Монгол Улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын V дугаар бага хурал өнөөдөр Төрийн ордонд болж байгаа билээ.
Бага хуралд 60 гаруй орны Засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Уг бага хурлаар “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм.
“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын бага хурлын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-Манай улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын бага хурлын онцлог нь юу байна вэ?
-Өнгөрсөн жил Истонид болсон дөрөв дэх бага хурлаас хойш манай улс энэ эвслийг тэргүүлж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд нэлээн сайн идэвхитэй ажилласан гэж хэлж болно. Энэ утгаараа тав дахь бага хурал амжилттай болж байна. Хуралд нийтдээ 60 гаруй орны 240 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ хурал анх удаа Азид болж байгаа гэдгээрээ онцлог. Манай улс 1990 оноос хойш Ази тивд Ардчиллын төлөө, хүний эрхийн төлөө явж байгаа манлайлагч тэргүүлэгч улсуудын нэг. Үүнийгээ хадгалж явж чадна гэдэгтээ итгэж байна. Эвсэлд Өнгөрсөн 4-5 жилийн дотор 20 гишүүн шинээр элссэн бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс гурван шинэ гишүүн орон элсүүлсэн. Гадаад хэргийг сайдын хувиар олон орны сайд нартай уулзаж, яриа хэлэлцээ хийсний үр дүнд Австрали, Норвеги, Литви гэсэн улсууд шинээр элссэн байгаа. Цаашдаа ч гэсэн бид тодорхой хугацаанд энэ эвслийг даргална. Тийм учраас бид энэ эвслийг өргөн дэлгэр болгож олон орнууд элсүүлэх талаар ажиллана. Өнөөдөр энэ хуралд эвсэлд элсээгүй орны төлөөлөгчид ч мөн ирсэн байгаа. Тэгэхээр энэ эвслийг ихээр сонирхож байгаа нь харагдаж байгаа юм.
-Цахим ертөнцөд хэдийгээр хүмүүс нээлттэй байж болдог ч гэсэн тэнд хүний эрх зөрчигдөх нь түгээмэл болоод байна?
-Манай улсад сүүлийн хэдэн жил бол цахим хэвлэл мэдээлэл их идэвхитэй хөгжсөн. Дэлхийн аль ч улсад энэ цахим хэвлэл мэдээлэлд шууд бэлэн биш байгаа. Эрх чөлөөний хамгийн том бэлгэдэл болсон АНУ-д ч гэсэн контентийн асуудалд анхаарал тавьж байна. Тэгэхээр дэлхийн аль ч улс орнууд энэ асуудалд шийдлээ бүрэн олоогүй байгаа. Харин энэ хурлын гол зорилго бол энэ асуудлыг яаж зөв чигт нь оруулах вэ гэдэгт байгаа юм. Бүх зүйлийг чөлөөтэй гээд тавиад байхаар нь түүнийг нь дагаад цахим ертөнцийн олон сөрөг зүйлүүд нь илэрч байна. Жишээ нь, хүүхдийн хүмүүжлийн эсрэг асуудлууд байна, хувь хүний нууцад халдаж байгаа асуудлууд байна. Үүний шийдлийг л олох гэж жил болгон мэргэжилтнүүдийн хурал зохион байгуулдаг юм. Манай энэ жилийн хуралд зөвхөн гишүүн орнуудаас гадна UNESCO зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа. Мөн мэргэжлийн олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Үүнээс гадна Google, Twitter, Facebook, Mozilla гээд технологийн салбарын дотоод, гадаадын олон төлөөлөгч ирсэн байна.
Л.Пүрэвсүрэн: Манай улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг цаашид даргална | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.