МҮОНР-ийн “Хурд” агентлагийн 14 хоног тутам сонсогчдын хүртээл болдог “Онцлох сэдэв” ярилцлагын буланд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр зочноор уригджээ. Тэрээр өөрийнхөө нэр холбогдоод буй олон асуудлуудад дэлгэрэнгүй хариулт өгснийг MNB.mn сайт уншигчдадаа хүргэж байна.
-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Сөрөг хүчнээс яриагаа эхэлье гэж бодлоо. Энэ удаагийн парламентад ЗГ хяналтгүй, УИХ сөрөг хүчингүй ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг удаа дараа тавьж ирсэн гишүүний нэг нь та. Намынхаа их хурлаар сөрөг хүчнийхээ үүргийг тодорхойлчихсон энэ цаг үед өөрчлөлт гарсан болов уу?
-Манай радио сонсогчид санаж байгаа байх аа. Энэ УИХ байгуулагдаад сөрөг хүчний намын бүлэг байгуулагдахгүй их удсан. Тэр үед Засгийн газрын шинэ бүтцийг байгуулахдаа хяналтын үүрэгтэй агентлагуудыг яаман дотор нийлүүлээд тавьчихсан. Өөрөөр хэлбэл, яам нь өөрөө дотроо хяналтынхаа байгууллагуудыг авчихаж байгаа юм. Тэгэхээр сайдынхаа өөдөөс болохгүй, бүтэхгүйг нь хэлэх дарга хэд олдохов. Ингээд л яам нь дотроо хяналтгүй болчихож байгаа юм. Дээрээс нь Засгийн газрын гишүүдийн ихэнх нь УИХ-ын гишүүн. Энэ нөхцөлд УИХ Засгийн газраа хянах үүрэг нь алдагдчихаж байгаа юм. Уул нь УИХ дотроо олонхоо цөөнх нь хянаж ажиллах ёстой. Гэтэл цөөнхийн бүлгийг байгуулахгүй болохоор энэ хяналт алдагдчихаад байна гэсэн шүүмжлэлийг би хэлж ирсэн. Саяхан МУ-ын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” хурлын үеэр сайдын албыг давхар хашиж байгааг зогсоох хуулийн төслийг батлуулна гэж мэдэгдлээ шүү дээ. Ер нь бид өөрсдөө хэчнээн сайн байсан ч гэсэн хажуунаас нь хянахгүй л бол алдаа гарах магадлал өндөр гэдгийг хэлээд байгаа юм л даа.
-Тухайлбал УИХ-ын гишүүдийн 34 хувь нь танай намын гишүүд. Намын бүлэг ч ажиллаж байна. Байдал өөрчлөгдсөн юм биш үү?
-Бид сөрөг хүчин байхын төлөө сөрөг хүчин байх ёсгүй гэж би хувьдаа боддог юм. Юм болгоныг улс төрийн нүдээр хараад байж болохгүй. Жишээлбэл, өнөөдөр бид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ асуудалд манай намын гишүүд элс хайрганд зориулсан тусгай хууль гаргаж яах юм, Ашигт малтмалын хууль дотроо нэг бүлэг нэмээд л түгээмэл тархацтайгаа шийдчихье гээд байгаа хэрэг. Шинэ хууль гаргаж байна гээд хуучин хуулийн зохицуулж байсан олон зүйл заалтыг үлдээчихвэл сүүлдээ маргаан үүслээ гэхэд зохицуулах хуульгүй болчих аюултай. Монгол улс чинь нэгдсэн улс шүү дээ. Гэтэл элс хайрганы лиценз олгодог 21 вант улстай болох гээд байгаа юмуу. Нэгдмэл бодлого чинь хаана явах юм бэ гээд шүүмжлээд байгаа юм л даа. Энд ямар ч улс төр байхгүй ш дээ. Асуудлыг тунгаагаад яриад байгаа юм чинь зөв юм байна. Сүүлд нь хайрга гэдэг ашигт малтмалыг олборох лицензийг хаа хамаагүй мэргэжлийн бус хүмүүст олгоод будлиулчихгүйн тулд ашигт малтмалын хуулин дотор оруулаад өгчихвөл зохицуулалт нь зөв юм байна гээд ЗГ асуудлыг өөрчлөөд, шийдээд явж болохоор байгаа юм. Түүний оронд хий дэмий улс төржөөд байна гэж би хувьдаа харж байна.
