Шууд Chart

С.Пүрэв: Цагдаа бол Монголын утга зохиолын том дүр

2017-05-09 10:39:24

Монголын уран зохиол, кино жүжигт цагдаагийн алба хаагчийн ажил амьдралыг харуулсан хуруу дарам цөөхөн шилдэг бүтээл бий. “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль”, “Загийн алим” зэрэг  уран сайхны кино, “Эргүүлэг”, “Усны гудамж” гээд олон арван  роман туужаараа уншигчдын танил болсон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэвийн “Дарьгангын гудамж” роман цагдаагийн номын санд жин дарах сайхан бүтээл болжээ.  Шинэ бүтээлээ цагдаагийн алба хаагч нартаа зориулсан, Монголын утга зохиолын үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгчдийн нэг Санжийн Пүрэв гуайтай цөөн хором ярилцлаа.

-Шинэ бүтээлээ цагдаагийн алба хаагчийн тухай туурвисанд баярлалаа. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Та нарын үндсэн ажил бол ард иргэдийнхээ амар тайвныг сахиулах алба. Минийх бол зохиол бүтээл туурвих юм даа. Өндөр нас хүрсэн гэлтгүй ах нь үргэлжид  бичиж туурвих л ажил хийдэг хүн. Цагдаагийн албаны чамтай ярилцаж суугаад энэ зохиолыг бичих болсон. Олон ажил мэргэжлийн хүмүүсийн тухай роман бичихдээ цагдаагаа гол баатраа болгосон бүтээл бол хараахан бичээгүй байсан. Эргээд уншихад олон хүнд их зүйл бодогдуулах байх гэж бодож байна.

-Та энэ романаараа юун тухай өгүүлэхийг зорьсон бэ? Үйл явдлаас нь товч  хуучилна уу?  

-Энэ бүтээлээрээ би тухайн үеийн нийгмийн амьдрал, хүмүүсийн ёс суртахуун, ажил хөдөлмөр, хүсэл зорилго хийгээд Монголд ардчилал хэрхэн үүссэн, түүнд хүмүүс хэрхэн хандаж хүлээн авсан зэргийг эгэл жирийн хорооны цагдаагийн амьдралаар дүрслэн харуулахыг хичээлээ. Эргүүлийн цагдаа Уужимын аав Ардын хувьсгал ялж, төр засаг байгуулагдах үеэс эхлэн гучаад онд төв шоронд “Гяндан харуул” гэгдэх хуягийн ажил хийдэг байсан. Үр хүүхдүүдээс нь отгон хүү Уужим цагдаа болно гэхэд аав нь их баярладаг. Цагдаагийн албыг эзэн богд Чингис хааны эцэг нэгт дүү Бөх Бэлгүтэйн үеэс эхтэй болохыг  өгүүлж,  цагдаагийн тэмдэглэл, зохиогчийн уран сайхны бичвэрийг гол болгон сүлжин зохиомжилсон. Мөн цагдаагийн алба хаагчийн нөхөрлөл, хайр сэтгэл гээд олон талаас нь үзүүлэхийг хичээсэн.  Өнөө цагийн уншигчдад төдийгүй цагдаагийн алба хаагч нар маань уншвал сонин байх болов уу гэж бодож байна.

-Цагдаагийн алба хаагчийн ажил амьдралын тухай бусад бүтээлүүдийн тухайд таны бодол?

- Ер нь цагдаа бол Монголын утга зохиолын том дүр. Даанч томоохон хэмжээний бүтээл цөөхөн байна. Хошууч генерал Б.Пүрэвийг Цагдаагийн ерөнхий газрын дарга байхад манай Зохиолчдын хорооноос хүсэлт тавьж, Эрүүгийн Цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газар, Хотын цагдаагийн газарт зохиолчдоос томилуулан ажиллуулж байсан юм билээ. Зохиолч А.Шартолгой хамгийн олон шүлэг зохиол бичиж, Төрийн шагналт зохиолч  Д.Гармаагийн маань “Алтан бурхнаа хулгайд алдсан нь” роман бичигдсэн гэж сонссон. Цагдаагийн ажил үйлс, алдар гавьяа олон сайхан ном зохиол бүтээлд мөнхрөөсэй гэж бодож байна.


С.Пүрэв: Цагдаа бол Монголын утга зохиолын том дүр  
Үзсэн: 1968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй