2014 оны аравдугаар сарын сүүлээр Монгол Улс Ази-Европын уулзалт (АСЕМ)-ыг зохион байгуулна гэдгээ зарласан. Энэ мэдээг дотооддоо болон олон улсын мэдээллийн агентлагуудаар цацсаар байгаа ч Монгол Улсад яг ямар ашигтай вэ гэдэг талаас нь төдийлөн ярихгүй байгаа нь АСЕМ-ын үйл ажиллагаа, статусын талаарх ойлголт олон нийтийн дунд хангалтгүй байгаатай холбоотой юм. Гэсэн хэдий ч АСЕМ нь ойрын хугацаанд Монгол Улсын түүхэнд тохиож байгаа хамгийн том дипломат уулзалт бөгөөд тус улсад олон талын үр дүн авчрах нь дамжиггүй.
Ази-Европын уулзалт (АСЕМ) нь хүйтэн дайны дараа байгуулагдсан, Европын холбоо, АСЕАН, БНХАУ, Япон, БНСУ-ын идэвх чармайлтаар хүрээгээ тэлж буй Ази-Европын бүс хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлцээ өрнүүлэх тавцан юм.
Анхны уулзалт нь 1996 онд Бангкокт болсон, 2008 онд Монгол Улс эгнээнд нь нэгдсэн бөгөөд эдүгээ АСЕМ нь 53 гишүүнтэй болтлоо өргөжжээ. Үйл ажиллагаанаас товч танилцуулбал АСЕМ нь улс төрийн, эдийн засаг-нийгэм-соёлын, боловсролын гэсэн гурван төрлийн хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг. Энэ чиглэлээр тогтмолжоод байгаа сайд нарын түвшний болон төр засгийн тэргүүн нарын хоёр жил тутмын уулзалтууд нь энэхүү яриа хэлцээний механизмын хөдөлгөгч хүч юм.
АСЕМ-ыг оролцогч талуудын тэгш эрхийг хангасан түншлэл, хоёр тивийг холбосон гүүр, бодлого хэлэлцэж туршлага солилцох талбар, Ази-Европын хооронд шинээр үүсч буй харилцааг хөгжүүлэхэд зориулсан форум гэх зэргээр тодорхойлдог. Энэ нь хэтэрхий өргөн, ерөнхий сонсогдож буй авч хийж буй бодит ажлын хувьд дүгнэвэл, АСЕМ нь геополитикийн асуудал шийдэж албан ёсны шийдвэр гаргах биш, харин хамтын ажиллагаа, зөвлөлдөөний тогтолцоо үүсгэх механизм юм. Энгийн үгээр тайлбарлавал АСЕМ нь албан бус орчинд ажил ярьсан хүмүүсийн цугларал – олон улсын бодлого хэрэгжүүлэх биш, болж өнгөрсөн үйл явдлын тухай хэлэлцэж, айсуй ирээдүйг төлөвлөж, дипломат албаны ерөнхий утгатай албан бичиг солилцох газар гэсэн үг.
АСЕМ-д орон тооны бүтэц, байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газар байхгүй учир одоогоор ийн албан бус хэлэлцээнээс хэтэрч чадахгүй байгаа юм. Гэхдээ энэ уулзалт даруухан нэртэй ч цар хүрээгээр нь авч үзвэл Монголд зохиогдох болсноороо тухайн улсын дипломат албанд томоохон амжилтыг бэлгэдэж байгаа хэрэг билээ. 2014 онд Миланд болсон Ази-Европын 10 дугаар уулзалтад 43 улсын төр засгийн тэргүүн нар цугласан бөгөөд 2016 онд Улаанбаатарт болох уулзалтын үеэр АСЕМ-ын 20 жилийн ой тохиох учир оролцогч түншүүдийн тоо илүү байх болов уу хэмээн таамаглаж байна.
Үнэндээ, ийм олон орны төрийн тэргүүн, өндөр дээд түвшний төлөөлөгчдийг нийслэлдээ цуглуулна гэдэг тухайн улс орны чадамж, зохион байгуулалт гээд олон зүйлээр томоохон сорилт авчирч байгаа ч Монгол Улсыг зохион байгуулагч орноор сонгосон нь тус улсын дипломат албанд төдийгүй бусад салбарт олон шинэ боломж, гарц нээх ач холбогдолтой юм.
Нэгдүгээрт, АСЕМ-ыг зохион байгуулснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баримталж ирсэн гадаад харилцааны идэвхтэй бодлого нь томоохон амжилтад хүрч байгааг илэрхийлнэ. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ихэнх хугацаагаа улс орны гадаад харилцааг тэлэх, олон улсын тавцанд нэр хүнд, оролцоо, байр сууриа нэмэгдүүлэх чиглэлд зориулж ирсэн.
