Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 2016 оны төсвийг эцэслэн баталсан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсөв эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй, хөөсөрсөн, эдийн засгийн тооцоо судалгаа бодитой бус хийгдсэн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн, мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан туйлын хариуцлагагүй төсөв болсон хэмээн үзжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийж ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгээс дэвшүүлсэн бодитой саналуудыг тоймлон хэллээ. Үүнд:
- МАН-ын бүлгээс тавьсан саналуудын дийлэнх нь зардал бууруулах санал байсан ч эрх баригчид хүлээж аваагүй. Зардал нэмэх тухайд орон нутгаас хотод ирж эмчлүүлэгсдийг хүлээн авдаг Нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлд шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх санал тавьсан.
- Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн ч МАН-ын бүлэг тууштай эсэргүүцсэний үр дүнд болиулсан. Харин санал хураах эцсийн мөчид эрх баригчид төсөвт байгууллагуудын цалингийн санг нийтээр нь 10 хувь бууруулах санал оруулж ирснийг эсэргүүцэж, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цалингийн санг бууруулахгүй болгосон. Бусад байгууллагын цалингийн сан буурсан хэвээр үлдсэн тул энэ хэмжээгээр цомхотгол явагдана, эсвэл цалин хасахаар төсөв болсныг онцлов.
- МАН-ын бүлэг дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ 2.5 дахин буурсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд бензин шатахууны үнийг бууруулах, бүх нутаг дэвсгэрт шатахууны үнийг жигд байлгах шаардлагыг тавьсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Америкийн зах зээлд нэг литр шатахуун 1200, ОХУ-д 1000 төгрөгийн үнэтэй байна. Гэвч Улаанбаатарт 1670, орон нутагт 1800-2100 төгрөгийн үнэтэй. Орон нутаг, Улаанбаатарын төвшинд шатахууны үнийг ижил байлгах бололцоог нь Засгийн газарт олгож өгсөн. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэл алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралд нааштай нөлөөлнө. Бидний шаардсаны дагуу бензин шатахууны үнийг бууруулсан бол иддэг талх, өмсдөг хувцас, экспортод гаргаж буй нүүрс, зэсийн баяжмалын өртөг зардал хямдарч, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, татварын орлого бүрдэх боломжтой байсан" гэлээ.
2016 онд Засгийн газрын өрийн хэмжээ 1.7 их наяд төгрөг буюу 850 сая ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Зөвхөн зээлийн хүүний төлбөрт ирэх жил 947.8 тэрбум төгрөг төлнө. Ийм их өр зээлийг хүүтэй нь төсвөөс төлж байсан тохиолдол байхгүйг ч бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Мөн хүүхдүүдийн 60 хувь нь ирэх жил хүүхдийн мөнгөө авна. 40 хувь нь авахааргүй төсөв батлагдсан. МАН үүний эсрэг байсан. Бид хүүхдийг баян ядуугаар нь ялгаварлаж байгаагүй, энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан гэв.
С.Бямбацогт: 2016 онд хүүхдүүдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрлээ | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.