“Түмэн-Эх” чуулгын уртын дуучин. Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачийн олон улсын уралдааны гранпри шагналт. МҮОНТ-ийн “Монгол туургатны дууны их наадам”-ыг II байрын шагналт, хошин дуу дуулаачийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт. Уртын дууны “Түмэн эх”, ардын дууны “Ардын дуу” цомог гаргасан төдийгүй МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй хамтран “Жаргалтайн дэлгэр” монгол ардын дуу, уртын дуу хосолсон кино концерт хийсэн. МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн шавь.
-Та Хөвсгөл нутгийн хүн. Нутаг усныхаа дуу хуурын тухай яриач?
-Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хүн. Миний аав уртын дуунд дуртай малчин ард байсан. Тэгээд аавынхаа заасан замаар уртын дуугаа сурах гэж хичээж явна. Миний нутаг бол өндөр өндөр уулстай. Тэр ч утгаараа Хөвсгөл чигийн дуунууд дээд өнгөнд дуулагддаг. Нэг уулын оройгоос нөгөө уулд сонсогдохуйц чанга дээрээс эхэлдэг онцлогтой. Манай дархад дуунууд гуниг гутрал багатай хөнгөн шингэн байдаг. “Дэлтэй цэнхэр”, “Тосонгийн орой”-г дуулах сайхан шүү дээ.
-Дуулах дуртай дуу тань?
-“Дуртмал сайхан” монгол ардын уртын дуу. Энэ бол монгол хүний найр наадам, төрийн их дуу гэж явдаг. Өмнө нь “Таван тахил” гэж нэртэй байсан. Ер нь бол монгол уртын дуу боржигон, баян бараат, төв халх, зүүн баруун аймаг гээд олон дэг сургууль төрөл жанртай. Энэ бүхнээс мартагдсан аялгууг сэргээх гээд ажиллаж л байна.
-Цаашдаа?
-Бодсон юм байнаа. Би чинь уртын дууныхаа буянаар олон сайхан юм үзсэн. Ойрд л гэхэд 2 сард Япон явна. Америк явна. Цаашдаа баянбараат, боржигон, төв халх аялгууг нэгтгэсэн мартагдах буй дуунуудын цомог гаргана. 4 сард тоглолтоо хийчих бодолтой. Ер нь бол уртын дууг монголчууд маань улам сайн судалж сурталчилж, уртын дууг маань хүн бүхэн сонсдог болгохын төлөө явж байна даа.
-Дуулах үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Би монгол уртын дуундаа хайртай болохоор зүйрлэшгүй сайхан мэдрэмж авдаг. Уртын дууг ойлгож амьсгаагаа авч дуулах хэрэгтэй. Ер нь уртын дуучин гэдэг аугаа сайхан хувь тохиол гэж ойлгодог. Манай залуус уртын дуугаа судлаад сураад яваасай гэж хүсдэг.
-Ингэхийн тулд яах вэ?
-Монгол уртын дуу 1000 жил дуулагдсан үндэсний өв их соёл. Залуучууд уртын дууг хөгшин хүн сонсдог гэж ойлгодог үе байсан. Бид бол түгээн дэлгэрүүлэх сурталчлах үүрэгтэй. Би энэ үүргээ сайн биелүүлэх юмсан гэж хичээдэг. Адаглаад жилд уртын дууны нэг өдөртэй бол гоё. Залуу хүнийхээ хувьд ийм мөрөөдөл бий. Хүн бүхэн амандаа “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-аа аялдаг болчихвол сайхнаа. Монгол уртын дуу маань дэлхий дахинаа цуурайтаж монголчууд сайхан урлагаа сонсож судлаасай, сураасай. Монгол уртын дуучид маань өөрсдийнхөө төлөө явж уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх тал дээр маш их үйл ажиллагаа зохион байгуулаасай гэж бодож байна.
-Уртын дуучин хүнд морин хуурч их чухал. Гар нийлдэг уран бүтээлчдийнхээ талаар?
-СУИС-ийн багш Алтанбат, “Түмэн-Эх” чуулгын морин хуурч Дамдин, АЖ Батсайхан байна. Морин хуурч уртын дуучин хоёрын мэдрэмж нэг цэг дээр нийлж байж уянгалаг сайхан аялгууг хөврүүлдэг учиртай юм. Тэгэхээр морин хуурч, уртын дуучин хоёрыг салгаж ойлгох аргагүй.
-Та Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачийн олон улсын уралдааны гранпри шагналт дуучин. Тэгэхээр бусад орны дуучдын уртын дууг дуулах чадварын талаар яриач?
-Монгол уртын дууг гадаад хүн дуулна гэдэг их хол л доо. Гэхдээ яахав, өөр өөрийнхөө хир хэмжээнд сураад дуулж байна лээ. Монгол хүний цус генд байгаа юмыг монголчууд шиг уран сайхан цэцэн дуулна гэдэг биелэшгүй зүйл л дээ.
-Амжилт хүсье.
МУСТА Б.Мөнхбаатар:Хөвсгөл чигийн дуунууд дээд өнгөнд дуулагддаг... | ||
Үзсэн: 4668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.