Шууд Chart

В.Байгаль: Улаанбурхан өвчний дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрөл үүссэн байгаа

2016-03-17 10:06:32

Манай улс өнгөрөгч 2014 онд улаанбурхан өвчний тархалтыг зогсоож чадсан орон хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн ч өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ өвчний дэгдэлт ихэссэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1800 гаруй хүн улаанбурханаар өвчилсөн нь тогтоогдоод байгаа юм.

Бид улаанбурхан өвчин яагаад дахин дэгдэж эхэлсэн, дэгдэлтийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авах, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгальтай ярилцлаа.

-Сүүлийн үед манай улсад улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Манай улсад 1973 оноос улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэлсэн. 1973-1988 оны хооронд нэг тунгаар хийж байгаад 1989 оноос өнөөг хүртэл хоёр тунгаар хийж байна. Одоо есөн сартай, хоёр настай хүүхдүүдэд вакцин хийдэг. Ингэж вакцинаа хоёр тунгаар бүрэн хийлгэсэн бол тухайн хүүхэд улаанбурхан өвчний эсрэг бүрэн дархлаа тогтох боломжтой. Гэхдээ жил бүрийн вакцинд хамрагдалтын мэдээнээс харахад зуун хувь хүүхдүүдээ хамруулж чадахгүй байна. Нэг жилд нийт хамрагдах ёстой хүүхдийн 95 хувь нь хамрагдсан гэж үзвэл цаана нь таван хувь нь хамрагдалгүй үлдэнэ. Жил бүрийн таван хувийн хүмүүс нийлээд улаанбурхан өвчний дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрөл үүсч байгаа юм. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг, хурдан тархдаг учраас дээрх дархлаа тогтоогүй хүмүүст хурдан халдаж байна. 2015, 2016 онд улаанбурхан өвчнөөр халдварлаж байгаа хүний олонх нь дархлаажуулалтад хамрагдаагүй.

-Улаанбурхан өвчнөөр нас барах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Олон улсын түвшинд улаанбурхан өвчнөөр нас барах тохиолдол хэр их байдаг юм бол. Хүүхдүүд энэ өвчнөөр нас барж буйн гол шалтгаан нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлж ирж байгаатай холбоотой юу, эсвэл эмнэлэгийн хүртээмж, үйлчилгээ муу байгаатай холбоотой байна уу?

-Энд хэд хэдэн шалтгаан байна л даа. Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед нийт тохиолдлын 5-10 хувьд нь эндэгдэл бүртгэгддэг гэсэн судалгаа байдаг. Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд илүү өвддөг. Мөн бага насны хүүхдүүд их хүндэрч орж ирдэг. Яг өнөөдрийн байдалд улирал их нөлөөлж байна. Одоо амьсгалын замын халдварын үе эхэлчихсэн. Улаанбурхан өвчин эхлэхдээ урьдал үе гэж байдаг. Хүмүүс улаанбурхан өвчнийг халуурч, туурдаг гэдгийг мэддэг. Гэтэл ингэж халуурч туурахаас өмнө нусгайрах, ханиалгах, нүд үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Иргэд үүнийг нь мэдэхгүй томуу гэж андуураад хүндрүүлдэг. Үүнээс гадна суурь өвчтэй хүүхдүүдэд энэ өвчин их амархан хүндэрч байна. Тэгэхээр эцэг, эхчүүд хэрэв хүүхдэд нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж шинж тэмдгийн эсрэг эмчилгээгээ эртхэн авах хэрэгтэй.

-Улаанбурхан өвчний илрэх нууц үе нь 10-14 хоног байдаг. Тэгэхээр улаанбурхан болон томуу төст өвчний эхэн үед илрэх шинж тэмдгийг эцэг, эхчүүд хэрхэн ялгаж болох вэ?

-Яг урьдал үед энэ хоёрыг ялгах нь эцэг, эхчүүд битгий хэл эмч нарт ч хэцүү. Тиймээс таны хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүл гээд байгаа юм.

-Энэ удаад залуучууд улаанбурхан өвчнөөр өвдөх тохиолдол нэмэгдэж байгаа гэсэн?

-2015, 2016 оны дэгдэлтийн хувьд өвчилж буй хүүхдүүдийн олонх нь 0-8 сартай байна. 0-8 сартай хүүхдүүд товлосон дархлаажуулалтын нас болоогүй учраас ихээр өвчилж байна. Мөн 18-30 насны залуус дунд өвчлөл маш их байна. тэдний хувьд өмнө нь улаанбурханы эсрэг вакциныг нэг тунгаар өгдөг байсан учраас хангалттай дархлаа тогтоогүй гэсэн үг. Нэг тунгаар авсны дараа тодорхой хэмжээгээр дархлал буурдаг. Мөн зах зээлийн үед нэг тунгаар ч гэсэн дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаж чадаагүй хүмүүс их байгаатай холбоотой.

-Тэгэхээр тухайн үед вакцин хийлгэж амжаагүй эмэгтэйгээс төрсөн хүүхэд өнөөдөр найман сар хүрээгүй байхдаа улаанбурханаар өвчилж байна гэж ойлгож болох уу?