-Түүх соёлын олдвор гадагшаа гарч байгаа гэх шүүмжлэл бас л таны удирдаж байсан салбарт хамаатай. Таныг БСШУ-ы сайдаар ажиллаж байх үед энэ талын хамгаалалт тааруу байж гэж харагдаад байна л даа?
-Одоо УИХ-д Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байна. Би ажлын хэсгийг нь ахалж байгаа. Үүнд хосгүй үнэт өвийг хилээр гаргах, үүнтэй холбоотой асуудлуудыг зохицуулах хуулийн зохицуулалтыг оруулж ирж байна. Ер нь 90-ээд оноос гараад явчихсан олон үзмэрүүд бий. Одоогийн хуулинд огт гаргахгүй гэсэн хуулийн заалтч явж байгаа. Ингэж хаах нь өрөөсгөл гэдгийг би ССАЖ-ын сайдад хэлсэн. Бид олдсон бүхнээ сэргээх чадваргүй. Нэг юм олчихдог, нүдэн дээрээ үүрээд унахыг нь харсаар суултай биш. Гадагш сэргээн завсарлуулаад авах тийм харьцаанд орох хэрэгтэй л болно. Сүүлийн үед яригдаад байгаа үлэг гүрвэлийн яс болон зарим олдвор 90-ээд оны дунд үед хилээр гарчихсан байдаг. Хуулийн зохицуулалтгүй үед гарсан гэсэн үг.
-“Авлигажсан барилга” гэх нэр томъёо гарч ирж, таны хариуцаж байсан салбарт түлхүү хэрэглэгдэх боллоо. Энэ шалтгаанаар төсвийг нь царцаагаад байгаа барилга дотор олон ч сургууль, цэцэрлэг орж байна. Таныг БСШУ-ы сайд байх үед ажил нь эхэлж байсан барилгуудын төсөв өсөх болсон шалтгааныг юу гэж харж байна?
-Зарим нэгэн барилга дээр судлах асуудал байна гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нийтэд нь авлигажсан гээд улс төржөөд бүх барилгын төсвийг нь хянана гээд явж байгаа бол түүгээр явсан гайг үүгээр л дуудаж байгаа юм даа. Амьдралаа мэдэхгүй хүмүүс ийм юм яриад байна ш дээ. 2013 оны төсөвт суучихсан барилгын үнийг шалгана гээд ирэх онд шилжүүлж байна. Гэтэл 2013 оны төсөвт суусан барилгын зураг төсвийг 2012 онд хийсэн учраас тухайн оны үнээр хийгдчихсэн гэсэн үг. Одоо түүний зураг төслийг шалгавал 2014 онд төсөв нь нэмэгдэж л таарна. Төсөв нэмэгдэх бас нэг шалтгаан нь Х.Баттулга сайдын 2012 оны 1 сард гаргасан барилгын үнийн итгэлцүүрийг өөрчлөх тушаал. Тэр тушаалаар барилгын үнэ, өртөг өөрөө өсөөд явчихсан. Нэг жишээ хэлье. Булган аймгийн төв дээр 640 хүүхдийн хоёр сургууль баригдах гэж байна. Нэг нь баригдаад явж байгаа. Нөгөө нь ирэх оноос баригдахаар болж байна. 2012 оны зургаар хийгдээд, 2013 оны төсөвт суугдаад барилга нь эхэлчихсэн сургуулийн төсөвт өртөг 2,6 тэрбум төгрөг байхад энэ оны үнээр хийгээд 2014 оны төсөвт сууж байгаа мөн л 640 хүүхдийн сургууулийн өртөг 4,3 тэрбум төгрөг байх жишээтэй.
