүхдүүд “Муусайн эсэргүүний үлдэгдлүүд та нар манай сургуулийн журамт эгнээнээс зайлцгаа” хэмээн золбоо төгс хашхиралдаж байлаа...
Дэлгэцнээ “амилсан” их хядлага | ||
Үзсэн: 6632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.