Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгаас байр суурийг нь сонирхлоо.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага бий. Энэ хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл мөн. 2012 оны шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар яръя. Гэхдээ бүх нам, хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулъя. Түр Засгийн газар улс орны аж амьдралыг авч явж байх хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ажлыг энэ удаагийн УИХ хийгээд таръя” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байсан парламентад энэ санал санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай. 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Нөгөө талаас нь харвал, өөрсдийнх нь орон зай ийн хумигдаж байгаа учир өөрсдийн амьдрах орчин, зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаад байгаа юм. Би бол өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг, сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Ингэхээр 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд эцэг хуулийг өөрчлөхөд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэгт бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална байх гэж бодож байгаа. Харин тэрний оронд энэ парламентыг хүлээн зөвшөөрч байна уу, итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал бол өөр хэрэг. Хэрэв итгэл үзүүлнэ гэвэл энэ парламент Үндсэн хуулиа батлаад өөрсдөө тарж болно. Үгүй гэвэл шинэ Үндсэн хуулийг батлах ажлыг шинэ сонгуультай хамт хийх ёстой. Эсвэл бүр ард нийтээс юу асуухаа үнэхээр мэдэхгүй маргалдаад байгаа бол ард нийтийн санал асуулгаар юу асуух вэ гэдгээ асуултаар асууж болно гэх мэт олон хувилбар байж болно шүү дээ.
-Үндсэн хуулиа өөрчлөөгүй 100, 200 жил болсон улс орон байдаг. Тэр чинээгээрээ засаглал нь илүү тогтвортой байдаг гэдэг. Гэтэл манай улсад 10 жил ч болоогүй байхад дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байгаа хүмүүс бас байна?
-Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөх гээд байгаа юм биш л дээ. Өмнөх “дордохын долоо” гэж нэрлээд байдаг өөрчлөлт бол бас маргаан дагуулсан өөр асуудал. Тэр асуудал руу орохгүйгээр ер нь манай Үндсэн хуулийн юу нь болохгүй байна вэ гэдэг рүү орж байгаа юм. Өнөөдөр манай засаглал тогтвортой биш, парламент өөрөө Засгийн газраа томилдог, 25 жилийн турш нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, улс төрийн намуудын талцал гээд энэ бүхэн яах аргагүй Үндсэн хуулийн системтэй холбогдоод байгаа юм. Тэгэхээр энэ системийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр арга байхгүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад, МАХН 72 суудалтай байхад засаглал харьцангуй тогтвортой байсан үе бий. Гэхдээ энэ тогтвортой бүтэц өөрөө эрх чөлөө ардчиллыг уландаа гишгэсэн, нэг хүний дарангуйлал хүчтэй байсан гэх мэт алдаа оноо бий л дээ. Засаг тогтворгүй байгаа нь бид нар зөвхөн дотоод улс төр, хэрүүл маргаандаа живээд гаднах ертөнцөд үл ойлгогддог, бидэнтэй томоохон хэмжээний гэрээ хийж болдоггүй гээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байгаа. Ер нь 76 хүн ингэж олон юмыг мэддэг биш, нэг гарт харьцангуй төвлөрүүлэх зарчим руу төрийн өөрчлөлт явах ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бид яг энэ засаглалын хэлбэрийг ард нийтээсээ асууж болно. 76 сайн хүн 4 жил төр барьснаас тийм сайн биш боловч дундаж хэмжээний нэг хүн 10 жил төр барих нь илүү явцтай байж магадгүй юм. Ер нь бид нарт эзэн, хариуцлага хүлээдэг хүн хэрэгтэй байна гэдэг бол засаглалын хэлбэртэй л зайлшгүй холбоотой.
-Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг үү?
-Юу гэж нэрлэх нь хамаагүй. Толгойтой, эмхтэй, цэгцтэй, удирдлагатай байх нь чухал. Тэр нь Ерөнхийлөгч байх уу, эсвэл сая өргөн барьсан хувилбараар Ерөнхий сайд байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болох байх гэж бодож байна.
-Өмнөх 7 өөрчлөлтийн асуудал нэлээд нам гүм болчихлоо?
-Би энэ өөрчлөлтийн агуулгыг буруу гэж боддоггүй юм. Тухайн үед үүсч байсан зовлонгоос л үүдсэн өөрчлөлтүүд. Яахав буруу гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Гэхдээ зөв, буруугаас үл хамаараад хамгийн гол нь хуулийн процессын алдаа маш их гарсан өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ийм эмх замбараагүй нөхцөлд асуудлыг цэгцлэх шаардлагатай. Ингэхдээ нийтээрээ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн хууль болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн долоон өөрчлөлтийн хүрээнд хөндөхгүйгээр, төр, нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч болж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Үндсэн хууль чинь бүх түвшинд хэрэгжихгүй байгаа юм. Тухайлбал, газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархуудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна гэх мэт олон асуудал бий. Энэ алдааг ярьж засах шаардлагатай байгаа юм. Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралын институтийг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Харин ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхоор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол ирсэн гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ ЦИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаанд суух биш. Тойрогтоо ажиллах, гадуур ажиллах олон ажил байдаг учраас ирцийг хялбарчилсан хувилбарыг буруу гэж боддоггүй. Бид Үндсэн хуулийг сууриар нь хөндөж ярих завсар энэ асуудлаа нэгтгэж зангидаад явах хэрэгтэй. Гагцхүү олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Нийтээр зөвшөөрүүлэхийн тулд улс төрийн нам, парламентын зөвшилцөл хангалтгүй гэж би үзэж байна.
-Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс аль, аль заалтыг нь дэмжиж байна вэ. Аль заалтыг дэмжихгүй байна вэ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүн өөрөө гишүүдийн тоог өргөн барих боломжгүй гэж мэдэгдээд байгаа?
-Үндсэн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ёс суртахууны эрх ч байхгүй. Миний хувьд яагаад гарын үсэг зурсан шалтгаан гэвэл нэгдүгээрт, би Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Миний тэр зорилго биелэх гэж байгаа учраас гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, ер нь энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон. Хэрэв хүлээн зөвшөөрөгдөхгүй, гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй бол нийгмийн хэлэлцүүлэг рүү орж чадахгүй. Тиймээс сайн, мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод яавал дээр юм бэ гэдэг хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй учраас би гарын үсэг зурсан. Харин өөрсдөдөө ямар нэгэн давуу боломжийг 76 гишүүн оруулаад байгаа учраас олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хуулийг өөрчлөх эрх бүхий бүтцийг бий болгох ажлыг энэ УИХ хийх ёстой гэдэг миний байр суурь. Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой. Энэ батлагдсан бүрэлдэхүүн 430 депутатаас дутуугүй байх ёстой гэж үзэж байна. Бид тайван замаар өөрчлөх бүтцийг оруулж ирэхгүй л юм бол нийгмийг улам л хямрал, хагарал руу түлхэх болов уу гэж болгоомжилж байна.
-Таны энэ санал бүлэг дээр яригдаж байгаа юу?
- Би “Шударга ёс” эвслийн бүлэг дээр санал оруулна гэж бодож байна. Гэхдээ ганц гишүүний санал дэмжигдэхгүй биз дээ гээд орхихгүй. Би иргэний хөдөлгөөнд байхдаа л ийм санал, бодолтой байсан. Нийгэмд ямар нэг асуудал гаргалгүйгээр бие биенээ хүлээн зөвшөөрсөн арга замыг сонгох нь зүйтэй л гэж би хувьдаа хараад байгаа.
-Баярлалаа.
Г.Уянга: УИХ Үндсэн хуулиа батлаад, тарж болно | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.