-Эхээс хүүхдэд дархлаа очдог. Бид төрж байгаа ээжүүд дархлаатай байна уу, төрж байгаа хүүхэд нь дархлаатай байна уу гэдэг судалгааг хийж байна. Манай улсад 11 төрлийн халдварт өвчнөөс долоон төрлийн вакцинаар хамгаалж байгаа. Тэгэхээр халдварт өвчнүүдийн эсрэг дархлаа ямар байгаа талаарх судалгааг улсын хэмжээнд хийх шаардлагатай.  Тийм  учраас энэ судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийж байгаа юм.

-Улаанбурхан өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?

-Хэрэв хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлж болно. Улаанбурхан өвчин халдварлалт өндөртэй. Тухайн хүний биед тууралт гарахаас өмнө дөрөв хоног, тууралт гарснаас хойш дөрөв хоногийн дараа халдварлалт их өндөр байдаг. Тэгэхээр энэ хугацаанд л өөрийгөө бусдаас тусгаарлах хэрэгтэй.

-Засгийн газраас улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээ авахад зориулж 900 гаруй сая төгрөгийг гаргахаар болсон. Мөн яаралтай холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Тэгэхээр Эрүүл мэнд, спортын яам болон ХӨСҮТ энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-2015 онд анх дэгдэлт гарахад зонхилон тохиолдож байсан зургаан сартайгаас зургаан настай хүүхэд рүү чиглэсэн дархлаажуулалтыг хийсэн. Энэ ч утгаараа одоо өвдөж байгаа хүүхдүүд дунд энэ насны хүүхдүүд харьцангуй бага байна. Харин одоо 18-30 насны залуус дунд вакцин хийх шаардлагатай байгаа. Энэ асуудлыг Засгийн газраас шийдээд өгчихсөн. Засгийн газраас мөн энэ дархлаажуулалтын ажил зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэд өөрсдөө санаачилгатай байх ёстой гэсэн чиглэл гаргасан. Яагаад гэхээр бид өмнө нь хүүхдүүдэд вакцин хийхдээ гэрээр нь очоод эсвэл өрхийн эмнэлэг дээр нь дуудаад хийчихдэг байсан. Харин залуус бол өөрсдөө ухамсарлаад хэрэв вакциндаа хамрагдаагүй, өвдөөгүй бол Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очоод дархлаажуулалтдаа хамрагдах ёстой. Харин албан байгууллагууд бол яаралтай 18-30 насны залуусынхаа тоог бидэнд гаргаж өгөх шаардлагатай. Ингээд гаргаад өгчихвөл тухайн хариуцсан дүүргээр нь дамжуулаад вакциныг нь хийнэ.

-Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэн үед эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаа болих уу, ямар витамин уулгах вэ гээд маш олон асуулт тавьдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг манай уншигчдад өгөхгүй юу?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд өвчлөл бага байна. 2015 онд зургаа хүртэлх насны хүүхдүүдэд дархлаажуулалтаа хийчихсэн. 2012 онд 3-14 хүртэлх насны хүүхдүүдээ вакцинжуулчихсан болохоор энэ насанд өвчлөл харьцангуй бага бүртгэгдэж байгаа. Урьдчилан сэргийлэх арга бол товлосон дархлаажуулалтаа цаг хугацаанд нь ор. Хэрэв товлосон дархлаажуулалтдаа ямар нэг байдлаар орж чадаагүй бол өрхийн эмнэлэг дээрээ очоод нөхөн дархлаажуулалтдаа ор. Мөн вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа иргэд бол төлбөрөө төлөөд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Мөн вакцинаас гадна олон нийтийг хамарсан газруудаар явахгүй байх, гадуур явж байхдаа амны хаалт зүүх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, сайн унтаж амрах, дулаан байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тогтмол агаар оруулж байх зэрэг арга хэмжээг авч байвал заавал улаанбурханаар өвдөнө гэсэн ойлголт байхгүй.

-Баярлалаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

В.Байгаль: Улаанбурхан өвчний дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрөл үүссэн байгаа  
Үзсэн: 1490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-17 15:33
эцэг эхчүүд хүүхдээ вакцинаас хоцроогоод байнга дуудуулж байдагаа больчих хугацаанд нь л оруулаач
202.21.101.xxx [202.21.101.xxx] 2016-03-17 13:37
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХИЙ ЦАЛИН АВЧ БАЙХААР ТАРСАН ДЭЭР ДЭЭ
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-03-17 13:10
kkkkkkkkkkkk yun buugnurul ve uursduu ajlaa hiigeech uvchilsun humuusee gereer butsaagaad nuguu humuus ni ajil geriinhendee haldvar taraagaad yvaad bna emch bish hunii nudeer harahad
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-03-17 12:37
Улаанбурхан өвчний халдвар өндөр, өвчилсөн хүүхэдийн тоо буурахгүй байгаа гол асуудал бол манай улсын өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт дархлаажуулалтанд хамрагдах хүүхэд нэг бүрийг гэрээр нь явж хянахгүй, хамруулахгүй байгаа байдаас болж дархлаажаагүй цонх хүн гарч ирээд байгаа явдал юм. Өрхийн эмч хаалга болгоныг онгойлгож бүртгэх хэрэгтэй, Эцэг эх хугацаа алдахгүй хүүхэдээ дархлаажуулалтанд хамсруулсан цаг нэг халдварт өвчний гаралт буураах болноо гэдэгийг хатуу ойлгох хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй