Шууд Chart

Эдийн засгийн өршөөлийг боломж гэж харъя

2015-10-20 16:45:13

рчин нь бүрдсэн, бүтэц нь тодорхой үед ямар ч хүн татвараа төлдөг-

Эдийн засгийн ил  тод байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд 20 хонож байна. Татварын баазыг тэлэх, сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, улмаар бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгох зорилготой  уг хуулиар хэдий хэмжээний хөрөнгө ил болохыг сонирхсон хүн олон байгаа.

Өнгөрөгч 2007 онд хэрэгжиж байсан Татварын өршөөлийн хуульд 28 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдаж, дөрвөн тэрбум.ам долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж байсан гэдэг. Анх хуулийг батлахдаа 44 мянган аж ахуйн нэгжийг хамруулахаар төлөвлөж байсан хэдий ч иргэд мэдээлэл муутай, түүнчлэн нуусан татвараа ил тод болгохоор ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй гэдэг итгэл муутай байснаас ийнхүү төлөвлөж байснаас тал орчим хувь нь л хамрагдсан байдаг.

Тиймээс энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд илүү олон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулахын тулд сургалт, сурталчилгааг шат дараатай хийж байгаа гэдгийг Сангийн яамны мэргэжилтнүүд хэлж байгаа.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд нийт 12.6 тэрбум төгрөгийн хөрөнгө орлого ил болж  1.1 тэрбум төгрөгийн татвар чөлөөлөгдөж,  1 үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж авсан байна. Үүнээс гадна нийт 82 татварын тайланг хүлээж авчээ.

Ийнхүү хэдэн тэрбум төгрөгийн нуусан хөрөнгийг ил болгох нь татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөж, цаашлаад тэднийг өөгшүүлэхэд чиглэж байна хэмээн зарим иргэн үзэж байгаа. 2007 онд хэрэгжсэн Татварын өршөөлийн хуулийн ачаар бид 2009 оны эдийн засгийн хямралыг хөнгөхөн давсан гэдгийг зарим судлаач хэлдэг. Өөрөөр хэлбэл,  бид энэхүү Эдийн засгийн өршөөлийн хуулиас өнөөдөр ямар ашиг гарах юм бэ гэж хүлээхээс илүүтэй дараа нь үр дүнгээ хэрхэн өгөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хүмүүсийн хэлдгээр том дүр зураг харж тоглох. Зарим эдийн засагч одоо хэрэгжиж байгаа Өршөөлийн хууль ирэх 2017 он гэхэд үр дүнгээ өгч эхэлнэ гэж ярьж байгаа. Мэдээж энгийндээ буюу эхлээд бидний хамгийн их  ярьдаг далд эдийн засаг ил болно. Тодруулбал, наад зах нь улсад бүртгэлгүй байдаг дөрвөн их наяд төгрөгийн байшин, барилга бүртгэлгүй болно гэсэн үг.

Үүнээс гадна манай улсад бүртгэлтэй компаниудын дийлэнх хувь нь хоёр төрлийн тайлан гаргадаг. Энгийнээр хэлвэл, тэд нууж байсан зүйлээ л ил гаргачихад улсын эдийн засаг томорно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нөгөө талаас манай улсад яагаад ингэж Эдийн засгийн өршөөлийн хуулиудыг батлаж, хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа талаар бодох хэрэгтэй. Товчхондоо бол монголчууд өөрсдийн гэсэн өмчтэй байж, түүндээ татвар төлж үзээгүй хүмүүс. Тиймээс бидэнд энэ талаарх суурьшмал иргэд шиг ойлголт, бүтэц нь ч байгаагүй. Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Харин Татварын ерөнхий хуулийг 1993 онд баталсан. Тухайн үед манай улсад өмчийн харилцаа, хувийн өмч, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийн систем, татварын бодлого төдийлөн хөгжөөгүй байсан учраас хуулийн агуулга нь дутуу байсан гэсэн үг. Тиймээс одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал бий болсон гэхэд хилсдэхгүй байх. Үүнээс гадна Өмчийн хууль тодорхой биш байсан нь нөлөөлсөн гэж хэлж болно.


-Ил болгосон мэдээлэл нууцын зэрэгт хамаарна-

Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгжиж дуусахад 73 хоног дутуу байгаа. Энэ хугацаанд хуулийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо сайн дураар ил тод болгосон иргэд хамрагдана. Тодруулбал, иргэд доорх төрлийн татваруудаас чөлөөлөгдөнө.

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  • Хувь хүний орлогын албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар
  • Онцгой албан татвар
  • Гаалийн албан татвар

Үүнтэй холбоотойгоор иргэд доорх хуулиудын дагуу оногдох байсан хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм.

