Монголчуудын хэрэглээнд мөнгөн усны эзлэх хувь багагүй. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болох термометр, батарей, өдрийн гэрэл, шүдний ломбоны материалд мөнгөн ус байдаг. Ээмэг, зүүлт, бөгж, гинж хийсэн мөнгийг мөнгөн усаар ялган авсан байж болно. Ингэж бодвол мөнгөн усны хэрэглээ хүний амьдралд асар их юм. Уул уурхайн салбар хийгээд гар аргаар алт олборлогсдын ганц “багаж” нь мөнгөн ус гэнэ. Бидний амьдралд мөнгөн ус байдаг л нэг хэрэглээ мэт боловч тиймгүй юм. Тэр тун хортой элемент.
Энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд найман хүн мөнгөн усанд хордсон харамсалтай хэрэг гарлаа. Гараа хаалганд хавчуулж зүссэн залуу шарх нь идээлж, зовиур үүссэнээс шалтгаалан гэрийнхнийхээ зөвлөсөн мөнгөн усаар хийдэг уламжлалт эмчилгээг хийлгэсэн нь ийн эрсдэлд оруулжээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын секторын эрхлэгч С.Өнөрсайхан “Эмчилгээний эхний өдөр Ереланы бие зүгээр байсан. Харин гурав дахь өдрөөс хордлогын шинж илрэн аймгийн төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа юм. Ингээд аймгийн төвөөс манайд энэ талаар мэдээлсэн. Манай мэргэжилтнүүд Баян-Өлгий аймгийн эмч нартай хамтран ажиллаад мөнгөн усны хордлого болохыг тогтоосон. Одоо тэднийг НЭМҮТ-ийн Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтүүлэн эмчилж байгаа. Мөнгөн усны хэмжээг лабораторид тодорхойлоход нэлээн өндөр тунгаар илэрсэн учраас хордлогыг устгах эм шаардлагатай болсон. Энэ эм манай улсад байхгүй учраас Эрүүл мэнд, Спортын дэд сайдаар удирдуулсан ажлын хэсэг мөнгөн усны хордлогын эсрэг эмийг ОХУ-аас захиалаад байна” гэсэн юм.
Энэ бол хүн мөнгөн усанд хордсон тохиолдлын хамгийн сүүлийн жишээ. Ингэхэд та мөнгөн усны талаар хэр ихийг мэдэх вэ.
Мөнгөн ус нь (Hg) уснаас 13.5 дахин хүнд шингэн металл. Тиймээс маш урсамтгай, ууршимтгай, шингэмтгий учир хөрс шороо, мод, өвс ургамал, төмөр зэрэгт шингэж, ууршдаг байна. Мөнгөн ус нь хүний биед муу нөлөө үзүүлдэггүй элемент биш юм. Хүн мөнгөн усанд хордохыг 1956 онд Японы Кюшү арал дээрх Минамата хотод оношилж, тухайн үедээ Минамата өвчин гэж нэрлэж байжээ. Тус хотын химийн үйлдвэр хаягдлаа далайд хаядаг байснаас тэнд амьдардаг, далайгаас хоол хүнсээ залгуулдаг япончууд мөнгөн усаар хордож амь насаа алдсан гэдэг. Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, хордлого нь төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэн улмаар генийг гэмтээн удамшин дамждаг аюултай аж. Мөнгөн ус хүрээлэн буй орчинд хэд хэдэн хэлбэртэй тохиолддог байна. Эдгээр нь бүгд хангалттай өндөр тунгаараа хортой нөлөө үзүүлэх боломжтой гэнэ. Түүний исэлдлийн зэрэг 0 буюу Hg0 хэлбэр нь хий болон шингэн металл хэлбэртэй оршдог бол Hg+ хэлбэр нь органик бус давс хэлбэртэй, Hg+2 хэлбэр нь органик бус давс болон органик мөнгөн ус байдалтай оршдог. Эдгээр гурван бүлэг нь үзүүлэх нөлөөний хувьд ялгаатай ажээ. Мөнгөн ус нь тархи, бөөр болон уушгинд хортой нөлөө үзүүлдэг. Мөнгөн усны хордлогын улмаас хэд хэдэн өвчин үүсдэг ажээ. Үүнд, акродин (ягаарах өвчин), Hunter-Russell-ийн хам шинж болон Минаматын өвчин ордог. Түгээмэл илрэх шинж тэмдэгт мэдрэхүйн алдагдал (харах,сонсох, ярих), гажуу мэдрэхүй болон тэнцвэр алдагдах зэрэг шинж бас ордог гэнэ. Шинж тэмдгийн төрөл болон илрэх зэрэглэл нь хорны шинж чанар, тун болон хоронд өртсөн хэлбэр, хугацаанаас хамаардаг ажээ.