-Үүний нэг буруутан нь төсвийг ерөнхийлөн захирагч сайд нар байсан юм биш үү гэсэн хардлага ч бий?
-Намайг сайдаар ажиллаж байх үед БСШУ-ы салбарт 200-300 барилга барьдаг байлаа. 2013 онд энэ салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл гуч гаруй хувьтай байна гээд нэлээд шүүмжлүүллээ л дээ. Түүний шалтгааныг Ерөнхий сайд авилгажсан учраас гээд тайлбарлаад байна. Тиймээс би нэг зүйлийг анхааруулсан. Та нар яг нарийн судлаач ээ гэж. Нэгдүгээрт, 2013 онд төсвийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар худалдан авалтыг Худалдан авах үйл ажиллагааны газар, орон нутаг хоёрт шилжүүлсэн. Үүнээс болж нэг газар олон тендер овоорч, удаад байгаа юм биш биз. Хоёрдугаарт, орон нунтагт шилжүүлчихлээ гэж байна. Тэнд хяналтын инженер байхгүй, зураг төсөв зохиодог хүн байхгүй. Манай Булган аймагт “Мөнгөн харандаа” гээд зураг төсвийн ганцхан компани байсан. Гол хүн нь нас барсан учраас Улаанбаатарт л хийлгэж байна. Ийм байдлаар хөдөө орон нутагт чадавхгүйгээсээ болоод тендер удаад байгаа юм биш үү. Гурав дахь шалтгаан нь оны эхнээс эхлээд орлого бүрдүүлэлт муу байснаас Сангийн яам санхүүжилтийн эрхээ хязгаарласан. Санхүүжилт удсан ч 8 дугаар сарын 23-нд ЗГ-ын тогтоол гаргаад, ажил нь эхлээгүй, тендер нь явагдаагүй гээд олон ажлыг зогсоочихсон. Иймэрхүү шалтгаан байгаа юм биш үү. Ер нь зарим нэгийг нь шалгаад тогтоох л ёстой. “Алтай” чуулгын барилга байна. Хамгийн их яригддаг. Намайг сайд болоод очиход ажил нь эхэлчихсэн байсан. Түүнээс хойш жил болгон янз бүрийн юм нэмээд өртөг нь нэмэгдээд явдаг. Шалгаад тогтоох байлгүй.
-Таныг БСШУ-ы сайд байх үеийн салбарын төсөв, ирэх оны төсөв хоёр нэг их өөрчлөгдсөнгүй юу. Та харьцуулж үзэв үү?
-2014 оны салбарын төсөв дээр би хоёр зүйлд сэтгэл дундуур байна. Их төсөвтэй гэж дуудуулдаг ч үнэн хэрэг дээрээ төсөв өсөөгүй. Би 2012 онд ажил өгөхөд манай салбарын төсөв 1 их наяд 180 тэрбум төгрөг орчим байсан. Одоо энэ хавьцаа л байна. Гэтэл төгрөгийн ханш 20-30 хувь уначихлаа ш дээ. Тэгэхээр салбарын төсөв 20-30 хувь буурчихлаа гэсэнтэй адил. Үнийг нь шалгана, төсөвт өртөгийг үзнэ гээд 2014 оны төсөвт 00 /тэг/ санхүүжилттэй гээд баахан барилга орлоо шүү дээ. Үүн дотор ихэнх нь сургууль, цэцэрлэг байгаа юм. Санхүүжилтийг нь зогсоочихоор бага багаар тоногдох, үрэгдэх вий. Хөрөнгө шамшигдах вий гэж болгоомжилж л байна. Ер нь салбарын төсөв том байдаг тал дээр нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. МУ-ын төрийн албан хаагчдын бараг тал хувь нь энэ салбарт ажилладаг. Энэ олон хүний цалин, хангамж гээд. 200 мянган хүүхэд цэцэрлэгт, 500 мянган хүүхэд дунд сургуульд явж байна. Мөн 160 мянган оюутан сурч байна. Тэдний 70 мянгаас эхлээд хувьсах зардал гээд хүссэн хүсээгүй зардал их гардаг.