Энэ хугацаанд гарсан томоохон ахиц дэвшлээс дурдвал Улаанбаатарын хэлэлцээрийг Зүүнхойд Азийн аюулгүй байдлын хуралд оруулж, БНХАУ, ОХУ, Монгол Улсын гурван талт хамтын ажиллагааны механизмыг эхлүүлсэн, мөн НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоосон зэргийг онцолж болно. Үүний хажуугаар БНХАУ-аас явуулж буй дипломат байр сууриа сурталчлах, бүсийн харилцаагаа шинэчлэх бодлогод Монгол Улс хамрагдаад авсан. Монгол Улс 2014 оны эхээр БНХАУ-д төвтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жинхэнэ гишүүн болж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны (АДБХӨБ) үүсгэн байгуулагч гишүүн болсон. АДБХӨБ нь Хятад Улсын шинэ хөгжлийн банк ба үүнийг шинжээч нар Японы Азийн хөгжлийн банк болон АНУ-ын Дэлхийн банкны өрсөлдөгч хэмээн үзэж байна. Эцэст нь Монгол Улс Бээжингийн “Шинэ торгоны замын стратеги”-т хамрагдаж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн коридорын шугаманд хамрагдах аж.
Хэдийгээр Монгол Улсын улс төр, эдийн засгийн дотоод нөхцөл байдал сүүлийн хоёр жил уруудсан үзүүлэлттэй байгаа ч олон улсад чиглэсэн дипломат харилцааг үлгэр жишээ, сайн гэж үнэлж болохуйц байгаа бөгөөд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад олон орны төрийн тэргүүнийг цуглуулах нь Ерөнхийлөгчийн зүгээс баримталж ирсэн хүчин чармайлтын оргил, басхүү Монголын дипломат албаны ерөнхий амжилтыг илэрхийлэх юм.
Түүнчлэн, Монгол шиг шинэ тутам хөгжиж буй эдийн засагтай улсын хувьд ийм дээд түвшний уулзалтыг зориглон зохиох нь ховор бөгөөд энэ нь тэдэнд өөрсдийгөө сурталчилж, хөрөнгө оруулалт татах боломж олгож байгаа юм. Гэхдээ үүнийг аль хэр сайн хийж чадах нь Монгол Улс дотоод нөхцөл байдлаа цэгцэлж чадах эсэхээс шалтгаалах юм. Үүний бас нэг шалтгаан бол АСЕМ нь Монголын парламентын сонгуулийг шил даран, сар хүрэхгүй хугацааны дараа зохиогдохтой холбоотой. Үүнээс өмнө бодлогын болон улс төрийн тогтвортой байдалд хүрэх нь Монгол Улсын хувьд нэн тэргүүний асуудал байх ёстой бөгөөд энэ нь тус улсын эдийн засагт тохиолдоод байгаа хямралыг гэтэлгэж, улс төрийн орчинд үүсч болох тогтворгүй байдлаас сэргийлэх хамгийн зөв арга болоод байна. Хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнээс дурьдвал, улс төрийн дотоодын хагарал тэмцэлд цэг тавих, гацаанд орсон хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэх, санхүүгийн ухаалаг зарцуулалт болон тогтвортой байдлын баталгаа гаргах гэх мэт дотооддоо болон олон улсад танигдсан арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй юм.
Гэвч одоогийн байдлаар тогтвортой байдалд тус нэмэр болох хүчин зүйл гаргаж ирнэ гэсэн баталгаа харагдахгүй байна. Аз болоход АСЕМ хүртэл чамлахааргүй хугацаа байна, энэ хооронд сонгуулиа амжилттай явуулж, эдийн засгийн шинэ өсөлтийн хөрс суурь бүрдэх үеэр уулзалтыг зохион байгуулж чадвал тус улс ардчиллыг амжилттай хэрэгжүүлж буй, эдийн засгийн өсөлттэй яваа орны жишээ болж, дэлхий нийтэд өөрсдийгөө эерэг дүр төрхтэйгээр харуулах боломжтой. Харин эрсдлийн хувьд популист амлалт бүхий сонгуулийн сөрөг кампанит ажил макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж, хөрөнгө оруулагчдыг үргээж, үүнээс үүдсэн сөрөг мэдээ мэдээлэл нь тус улсын нэр хүндэд хасах оноо авчрах магадлалтай. Эцэст нь хэлэхэд, Монгол Улс энэ бүхнээс урьдчилан сэргийлж, алсын хараатай байж чадаж гэмээ нь АСЕМ-аар ирэх анхаарал, сонирхлоос ашиг хүртэж чадна.
Уиллиам Төрнэр
Уиллиам Төрнэр бол M.A.D. Investment Solutions компанийн Хөрөнгө оруулалтын захирал. Тэрбээр Монголд суурьшихаасаа өмнө олон улсын харилцаагаар төгссөн ба ИБНВУБУИ, Камбож, Бельги Улсад ажиллаж, амьдарч байсан. Түүний судалгааны ажлын гол сонирхол нь Ази-Номхон далайн бүсийн аюулгүй байдалд олон улсын байгууллагуудын үзүүлэх нөлөө юм. Энэхүү нийтлэлийг тэрбээр хувь хүний үүднээс бичсэн болно.
Эх сурвалж: The Diplomat
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.