Түүнчлэн мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчин хоол хүнсээр дамжих зэргээр хүн, мал, амьтны биед нэвтрэн орж төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр хүнийг удаан хугацаагаар хордуулдаг байна. Мөнгөн усанд хордсон үед ханиалгах, хоолой хорсох, амьсгал боогдох, давчдах, бөөлжих, төв мэдрэлийн системийн зүгээс толгой өвдөх, бие сулрах, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрдэг ажээ. Хэд хоногийн дараагаас мөнгөн ус бүх биеэр тархсаны улмаас дээрх шинжүүд давтагдахаас гадна шүлс ихээр ялгарах онцлог шинж нэмэгдэн, цаашилбал бөөр болон тархины эд, эсүүд ихээр хордож гэмтдэг байна. Их хэмжээгээр ууршсан мөнгөн усаар амьсгалсан хүн амьсгалын дутагдалд орж хорвоог орхидог ажээ. Ингэж амьсгалаар хордох нь хүн, мал, амьтан түүний мэдрэмтгий чанар биеийн жинтэй шууд холбоотой тул нялх болон өсвөр насны хүн, амьтанд илүү аюултай гэнэ.
Манай хэдэн аймагт мөнгөн усны шалтгаантай хордлого бүртгэгдсэн учир Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон судалгаа хийсэн байдаг. “Монгол хүний биологийн дээжин дэх мөнгөн усны лавлах хэмжээг тогтоох” судалгааны ажлын хэсгийг БШУЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын төвийн судлаачид 2012 оны 5-12 дугаар сард хийж гүйцэтгэсэн байдаг юм. Хот, хөдөөгийн нийт 2049 хүний цус болон шээсний дээжинд хийсэн судалгааны дүнгээр монгол хүний шээсэн дэх мөнгөн усны дундаж агууламж 0.254±1.752 мкг/л, цусан дахь мөнгөн усны дундаж агууламж 0.726±0.937 мкг/л байгаа нь тогтоогджээ. Энэ нь Германы хүний биомониторинийн комиссоос гаргасан лавламж хэмжээний аюулгүй буюу нэгдүгээр түвшин (шээс 0-7 мкг/л, цус 0-5 мкг/л)-гийн дээд хязгаараас мэдэгдэхүйц бага үзүүлэлттэй гарсан байгаа юм.
Мөнгөн усны хордлого нь мөнгөн ус болон мөнгөн усны нэгдлээс шалтгаалсан эмгэг. Мөнгөн усаар удаан хугацаанд юм уу, эсвэл ойр ойрхон их бага хэмжээгээр өртөөд байвал хорт бодис биед хуримтлагдан, эд эрхтэнг гэмтээдэг байна. Олон улсын стандартаар нэг метр куб агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг юм. Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн ордог юм байна. Энэ тохиолдолд бие ихээр загатнах, хэвийн бус улайлт өгөх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Мөнгөн усны хэрэглээ нь ийм хор хөнөөлийг дагуулдаг ажээ. Тэгэхээр түүнийг хяналтгүй хэрэглэх нь эрүүл мэндээрээ дэнчин тавьж буй үйлдэл болно. Хэрэв та мөнгөн усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг аваарай.
-Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ.
- Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.
- Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.
- Мөнгөн усны уурыг өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсрыг даавуугаар чигжинэ.
- Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.
- Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.
- Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.
- Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.
- Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.
- Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй.
Таны ойролцоо мөнгөн ус байвал түүнийг аль болохоор хордуулаарай. Ингэхгүй бол тэр эрүүл мэндийг чинь хордуулаад зогсохгүй хайртай хүмүүсийн тань амь насыг авч одож мэдэх юм. Хүний амь насанд халтай энэ мэт элементийг хяналтдаа байлгахгүй бол хүн ардын амьдралд аюул дагуулсаар л байх болно.
Хүн ардын эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй | ||
Үзсэн: 3371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.