Бид өөрсдөө хүн амын жигд бодлого барихгүй байна. Нэг талаас монголын үрс маш олон болтугай гээд хүүхдийн мөнгө өгөөд байдаг. Төрөлт нэмэгдсэн. Тэгсэн атлаа боловсролын салбарт бага мөнгө тавьчихдаг. Хүүхдүүд цэцэрлэгтээ, сургуульдаа багтахгүй байна шүү дээ. Монголын “харанхуй үрс олон болтугай” гэж байгаа юм шиг болчихоод байна.-
Таныг сайд байхад эхэлсэн зарим нэг ажил өнөөдөр хэвийн үргэлжилж чадахгүй байгааг багш нар цухуйлгалаа хэмээн та “твиттэр”-ээ бичсэн байсан. Ер нь манайд төрд шинэ, шинэчлэл нэрээр залгамж чанар алдаад байна уу даа гэх шүүмжлэл ч гарч л байгаа. Үүнд та ямар хариу өгөх бол?
-Тэр бол Олон улсын шаардлагад нийцсэн боловсролын шинэ стандартыг нэвтрүүлэх ажил л даа. Сэтгүүлчид “Кембриж”-ийн гээд нэрлээд байгаа. Кембрижийн ч биш л дээ. 180 улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУ-ын стандарт юм. Үүнтэй холбоотой багш нар жаахан гомдол ярина лээ. Түүнээс болоод би зориуд лабортори сургуулиуд дээр очиж үзлээ. Сайдтай нь ч уулзлаа. Ажил явж байгаа юм байна. 6 чиглэлээр хэрэгжиж байгаа ажлын хамгийн зардалтай нь багш нар сургах. Тэр хэсэг нь санхүү мөнгөний байлдлаас болж удаашралтай байгаа юм байна. Энэ тал дээр багш нар ярьсан хэрэг. Бид Кембрижийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу 2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээний шилжилт хийх ёстой. Үүний тулд 40 лабортори сургууль дээр байгаа багш нараа эхэлж сургаад, тэд дараагийн багш нараа сургах ёстой юм.
-Энэ үнэхээр манай хөрсөнд суух, таарах стандарт мөн үү. Энэ тухай шүүмж маргаан цөөнгүй байдаг?
-Та бид хоёр социализмын үед Ерөнхий Боловсролын Сургууль төгссөн, тийм үү... Тэр бол Орос стандарт. Бид муу бүтээгдэхүүн болж гараагүй ш дээ. Тийм болохоор хорвоод хосгүй монгол стандарт байдаг гэж нэгнээ хуураад хэрэггүй байх. Хоёрдугаарт, энэ стандартыг нэвтрүүлж байгаа хичээл бол тоо, хими, физик, байгалийн шинжлэх ухаан, англи хэл. Хятад тоо, орос тоо, англи тоо гэж байхгүй биз дээ. Тийм болохоор яг тухайн ангийн тооны хичээл дээр өгч байгаа мэдлэгийн хэмжээ нь ОУ-д өгч байгаа мэдлэгийн хэмжээтэй дүйцэж байгаа эсэхийг стандартаар нь тулгаад орхигдсоныг нь нэмж заана гэсэн үг. Ерөнхий Боловсролын Сургууль төгссөн хүүхэд гадаадад очиж сурахад монголын дунд сургуульд юу заадгийг хэн ч мэдэхгүй, гэрчилгээг нь үзээд хэн ч ойлгохгүй. Тэгвэл гэрчилгээн дээр нь “Кембрижийн стандартай дүйнэ” гээд гэрээгээ хийгээд тамгалуулчихсан байхад өөр. Үүгээрээ л давуу талтай. Энэ стандартын үр дүн нь энэ.
-Саяхан МАН их хурлаа хийж шинэ удирдлагаа сонголоо. Тус хурлын дараа намын нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар “Т.Бадамжунай тэргүүтэй авилгачид...” гэх мэтээр олны анхаарал татах мэдээллүүдийг “твиттер”-тээ бичсэн байсан. Үүнийг та ямар өнцгөөс харж байна?
