“Хавирга-Ар хашаат” боомтыг 2015 оны туршид нээн ажиллуулах болсноор тус боомтоор ӨМӨЗО-ны “Алтан-Эмээл” тосгон болон Манжуур хотыг зорих монголчууд, Чойбалсан, Улаанбаатарыг зорих өвөрмонголчууд болон хятад иргэд харилцан машинаар зорчиж эхэлсэн. Бидний хэсэг нөхөд ч энэ боомтоор машинаар нэвтэрч Манжуур хотыг зорилоо.
Орос, Монгол, Хятад гурван улсын хүн зон, соёл ахуйг нэг дороос харж болох өвөрмөц газар бол Манжуур хот юм. Манжуур хэдийгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хот ч гэлээ орос загвар бүхий байшин барилгатай, европжуу “төрхтэй”. ОХУ-тай хиллэх хил дээр оршдог энэ хот БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хилийн боомт гэгддэг. Энэ хотыг зорин ирж байгаа хүмүүсийн олонх нь тус хотыг үзэж, сонирхохоор, цөөнгүй нь харин худалдаа наймаа хийхээр ирдэг байна.
Тэртээ 1896 оны Хятад-Оросын нууц гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуур, Оросын алс дорнодыг холбосон Хятадын алс дорнодын төмөр зам 1901 онд ашиглалтад орсноор анх Манжуур өртөө байгуулагдсан түүхтэй. Манжуур өртөө байгуулагдсанаар суурин үүсч, 1905 оны Хятад-Японы гэрээ ёсоор худалдааны төв болжээ. Их эрт худалдааны төв болох шан татагдсан Манжуур 1927 онд хотын статустай болсон байна. Бүгд Найрамдах Хятад Улсын захиргаан дор Хянган мужид харьяалагддаг байсан Манжуур 1931 онд Японы хяналтад орж, улмаар 1932-1945 онд Манж-Го улсын бүрэлдэхүүнд багтаж, 1946 оноос одоогийн захиргаа буюу БНХАУ-ын Өвөрмонголын харьяанд багтах болсон гэх мэдээлэл түүхийн хуудаснаа бий.
1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж эхэлжээ. Энэ үеэс Манжуур эрчимтэй хөгжиж эхэлсэн гэж болох юм. Эдүгээ ч аялал жуулчлал өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж, Манжуур хотод дэлхийн хүн зоныг татах барилга байшин нэмэгдсээр байна. Манжуур хот жилд дунджаар 4.5 сая жуулчин хүлээн авдаг аж. Орос үндэстний алдарт матрёшка хүүхэлдэй энэ газрын нүд хужирлах нэг үзмэр.
Оросын үндэсний хувцастай эмэгтэйн дүрс бүхий матрёшка хүүхэлдэйг XIX зууны сүүлээр бүтээсэн гэдэг. Тухайн үед Матрена болон Матрешка гэдэг нэр орос охидын түгээмэл нэр хүртэл болж байсан түүхтэй. 1990 оны Парисын үзэсгэлэн худалдааны үед Оросын эзэн хааны үеийн хүүхэлдэйг гадныханд танилцуулснаар матрёшка анх олны танил болжээ. Матрёшка хүүхэлдэй нь эх, үрийн холбоо, нөхөн үржихүй, зах хязгааргүй байдал гэсэн Оросын философи, түүхийг дүрсэлдэг тухай Оросын Матрёшка хүүхэлдэйн музейн тайлбарлагч Чертович хэлсэн байдаг. Матрёшка хүүхэлдэй дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн тоглоомын нэг яах аргагүй мөн. Энэ ч утгаараа дэлхийн аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнүүдийн дунд нэр нь зүй ёсоор багтдаг гэж хэлж болно. Манжуурт ирсэн жуулчид тус хотын матрёшкан хотхонд заавал зочилно. Энд бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолны цэгүүд ч матрёшка хүүхэлдэйн хэлбэртэй бүтээгджээ. Оросын гол бэлгэдлийн нэг Хятадын хотод үзмэр болсноор олон жуулчин энэ нутгийг зорин ирэхэд нөлөөлсөөр байгаа юм.
Манжуур хотод 930 гаруй худалдааны аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгж Орос, Монгол, Япон, Солонгос, Хонгконг, Макао зэрэг 40 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажилладаг байна. Ингэснээр Манжуур хотын боомт дахь импорт, экспортийн барааны хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд 310 сая тонн болж, улсдаа тушаасан татварын хэмжээ 72 тэрбум юаньд хүрч өсчээ. Манжуур хотыг худалдаа эрхлэгчид гутлынх нь чанараар тодотгодог. Өөрөөр хэлбэл, Манжуур арьсан гутлаараа алдартай.
