Гурван зуун жилийн тэртээ Монголд хамгийн нэр хүндтэй хүн нь Богд Жавзандамба хэмээх хутагтын үе үеийн дүрүүд байсан гэдэг. Тэр үед Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар түүнд зориулсан Орд-Өргөөг байгуулж өгчээ. 1639 онд барьж өгсөн энэ өргөөг өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Үүнээс эхлэн тоолж өдгөө нийслэл хотын 376 жилийн ойг тэмдэглэж байгаа юм.
Зарим судлаач үүнээс өмнө буюу 12 дугаар зууны хагаст Хэрэйд аймгийн Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн нийслэл хот оршин буй хөндий гэж үздэг.
Хуучнаар Алтан тэвшийн хөндийд байрладаг Улаанбаатар хот өнөөг хүртэл нийтдээ 20 гаруй удаа нүүж, таван удаа нэрээ сольсон гэдгийг судлаачид хэлдэг. Тодруулбал,
1639-1651 оны үед Өргөө нэртэй байсан бөгөөд Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв - Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон гэж үздэг.
1651-1706 оны үед Номын хүрээ нэртэй байсан бөгөөд Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
1706-1911 оны хооронд Их хүрээ нэртэй болсон юм. Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал аж. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг байна. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
1912-1921 оны хооронд Нийслэл хүрээ нэртэй байсан бөгөөд сэргээн байгуулагдсан Монгол Улсын нийслэл болсон үе юм.
1924 оноос одоо хүртэл Улаанбаатар хот хэмээн нэрлэгдэх болсон байна. Тодруулбал, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон байдаг.
Үүнээс гадна 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ хэмээгээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн хэмээн зааснаар нийслэл хот эрх зүйн хувьд бүрэн тогтворжсон гэж хэлж болно.
Нийслэл гэдэг нь олон улсын ойлголтод улс төрийн ойлголтоор тухайн улсын төр засаг захиргаатай холбогдсон гол хот нь юм. Өөрөөр хэлбэл төр, засгийн байгууллагууд уг хотод бодитоор байрлах бөгөөд хуулиар уг хотыг нийслэл хот хэмээн тогтоосон байдаг. Манай улсад ч мөн ялгаагүй төрийн захиргааны дээд байгууллагууд нь нийслэл хотдоо байрладаг юм.
1992 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн Засаг захиргааны нэршилтэй болсон Улаанбаатар хот өдгөө 31 дэх хотын даргаа үзэж байгаа юм. Тодруулбал,
Моононгийн Баяр 1924-1926 он
Санжийн Батсүх 1926-1927 он
Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
Ламжавын Мижиддорж 1929-1930 он
Бадамын Цэдэндамба 1931-1932 он
Өлзийн Равдан 1932.07.04-08.27
Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
Дамдингийн Чимэдаваа 1933-1936 он
Лодойн Тавхаа 1939.05-11
Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
Ломбодонойн Дамдин 1941.07-08
Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
Содномын Шагдар 1942-1944 он
Гүндийн Багаа 1944-1956 он
Бадрахын Ламзав 1956 он
Будын Батжаргал 1956-1959 он
Санжийн Батаа 1959-1962 он
Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
Догсомын Цэдэв 1965-1971 он
Сономын Лувсангомбо 1971-1972 он
Сүрэнжавын Балбар 1972-1976 он
Очирын Цэнд 1976-1978 он
Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
Жанлавын Наранцацралт 1996-1998 он
Миеэгомбын Энхболд 1999-2005 он
Цогтын Батбаяр 2005-2007 он
Түдэвийн Билэгт 2007-2008 он
Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 -2012 он
Эрдэнийн Бат-Үүл 2012 оноос хотын даргаар ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хот хуульд заасан журмын дагуу өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй. Тодруулбал, Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсны төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байдаг. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулдаг аж. Түүнчлэн нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байдаг ажээ.
Харин нийслэлийн туг нь Нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулдаг бөгөөд тугны өргөн, урт нь 1:1.5-ын харьцаатай байдаг.
2014 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн ам 1267024 болсон бөгөөд үүнээс 602948 хүн нь эрэгтэй, 664076 хүн нь эмэгтэйчүүд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 2012 оныхоос 3.3 хувиар буюу 40 мянган хүнээр нэмэгдсэн тоон үзүүлэлт аж.
Өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжиж буй нийслэл хот сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын томоохон бүс болоод зогсохгүй дэлхийн бусад орнуудтай найрсаг харилцаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
“Өргөө”-гөөс Улаанбаатар хүртэл... | ||
Үзсэн: 10179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.