-Надаас асуух нь ч буруу байх аа даа. Ер нь сэтгүүлч та нар аливаа намын хурал дээр яригдсан асуудлыг боловсон хүчнийх болгож харах юм. Ардын намын гишүүд цуглаж хуралдаж байгаа юм чинь Ардын намын хүн л сонгогдоно ш дээ.
-Гэхдээ хувь хүний үзэл бодол байна биз дээ?
-Хамгийн гол нь сая намын их хурал дээр гурван том зүйлийг хийсэн. Түүнийг нэг их ярихгүй юм. Дүрмээ өөрчилж, сөрөг хүчний намын дүрэм болгосон. Удаад нь мөрийн хөтөлбөртөө шинэчлэлт хийсэн. Бид чинь социалдемократ гэдэг үгнээс их зугатаж явсан шүү дээ. Р.Гончигдорж даргатай социалдемократ нам байсан учраас тэр. Дараа нь тэд барууны намтай нэгдчихсэн. Тэгээд л монголчуудад социаддемократ үзлийн тухай буруу ойлголт төрчихсөн. Одоо бол социалдемократ гэдэг үгээ бид оруулаад авлаа. Ингэснээр МАН гадаад ертөнцөд ойлголмжтой болж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол хуучин МАХН гэхээр экс коммунист нам, хулгайч байсан юм гэдэг шиг болоод байсан. Гурав дахь том асуудал нь мөн л анзаарагдахгүй өнгөрчихсөн болов уу. Гол гол асуудлыг үндэсний зөвшилцлөөр хийе гэдгийг манай нам анх удаа дэвшүүлэн гаргалаа. Бид жил хагас улс төржлөө. Ороод ирсэн юм байвал сөрөг хүчин учраас гөвж л байх ёстой, Засгийн газар нь сөрөг хүчин юм ярьж байвал нохой хуцаж байгаа аятай хайхрахгүй өнгөрдөг. Тэгвэл бид бүгд “Монголын төлөө” учраас хөгжлийнхөө асуудлаар, Үндсэн хуулийн маргаан дагуулсан өөрчлөлт зэрэг асуудлаар зөвшилцье гэсэн. Үүнийг л гол болгох ёстой.
-Түрүүний асуултыг би яагаад тавив гэхээр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн байсан хүн тиймэрхүү байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн нь олны анхаарлыг яах аргагүй татсан. Түүнийг дагаад МАН дотроосоо авилгачдаа зарлаад эхэллээ гэсэн тайлбар ч гарч эхэлсэн?
-Энэ бол тэр хүнтэй нь ярих асуудал. Харин нэг зүйлийг хэлэхэд манайхан авилгатай холбоотой асуудлыг ярихаар бүгд л барьж хорихыг нь л сонирхох юм. Авилгатай тэмцэх гурван үндсэн чиглэл байх ёстой гэж би боддог. Юун түрүүнд төрийн эрх мэдлийг задлах хэрэгтэй. Эрх мэдэл төвлөрөөд байгаа учраас түүнийг авилга дагана. Ганцхан монголд байгаа ч үзэгдэл бус, дэлхий даяараа ийм л байдаг. Энэ Засгийн газар гарч ирснээс хойш төвлөрөх бодлого хүчтэй явагдаж байгаад би сэтгэл дундуур байгаа. Аймгууд дээр баахан агентлагуудыг босоо тогтолцоотой болголоо. Аймаг дээр хүн асуудлаа шийдүүлэхийн тулд заавал Улаанбаатарт очдог болчихож байна. Удаад нь цалин хангамжийн асуудлыг бодох ёстой. 2012 оны 6 сараас хойш цалин нэмэгдээгүй. Үүнээс хойш 30 сар болж. Энэ хугацааны мөнгөний ханшийг тооцвол 30 хувь болоод байгаа юм. Энэ нөхцөлд хүнээ орхиж болохгүй. Баян цатгалан амьдаргүй юм гэхэд ар гэрээ авч явах ийм л бололцоогоор нь хангах ёстой. Гуравт зөрчилдөөн, тэмцэл. Энэ тал дээр хийгдэж байгаа ажил дутагдалтай байхад нөгөө талд нь хэт их анхаарал тавиад байна уу.