Содон загвар хийц бүхий гутлууд нэг лангуун дээр олон тааралдахгүй. Эрээний бараанаас эрс ялгаатай, басхүү харьцангуй чанартайд тооцогдох гутал, хувцас Манжуурт зарагддаг. Үслэг эдлэлийн орон гэгддэг Манжуурт халуун намраар ч энэ төрлийн хувцас, шуба бас тааралдана. Гэхдээ өвлийн хүйтэнд бус намрын сэрүүн өдрүүдэд өмсмөөр нимгэн бөгөөд хөнгөн үслэг эдлэл ч байна. “WANDA” гэх худалдааны төв том, тохилог, үйлчилгээ сайтайгаараа энд ирсэн жуулчид, худалдаа эрхлэгчдийг эрхгүй татна. Хямдрал зарлавал зарласан юм шиг зангарагтай хямдрах нь бас хүмүүсийг татах нэг менежмент нь. Хямдрал зарласан үед нь нэг жинсэн өмд авах мөнгөөр хоёр өмд, нэг цамц авах энгийн үзэгдэл байдаг гэж хөтөч маань бидэнд тайлбарласан.
Байшингийн подваль, өргөтгөлийг ашиглан жижиг гэлтгүй дэлгүүр нээсэн харагдана. Нэгээс гараад нөгөөд ороход төвөггүй хийгдсэн эдгээр дэлгүүрт яг ижил төрлийн барааг ч хоёр үнээр зарж байх жишээний. Хятадын бусад хотуудаас өөр нь энд бараа бүтээгдэхүүнээ жишиг үнээс буулгах нь тийм ч түгээмэл үзэгдэл биш юм. Худалдааны гудамжинд байрлах дэлгүүр бүрийн гадна чанга яригчаар орос хөгжим эгшиглэж, орос, хятад хоёр хэлээр бараагаа сурталчилна. Энд орос, буриад, хятад, монгол, англи гээд орон орны хүмүүс худалдаа наймаа хийж харагдана. Манжуурт жижиг дэлгүүрийн худалдагч нь хүртэл муухан хэлмэрчээс дээр хэл устай. Хятад, орос, монгол, англи хэлээр бараагаа танилцуулж, үнээ хэлж наймаалцана. БНХАУ-д сүүлийн үед “тор сүлжээ”-ний худалдан авалт хөгжсөн гэж өвөрмонгол хүн хэлж байна. Манайхаар бол интернэт худалдаа. Дэлгүүр хэсэх завгүй хүмүүс өөрийн размераа яг таг мэдэж байхад “тор сүлжээ”-гээр наймаа хийх тийм ч том асуудал биш гэнэ. Долоо, эсвэл 14 хоногийн дотор хүргэлтээр, мөн шуудангаар захиалсан бараагаа авдаг тухай энэ нутгийн эмэгтэйчүүд ярьж байлаа.
Олон хөлийн газар хүн зоныг дагаж үүсдэг нэг үзэгдэл энэ хотод бий болсон тухай хөтөч маань бидэнд урьдчилан сануулсан. Тэр нь хэрэв та бусдаасаа төөрсөн бол хэнээс ч буудалласан газар, хамт яваа хүмүүсээ сураглах хэрэггүй аж. Хэн нэгнээс газар асуух, “Төөрчихлөө, туслаач” гэж гуйвал найрсаг зан гаргаж, дагуулж яваад дээрэмдэх, их мөнгө нэхэх гээд асуудал үүсч болзошгүй гэнэ. Зочид буудал, зоогийн газар, зарим дэлгүүрийн хаяг нь орос хэлээр бичигдсэн байх тул Манжуурт монголчууд төдийлөн төөрөхгүй ч санаж явахад бас илүүдэхгүй.
Энд ирсэн жуулчдын олонх нь шөнийн Манжуурыг үзэхээр ирдэг тухай хүмүүс ярьж байна. Нээрээ л шөнийн Манжуур өдрийнхөөсөө хэд дахин илүү гоёмсог үзэгдэнэ. Манжуурт байшин, барилга нэлэнхүйдээ гэрэлтэж, энэ нь хотоо чимдэг ажээ. Өндөр, өндөр байшингууд гэрэлтэхээр хот тэр чигээрээ гэрэл, гэгээтэй болно. Харин яг 11:00 цагт бүх байшингийн гэрэл зэрэг унтарна. Тэгээд зөвхөн шөнийн цэнгээний газар, хаа нэг хүнсний дэлгүүрийн гэрэл бүүдийж харагдана. Манжуурыг “шоуны” хот гэх тодотгол бас дагадаг гэсэн. Энд бэлтэйхэн монголчууд зөвхөн шоудахын тулд ирдэг тухай танил нөхөр маань бидэнд хуучилсан. Зөвхөн монголчууд ч биш орос, буриадууд ч ийм зорилгоор очих нь элбэг ажээ.
Манжуурыг өвлийн хот гэж тодотгох нь бий. Учир нь тэнд цас, мөсний баяр жинхэнэ утгаараа болдог юм. Үлгэрийн гэмээр мөсөн хотхон байгуулж, тэнд шинэ оноо угтахаар олон жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс зорин очдог ажээ. Бас “Манжуурын мисс” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болдог. Энэ тэмцээнд манай улсын сайхан бүсгүйчүүд удаа дараалан тэргүүн титмийн эзэн болж байсан. Энэ мэт “бодлоготой”-гоор Манжуурт аялал жуулчлалыг хөгжүүлсээр байна.
Өвөл ч, зун ч, ер нь аль ч улиралд энэ нутгийг зорих жуулчдын цуваа татардаггүй. Энэ хэрээр Манжуур хот хөгжиж, өнгө нэмсээр байна.
Өвлийн хотод намраар зочиллоо | ||
Үзсэн: 5700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.