Шууд Chart

Хүүхдийн хатгалгаа өвчин нэмэгдэхэд утаа хамгийн ихээр нөлөөлж байна

2016-01-28 11:51:18

Өнгөрсөн өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөлгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан.

Уг зөвлөлгөөнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчид гээд нийтдээ 160 гаруй төлөөлөгч оролцож агаарын бохирдлын талаар ярилцсан юм. Энэ үеэр яригдсан гол сэдвүүдийн нэг нь агаарын бохирдол хүүхдийг уушгины хатгалгаа тусахад ихээр нөлөөлж байгаа талаар илтгэл байсан.

Дэлхий даяар хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн түгээмэл шалтгааны нэг нь уушгины хатгалгаа байдаг. Түүнчлэн уушгины хатгалгаа бол хүүхдийн эндэгдлийн түгээмэл шалтгаан болдог. Ихэнх улс оронд нийт хүүхдүүдийн 1-2 хувь нэг хүртэлх насандаа уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн байдаг байна. Монгол Улсад хүүхдүүдийг уушгины хатгалгаагаар өвдөх өндөр эрсдэлтэй гэж үздэг. Мелбурны Мурдокын Хүүхдийн Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ким Мулхолландын хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод хүүхдүүд өвлийн улиралд уушгины хатгалгаа өвчнөөр өвдөх магадлал хамгийн өндөр гарчээ.

Дээрх хүрээлэнгийн судлаачид нийслэлийн дөрвөн дүүрэгт уушгины хатгалгаа өвчний шинэ тохиолдлыг хянасан байна. Ингэхэд өвчилсөн нийт хүүхдүүдийн 20-30 хувь нь ядуу өрхийн, 28-42 хувь нь гэрт амьдардаг. 50-60 хувь нь нүүрс түлдэг, 50 хувь нь гэрт нь хамгийн багадаа нэг тамхи татдаг хүн байдаг гэсэн дүн гарчээ.

Өмнө нь манай улсад хоол тэжээлийн дутагдал уушгины хатгалгаа өвчний гол шалтгаан болдог байсан бол одоо гол шалтгаан нь агаарын бохирдол болсон гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түлээ, нүүрсний утаа, автомашины хорт хаягдал, тамхины утаа зэрэг хорт агаар хүүхдүүдийн өвчлөлд хамгийн ихэээр нөлөөлж байна.

Утаанд агуулагдах нүүрсхүчлийн дутуу исэл нь жирэмсэн эмэгтэй, ихэсийн цусны эргэлтийг бууруулдаг. Ингэж ихэсийн цусны эргэлт буурснаар хүүхэд дутуу жинтэй төрөх шалтгаан болдог. Харин бага жинтэй төрсөн хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр өвдөх магадлал ихтэй байдаг. Үүнээс гадна хорт утааны нян хүний биед суурьшсанаар нянгийн гаралтай уушгины хатгалгаа үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Манай улсын хувьд энэ асуудлыг шийдэхийн тулд эхлээд уушгины хатгалгаатай хүүхдийн эмнэлгийн тусламжийг сайжруулах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн агаарын бохирдлын нөлөөг бууруулах, тохиолдлыг илрүүлж эмчлэх үйл ажиллагааг сайжруулах ёстой гэдгийг хэлж байсан юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн хатгалгаа өвчин нэмэгдэхэд утаа хамгийн ихээр нөлөөлж байна  
Үзсэн: 2308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй