Дундговь аймгийн Гурвансайхан сумыг улсын төсвөөс ямар ч хөрөнгө гаргалгүй бүрэн шинэчлэл хийж чадсан талаар би өмнө нь уншиж байлаа. Харин энэ удаад Гурвансайхан суманд очих боломж тохиосон юм. Өөрсдөө хөрөнгө босгож бүтээсэн шинэчлэлийг харахыг хүсч байснаа нуух юун.
Өмнө нь говь нутагт зочилж байгаагүй би явсаар уул намсаж, тэнгэрийн хаяа цаашлахад сэтгэл уужраад ирэв. Явсаар тал хээрийн бүсэд орших Гурвансайхан сумын барааг харлаа. Засмал зам, гурван давхар орон сууцууд, шинэ сургуулийн барилга, спорт заал, гэрэлтүүлгийн шонгууд, ижил өнгийн хашаанууд нүдэнд содон тусав. Сумын төв гэхэд хотын нэг дүүргээс ч цэгцтэй цэвэрхэн юм.
Энэ сум нэг жилийн өмнө говийн аймгийн бусад сумдын л адил гандсан модон хашаатай, ямар ч засмал зам, цэвэр бохир ус, халаалтын нэгдсэн системгүй байж. Харин өнгөрөгч 2014 оны эхээр нутгийн иргэд төрж өссөн сумаа орчин үеийн суурин болгох зорилго тавин ажиллаж эхэлжээ. Сумаа ингэж орчин үеийн суурин болгож эхлэхдээ иргэн бүр өөрсдийн санаа бодлыг тусгасан сумын ерөнхий төлөвлөгөөг гаргасан байна. Ингэснээр иргэд өөрсдийн хүсч буй орчинг бий болгохын тулд илүү хичээж, оролцоо нь нэмэгджээ.
Харин дараагийн асуудал нь санхүүгийн эх үүсвэр. Тэдний гаргасан ерөнхий төлөвлөгөөгөөр сумаа бүрэн шинэчлэхэд дөрвөн тэрбум орчим төгрөг хэрэгтэй байж. Харин Гурвансайханчууд асуудлаа шийдэхийн тулд олон улсын байгууллагуудад хандсан байна. Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд Орон нутгийн хөгжлийн сан, НҮБ-ын хөдөөгийн ус хангамжийг сайжруулах төслийн мөнгөтэй нийлээд нийт 650 орчим сая төгрөг байв. Тиймээс үлдсэн мөнгөө олохын тулд байгаа мөнгөөрөө ажлаа эхлүүлээд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа олон улсын хандивлагч орнуудад танилцуулж санхүүжилттэй болжээ.
Манай улсад олон улсын өчнөөн л хандив, тусламж орж ирдэг. Харин олон улсын санхүүжилт, өөрсдийн хичээл зүтгэлээр бий болсон томоохон бүтээн байгуулалтыг тэнд л харлаа. Өмнө нь орон нутагт олон улсын санхүүжилттэй хэдэн тоног төхөөрөмж л ирдгийг мэдэх юм.
Гурвансайхан суманд ямар бүтээн байгуулалт хийгдсэн нь уншигчдад сонин байгаа байх. Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр “Атмор” компани ажилласан бөгөөд 6 м өргөн 2 км хатуу хучилттай авто зам, 5000 м2 явган хүний зам, 3.5 км бохирын шугам, 2.5 км цэвэр усны шугам, 2 км дулааны шугамын ажлыг орчин үеийн технологиор хийжээ.
Тодруулбал, дулаалгатай уян хоолой ашигласан байна. Энэ хоолойг хөлдөлтийн бүсээс доош буюу 3 метрээс доош суурилуулах шаардлагагүй учраас угсралтын зардал хэмнэжээ. Мөн 6.6 га ногоон байгууламжийн ажилд сумын иргэд оролцож, Цэцэрлэгжүүлэлт компани мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллажээ. Энд дурдалгүй орхисон олон бүтээн байгуулалтыг та бүхэн зурагнаас хараарай.
Өмнө нь хэрэгжиж байсан “Шинэ сум” төслийн хөрөнгөөр сумынхаа хажууд дахин шинээр сум байгуулах гээд хэдэн барилга барьж эхлүүлээд мөнгө нь дуусч ажил нь зогсчихсон байсан тохиолдлыг мэднэ. Харин ингэж заавал төсвийн санхүүжилтийг харалгүй орон нутгийн иргэд өөрсдөө оролцвол сумаа орчин үеийн суурин болгох боломжтойг Дундговь аймгийн Гурвансайхан суманд хийгдсэн төсөл харуулж байна.
Орон нутагт ч гэсэн хөгжил бий гэдгийг харуулж чадсан Гурвансайханчуудад баярлалаа. Гурвансайханы жишээгээр хөгжих боломж бусад сумдад бий гэдгийг дуулгая.
Гурвансайханы жишээгээр хөгжиж болох нь | ||
Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.