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
  2. Татварын ерөнхий хууль
  3. Нийгмийн даатгалын тухай хууль
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
  5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
  6. Гаалийн тухай хууль
  7. Захиргааны хариуцлагын тухай хууль

Хуулийн хэрэгжилттэй холбоотой иргэдийн дунд байгаа нэг болгоомжлол бол өөрийнх нь ил тод болгосон хөрөнгө орлогын мэдээлэл ямар нэг байдлаар цацагдах байх гэсэн болгоомжлол. Харин иргэн, аж ахуйн нэгжүүдийг ингэж болгоомжлох хэрэггүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул “Иргэдэд биечлэн зөвлөгөө өгөх асуудлаар тусдаа нэг цэгийн өрөө гарган ажиллаж байгаа. Зөвлөгөө өгч байгаа улсын байцаагч нар маань нэгдсэн сургалтад хамрагдсан нууцын гэрээ хийсэн, төрийн албан хаагчид байгаа. Түүнчлэн иргэд хуулийн талаарх мэдээллийг утсаар авч болно. Иргэдийн дуудлагыг соронзон хальсанд бичих бөгөөд энэ нь бас  нууцын зэрэглэлд байх юм” гэж тайлбарласан.

ЭЗИТБДТ Хуулийн талаар ерөнхий асуудлаар

264522

Татварын асуудлаар

1800-1288

Нийгмийн даатгалын асуудлаар

1800-1289

Улсын бүртгэлийн асуудлаар

1800-1890

Гаалийн асуудлаар

1800-1281

Санхүүгийн тайлангийн асуудлаар

263069, 264966

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдахыг хүсч байгаа иргэд эхлээд холбогдох асуудлаар харьяалагдах байгууллагад хандан нэг цэгээс, эсвэл утсаар зөвлөгөө авч болно. Үүний дараа хэрэв өөрийн биеэр очих бол “Эдийн засгийн ил тод байдал” гэсэн тэмдэглэгээ бүхий маягт ашиглан мэдүүлгээ өгнө. Мөн цахим хуудсаар энэхүү маягтыг бөглөн өгөх боломжтой юм. Түүнчлэн иргэд энэхүү мэдээллээ 12 дугаар сарын 31-нээс өмнө өөрчлөн залруулж болох бөгөөд нэмж мэдээлэл оруулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хууль энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болно. Өнгөрсөн хугацаанд бидэнд татварын хангалттай бүрэн тогтолцоо, систем байгаагүй. Иргэд ипотекийн зээлд хамрагдаж эхэлснээс хойш нийгмийн даатгал төлөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн шиг тогтолцоо нь сайжирчихвал сүүдрийн эдийн засаг ч мөн багасна. Товчхондоо, энэ хуулийг бизнес эрхлэгчдийг татвараа нуудаггүй  болгох гэсэн боломж гэж харцгаая. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн өршөөлийг боломж гэж харъя   
Үзсэн: 3498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-10-21 09:29
Сайн дураар нийгмийн даатгал төлөгчидийг нэг өршөөгөөд нөхөн төлүүлчихвэл бас их ач тус болхоос гадна даатгалд ч мөнгө их орж ирнэ мөн ирээдүйд бас хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчид ч цөөрнө дөө энэ талаар санаа аваач төр засаг минь ээ
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-10-21 09:25
Нийгмийн даатгал дээр сайн дурын даатгал төлөгчидыг хамруулчихгүй яасан юм бол доо .Яг энэ хүмүүс чинь сайн ойлгохгүй өмнөх нийгэмд төлж байсан сэтгэхүйгээсээ гарахгүй мэдэхгүй байсаар байгаад одоо л нэг өөрсдөө төлөх естөй гэж ойлголт бий болж байна.Сайн дураар төлөгсөдөөс дунд нь төлөөгүй хоцорсон тасалдсан хүмүүс их байх юм энэ талаар мэдэж бодож үзсэн юм байна уу.
49.0.187.xxx [49.0.187.xxx] 2015-10-20 19:43
hulgaach narig
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-10-20 18:11
ЗӨВ ШҮҮ
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-20 17:32
яг үнэн шүү....ОДОО Л МАНАЙ КОМПАНИУД ТЕХНОЛОГИ ХҮНИЙ НӨӨЦ РҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ “БЯДТАЙ” БОЛЖ ЭХЭЛЖ БАЙНА....... ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОДЫН ХУУЛЬ НЬ ЭНЭ ХӨРӨНГИЙГ АХИУ ХУВААРЬТАЙ ГАРГАЖ ИРЖ, БУЦААЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ ПРОЦЕССЫГ ЯВУУЛЖ БАЙГАА ЮМ

Бидэнтэй нэгдээрэй