-Та намынхаа хурлаас өмнө хэвлэлийнхэнд “намын дотоод шинэчлэлд анхаарах цаг болсон” гэж мэдэгдэж байсан. Үнэхээр таны санаж байсан хэмжээнд ярьж, өөрчлөгдөж чадсан уу?
-Бичиг баримт, зарчмын хувьд би сэтгэл ханамжтай байгаа. Ер нь нам гэдэг чинь амьд организм учраас байнга шинэчлэгдэж байх ёстой. Хэдэн жилийн дараа бид мөн л юугаа шинэчлэх вэ гээд ярьж таарна л даа. Би танаас нэг зүйлийг асуучихъя. 1990 оноос хойш манай нам хэд дэх удирдлагаа сольж, хэд дэх үе нь удирдаж байна? Ардчилсан нам хэд дэх үе дээрээ явж байна?... Ингээд харвал тогтмол шинэчлэгдэж байгаа нам нь манай нам. Үзэл баримтлалын хувьд бид 90 онд коммунист үзлээс татгалзсан. Одоо явсаар байгаад социалдемократ үзэл дээрээ тогтож байна. АН бол барууны либериал үзлээс эхлээд одоо бас л зүүн талын үзэл баримтлал руу л яваад байна ш дээ. Үүнийг онолын хүрээнд ярих л ёстой юм.
-Тантай ярилцаж байгаа сэтгүүлчийн хувьд хэдийгээр ярилцлагын “эзэн” зөвшөөргүй ч асуухгүй өнгөрөх эрх уншигч, сонсогчийн өмнө үгүй юм. Олон ч сэтгүүлч өнөөдрийг хүртэл одоо асуух зүйлийн тухай л үг унагах гэж тантай “хөөцөлдсөн” байх. Олон зуун сая төгрөг, олон мянган доллартай данснуудын, бусдыг дарамталж авилга нэхсэн зэрэг хэргийн асуудал юу болов гэж... Шалгалт үргэжилж байгаа юу гээд..?
-Үгүй яахав, хуулийн заалтаараа бол одоогоор шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Тэгэхдээ шалгаад тогтоочихно биз дээ. Хагас жил өнгөрч байна. Гэмтэй байсан бол сандраад байх байх л даа. Шалгаад дуусаг. Асуух юмаа асууг. Тэртээ тэргүй би 300 сая доллартой байсан юм бол өдийд асуудалд ороод юмаа хийлгэчихсэн л байх байлгүй дээ. Ганцхан зүйл хэлье. 300 сая доллар чинь одоогоор 15 Хас банк шүү дээ. Тийм болохоор... Эрүүл ухаантай хүн бол ойлгох байлгүй дээ. Тэр үед нь Баабар гуай хүртэл бичсэн шүү дээ. Нэг банкинд ийм мөнгө байдаггүй юм. Түмпэнд хивс угааж байгаа юм шиг тэнэг юм битгий ярь гэсэн шүү дээ. Үүгээр л хариулт өгье дөө.
-Ярилцсанд баярлалаа. Тантай их олон зүйлийг яримаар байлаа. Өглөө бүр алхдгаас чинь эхлээд Ё.Отгонбаяр гэдэг хувь хүн талаас нь хуучлах цагаас минь албаны, ажил хэргийн яриа авчихлаа. Мэдээж бид дахин уулзана. Манай студи нээлттэй байх болно. Дахин урина аа.
-Баярлалаа сонсогчдодоо.
2013.11. 29 МҮОНР. “Хөх тэнгэр” студи.
Сэтгүүлч Д.Чинзориг. Д.Даваадулам
Онцлох сэдэв: Ё.Отгонбаяр “300 сая доллартой байсан бол би өдийд юмаа хийлгэчихсэн байх байлгүй” | ||
Үзсэн: 6710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.